| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2020/0781/Э |
| Дугаар | 776 |
| Огноо | 2020-12-16 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 776
2020 12 16 2020/ШЦТ/776
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Товогт Ч-ын Б-д холбогдох эрүүгийн 20100 1198 0995 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1966 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эрдэнэт тауэр” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Товогт Ч-ын Б- /РД:хххх/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Ч.Б нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Бугын ам” гэх газар баригдаж байсан барилгын ажилчдын гэрт 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр иргэн С.Б-ыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үүедээ “унтаж амрахгүй байна” гэж нүүрэн тус газар нь цохиж, биед нь “...зүүн нүдний доод буланд цус хуралт, баруун, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний хугарал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Ч.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. Тухайн үед хохирогч С.Б- нь намайг хоргоогоод, тамхи архи нэхээд, мөн унтуулахгүй өвөрт орж ирээд байсан болохоор уур хүрээд нүүрэн тус газар нь 2-3 удаа гараараа цохисон. Шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтлийг би учруулсан. Хэрэг гарсан тухайн өдөр би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Урьд гаргасан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж байгаа. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 20100 1198 0995 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Б-ын хохирогчоор өгсөн:
“...2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байхад Отгонбаяр 12 цагийн үед ажилдаа очъё гээд ирэхээр нь Түмээ бид нар явсан. Тэгээд замдаа машин дотор “Хараа” нэртэй 0.75 литрийн 1 шил архийг хувааж уусан. Бид нар Өлзийтийн “Бугын ам” гэдэг газар баригдаж байгаа барилга дээр очоод мөн “Экс” нэртэй 0.5 литрийн 1 шил архи уусан. Тэгэхэд “намайг унт” гээд байсан юм. Тэгээд нэг хэсэг юу болсон талаар мэдэхгүй, тасарсан байсан. Нэг ухаан ороход Баярсайхан нүүрэнд гараараа 2-3 удаа цохиод авсан. Би явлаа гээд шөнө 23 цаг өнгөрч байхад замын унаанд суугаад явсан. Тухайн үед юу болсон талаар бол би сайн санахгүй байгаа юм. Баярсайхан намайг цохиж байсан талаар бол мэдэж байна, өөр санаж байгаа зүйл алга. ...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Отгонбаярын гэрчээр өгсөн:
“...Би 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байдаг манай бригадад өрлөгчинөөр орж ирсэн залуу Түмэнжаргалын гэрт очиход Б, Түмэнжаргал нар архи уусан бололтой, гарч ирсэн. Тэр хоёр манай машинд суугаад манай гэрт очоод гэрт байсан Улаанаа, Ганхуяг нарыг аваад, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Түргэний голд байрлаж байгаа барилга дээрээ ирсэн. Түмэнжаргал машинд унтаад үлдсэн, Б, Улаанаа, Ганхуяг нар өөрсдийн байрлаж байсан гэртээ орцгоосон юм. Тэгээд би ажлын талбай дээрээ гараад ажлаа хийж байгаад 17-18 цагийн үед Улаанаа “шартаад үхэх гээд байна” гэхээр нь гэрт байсан 0.5 литрийн “Хар Экс” нэртэй архийг гаргаж өгсөн. Тэр хэд манай гэрт нөгөө архиа уусан, орой 22 цаг өнгөрчихсан байхад намайг “дэлгүүр яв” гээд байхаар нь би “дэлгүүр хаасан байна” гээд яваагүй. Удалгүй нөгөө хэд гэрлүүгээ орсон. Машин ажилчин Баярсайхан гэх залууг хөнжилдөө орж хэвтчихсэн байх үед “оролдох хүн алга” гээд дээр нь гараад хөдөлсөн гэж Улаанаа надад хэлсэн.
Тухайн үед Баярсайхан ах уурлаад нуруу хэсэг рүү нь цохисон гэж байсан. Тэр үед би байгаагүй, тэгээд өглөө 08 цагийн үед сэрээд нөгөө гэр лүү ороход Б байхгүй байхаар нь “Болдоо хаашаа явсан юм бэ” гэхэд “шөнө явсан, хашаа явсаныг мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тийм л зүйл болсон. Би тэр өдөр архи, согтууруулах ундаа хэрэглээгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23х/,
3. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 6690 дугаартай:
1. С.Б--н биед зүүн нүдний доод буланд цус хуралт, баруун, зүүн дээд үүдэн 1-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 32-33х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Бы яллагдагчаар өгсөн:
“...2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ажлын байр болох Хан-Уул дүүргийн Өлзийтийн нутаг болох “Бугын ам” гэдэг газар барилга барьж байсан. Тэгэхэд орой 20 цагийн үед хотоос Отгонбаяр, Б, Даваасүрэн, Түмээ нар ирсэн. Тэд архи уусан бололтой согтуу байсан. Тэгээд ажлын цаг дуусаад орой 22 цагийн орчим хоол ундаа идээд гэртээ орж амарцгааж байсан. Тэгэхэд Б гаднаас орж ирээд надаас тамхи нэхэхээр нь “байхгүй” гэхэд өөдөөс хэрэлдээд, “өнөөдөр өвөртөлж унтах хүн байхгүй” гээд янз бүрээр хэл амаар доромжлоод, хөнжил сөхөөд өвөрт ороод хажуугаар хэвтээд тэвэрч аваад байхаар нь би уурлаад гараараа нүүрэнд нь 2-3 удаа цохиод авсан. ...Тэр өдөр архи Б согтуу байсан. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг би Бын нүүрэнд нь гараараа 2-3 удаа цохиж учруулсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 42х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 45х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 46х/, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 47х/, “Эрдэнэт тауэр констракшн” ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт /хэргийн 48х/, шүүгдэгч Ч.Баас өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 58х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Ч.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч С.Б- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн баримтай ба шүүгдэгчээс өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 57-58х/ 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 244 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, түүнд хүлээлгэвэл зохих эрүүгийн харицлагын талаарх саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн байх тул яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Бы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ч.Б нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Бугын ам” гэх газар баригдаж байсан барилгын ажилчдын гэрт 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр иргэн С.Б-ыг согтуурхан “унтаж амраахгүй байна, зүй бус үг хэллэг хэрэглэн зохисгүй авир гаргасан” гэх шалтгаанаар маргалдан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж хохирогчийн эрүүл мэндэд “...зүүн нүдний доод буланд цус хуралт, баруун, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний хугарал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:
- хохирогч С.Б-ын: “...Нэг ухаан ороход Баярсайхан нүүрэнд гараараа 2-3 удаа цохиод авсан. Би явлаа гээд шөнө 23 цаг өнгөрч байхад замын унаанд суугаад явсан. Тухайн үед юу болсон талаар бол би сайн санахгүй байгаа юм. Баярсайхан намайг цохиж байсан талаар бол мэдэж байна, өөр санаж байгаа зүйл алга.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20х/,
- гэрч Ч.Отгонбаярын: “... Баярсайханыг хөнжилдөө орж хэвтчихсэн байх үед оролдох хүн алга гээд дээр нь гараад хөдөлсөн гэж Улаанаа надад хэлсэн. Тухайн үед Баярсайхан ах уурлаад нуруу хэсэг рүү цохисон гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23х/,
- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн “...С.Б--н биед зүүн нүдний доод буланд цус хуралт, баруун, зүүн дээд үүдэн 1-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн 6690 дугаартай дүгнэлт /хэргийн 32-33х/ болон шүүгдэгч Ч.Бы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 42х/ нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хэргийн хохирогч С.Б-ын биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...зүүн нүдний доод буланд цус хуралт, баруун, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний хугарал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Ч.Б нь тодорхой шалтгааны улмаас түүний нүүр тус газарт гараараа цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Хан-Уул дүүргийн прокуророос Ч.Бы дээрх гэмт үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон үндэслэл бүхий байна.
Хэргийн шүүгдэгч Ч.Б нь хохирогч С.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримтын талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байна.
Түүнчлэн гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хэргийн хохирогч С.Б- нь шалтаг шалтгаангүй архидан согтуурч, өөрийн зан байдлыг хянах чадваргүй, зүй бус ааш авир гаргасан зохих буруутай үйлдэл нь уг гэмт гарах шалтгаан нөхцөл болсныг тэмдэглэх нь зүйтэй.
Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,
мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хэргийн хохирогч С.Б-ын эрүүл мэндэд учирсан “...зүүн нүдний доод буланд цус хуралт, баруун, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний хугарал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зүйлшгүй зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүсэх үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Энэ хэргийн хохирогч С.Б- нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” хэмээн хүсэлт гаргаж /хэргийн 57х/ баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Ч.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад /хэргийн 45х/ тэмдэглэгджээ.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гаргахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал, хохирогч С.Б- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил эрхлэлтийн байдал, орлого олох боломж зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах хугацаа тогтоож шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Б цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Б- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Товогт Ч-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Бд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ч.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдэж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Энэ хэрэгт Ч.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Б- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД