Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 753

 

 

 

 

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Г.Эсэн, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж-, шинжээч Б.Цэрэндэжид, гэрч У.Бадамцоо, Н.Энхнаран, шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Б.Баттөр, нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М овогт Г-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810010060010 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхүүдийн оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, М овогт Г-ын Э,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Э- нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жем Трейд” ХХК-нд 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Хорека борлуулалтын албанд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 63,687,774 төгрөгийн бараа бүтээгдэхүүний авлага үүсгэж, 9,541,340 төгрөгийг өөрийн цалингаар болон мөнгөн хэлбэрээр барагдуулж, 54,152,134 төгрөгийг үнэ бүхий бараа бүтээгдэхүүн зарсан борлуулалтын орлогоор хувьдаа зайрмагны цех, газар, хашаа, байшин, түгээлтийн хөлдөөгчтэй жижиг автомашин зэргийг худалдан авч “Жем Трейд” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.  

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрч, шинжээч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүд: 

 

          Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж-: “...Г.Э- нь “Жем Трейд” ХХК-д түгээлтийн жолоочоор ажиллаж байгаад барааны мөнгийг өөр завшсан болох нь шинжээчийн дүгнэлт бусад баримтаар тогтоогдож байгаа. Энхтайвны цалин, амралтын мөнгө, бусад зардлаар төлсөн 9,541,340 төгрөг, гэрч Энхнаран төлөхөөр гэрээ хийсэн 2,507,760 төгрөг, хоёр ширхэг тээврийн хэрэгслийг манай компанийн нэр дээр шилжүүлж өгсөн, энэ хоёр тээврийн хэрэгслийг 9,466,300 төгрөг, тухайн хоёр тээврийн хэрэгслийг авахад манай компанийн зүгээс 182,100 төгрөг төлсөн, нийтдээ 21,515,400 төгрөг төлөгдөж, төлбөл зохих 63,687,774 төгрөгөөс хасаж тооцоход үлдэгдэл 42,172,374 төгрөг байсныг шүүхийн шатанд төлж барагдуулсан, авах ёстой мөнгөө авсан учир манай компанийн зүгээс Г.Э-д заавал хорих ял оногдуулна гэсэн зүйл байхгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулахад татгалзах зүйлгүй, хохирлыг бүрэн авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэв.

         

          Гэрч У.Бадамцоо: “...Энхтөвшин гэх хүнийг танина, 2017 он байна уу, 2018 он байна уу, сайн санахгүй байна, 2019 оны 8, 9 сар хүртэл манай Консул нэртэй ресторан, караокег түрээслэдэг байсан. 2018 оны 8 сараас хойш олдохоо байсан, 2019 оны 6 сард байна уу, би нэг удаа уулзсан, Энхтөвшинтэй төлбөр тооцоо, өглөг авлагын асуудал байгаа, Энхтөвшингээс мөнгөө авахын тулд цагдаад хандаагүй, хаана хандахаа мэдэхгүй байна, түрээсийн мөнгө 9 сая төгрөг, цахилгааны төлбөр 2 сая төгрөгийн асуудал байгаа, явахдаа манай рестораныг зурагтыг хүртэл аваад явсан. “Жем Трейд” ХХК-ийн борлуулагч Г.Э- гэх хүнийг танихгүй, шүүх дээр л анх удаа харж байна...” гэв.

 

          Гэрч Н.Энхнаран: “...2017, 2018 онд Консул гэдэг ресторан, караокед үйл ажиллагаа хариуцсан зохион байгуулагч хийдэг байсан, 3 сар гаруй хугацаанд ажилласан, бараа худалдан авах ажиллагаанд оролцдоггүй. Бараа бүтээгдэхүүнийг Э- авчирч байхыг хэд хэдэн удаа харж байсан. Консулд ажиллахаа болиод Сэнси гэдэг паб-ыг ажлуулж эхэлсэн, тэр үед Г.Энхтайвнаас бараа зээлээр авч, зардаг байсан, тухайн бүр авсан барааныаа үнийг төлөөд явдаг байсан, нэг удаа Энхтөвшин эгч надад бараа аваад өгөөч гэхээр нь “Жем Трейд” ХХК-иас зээлээр бараа авч, Э- эгчид өгсөн, захиалга өгөөд бараа нь бууж байсан, тэр үед Э- руу залгасан эсэхээ санахгүй байна, борлуулагч руу залгаад бараа захиалж байсан. 2018 оны намар 2,5 сая төгрөгийн бараа авсан, тэр талаараа “Жем Трейд” ХХК-тай гэрээ байгуулсан...” гэв.

 

          Шинжээч Б.Цэрэндэжид: “...Г.Э- нь эхний үлдэгдэл 5,700.0 төгрөгийг харилцагчийн үлдэгдэл авлагатай, 2017 оны 01 сараас 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 63,687,774.0 төгрөгийн бараа бүтээгдэхүүний авлага үүсгэж үүнээс цалингаас суутгуулсан болон бусад мөнгөн хэлбэрээр 9,541,340.0 төгрөгийг барагдуулж 54,152,134.0 төгрөгийн төлбөр тооцоог барагдуулаагүй байна, тухайн үед тооцоо нийлсэн санхүүгийн анхан шатны бүх баримтан дээр тулгуурлан дүгнэлтийг гаргасан...” гэв.

 

Шүүгдэгч Г.Э-: “...“Жем Трейд” ХХК-д ажиллаж байхдаа Энхтөвшин гээд хүнд 15 сая төгрөгийн бараа зээлээр буулгасан, нягтлан Баясгалантай хамт Энхтөвшин дээр очиж тооцоо нийлж акт үйлдсэн, тэр тооцоо нийлсэн акт “Жем Трейд” ХХК-д байхгүй гээд байгаа, цагдаад гаргаж өгөөгүй, тооцоо нийлээгүй учир чи хариуц гээд байгаа юм, энэ мөнгийг миний хэрэглэсэн мөнгөнөөс салгаад өгчихвөл болох гээд байгаа юм. Энхнарантай бас тооцоо нийлсэн акт үйлдсэн, хэрэгт байгаа, Энхтөвшингийн баримтыг гаргаж өгөөгүй, Энхтөвшин олдохгүй байгаа, “Жем трейд” ХХК-д байхгүй гээд актаа гаргаж өгөхгүй байгаа. Тэр хүн надтай огт тооцоо хийгээгүй, 8 сая гаруй төгрөгийн акт үйлдсэн тэрийг хасаж тооцох ёстой. Энхнаран нь Энхтөвшингийн менежэр байсан, Энхнаран нь тусдаа Сэнси-г ажлуулдаг байсан, Энхнарангаар дамжуулж, Энхтөвшинд бараа буулгасан, 3,5 сая төгрөгийг Баясгалантай очиж Энхнарантай тооцоо нийлсэн, хэрэгт байгаа, миний үнийн дүнгээс хасагдах учиртай. Завшсан мөнгөөрөө зайрмагны цех авч ажлуулсан, бүгдийг нь 15 сая төгрөгөөр авсан, компанид тухайн өр төлбөрөө тухайн сардаа төлөх ёстой байдаг, 15 сая төгрөгөө өгөхийн тулд сарын сүүл болсон байсан учир дараагийн сард өгьё гээд зах дээр бараа буулгаад хүүтэй мөнгө зээлээд хүүндээ 30 гаруй сая төгрөг болсон, хашаа байшин авсан зүйл байхгүй. Сард тооцоо нийлсэн акт хийдэг, бага багаар хийдэг байсан, Энхтөвшингийн зээлийг бага хэмжээгээр өгчих гэхээр нь өгчихсөн юм. Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулсан, ямар нэгэн хөрөнгө дутаавал хариуцна гэсэн гэрээ. Консул, Хүслэнт Цант хоёртой нэг өдөр, Сэнситэй өөр өдөр тооцоо нийлсэн акт хийсэн, тооцоо нийлэхэд Энхнаран Сэнси-д ажилладаг байсан, Консул, Хүслэнт Цант дээр Энхтөвшин ажилладаг байсан. Сэнси-гийг 3,5 сая төгрөгийн тооцоог Энхнарантай хийсэн...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Г.Э- нь 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл харилцагч байгууллагуудад түгээлтээр хүргэн өгсөн бараа бүтээгдэхүүний төлбөрийг замаас нь авч байгууллагуудад тушаах ёстой байсан 56,903,250 төгрөгийг хувьдаа завшиж байгууллагад их хэмжээний хохирол учруулсан талаар цагдаагийн байгууллагад хандсан. ...Г.Э- тус компанид 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан худалдааны төлөөлөгчийн албан тушаалд томилогдож ажилд орсон. ...Г.Э- тус компанид түгээгч болон худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан. Түгээгч бол харилцагч байгууллагуудаас ирсэн бараа бүтээгдэхүүнийг тоо ёсоор хүргэж өгдөг. Худалдааны төлөөлөгч нь байгууллагуудтай уулзаж бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулах худалдах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг. ...2016 оны 6 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарыг дуустал ажилласан. ...Хүслэнт цант гэх газар нь 300,000-400,000 төгрөгийн хооронд бараа татан авалт хийдэг байснаа 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 1,460,400 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 1,320,780 төгрөгийн хоёр удаагийн татан авалт хийгээд буцаан төлөлт нь 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 273,600 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 150,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 200,000 төгрөгийн төлөлт хийсэн. Энэ төлөлтийг харахад Хүслэнт Цант гэх газрын нэр дээр Э- авсан нь тодорхой байна. Учир нь тухайн газрын нэр дээр Жагуар нэртэй караокены нэр дээр 1,473,600 төгрөгийн тооцоо үүсгэсэн байсан. Өр авлага үүсгэсэн газрууд дараа нь данс тооцоогоор нийлдэг учраас АТМ-с хэзээ ч шилжүүлдэггүй байхад 150,000 төгрөг, 273,600 төгрөг, 200,000 төгрөг зэргийг АТМ-ээс шилжүүлсэн байгааг харвал Хүслэнт Цант гэх нэрийг ашиглаж өөрөө зохиомол газар авлага үүсгэж мөнгийг хувьдаа авсан байна. Яг энэ аргаар Консул гэх газар дээр Винсвэй гэх пабын нэр дээр 3,785,250 төгрөгийн бараа татан авалт хийсэн. ...Худалдааны төлөөлөгч нь харилцагчийг олдог, бараагаа нийлүүлдэг, зээлээр өгдөг, шинэ харилцагч үүссэн тохиолдолд нягтланд мэдэгдэж бараа захиалга өгсөн талаар мэдээллээ бүртгүүлдэг. Татан авалт бүрийг бичиж тэмдэглүүлдэг, худалдааны төлөөлөгч харилцагчийн нэр дээр бараа захиалга оруулах бүрэн эрхтэй байдаг...” /1-р хх-ийн 27-28, 32-33/ гэсэн,

 

Гэрч Н.Баясгалан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 02 дугаар сараас нягтлан бодогчоор ажилд ороод худалдааны төлөөлөгч Г.Э-ыг хариуцсан нягтлангаар 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр санхүүгийн тооцооны ажлыг хүлээлгэн өгөх хүртэл хийсэн. 2017 оны 5 дугаар сараас эхлэн Г.Э-тай холбоотой бараа материал хүлээлгэж өгөөд мөнгөө өгөхгүй газруудын хүмүүстэй уулзахад тухайн газрууд тухай бүр нь Г.Э-д мөнгөө өгсөн байсан, мөнгийг Г.Э- хувьдаа завшсан байсан. ...Э-тай өр авлага үүсгэсэн газруудтай уулзаж, тооцоо нийлээд зөвшөөрсөн газрууд нь зээлээр авсан барааны мөнгөө барагдуулсан байгааг программ дээр шивсэн. Аудит болон Шүүхийн шинжилгээний газрын шинжээчид баримтуудыг өгч байсан. Сэнси паб-ыг ажлуулж байсан Энхнаран гэх хүнтэй тооцоо нийлсэн боловч мөнгөө барагдуулаагүй, дараа нь үйл ажиллагаа нь зогсож, хүн нь олдохгүй болсон. Энхнаран гэх хүн тухайн үед 2,000,000 төгрөгийн барааг Энхтөвшин авсан гэхээр нь баримтаар та авсан юм чинь та барагдуулна гэж хэлсэн. ...Консул гэх газарт очиход нэг эмэгтэй байсан бөгөөд тухайн газарт нэг ширхэг баримт байсан нь манай байгууллагын баримт биш өөр газрын баримт байсан. Хүслэнт цант гэх газарт очиход нэг охин байсан бөгөөд аав эмнэлэгт хэвтэж байгаа гэж хэлсэн. Тэр үед Э- эмнэлэгт хэвтэж байгаа гэх хүнтэй утсаар ярьчихаад дараа ирж тооцоо нийлье гэж хэлсэн. ...Дараа нь Э- би өөрөө хариуцаад энэ газруудын өр авлагыг барагдуулна, би мөнгийг нь аваад үрчихсэн гэж хэлээд бичиг хийж өгсөн. ...Г.Э-тай тооцоо нийлэх үед манай байгууллагаас завшсан мөнгөөр Тахилтад газар авч, байшин барьж зайрмагны цех худалдаж авсан...” /1-р хх-ийн 39, 231-232/ гэсэн,

 

Гэрч У.Бадамцоо мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Консул гэх газрын эзэн нь байгаа юм. 2017 оны 5 дугаар сараас 2018 оны 9 дүгээр сар хүртэл Энхтөвшин гэх эмэгтэй түрээслэж байсан. Энэ хүний талаар мэдэх зүйл байхгүй. Тэр хүн сарын 3,000,000 төгрөгөөр түрээслэж байгаад 2018 оны 4 дүгээр сар хүртэл түрээсээ өгч байгаад тэрнээс хойш түрээсээ өгөхгүй хаяад алга болсон...” /1-р хх-ийн 132-133/ гэсэн,

 

Гэрч Б.Энхнаран мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2016 оны 5 дугаар сараас 9 сар хүртэл Консул паб-д Энхтөвшин гэх хүний доор менежерээр ажиллаж байгаад хувиараа Сэнси гэх нэртэй паб түрээлсэн ажлуулсан. Тухайн газрыг ажлуулж байх хугацаанд буюу 2017 оны 8, 9 сарын үед “Жем Трейд” ХХК-ийн борлуулалтын менежер Э- гэх хүнээс 2,500,000 төгрөгийн бараа зээлээр авсан. Үүнийг Энхтөвшин гэх хүн надаар дамжуулж зээлсэн. Тухайн үед 3,000,000 төгрөгийн бараа авснаас би өөрийн авсан 500,000 төгрөгийг “Жем Трейд” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. ...Тухайн үед “Жем Трейд” ХХК-ийн нягтлан Баясгалан гэж хүнтэй Сэнси паб-д тооцоо нийлж байсан. ...Энхтөвшин мөнгийг төлнө гээд байхаар нь би “Жем Трейд” ХХК-д өгнө гээд тооцоо нийлж, график гаргасан. ...Энхтөвшин эгч өөрийн ажлуулж байгаа паб-н нэр дээр бараа зээлээр авчихаад буцааж төлөөгүй байгаа болохоор намайг өөрийнхөө ажлуулж буй паб-н нэр дээр бараа аваад өгөөч гэхээр нь зээлээр авч өгсөн...” /1-р хх-ийн 227-229/ гэсэн,

 

Шинжээч Б.Цэрэндэжид мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд “Жем Трейд” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Г.Э- нь эхний үлдэгдэл 5,700.0 төгрөгийг харилцагчийн үлдэгдэл авлагатай, 2017 оны 01 сараас 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 63,687,774.0 төгрөгийн бараа бүтээгдэхүүний авлага үүсгэж үүнээс цалингаас суутгуулсан болон бусад мөнгөн хэлбэрээр 9,541,340.0 төгрөгийг барагдуулж 54,152,134.0 төгрөгийн төлбөр тооцоог барагдуулаагүй байна.  /Тооцооллын дэлгэрэнгүйг хавсралт №1-р харуулсан байгаа/. Тухайн тайлант хугацаанд өдөрт падаан тулгалт хийгдэж зээлээр борлуулсан гэх падааны үлдэгдлийг жилийн эцсээр зээлээр авсан байгууллагын тооцоог тулгалт хийхэд тухайн зээлдэгч нь огт байхгүй падаан үйлдсэн, харилцагч байгууллагуудын мөнгийг авсан гэх шалтгаантай байсан. ...Жем трейд ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Г.Э- нь эхний үлдэгдэл 5,700.0 төгрөгийн харилцагчийн үлдэгдэл авлагатай, 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаанд 63,687,774.0 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авлага үүсгэж үүнээс цалингаас суутгуулсан болон бусад мөнгөн хэлбэрээр 64 удаагийн гүйлгээгээр 9,541,340.0 төгрөгийг барагдуулж 45,152,134.0 төгрөгийн төлбөр тооцоог барагдуулаагүй байна. Тухайн ажилтан нь 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх ажиллаж байх хугацаандаа зээлээр борлуулалт хийж тухайн борлуулалтын өр төлбөр барагдахгүй байснаар ажиллаж байх хугацаанд үүсгэсэн өр төлбөрийг 2018 оны 3 дугаар сарын 01-нийг хүртэл нэгэн бүртгэсэн хяналтын нягтлан бодох бүртгэлийн бичигт...” /1-р хх-ийн 148-149, 236-238/ гэсэн,

 

Шүүгдэгч Г.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би Жем трейд ХХК-д 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа борлуулалтын орлогоос хувьдаа завшсан. Хувьдаа завшсан мөнгөөрөө 2017 онд Сүхбаатар дүүрэг, Салхитад 15,000,000 төгрөгөөр газар худалдаж авсан, уг газар дээрээ 15,000,000 төгрөгөөр 8х6 хэмжээтэй байшин барьсан. Тэгээд зайрмагийн цехийг 15,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Түгээлтийн хөлдөөгчтэй машиныг 6,000,000 төгрөгөөр худалдан авсан. ...Жем трейд ХХК-с хариуцагчийн захиалга хэлбэрээр бараа аваад Нарантуул зах ороод орон нутгийн архи бөөнөөр худалдан авч байгаа иргэдэд зараад мөнгийг нь авсан. Нийт 3 удаагийн үйлдлээр дээрх мөнгийг авсан. Энэ мөнгөнүүдийг ямар нэгэн дансанд хийгээгүй шинээр харилцагч нэмэгдсэн гэж худал хэлж захиалга бичүүлж аваад Нарантуул зах дээр очиж зарсан. ...Борлуулалтын мөнгөнөөс хувьдаа завшсан нь үнэн гэхдээ Сэнси, Консул, Хүслэнт цант гэх газруудаас авах ёстой 11,000,000 төгрөгийг хасуулж тооцоод үлдэгдэл мөнгийг би хариуцан төлж барагдуулахад ямар нэгэн гомдолгүй. ...Консул, Хүслэнт цант хоёр нэг эзэнтэй байсан бөгөөд эзнийг нь Энхтөвшин гэдэг байсан. Одоо тэр хүнтэй уулзах гэхээр олдохгүй байгаа, харин Сэнси гэх пабыг тухайн үед Энхнаран гэх хүн ажиллуулж байсан. ...Консул, Хүслэнт цант хоёр нэг эзэнтэй талаар нягтлан Баясгаланд хэлээгүй. ...Консултай тооцоог Баясгалан нийлсэн, Хүслэнт цанттай тооцоо нийлээгүй... ” /1-р хх-ийн 126-127, 220-221/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №34 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. “Баян ташаагийн эх аудит” ХХК-н 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1/169 дугаартай гаргасан аудитын дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд “Жем трейд” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Г.Э- нь эхний үлдэгдэл 5,700.0 төгрөгийг харилцагчийн үлдэгдэл авлагатай, 2017 оны 01 сараас 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 63,687,774.0 төгрөгийн бараа бүтээгдэхүүний авлага үүсгэж үүнээс цалингаас суутгуулсан болон бусад мөнгөн хэлбэрээр 9,541,340.0 төгрөгийг барагдуулж 54,152,134.0 төгрөгийн төлбөр тооцоог барагдуулаагүй байна.  /Тооцооллын дэлгэрэнгүйг хавсралт №1-р/,

3. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй болно...” /1-р хх-ийн 48-52/ гэсэн дүгнэлт,

 

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 20-23, 135-142/,

- Өргөдөл /1-р хх-ийн 24/,                                             

- “Баян ташаагийн эх Аудит” ХХК-ийн дүгнэлт /1-р хх-ийн 41-43/,

- Хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний барьцааны гэрээ, ажилд томилох тухай тушаал /1-р хх-ийн 56-72/,

- Шүүгдэгч Г.Э-ы Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /1-р хх-ийн 104-110/,

- Консулын Энхтөвшингийн туслах Энхнарантай хийсэн төлбөр барагдуулах гэрээ /1-р хх-ийн 190-193/

- Гэрч, яллагдагчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-ийн 233-235/,

- Г.Э-ы цалингийн хүснэгт /1-р хх-ийн 241/,

- Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй /1-р хх-ийн 242-245/,

-  Шүүгдэгч Г.Э-ы хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 81/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-ийн 82/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /1-р хх-ийн 83/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 85/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Г.Э- нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жем Трейд” ХХК-д 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Хорека борлуулалтын албанд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 63,687,774 төгрөгийн бараа бүтээгдэхүүний авлага үүсгэж, энэ хэмжээний бараа бүтээгдэхүүн зарсан борлуулалтын орлогоор хувьдаа зайрмагны цех, газар, хашаа, байшин, түгээлтийн хөлдөөгчтэй жижиг автомашин зэргийг худалдан авч “Жем Трейд” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсны улмаас Жем Трейд ХХК-д 63,687,774 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж-ын “...Г.Э- нь тус компанид түгээгч болон худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан. Түгээгч бол харилцагч байгууллагуудаас ирсэн бараа бүтээгдэхүүнийг тоо ёсоор хүргэж өгдөг. Худалдааны төлөөлөгч нь байгууллагуудтай уулзаж бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулах худалдах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг. ...2016 оны 6 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарыг дуустал ажилласан. ...Хүслэнт цант гэх газар нь 300,000-400,000 төгрөгийн хооронд бараа татан авалт хийдэг байснаа 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 1,460,400 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 1,320,780 төгрөгийн хоёр удаагийн татан авалт хийгээд буцаан төлөлт нь 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 273,600 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 150,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 200,000 төгрөгийн төлөлт хийсэн. Энэ төлөлтийг харахад Хүслэнт цант гэх газрын нэр дээр Э- авсан нь тодорхой байна. Учир нь тухайн газрын нэр дээр Жагуар нэртэй караокены нэр дээр 1,473,600 төгрөгийн тооцоо үүсгэсэн байсан. Өр авлага үүсгэсэн газрууд дараа нь данс тооцоогоор нийлдэг учраас АТМ-с хэзээ ч шилжүүлдэггүй байхад 150,000 төгрөг, 273,600 төгрөг, 200,000 төгрөгийг АТМ-ээс шилжүүлсэн байгааг харвал Хүслэнт цант гэх нэрийг ашиглаж өөрөө зохиомол газар авлага үүсгэж мөнгийг хувьдаа авсан байна. Яг энэ аргаар Консул гэх газар дээр Винсвэй гэх пабын нэрдээр 3,785,250 төгрөгийн бараа татан авалт хийсэн. ...Худалдааны төлөөлөгч нь харилцагчийг олдог, бараагаа нийлүүлдэг, зээлээр өгдөг, шинэ харилцагч үүссэн тохиолдолд нягтланд мэдэгдэж бараа захиалга өгсөн талаар мэдээллээ бүртгүүлдэг. Татан авалт бүрийг бичиж тэмдэглүүлдэг, худалдааны төлөөлөгч харилцагийн нэр дээр бараа захиалга оруулах бүрэн эрхтэй байдаг...” /1-р хх-ийн 27-28, 32-33/ гэсэн, гэрч Н.Баясгалангийн “...2017 оны 5 дугаар сараас эхлэн Г.Э-тай холбоотой бараа материал хүлээлгэж өгөөд мөнгөө өгөхгүй газруудын хүмүүстэй уулзахад тухайн газрууд тухай бүр нь Г.Э-д мөнгөө өгсөн бөгөөд мөнгийг Г.Э- хувьдаа завшсан байсан. ...Э-тай өр авлага үүсгэсэн газруудтай уулзаж тооцоо нийлээд зөвшөөрсөн газрууд нь зээлээр авсан барааны мөнгөө барагдуулсан байгааг программ дээр шивсэн. Аудит болон Шүүхийн шинжилгээний газрын шинжээчид баримтуудыг өгч байсан. Сэнси паб-г ажлуулж байсан Энхнаран гэх хүнтэй тооцоо нийлсэн боловч мөнгөө барагдуулаагүй, дараа нь үйл ажиллагаа нь зогсож, хүн нь олдохгүй болсон...” /1-р хх-ийн 39, 231-232/ гэсэн, гэрч Б.Энхнарангийн “...Би 2016 оны 5 дугаар сараас 9 сар хүртэл Консул паб-д Энхтөвшин гэх хүний доор менежерээр ажиллаж байгаад хувиараа Сэнси гэх нэртэй паб түрээлсэн ажлуулсан. Тухайн газрыг ажлуулж байх хугацаанд буюу 2017 оны 8, 9 сарын үед Жем трейд ХХК-ийн борлуулалтын менежер Э- гэх хүнээс 2,500,000 төгрөгийн бараа зээлээр авсан. Үүнийг Энхтөвшин гэх надаар дамжуулж зээлсэн. Тухайн үед 3,000,000 төгрөгийн бараа авснаас би өөрийн авсан 500,000 төгрөгийг Жем трейд ХХК-ийн дансанд шилжүүлсэн. ...Тухайн үед Жем трейд ХХК-н нягтлан Баясгалан гэж хүнтэй Сэнси паб-д тооцоо нийлж байсан. ...Энхтөвшин мөнгийг төлнө гээд байхаар нь би Жем трейд ХХК-д өгнө гээд тооцоо нийлж, график гаргасан. ...Энхтөвшин эгч өөрийн ажлуулж байгаа паб-н нэр дээр бараа зээлээр авчихаад буцааж төлөөгүй байгаа болохоор намайг өөрийнхөө ажлуулж буй паб-н нэр дээр бараа аваад өгөөч гэхээр нь зээлээр авч өгсөн...” /1-р хх-ийн 227-229/ гэсэн, шинжээч Б.Цэрэндэжидийн “...Шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд “Жем трейд” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Г.Э- нь эхний үлдэгдэл 5,700.0 төгрөгийг харилцагчийн үлдэгдэл авлагатай, 2017 оны 01 сараас 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 63,687,774.0 төгрөгийн бараа бүтээгдэхүүний авлага үүсгэж үүнээс цалингаас суутгуулсан болон бусад мөнгөн хэлбэрээр 9,541,340.0 төгрөгийг барагдуулж, 54,152,134.0 төгрөгийн төлбөр тооцоог барагдуулаагүй байна...” /1-р хх-ийн 148-149, 236-238/ гэсэн, шүүгдэгч Г.Э-ы “...Би Жем трейд ХХК-д 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа борлуулалтын орлогоос хувьдаа завшсан. Хувьдаа завшсан мөнгөөрөө 2017 онд Сүхбаатар дүүрэг, Салхитад 15,000,000 төгрөгөөр газар худалдаж авсан, уг газар дээрээ 8х6 хэмжээтэй байшин 15,000,000 төгрөгөөр барьсан. Тэгээд зайрмагийн цехийг 15,000,000 төгрөгөөр худалдан авсан. Түгээлтийн хөлдөөгчтэй машиныг 6,000,000 төгрөгөөр худалдан авсан. ...Жем трейд ХХК-с хариуцагчийн захиалга хэлбэрээр бараа аваад Нарантуул зах ороод орон нутгийн архи бөөнөөр худалдан авч байгаа иргэдэд зараад мөнгийг нь авсан. Нийт 3 удаагийн үйлдлээр дээрх мөнгийг авсан. Энэ мөнгөнүүдийг компанийн дансанд хийгээгүй, шинээр харилцагч нэмэгдсэн гэж худал хэлж захиалагч бичүүлж аваад Нарантуул зах дээр очиж зарсан. ...Сэнси, Консул, Хүслэнт цант гэх газруудаас авах ёстой 11,000,000 төгрөгийг хасуулж тооцоод үлдэгдэл мөнгийг би хариуцан төлж барагдуулахад ямар нэгэн гомдолгүй. ...Консул, Хүслэнт цант хоёр нэг эзэнтэй байсан бөгөөд эзнийг нь Энхтөвшин гэдэг байсан. Одоо тэр хүнтэй уулзах гэхээр олдохгүй байгаа, харин Сэнси гэх пабыг тухайн үед Энхнаран гэх хүн ажиллуулж байсан. ...Консул, Хүслэнт цант хоёр нэг эзэнтэй талаар нягтлан Баясгаланд хэлээгүй. ...Консултай тооцоог Баясгалан нийлсэн, Хүслэнт цанттай тооцоо нийлээгүй... ” /1-р хх-ийн 126-127, 220-221/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны №34 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт “Баян ташаагийн эх аудит” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1/169 дугаартай гаргасан аудитын дүгнэлт үндэслэлтэй байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд “Жем трейд” ХХК-ын худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Г.Э- нь эхний үлдэгдэл 5,700.0 төгрөгийг харилцагчийн үлдэгдэл авлагатай, 2017 оны 01 сараас 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 63,687,774.0 төгрөгийн бараа бүтээгдэхүүний авлага үүсгэж үүнээс цалингаас суутгуулсан болон бусад мөнгөн хэлбэрээр 9,541,340.0 төгрөгийг барагдуулж 54,152,134.0 төгрөгийн төлбөр тооцоог барагдуулаагүй байна.  /Тооцооллын дэлгэрэнгүйг хавсралт №1-р/, Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй болно...” /1-р хх-ийн 48-52/ гэсэн дүгнэлт, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 20-23, 135-142/, “Баян ташаагийн эх Аудит” ХХК-ийн дүгнэлт /1-р хх-ийн 41-43/, хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний барьцааны гэрээ, ажилд томилох тухай тушаал /1-р хх-ийн 56-72/, шүүгдэгч Г.Э-ы Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /1-р хх-ийн 104-110/, Консулын Энхтөвшингийн туслах Энхнарантай хийсэн төлбөр барагдуулах гэрээ /1-р хх-ийн 190-193/, гэрч, яллагдагч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-ийн 233-235/, Г.Э-ы цалингийн хүснэгт /1-р хх-ийн 241/, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй /1-р хх-ийн 242-245/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусдын итгэмжлэн хариуцуулсан гэдэг нь хувь хүн, байгууллагаас өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн байхыг хэлэх бөгөөд итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр хууль бусаар өөртөө ашиглах нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “...их хэмжээний хохирол учруулсан...” бол гэж тухайн гэмт хэргийг хүндрүүлэх шинжийг тусгасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “...их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш,...” гэж, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “..Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна...” гэж тус тус заажээ.  

Шүүгдэгч Г.Э-ы “Жем трейд” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хууль бусаар өөртөө ашиглаж, 63,687,774 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Э-ы үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Э-ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч “Жем Трейд” ХХК-ийн эд хөрөнгөд 63,687,774 төгрөгийн хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Э- нь өөрийн цалингаасаа суутгуулах болон бэлэн мөнгөөр 9,541,340 төгрөгийг, шүүхийн шатанд Б.Энхнаран төлөхөөр тохирсон 2,507,760 төгрөгийг (шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн төлөөлөгч Э.Ж- зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаас хасахад татгалзах зүйлгүй гэсэн, 1-р хх-ийн 190), автомашин шилжүүлсэн төлбөрт 9,466,300 төгрөгийг тус тус төлсөн байсан, шүүхийн шатанд буюу шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, хохирол гаргуулахаар шийдвэрлэсний дараа буюу 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 42,172,374 төгрөгийг төлж (шүүхэд гаргаж өгсөн баримт), гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж, барагдуулсан, хохирогчийн төлөөлөгч Э.Ж- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч  Г.Э- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нь өөрийн хийсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа, хохирол нөхөн төлөгдсөн, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол саналгүй гэсэн зэрэг нөхцөлийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2.-т зааснаар 13,000 нэгжтэй тэнцэх хэмжээгэээр буюу 13,000,000 /арван гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлогыг харгалзан уг ялыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоох боломжтой гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт шүүх цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцохоор, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төрөгрөөр тооцох эдлэх ялаас хасахаар заасан бөгөөд шүүгдэгч Г.Э-ы 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 7 хоног цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 15,000 төгрөгөөр тооцож, нийт 105,000 төгрөгийг (15,000х7=105,000) түүнд оногдуулсан 13,000,000 төгрөгийн торгох ялаас хасч, түүний биечлэн эдлэх ялыг 12,895 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,895,000 (арван хоёр сая найман зуун ерөн таван мянга) төгрөгөөр тогтоох хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн 1810010060010 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Э- бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас Консул, Хүслэнт Цант гэх газрыг ажлуулдаг байсан Б.Энхтөвшин гэх хүнээс авлагатай байсан, энэ авлагыг хасуулж тооцуулах, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Э-ы зүгээс төлсөн 9,541,340 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос хасаж тооцон, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж өгнө үү гэснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж үзнэ. Учир нь Консул, Хүслэнт Цант гэх газруудыг ажлуулдаг байсан Б.Энхтөвшин гэх хүнтэй холбоотой асуудлын хувьд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд тодорхой тусгасан, улмаар шинжээчийг байцаасан тэмдэглэл зэргээр шүүгдэгчийн “авлагатай” гэсэн мэдүүлэг няцаагдах бөгөөд түүний мэдүүлгийг өөрөөр нотлосон баримт хэрэгт авагдаагүй байна, мөн гэмт хэргийн улмаас буюу шүүгдэгч Г.Э-ы “Жем Трейд” ХХК-д тухайн цаг хугацаанд төлөх ёстой байсан төлбөрийг төлж барагдуулалгүй өөртөө ашигласан, завшсан, улмаар ажил олгогч компани ажилтанд олгох ёстой байсан цалинг өр төлбөрт шилжүүлж авсныг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос хасагдаж тооцох үндэслэлгүй бөгөөд хэргийн зүйлчлэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт “Жем Трейд” ХХК, гэрч Б.Энхнаран нарын хооронд төлбөр барагдуулах талаар тохиролцож, гэрээ байгуулсан, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөхгүй бол барьцааны хөрөнгөөр төлбөрийг барагдуулахаар заасныг шийтгэх тогтоод дурдуулах талаар гаргасан хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн саналыг шүүх хүлээн авах боломжгүй юм. Иргэн, хуулийн этгээдийн хооронд хийсэн гэрээний талаар шүүхийн шийтгэх тогтоолд дурдах хуулийн зохицуулалт байхгүй, гэрээгээр хүлээсэн харилцааг биелүүлээгүй нь иргэний журмаар шийдвэрлэх асуудал бөгөөд эрүүгийн шүүх хянан шийдвэрлэхгүй тул энэ талаар гаргасан хүсэлт нь үндэслэлгүй юм.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Г-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Э-д 13,000 /арван гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 13,000,000 /арван гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ы цагдан хоригдсон 7 (долоо) хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцож, нийт 105,000 (нэг зуун таван мянга) төгрөгийг түүнд оногдуулсан 13,000,000 төгрөгийн торгуулийн ялаас хасч, түүний биечлэн эдлэх ялыг 12,895 /арван хоёр мянга найман зуун ерэн тав/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 12,895,000 /арван хоёр сая найман зуун ерэн таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Г-ын Э-д оногдуулсан 12,895 /арван хоёр мянга найман зуун ерэн тав/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 12,895,000 /арван хоёр сая найман зуун ерэн таван мянга/ төгрөгийн торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э- оногдуулсан 12,895,000 төгрөгийн торгуулийн ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн 1810010060010 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Э- бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.АЛТАНЖИГҮҮР