| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/07697/И |
| Дугаар | 102/ШШ2017/00196 |
| Огноо | 2017-01-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2017/00196
| 2017 оны 01 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2017/00196
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 8 дугаар байр, 2 дугаар орц, 0 тоотод байрлах, Тэмүүлэл Сууц Өмчлөгчдийн Холбоо /цаашид СӨХ гэх/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 8 дугаар байр, 147 тоот хаягт оршин суух, Алаг адуу овогт Мондгойн Батмөнх /РД: ШБ72102432/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 212.250 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Чойндон, хариуцагч М.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Тэмүүлэл СӨХ-ны гүйцэтгэх захирал Ж.Чойндон шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэмүүлэл СӨХ-нь Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 6, 8, 17 дугаар байрнуудын завсар үйлчилгээ цэвэрлэгээг хариуцаж, ажилладаг. 8 дугаар байрны 147 тоотод оршин суугч, сууц эзэмшигч М.Батмөнх нь 2014 оны 11,12, 2015 оны 1-12, 2016 оны 1-10 дугаар саруудын мөнгө нийт 212.250 төгрөгийг төлөөгүй. Иргэний хуулийн 147 дугаар зүйлд заасны дагуу үүргээ биелүүлээгүй байгаа. Бусад оршин суугчдын мөнгөөр СӨХ-ны үйлчилгээг авч байна. Миний бие 5 дугаар орцонд 2012-2014 онд 250 м.кв талбайд дээврийн хэсэгчилсэн засварыг хийсэн. Энэ ажилд 3.500.000 төгрөг зарцуулсан. 1-9 давхарт 16 ширхэг вакум цонх хийсэн. Домофон системтэй хаалга суурилуулсан. Үүдний засвар хийлгэсэн. СӨХ-д сард 9.750 төгрөг төлөх ёстой. Энэ мөнгөө нэхэмжилж байна. 1 м.кв талбайгаас 150 төгрөгийн засвар үйлчилгээний төлбөр авдаг. Цэвэрлэгчийн хөлсөнд 6.000 төгрөг авдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
Хариуцагч М.Батмөнх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд СӨХ-ны мөнгийг сэтгэл ханамжтай үйлчилгээ авч, ариун цэвэр орчинд амьдарч байж төлөх ёстой гэж үзэж байна. Анх Ж.Чойндон даргыг ажлаа авахад нь миний бие цонхон доогуур архичид цуглаад байгаад арга хэмжээ авч өгөөч гэж хүсч байсан. Энэ саналыг 4 удаа тавьсан. Манай цонхон доор хүмүүс шээж, баадаг учраас гэрт үргэлж өмхий үнэртдэг. Орцны цэвэрлэгчийн хийсэн ажлыг үгүйсгэхгүй байгаа учраас цэвэрлэгээний хөлсийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь ажиллаж байсан орцны жижүүрүүд үргэлж нийлж архи уудаг байсан. Хүүхдийн тоглоомын талбай болон гарааж байгуулах төслийг би дэмжиж гарын үсэг зурж байсан. Орцны хаалганы дээврээс байнга ус гоождог байсан бөгөөд 2016 оны 10 дугаар сард засвар хийсэн байсан. Тэмүүлэл СӨХ-ны хийсэн гэх ажил нүдэнд харагддаггүй. Манай цонхон доор хүмүүс ирж, шээж бааж, бохирдуулдаг. Энэ талаар арга хэмжээ авч өгөөч гэж олон удаа нэхэмжлэгчийн төлөөлөгчид хандаж байсан. Цонхон доор архи ууж байсан хүмүүст шаардлага тавьсныхаа төлөө 2 удаа цонхоо хагалуулж байсан. Энэ асуудлаар Цагдаагийн байгууллагад хандаж байсан удаатай. Тэмүүлэл СӨХ-ны үйл ажиллагаа сэтгэлд хүрдэггүй учраас СӨХ-ны засвар үйлчилгээний төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Тэмүүлэл СӨХ нь хариуцагч М.Батмөнхөөс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 212.250 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хариуцагч М.Батмөнх нь СӨХ засвар үйлчилгээ хийдэггүй, цонхны доор хүмүүс шээж, цугларч архиддаг тул зөвхөн цэвэрлэгээний мөнгийг төлнө гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй гэж заасан байна. Иймд нэхэмжлэгч Тэмүүлэл СӨХ нь өмчлөгч М.Батмөнхөөс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь СӨХ засвар үйлчилгээ хийдэггүй, цонхон дор хүмүүс цугларч архиддаг, шээж бааж бохир орчинд амьдардаг тул төлөхгүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа нотлох баримт нь эргэлзээтэй, СӨХ-ноос орцны хаалга, цонх, дээврийн хэсэгчилсэн засвар хийснийг үгүйсгээгүй, өөрийнхөө татгалзлыг нотлох баримтаар хангалттай нотолж мэтгэлцсэнгүй.
Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-д дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох, 148.3-д Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасны дагуу хариуцагч М.Батмөнх нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөхөөс чөлөөлөгдөхгүй болно.
Иймд хариуцагч М.Батмөнхөөс 2014 оны 12 дугаар сарын төлбөрт 11.250 төгрөг, 2015 оны 1-12 дугаар сарын төлбөрт 103.500 төгрөг, 2016 оны 1-10 сар дуустал хугацааны төлбөрт 97.500 төгрөг, нийт 212.250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Тэмүүлэл СӨХ-нд олгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 7.020 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 7.020 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 148.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.3, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь заалтыг баримтлан хариуцагч М.Батмөнхөөс дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 212.250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Тэмүүлэл СӨХ-нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7.020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч М.Батмөнхөөс 7.020 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Тэмүүлэл СӨХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ