| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 172/2020/0183/Э/ |
| Дугаар | 2020/ШЦТ/360 |
| Огноо | 2020-12-03 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2020/ШЦТ/360
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Ч.Батзориг,
Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Эхолбогдох эрүүгийн 2038000000179 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Э нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн Бага хавчиг гэх газраас 2020 оны 02 дугаар сард 54 ширхэг 7.01 метр куб хэмжээтэй шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, уг газарт малын хашаа барьж экологи эдийн засагт 1.261.800 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Э нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн Бага хавчиг гэх газраас 2020 оны 02 дугаар сард 54 ширхэг 7.01 метр куб хэмжээтэй шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, уг газарт малын хашаа барьж экологи эдийн засагт 1.261.800 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000000179 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Эын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн үед хорио тогтоогоод Алаг-Эрдэнэ сумын төв рүү орж гоожин авч чадахгүй байсан. Тэгээд ч хорио тавигдах болоогүй байсан болохоор зүгээр байж байхаар малын хашааны модоо бэлтгэе гэж бодоод Алаг-Эрдэнэ сумын Бага хавчуу гэх газраас ганцаараа модоо унагааж бэлдээд нутгийн Очироо гэх залуугийн Серс машиныг гуйж аваад нутгийн залуу Түмэнбаяр гэх залууг гуйж модоо ачиж малын хашаа барих Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Хавчиг гэх газарт модоо буулгаж малын хашаа барьсан. Малынхаа хашааг бариад тав хоногийн дараа Алаг-Эрдэнэ сумын байгаль орчны тасгийн алба хаагч, экологийн цагдаа нар ирээд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байна гээд шалгаж эхэлсэн. 2020 онд мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9-р хуудас/,
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14-р хуудас/,
Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12-14-р хуудас/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 16-22-р хуудас/,
Хохирогч Ч.Хмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Албан ажлын хүрээнд 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 1-р багийн нутаг дэвсгэрт ажиллахад Алаг-Эрдэнэ сум, Түнэл сумын нутгийн зааг болох газраар эргүүл шалгалт хийж ажиллахад, 2020 оны 03 сард Алаг-Эрдэнэ сумын нутаг 1-р багийн нутаг “Бага хавчиг” гэх газраас Түнэл сумын иргэн Ц.Э нь зохих зөвшөөрөлгүй Ойгоос мод бэлтгэж “Бага хавчигийн ам" гэх газар малын хашаа барьсан зөрчил илэрсэн. Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн Бага хавчиг гэх газар Түнэл сумын иргэн Ц.Э нь Ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж малын хашаа барьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,
Гэрч Б.Дмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу хариуцсан нутаг дэвсгэр болох Алаг-Эрдэнэ сумын 1-р баг Шувуут багт Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн багийн Засаг даргын хамт хамтарсан хяналт шалгалтаар 1-р баг Шувуут багт ажиллахад Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг Бага хавчиг гэх газраас зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж Бага хавчигийн ам гэх газар хаваржааны хашаа барьсан зөрчлийг илрүүлж холбогдох шалгалтыг хийж хэн бэлтгэж тээвэрлэснийг тогтооход Мөрөн суманд оршин суух Цэдэвдамба овогтой Ц.Э нь зохих зөвшөөрөлгүй ойгоос мод бэлтгэсэн байсныг тогтоосон. Алаг-Эрдэнэ сумын 1-р баг Бага хавчигийн аманд шинээр малын хашаа барьсан байсныг очиж үзэхэд 9 ханатай 6-н ширхэг бөөрөнхий модоор дээш нь өндөрлөсөн малын хашаа барьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
Гэрч П.Нмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутагтай хил залгадаг Алаг-Эрдэнэ сумын ЗДТГ-ын Байгаль орчны тасаг болон 1-р багийн даргын хамт хяналт шалгалтаар явахад Түнэл сумтай хил залгадаг Бага хавчиг гэх газар зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэх зөрчил гарсныг Байгаль орчны тасгийнхан шалгасан. Би харьяалах нутаг дэвсгэрийн цэг авч хэмжилт хийж явсан. Бага хавчиг гэх газар Алаг-Эрдэнэ сумын нутаг 1-р багийн нутаг дэвсгэр мөн болохыг газар зүйн солибилцлоор тогтоосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,
Гэрч Ж.Цмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын сүүлээр миний төрсөн хүү болох Ц.Эыг Мөрөн сумаас Хөдөө байдаг гэр болох Түнэл сумын 4-р баг Ямаан даваа гэх газар руу явуулсан юм. Манай хүү Ц.Э нь цагаан сарын үед хөл хорио тогтоосон болохоор хөдөө байсан юм. Ц.Эыг зүгээр байж байхаар гэж бодоод би Хаваржааны хашааны мод бэлтгээд хашаа барьчих гэсэн юм. Мод бэлтгүүлсэн газар нь Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг болох Бага хавчиг гэх газраас бэлдээрэй гэж хэлсэн. Тэгтэл хуурай босоо мод 30 гаруй мод бэлтгэж, Бага хавчигийн аманд хашаа барьсан байна лээ. Би л хаваржааны хашаа бариулах гээд өөрийн төрсөн хүү болох Ц.Эаар мод бэлтгүүлж хашаа бариулсан юм. Уг нь Алаг-Эрдэнэ сумын Байгаль хамгаалагчаас гоожинг авна гэж бодож байсан юм. Тухайн үед Коронавирусийн хөл хорио тогтоосон байсан тул явж гоожин авч чадаагүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,
Гэрч Х.Тмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сард нутгийн ах Ц.Э дээрх газраас мод бэлтгэсэн гээд манай төрсөн ахын Серс машиныг гуйж аваад ачих гэж байхад нь малд явж байгаад тааралдсан юм. Намайг модноос ачилцаад өгөөч гэж гуйхаар нь модноос нь ачиж малын хашаа барих газарт нь буулгаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,
Гэрч С.Эмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сард аймгийн захын зогсоол дээр дээрх автомашиныг зарна гээд тавьчихсан байхад Түмэнжаргал ирж үзээд худалдаж авахаар болсон. Надаас Түмэнжаргал 7.500.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод 7.000.000 төгрөгийг өгөөд наймаа хийсэн. Үлдсэн 500.000 төгрөгийг нь өгөхөөр нь эзэмшигчийн нэрийг шилжүүлж өгөхөөр тохиролцсон байсан. Одоо надад Түмэнжаргал үлдсэн 500.000 төгрөгийг өгсөн. Түмэнжаргалыг хөдөөгөөс орж ирэхээр нь машиныг шилжүүлж өгөх юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/,
Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаартай: “...Иргэн Ц.Эын бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээ 420.600 төгрөг болно...гэх дүгнэлт /хх-ийн 46-р хуудас/,
Иргэн Ц.Эын экологи эдийн засагт 1.261.800 төгрөгийн хохирол учруулсан...гэх дүгнэлт /хх-ийн 53-р хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 58-59-р хуудас/,
Хохирол 1.261.800 төгрөгийг төлсөн тухай Хаан банкны 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 84-р хуудас/,
Хохирогч Ч.Хнь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 82-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2019 оны мал тооллогын баримт, жолооны үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67, 69-78-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2038000000179 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Э нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн Бага хавчиг гэх газраас 2020 оны 02 дугаар сард 54 ширхэг 7.01 метр куб хэмжээтэй шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, уг газарт малын хашаа барьж экологи эдийн засагт 1.261.800 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.Эын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9-р хуудас/,
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14-р хуудас/,
Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12-14-р хуудас/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 16-22-р хуудас/,
Хохирогч Ч.Х/хх-ийн 28-29-р хуудас/, гэрч Б.Дэлгэрдалайгийн /хх-ийн 31-32-р хуудас/, гэрч П.Н/хх-ийн 34-р хуудас/, гэрч Ж.Ц/хх-ийн 36-37-р хуудас/, гэрч Х.Т/хх-ийн 39-р хуудас/, гэрч С.Э/хх-ийн 40-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-р хуудас/,
Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 53-р хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 58-59-р хуудас/,
Хохирол 1.261.800 төгрөгийг төлсөн тухай Хаан банкны 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 84-р хуудас/,
Хохирогч Ч.Хнь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 82-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч Ц.Э нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ц.Э нь экологи эдийн засагт 420.600 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч С.Сүрэнжав нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 1.261.800 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь Төрийн сангийн 100170100988 дугаарын дансанд 1.261.800 төгрөгийг төлсөн тухай Хаан банкны 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн банк хоорондын шилжүүлгийн баримт /хх-ийн 84-р хуудас/, хохирогч Ч.Хнь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 82-р хуудас/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 2038000000179 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн /Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг “Хавчуугийн ам” гэх газар/ 7.01 м.куб хэмжээтэй хуурай шинэс модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашиглаж хэрэгт битүүмжлэгдсэн 50-81 ХӨҮ улсын дугаартай Сэрс маркийн машины хууль ёсны өмчлөгч нь иргэн С.Энхбаярынх мөн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчээс машины үнэ 5.414.500 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, 50-81 ХӨҮ улсын дугаартай Сэрс маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн 2038000000179 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цахилгаан хөрөө нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2038000000179 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 7.01 м.куб хэмжээтэй хуурай шинэс модыг хурааж улсын орлогод оруулахыг, 50-81 ХӨҮ улсын дугаартай Сэрс маркийн машины үнэ 5.414.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод тус тус оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 50-81 ХӨҮ улсын дугаартай Сэрс маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн 2038000000179 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цахилгаан хөрөө нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР