Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 212/МА2017/00037

 

Т.Б ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар шийдвэртэй, Т.Б ы нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн галчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт галчийн ажлаар 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлж ажилд орсон. Ажиллаж байх хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Миний бие урьд нь хүүхдийн нэгдүгээр цэцэрлэгт 6 жил галчаар ажиллаж байсан. Цомхтголоор ажлаас гарсан. 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн түр орлон гүйцэтгэгч Ш.М Б/19 тоот тушаалаар намайг ажлаас халсан. Намайг хууль бус ажлаас халсан гэж үзэж байна. Учир нь, ямар нэгэн зөрчил гаргаагүй, 2016 онд төсөв хүрэлцээтэй байсан. 2014 оны төсөв батлагдаагүй. Иймд намайг хуулийн дагуу ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Т.Б ы нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч байна. Боловсролын сайд, Сангийн сайдын 1995 оны 227/199 тоот хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар хөдөө сумдад үйл ажиллагаа явуулж буй Хүүхдийн цэцэрлэгийн орон тооны дээд жишгийг тогтоосон байдаг юм. Боловсролын сайд, Сангийн сайдын 1995 оны 227/199 тоот хамтарсан тушаалыг үндэслэл болгон тус хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01 тоот тушаалаар тус хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн 2016 онд ажиллах орон тоо бүтцийг өдрийн 3 бүлэг, 75 хүүхэдтэй, нийт 16 багш, ажилчидтай байхаар баталсан байна. Тус цэцэрлэг нь 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн 16 орон тоотойгоор ажиллаж байгаад 2016 оны 3 дугаар сарын 01-нээс Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын ээлжит бус хуралдаанаас төсөвт тодотгол хийсэн учраас Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт нэг бүлэг нэмж байгуулах шийдвэр гаргасан тул Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн Бүлэг нэмж ажиллуулах тухай №Б/232 захирамж гарсан юм. Одоо тус цэцэрлэгт өдрийн 1 бүлэг нэмэгдсэн учраас өдрийн бүлгийн багш 1, туслах багш 1, нийт 2 орон тоо нэмэгдсэн нийт 18 орон тоотой багш, ажилчид ажиллаж байна. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн Х.М нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөхөн тус сумын иргэд Х.Б , Т.Б , К.С , С.Х нарын 4 хүнийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр галчийн ажилд тус тус томилжээ. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 01-нд баталсан орон тоогоор цэцэрлэгт 3 галчийн орон тоонд Б.Х, Ш.К, А.А, слесарь Х.Т нар одоо хүртэл ажиллаж байна. Үүнээс үзэхэд 18 ажилтантай 1 цэцэрлэгт 7 галч ажиллана гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Иймээс нэхэмжлэгч Т.Б ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 5 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн Б/19 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалын нэхэмжлэгч Т.Б д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Б ыг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн галчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх Т.Б ы нэхэмжлэлтэй Цэнгэл сумын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт холбогдох хөдөлмөрийн маргаантай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас үнэн зөв үнэлж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэн хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Боловсролын сайд, Сангийн сайдын 1995 оны 227\199 тоот хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар сумдын Хүүхдийн цэцэрлэгийн орон тооны дээд жишгийг тогтоосон байдаг юм. Боловсролын сайд, Сангийн сайдын 1995 оны 227\199 тоот хамтарсан тушаал ёсоор Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч 2016 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийн Б\01 тоот тушаалаар Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн 2016 онд ажиллах орон тоо, бүтцийг баталж, өдрийн 3 бүлэг, 75 хүүхэдтэй, нийт 16 багш, ажилчидтай байхаар тогтоожээ. Тус цэцэрлэг нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ээс 16 орон тоотойгоор ажиллаж байгаад 2016 оны 03 дугаар сарын 01-нээс Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаас төсөвт тодотгол хийсэн тогтоол, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн Бүлэг нэмж ажиллуулах тухай" № Б\232 захирамжаар тус Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт нэг бүлэг нэмж байгуулах шийдвэр гарсан юм. Ингээд тус цэцэрлэгт өдрийн 1 бүлэг нэмэгдсэн учраас өдрийн бүлгийн багш 1, туслах багш 1, нийт 2 орон тоо нэмэгдсэнээр нийт 18 орон тоотой багш, ажилчид ажиллаж байна. Үүнээс илүү бүр болон түр орон тоо тус цэцэрлэгт байхгүй юм. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Х.М нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөгдөхөөс хэдхэн хоногийн өмнөхөн орон нутгийн сонгууль болох гэж байгааг далимдуулан Х.Б , Т.Б , К.С , С.Х нарын 4 хүнийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр галчийн ажилд томилох шийдвэр гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 01-нд баталсан орон тоогоор тус цэцэрлэгт 3 галчийн бүр орон тоон ажилд Б.Х , Ш.К, А.А, слесарь Х.Т нар одоо хүртэл ажиллаж байгаа нь тэднийг томилсон тушаал, цалин хөлс олгож байсан хүснэгтээр нотлогдож байна. Иймд Т.Б ыг тус цэцэрлэгт шүүхийн шийдвэрээр ажиллуулъя гэхэд бүр орон тоо болон гэрээт ажилтан гэсэн орон тоо байхгүй учраас түүнийг цаашид ажиллуулах боломжгүй юм. Тус цэцэрлэгт ажиллаж буй үйлчилгээний албан хаагчид нь өвлийн улиралд галчийн ажилтай хамт манаачийн ажлыг хавсран гүйцэтгэдэг ба зуны цагт байгууллагын халаалт зогсоодог учраас манаачын ажил болон байгууллагын засварыг гүйцэтгэдэг юм. Үйлчилгээний ажилтан нарын ажил үүргийг ийнхүү зохицуулсан байхад тус цэцэрлэгт 7 галч ажиллана гэсэн боломж байхгүй гэдгийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна. Анхан шатны шүүх Ш.К ыг галчийн ажилд томилсон тушаал хэрэгт авагдаагүй гэж буруутгаж байгаа боловч Ш.К ыг 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 11 дүгээр сарын 30-ныг хүртэл галч, манаачаар ажиллуулж цалин хөлс олгож байсан санхүүгийн баримтаар нотлогдож байна. Төсвийн тухай хуулиар төсвийн шууд захирагч нь тухайн байгууллагын батлагдсан төсвийн дагуу санхүүгийн үйл ажиллагаа явуулж, төсвийн сахилгыг нарийн чанд сахин биелүүлэх ёстой юм. Иймээс батлагдсан орон тооноос илүү хүн авч ажиллуулах нь Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үр дагавар үүсгэх юм. Тус цэцэрлэгийн 2017 оны төсөвт гэрээт ажилтны хөлсөнд нэг ч төгрөг тусгагдаагүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна. Иймд Баян-Өлгий аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэгч Т.Б ханы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Цэнгэл сумын Гуравдугаар цэцэрлэгийн Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй болохыг тайлбарлаж байна. Үүнд: Хариуцагч Б ы хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйл 37.1.4 мөн хуулийн 38.1.2-т заасан хэсгийг үндэслэл болгон 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/19 тоот тушаалаар гэнэт цуцалсан нь үндэслэлгүй бөгөөд Сум дундын иргэний хэргийн шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргасан. Кын хөдөлмөрийн гэрээ байх байхгүй эсэх нь Б ы гомдлыг авч хэлэлцэхэд ач холбогдолгүй болохыг хариуцагч тал зөвөөр ойлгох нь зүйтэй байна. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэгийг баримталсан байх ёстой эсэхийг хариуцагч ноцтой зөрчсөн бөгөөд мөн хуулийн 21 дүгээр зүйлийн дагуу ажил олгогч ажилтны хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаанд ажилтан буруугүй юм. Мөн ажил олгогч Б тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний тав дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр цуцлах тухайгаа онцлон заасан байна. Иймд 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 05 тоот шүүхийн шийдвэр ИХШХШ тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүс ч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх Т.Б ы гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар 2016 оны жилийн эхэнд тус байгууллагын батлагдсан орон тооноос илүү ажлын байранд ажиллаж буй гэсэн үндэслэлээр ажилтан Т.Б ыг тус байгууллагын галчийн ажлаас чөлөөлжээ. Ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4.-т заасныг баримталсан боловч шийдвэртээ батлагдсан орон тооноос илүү ажлын байранд ажиллаж буй гэж үндэслэсэн нь хоорондоо зөрүүтэй буюу хуульд нийцээгүй ба хэрэгт цугларсан баримтаар хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон үйл баримт тогтоогдоогүй байна.

Ажил олгогчоос батлагдсан орон тоо байхгүй, цалингийн сан хүрэлцэхгүйн улмаас ажилтныг ажиллуулах боломжгүй гэсэн үндэслэлээр 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Т.Б д мэдэгдэх хуудсаар мэдэгдэхээр хурлын тэмдэглэлд тусгасан боловч ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг ажилтанд гардуулсан нь нотлогдоогүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчсөн байна. Ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-т заасан аль нэг үндэслэлийг баримталсан нь тодорхойгүй байх тул Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/19 дүгээр тушаалын Т.Б д холбогдох хэсгийг хууль ёсны байх шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлгүй.

Хариуцагчийн тайлбар болон давж заалдах гомдолд Т.Б ыг Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Х.М нь өөрөө ажлаас чөлөөлөгдөхөөс хэдхэн хоногийн өмнө галчийн ажилд томилох хууль бус шийдвэр гаргасан гэх боловч энэ нь ажилтныг ажлаас чөлөөлөх, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл болохгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр Т.Б ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Хуульд зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

Д.КӨБЕШ