| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 106/2017/0548/э |
| Дугаар | 239 |
| Огноо | 2018-03-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 239
Б.А-, Т.Б, Ж.М
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Р.Очирсүрэн,
шүүгдэгч Б.А-, Т.Б нарын өмгөөлөгч Н.Цэрэндулам,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулж,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 169 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Р.Очирсүрэнгийн бичсэн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 6 дугаар прокурорын эсэргүүцлээр Б.А-, Т.Б, Ж.М нарт холбогдох 1708020550291 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б.А, 19хх оны хх дүгээр сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт хх дүүргийн хх дугаар хороо, хх тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
2. Т.Б, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт хх дүүргийн хх дугаар хороо, оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
3. Ж.М, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 9, эцэг, эх, ах, эгч нарын хамт хх дүүргийн хх дугаар хороо, хх тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
Б.А- нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Оргил” нэртэй хүнсний дэлгүүрийн ойролцоо иргэн Б.Нн хамар тус газар нь цохиж газарт унаган өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Т.Б, Ж.М нартай бүлэглэж үйлдсэн,
Т.Б нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Оргил” нэртэй хүнсний дэлгүүрийн ойролцоо иргэн Б.Нн хамар тус газар нь цохиж газарт унаган өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Б.А-, Ж.М нартай бүлэглэж үйлдсэн,
Ж.М нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Оргил” нэртэй хүнсний дэлгүүрийн ойролцоо иргэн Б.Нн хамар тус газар нь цохиж газарт унаган өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Б.А-, Т.Б нартай бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б.А-, Т.Б, Ж.М нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13 /нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол/ 6.14 /хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол/, 6.15 /мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт/-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ” гэж зааснаас үзэхэд анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхээс гадна яллагдагчийг шүүхэд шилжүүлэх үеэр дээрх үндэслэлээр гарсан гомдол, хүсэлтүүдийг давхар шийдвэрлэхээр байна. Энэ тохиолдолд урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр шийдвэрлэх боломжгүй байсан асуудлыг анхан шатны шүүх хуралдаанаар хэрэгт байгаа нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүх шийдвэрлэж байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн дагуу хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байна.
Шүүхээс шүүгдэгч Б.А-, Т.Б, Ж.М нарт холбогдох хэргийг хянаад эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэв. Үүнд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан нотолбол зохих байдлыг сайтар шалгаж тогтоогоогүй байна. Тухайлбал хохирогч Б.Н “...Оргил дэлгүүр рүү орох гэтэл үл таних гурван залуу намайг “ямар том пизда вэ, нааш ир” гэж дуудсан. Би очоогүй цаашаа алхаад явж байтал махлагдуу, намхан бор залуу ирээд миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Тэгсэн хажуугаас нөгөө хоёр залуу нь хүрч ирээд толгой руу гараараа цохиод унагаж байгаад нүүр болон биеийн бусад хэсэг рүү өшиглөөд байсан. ...Ямар ч л байсан гурвуулаа нийлээд намайг зодсон. Нэг нь ч болиулах гэж оролдоогүй...” гэх мэдүүлэг, гэрч Д.Уламбаярын шүүх хуралдаанд “...Буцах замдаа дэлгүүр орох гэтэл энэ гурван хүн согтуу байсан. Юугаа хараад байгаа юм, овоо гар вэ гээд нөхрийг зодсон. Анхболд эхэлж зодсон. Гурвуулаа тал талаас нь зодсон. Хамгийн сүүлд Баттулга нөхрийн нүүр рүү тасхийтэл өшиглөсөн. Намайг ойртуулахгүй зодоод байсан.” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд нэр бүхий шүүгдэгч нар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.
Гэвч хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, бусад байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг нягтлан шалгаж тогтоогоогүй төдийгүй шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинжийг зөв тогтоон Эрүүгийн хуульд заасан тохирох зүйл, хэсгээр зүйлчлэн ирүүлвэл зохино.
Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Уламбаярын мэдүүлсэн “Хэргийн газар болох “Оргил” хүнсний дэлгүүрийн камерийн бичлэгийг үзсэн, түүнд дээр шүүгдэгч нар дэлгүүрт орж гарснаас хойш гэрч орж тусламж дуудсан бичлэг байсан, байгаа” гэж мэдүүлж байгааг анхаарч холбогдох мөрдөн шалгах зохих ажиллагааг хийх нь шүүгдэгч нарын оролцсон оролцоог тогтооход чухал ач холбогдолтой гэж үзлээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хохирогчийн эхнэр Д.Уламбаяраас “Өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” болохыг нь тайлбарлан, мэдүүлэг өгөх, өгөхгүй эсэх талаар асуулгүйгээр хууль зөрчин мэдүүлэг авсан байгааг тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд "Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заажээ. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.А-. Т.Б, Ж.М нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Б.А-, Т.Б, Ж.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Прокурор Р.Очирсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь: 1. “...Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинжийг зөв тогтоон Эрүүгийн хуульд заасан тохирох зүйл, хэсгээр зүйлчлэн ирүүлвэл зохино” гэж дүгнэлт хийж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.А-, Т.Б, Ж.М нарын гэмт үйлдлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн, эсхүл эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй харин тохиолдлын шинжтэй 1 удаагийн үйлдлээр бүлэглэн иргэн Б.Нн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болохыг шалгаж тогтоосон. Гэтэл шүүх дээрх нөхцөл байдлыг үгүйсгэж зүйлчлэлийг өөрчлүүлэхээр нэмэлт ажиллагаанд буцааж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хохирогчийн эхнэр Д.Уламбаяраас “Өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” болохыг нь тайлбарлан, мэдүүлэг өгөх, өгөхгүй эсэх талаар асуулгүйгээр хууль зөрчин мэдүүлэг авсан байгааг тэмдэглэж байна гэсэн заалтын хувьд гэрч Д.Уламбаярыг тус шүүх хуралдаанд улсын яллагчийн санал болгосноор гэрчээр оролцуулж, түүний мэдүүлгийг сонсохдоо гэрчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” болохыг нь тайлбарлан өгч, мэдүүлгийг авсан нь тухайн зөрчил шүүхийн шатанд засагдсан, мэдүүлгийг үнэлэх боломжтой гэж үзэж байна.
3. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа буюу 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн гэм буруугийн анхан шатны шүүх хуралдаанаас хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалт, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 169 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.
Шүүгдэгч Б.А-, Т.Б нарын өмгөөлөгч Н.Цэрэндулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нар үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруу дээр маргахгүй байсан. Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл муутай байна. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өмгөөлөгчийн зүгээс зөв гэж үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүхийн “...Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинжийг зөв тогтоон Эрүүгийн хуульд заасан тохирох зүйл, хэсгээр зүйлчлэх, хохирогчийн эхнэр Д.Уламбаярт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” болохыг нь тайлбарлан өгч, мэдүүлэг өгөх эсэхийг тодруулж мэдүүлэг авах, хэргийн газар болох “Оргил” хүнсний дэлгүүрийн камерын бичлэгийг бэхжүүлэн авч мөрдөн шалгах зохих ажиллагааг хийх...” үндэслэлээр Б.А-, Т.Б, Ж.М нарт холбогдох хэргийг Прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14, 6.15 дахь заалтад хамаарах асуудлыг талуудыг мэтгэлцээний болон нотлох баримт шинжлэн судалсны эцэст шийдвэрлэх шаардлагатай...” гэж үзэж яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг явуулсан болох нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 87 дугаар “...Яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх тухай...” Шүүгчийн захирамжаар /хх-ийн 111 тал/ тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэнэ.” гэж зааснаар 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д асуудлуудыг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар хэлэлцэж хэргийг Прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхгүй.
Иймд Б.А-, Т.Б, Ж.М нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.
Мөн гэмт хэрэг гарсан газар байсан “Оргил” хүнсний дэлгүүрийн худалдагч, яллагдагч нарыг “Оргил” хүнсний дэлгүүрт хүргэж, буцаан гэрт нь хүргэсэн тээврийн хэрэгслийн жолооч нараас мэдүүлэг авах, хохирогч Б.Нн эрүүл мэндэд учирсан “нүд гэмтсэн” гэх хохирлын талаар шалгаж, шинжээчийн дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагааг мөрдөн байцаалтаар хийх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 169 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Р.Очирсүрэнгийн бичсэн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 6 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН
ШҮҮГЧИД Б.ЗОРИГ
Д.ОЧМАНДАХ