Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 859

 

 

 

 

 

 

2020           11          06                                   2020/ШЦТ/859 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Галбадар би даргалж,

улсын яллагч Ц.Б-,

нарийн бичгийн дарга Ц.Нэргүй

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Д.Б-д холбогдох эрүүгийн 2011 0086 40679 дугаар хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ДШМ/1170 дугаартай магадлалаар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЗ/1325 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасныг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1957 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймагт төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ..... ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, ... дүгээр хороолол, .. тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгэгдэж байгаагүй, Монгол Улсын гавьяат барилгачин цол тэмдгээр шагнагдаж байсан гэх, Ө овогт Д.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 3 дугаар сарын 24-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн .. дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “....” үйлчилгээний төвийн байрнаас өөрийн эзэмшлийн үүрэн холбооны 991108.. дугаараас хохирогч буюу нийтийн албан тушаалтан болох Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч даргын үүрэг гүйцэтгэгч Д.Т-ын үүрэн холбооны 991180.. дугаар луу залгаж, “....” үйлчилгээний төвийн хэвийн үйл ажиллагаа буюу цахилгаан, дулаан, ус хязгаарласан үйл ажиллагаагаа таслан зогсоож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2195 дугаартай “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамж биелүүлэхийг шаардан маргалдаж, улмаар дүүжилж ална гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....... үйлчилгээний төвийн 5 дугаар корпусын 4 давхар нь миний хувийн өмчлөл бөгөөд манай компани үйл ажиллагаагаа явуулдаг. Би тухайн өдөр ажил дээрээ олон улсын тендерт оролцохоор тендерт оролцох гээд завгүй сууж байхад .... үйлчилгээний төвийн түрээслэгч нар орж ирж, .... үйлчилгээний төвийн дулаан, ус, цахилгааныг Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас тасалсан тул та арга хэмжээ авч, энэ үйл ажиллагааг таслан зогсоож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Би түрээслэгч нарт Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч даргын үүрэг гүйцэтгэгч Д.Т-ын гар утсыг олж өгөхийг хүссэн ба тэдний өгснөөр би Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч даргын үүрэг гүйцэтгэгч Д.Т- луу утсаар ярьж, “Та Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2195 дугаартай захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг биелүүлэхгүй, яагаад хууль зөрчиж, хувийн өмчид халдаж байна вэ гэхэд өөдөөс тэрээр төрийн албан хаагчийн ёс зүйд баймгүй муухай үгээр намайг харааж, “Чи бол ....ы феодал, чам шиг хүнтэй бид тэмцэнэ” гэж харааж, намайг хүн хэлэх аргагүй үгээр намайг дайрч доромжилсон тул миний тэвчээр алдарч тийм үг хэлсэн нь үнэн. Д.Т- өнөөдрийг хүртэл зүв зүгээр ажлаа хийгээд явж байгаа. Өнөөдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2195 дугаартай захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж биелэгдээд, .... үйлчилгээний төв халаалттай, цэвэр устай, цахилгаантай хэвийн ажиллаж байна. Д.Т- миний хэлсэн үгийг Сиди дээр бичиж баталгаажуулж авсан мөртлөө өөрийнхөө хэлсэн үгийг бичихгүй байгаа нь төрийн албан тушаалаа урвуулан ашиглаж байгаагийн нэг хэлбэр гэж би бодож байна. Тэрээр хувийн өмч рүү хууль бусаар халдаж тог, усаар тасалж болохгүй. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2195 дугаартай захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжаар Н.А даргын .... үйлчилгээний төвийн тог, усыг таслах шийдвэрийг шүүхийн шийдвэр эцсийн байдлаар гарах өдрийг хүртэл түдгэлзүүлсэн байхад шүүгчийн захирамж гарснаас хойш 5 хоногийн дараа .... үйлчилгээний төвийн тог, халаалт, цэвэр усыг тасалсан юм. .... үйлчилгээний төв тогтой, халаалттай, устай болоод 14 хонож байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстойг зарим төрийн байгууллагууд мэддэг юм байна. Эрчим хүчний байгууллага, Ус сувгийн удирдах газар нар шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл тог, ус, халаалтаар хангана гэж гэрээ хийгээд ажиллаж байна. Бид нар Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын даргад хүсэлтээ гаргасан. Би ганцаараа хүсэлт, гомдол гаргасан юм биш. .... үйлчилгээний төвийн 500 гаран түрээслэгч нар гарын үсэг зурж, өргөн мэдүүлсэн юм. Малчид малаа хувьчилж авч болж байхад 20-30 жил ажиллаж байсан түрээслэгч бид нар ажлын байраа хувьчилж авах эрхтэй. Түүнээс биш би хувийн ашиг сонирхолын үүднээс Д.Т-тай өмнө нь утсаар ярьж байсан, уулзаж байсан түүх надад байхгүй. Хэрэв Д.Т- өөрөө надад хууль ёсны шаардлага тавьсан бол би ийм муухай үг хэлэх хүн биш гэдгээ та бүхэнд хэлмээр байна. Гэхдээ би тухайн өдрийн маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Д.Т-тай утсаар ярьж уучлалт гуйсан. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа .... үйлчилгээний төвийн төлөөлөгч нарыг Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч даргын үүрэг гүйцэтгэгч Д.Т- хүлээж авч уулзсан. Тэр уулзалт дээр би очиж Д.Т-тай анх удаа уулзаж, гар барьж үзсэн, уучлалт гуйсан. Тэр үед Д.Т- надад “Та настай намбатай, хийсэн бүтээсэн зүйлтэй хүн юм байна. Бид нарт бас алдаа байсан байна” гэж хэлээд тэврэлдээд салсан. Д.Т- надад гомдолгүй гэсэн бичиг бичиж өгсөн нь хэрэгт байгаа. Тухайн бичгийг үндэслэж прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шийдвэр гаргасан. Би одоо 63 настай Монгол Улсын гавьяат барилгачин, улс эх орныхоо бүтээн байгуулалтын төлөө ажиллаж байсан хүн. Надад буруу зөрүү хийсэн зүйл байхгүй хүн тул энэ хэрэг миний хувийн амьдралд хар толбо болон ял шийтгэлтэй гэж үлдэх юм байна гэдэгт харамсаж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт цуглууж, бэхжүүлсэн дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч Д.Т- мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би өөрөө нийслэлийн өмчийн харилцаа удирдлагын газарт орлогч даргын ажил хийдэг, ингээд тэр өдөр 2020 оны 3 дугаар сарын 24-нд ажил дээрээ ажлаа хийгээд байж байсан тэр үед бид нар ажлын хэсэгтэй холбоотой хурал хийх гээд цугларч байсан тэнд зааланд манай ажлын хэсэг хүмүүс болох хэлтсийн дарга А.М-, М.М, С.А, хуулийн зөвлөх А.На нар цуглаад байж байсан чинь миний гар утас дуугараад аваад ярьтал ....аас ярьж байна гээд шууд л загнаад эхэлсэн чи муу пизда усаа өгөөчээ гэхээр нь би өөрийнхөө гар утсыг спикер дээр нь тавьсан тэгээд сонсоод бас нөгөө хүмүүстээ бас сонсгосон тэгтэл тэр хүн чи муу пизда .... дээр хүрээд ир чамайг дүүжилж алъя гэж хэлж байсан. ...Тэр хүн бол .... үйлчилгээний төвийн ажилтан Д.Б гэдэг хүн байгаа юм. Миний ажил үүрэгтэй холбогдуулж намайг ингэж заналхийлсэн гэж бодож байна. Яагаад гэвэл .... үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулж ингэж байгаа гэж бодож байна. Тэр хүн бол .... үйлчилгээний төвийн ..... ХХК-ийн захирал манай Нийслэлийн өмч ашиглалтын газраас түрээслэж үйл ажиллагаа явуулдаг хүн байгаа юм. Ингээд Нийслэлийн засаг даргын захирамжаар үйл ажиллагааг нь зогсоосон байгаа тэрний дагуу манайх үйл ажиллагааг нь зогсоогоод байраа чөлөөлөх шаардлага тавьсан нэг ёсондоо засаг даргын захирамжийн биелэлтийг хангуулах гэж ажиллаж байсан юм.

“...тэр өдрийнхөө үдээс хойш нь 15 цагийн үед Д.Б нь дахин залгаад нөгөө л хэрүүлээ хийж ална шулна гэж загнаад байсан ...тэр өдрөөс хойш 3-4 хоногийн дараа дахин Д.Б нь залгаж байсан дандаа өөрийнхөө 991108.. дугаараас залгаж нөгөө л хэрүүлээ хийж байсан юм” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 36-38, 39-40-р хуудас/

Гэрч Д.Санж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Д.Б-г сайн танина манай .... дээр ..... гэдэг компанитай тэр хүн .... дээр 20-оод жил ажил үйлчилгээ явуулж байна. Би түүнтэй 1999 оноос эхэлж хамтран ажиллаж байна. Түүний компанийн барилгын зөвлөх ажилтнаар ажиллаж байгаад 2004 онд больсон байгаа би өөрөө бие дааж ажиллаж байсан ...Тэр өдөр 2020 оны 3 дугаар сарын 24-нд бид нар бүгдээрээ Д.Б өрөөнд сууцгааж байсан. Тэр үед П, Ц, Ц бид нар ярилцаад манай ....ы тог, ус тасалчихсан байсан тул хаана яаж хандах уу гэдгээ ярилцаж байсан. ...Д.Б нь Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газрын орлогч дарга болох Д.Т-тай утсаар ярилаа гэж байсан. Тэгээд түүнтэй чи манай ус цахилгааныг буцааж залга гэж хэлтэл Д.Т- намайг чи ....аас зайл гэж хэлэхээр нь би түүнийг ална шүү дүүжилнэ шүү хүрээд ир гэж ярилаа гэж өөрөө Д.Б нь надад хэлж байсан. Тэр үед өрөөнд нь дээрх нэр бүхий хүмүүс сууцгааж байсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 42-43-р хуудас/

Гэрч П.П мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Д.Б нь пизда наахуу ална шулна гэж хэлж байсан ус тогоо өгөөч гэж хэрүүл маргаан болоод байсан. Миний хувьд дүүжилж ална гэж хэлсэнийг нь мэдэхгүй байна ямар ч байсан Д.Б өөрөө түргэн ааштай хүн юу ч гэж хэлж ярьсан байсныг нь мэдэхгүй байна хурдан утсаар яриад өнгөрч байсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 44-р хуудас/

Гэрч С.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газрын орлогч дарга Д.Т- гэгчтэй утсаар ярьсан хоорондоо хэрүүл хийж байгаад түүнийг ална шүү гэж хэлээд дүүжилнэ ална гээд хэлчихлээ гээд хэлж байсан би тэр үедээ угаасаа тоогоогүй Д.Б нь өөрөө их ууртай хүн тухайн үедээ уурлаж байгаад хурдан уур нь гарчихдаг юм” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 46-р хуудас/

Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч Д.Т- нь шүүгчийн захирамжийг үл биелүүлж ямар ч мэдэгдэл өгөлгүйгээр ус, цахилгааныг тасалж корона вирусын өвчний үед хүмүүсийн эрүүл ахуйд сөргөөр нөлөөлсөн хувийн ашиг сонирхлын үүднээс Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж хууль бус үйлдэл гаргаж ....ы 500 гаруй түрээслэгч нарын эрх ашгийг хамгаалж гар утсаар хэрүүл маргаан хийсэн миний энэ хэрүүл маргаан нь хувийн ашиг сонирхол байхгүй ямар нэгэн бодитой заналхийлсэн үйлдэл биш юм. Би маргааш өглөө нь Т утсаар ярьж уучлал гуйсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 168-169-р хуудас/,

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 9-р хуудас/

Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Дугаар Б/49 тоот тушаал /1-р хавтаст хэргийн 54-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж шийдвэр гаргах боломжтой байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судалж, талуудыг тэгш эрхтэйгээр мэтгэлцүүлэн хянан шийдвэрлэж шүүхээс дараах үйл баримтуудыг тогтоож шийдвэрлэлээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Б-ас шүүгдэгч Д.Б-г 2020 оны 3 дугаар сарын 24-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн .. дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “....” үйлчилгээний төвийн байрнаас өөрийн эзэмшлийн үүрэн холбооны 991108.. дугаараас хохирогч буюу нийтийн албан тушаалтан болох Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч даргын үүрэг гүйцэтгэгч Д.Т-ын үүрэн холбооны 991180.. дугаар луу залгаж, “....” үйлчилгээний төвийн хэвийн үйл ажиллагаа буюу цахилгаан, дулаан, ус хязгаарласан үйл ажиллагаагаа таслан зогсоож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2195 дугаартай “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамж биелүүлэхийг шаардан маргалдаж, улмаар дүүжилж ална гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм бурууг нотолж, яллах байр суурьтайгаар оролцсон нь яллах үндэслэл болсон бичгийн нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруу няцаагдаж байна.

Үүнд:   

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 3 дугаар сарын 24-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн .. дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “....” үйлчилгээний төвийн байрнаас хохирогч Д.Т-ын гар утас руу залгаж, улмаар .... үйлчилгээний төвийн ус, цахилгааныг тасалсантай холбогдуулан төрийн албан хаагчийг албан үүргээ гүйцэтгэсэнтэй нь холбогдуулан хэл амаар доромжилж, дүүжилж ална гэж хэлсэн үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос Д.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь тухайн зүйлийн хэсэгт заасан “нийтийн албан тушаалтныг тодорхой шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргахгүй байх, үйл ажиллагаа явуулахгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн; эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэх гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Нийтийн албан тушаалтныг тодорхой шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргахгүй байх, үйл ажиллагаа явуулахгүй байхыг шаардаж ...сүрдүүлсэн тодорхой үйлдэл хийгдсэнээр бүрдэл төгсөхөөр заасан хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу тухайн үйлдлийн эцэст хохирол учирсан байхыг шаардахгүй гэмт хэрэг байна. Иймд улсын яллагчаас “...Заналхийлэл бодитой болчихвол хүнийг алах гэмт хэрэг төгсөх гэж байна. Нөгөө талаас төгсдөггүй юм аа гэхэд завдах гэмт хэрэг үйлдэгдэх гэж байна” гэж мэтгэлцэж оролцсон нь үндэслэлтэй боловч шүүгдэгч Д.Б-г “...нийтийн албан тушаалтныг тодорхой үйл ажиллагаа явуулахыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэх гэмт хэргийн шинж нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Учир нь прокуророос эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн нийтийн албан тушаалтныг тодорхой үйл ажиллагаа явуулахыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлэх гэмт хэрэг нь гэм буруугийн хэлбэр, гэмт санаа, зорилгын хувьд болоод заналхийлэлд өртөж буй хохирогчийн хувьд түүний албан тушаалын хувьд хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн, эсхүл хэрэгжүүлэхгүй байхаар албадаж, төрийн албаны хуулиар хүлээсэн үүрэг, төрийн албан хаагчийн буюу нийтийн албан тушаалтны албан үүргээ хэрэгжүүлэх хуулиар олгосон баталгаа, бүрэн эрхэд халдаж, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхэд саад болохуйц бодит нөхцөл байдлыг бий болгосон байна. Гэмт этгээдийн хувьд хүч хэрэглэхээр заналхийлж буй заналхийллийг бий болгох, гүйцэлдүүлэх боломж нөхцөл болоод төрийн албан хаагч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд саад болохуйц байж чадах нөхцөл байдал, гэмт хэрэгтэн бие хүний хувийн байдал, гэр бүлийн болоод түүний ойр дотны хүмүүс, хамтран ажиллагсад зэрэг нь заналхийллийг бодитой болгож чадахуйц нөхцөл байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Б хувийн байдал болон түүний хувьд заналхийлэл, сүрдүүлгийг бодитой байж чадахуйц буюу хохирогчид нөлөөлөхүйц хэмжээнд үйлдэл хийсэн эсэх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй, дүүжилж ална гэж хэлсэн сүрдүүлэг нь бодит байдал дээр биелэгдэх боломж, хохирогчид сүрдүүлэг бий болгосон эсэх нь тогтоогдоогүй байна.

Иймд шүүгдэгч Д.Б-г хохирогч Д.Т-ыг нийтийн албан тушаалтныг тодорхой үйл ажиллагаа явуулахыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон  хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хадгалахаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2, 36.6,  36.9, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл, хэсэг, заалтуудыг тус тус удирдлага болгон