Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 345

 

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/00345

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу гудамж, 43 байр, 64-а тоотод оршин суух, Ож овогт Батсайханы Баттулга /РД:ГЮ90070510/

            Хариуцагч: Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 1 байр, 8 тоотод оршин суух, Түмэн овогт Баянбилэгийн Нямжав /РД:ОС76060610/

            Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 77-а гудамж, 2 тоотод оршин суух, Бухынхан овогт Адъяасүрэнгийн Нуурхүү /РД:ОС83123108/

Зээлийн гэрээний үүрэгт 157.817.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Баттулга, хариуцагч Б.Нямжав, А.Нуурхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Баттулга би Б.Нямжав, А.Нуурхүү нартай 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 53.000.000 сая төгрөгийг 8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Б.Нямжав, А.Нуурхүү нар нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож 100.435.000 төгрөгийн алданги, үндсэн зээлийн 53.000.000 төгрөг, түүний хүү болох 4.382.000 төгрөгийн хамт нийт 157.817.000 төгрөгийг хариуцагч Б.Нямжав, А.Нуурхүү нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгч Б.Баттулга шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс өдрийн 0,5 хувиар алданги тооцно гэж гэрээний 2 дугаар зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар 2015 оны 11 сарын 28-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл тооцсон. Хариуцагч Б.Нямжав нэхэмжлэлийн шаардлагаас 80.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагын 72.817.000 төгрөгнөөс татгалзаж хариуцагч нартай 85.000.000 төгрөгөнд эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

              

Хариуцагч Б.Нямжав, А.Нуурхүү нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Б.Баттулга нь нэхэмжлэлийн шаардлагын 72.817.000 төгрөгөөс татгалзаж, 85.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг төлөхөөр зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Б.Баттулга нь нэхэмжлэлийн шаардлагын 72.817.000 төгрөгөөс татгалзаж, 85.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Нямжав, А.Нуурхүү нар төлж барагдуулахаар зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Баттулга нь хариуцагч Б.Нямжав, А.Нуурхүү нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 157.817.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, нэхэмжлэгч Б.Баттулга нь нэхэмжлэлийн шаардлагын 72.817.000 төгрөгөөс татгалзаж, 85.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Нямжав, А.Нуурхүү нар төлж барагдуулахаар зөвшөөрч, зохигчид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Б.Баттулга, хариуцагч Б.Нямжав, А.Нуурхүү нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд зохигчид эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 947.035 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Нямжав, А.Нуурхүү нараас 582.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Б.Баттулга нь нэхэмжлэлийн шаардлагын 72.817.000 төгрөгөөс татгалзаж, 85.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Нямжав, А.Нуурхүү нар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 947.035 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Нямжав, А.Нуурхүү нараас 582.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

     

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ж.КУЛЬДАНА