| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0768/Э |
| Дугаар | 755 |
| Огноо | 2020-12-01 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 755
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Нарангэрэл, шүүгдэгч Н.Ч-, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч овогт Н-ийн Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910018620993 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автоашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ч овогт Н-ийн Ч,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Ч- нь 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдах “Гоулд Минералс” ХХК-д хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах инженерын албан тушаалд туршилтын хугацаанд ажиллаж байхдаа тус компанийн эзэмшлийн дэлл ай-5 жи 6 маркийн зөөврийн компьютерыг гэр рүүгээ авч яваад буцааж өгөлгүй хувьдаа завшин “Гоулд Минералс” ХХК-д 899,689 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг:
Шүүгдэгч Н.Ч-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирлыг төлж барагдуулсан байгаа, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Ч-г дуудаж ажлын ярилцлаганд орж 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг дэвсгэрт байрлах айл баяны нүүрсний уурхай руу явуулж ажлын нөхцөл байдалтай танилц гэсэн. ...2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Ч- ажил дээр ирж ажилчид болон захиралтай уулзаад ажлын нөхцөл байдал, ямар баримт бичиг боловсруулах талаар ярилцсан. Тэгээд 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Н.Ч- амралтын өдрүүдээр гэртээ бичиг баримтаа боловсруулаад ирье гээд дэлл ай-5 жи-6 маркийн саарал өнгийн зөөврийн компьютерыг авч явсан. Тэгээд эхний нэг өдөртөө Ч-гийн утас холбогдож байсан ч утсаа авахгүй байсан. Үүнээс хойш утас нь холбогдохгүй байсан, хаягаар нь очиход тухайн хаягт тийм хүн амьдардаггүй болж таарсан...” /хх-ийн 22-25, 29-30, 33/ гэсэн,
Гэрч Б.Баярмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ч- нь манай байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдлын /ХАБ/ инженерээр ажилд орж байсан, өмнөх хүний хэрэглэж байсан ширээ, сандал, зөөврийн компьютер, бичиг баримт хадгалах шүүгээ зэрэг эд зүйлийг хүлээлгэн өгсөн...” /хх-ийн 39-40/ гэсэн,
Шүүгдэгч Н.Ч- мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сараас “Гоулд Минералс” ХХК-д хөдөлмөр аюулгүй байдлын мэргэжилтнээр 14 хоног ажиллаж байхад захирал Энхбаатар надад хандаж хэрвээ чи хүсвэл гэртээ зөөврийн компьютерээ аваад ашиглаж болно гэж хэлсэн. 2019 оны 6 дугаар сарын дундуур нэг өдөр ажил дээрээ очиж зөөврийн компьютерыг аваад гарсан. Тэгээд замдаа танил Оюунболд гэх залуутайгаа таараад Хан-Уул дүүргийн 19-н автобусны буудлын баруун талд нэг паб-д орж нэг шил архи, 6 шил пиво уусан, тэгээд гэрлүүгээ такси бариад явсан. Тухайн үед нилээн согтуу байсан, нэг сэрэхэд орцныхоо үүдэнд сэрсэн. Дараа нь гэртээ ирээд зөөврийн компьютерээ асуухад эхнэр чи зөөврийн компьютергүй орж ирсэн гэж хэлсэн...” /хх-ийн 53-54, 66-68, 70-72/ гэсэн мэдүүлгүүд,
- Өргөдөл /хх-ийн 20/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 44-45/,
- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 61/,
- Н.Ч-г ажилд томилсон тушаал/хх-ийн 80/,
- Хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 133/,
- Шүүгдэгч Н.Ч-гийн хувийн байдалтай холбоотой гэрч Н.Чулуунпүрэвийн мэдүүлэг /хх-ийн 37/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 83/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 84-86/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87/, банкны дансны хуулга /хх-ийн 110-132/, зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Н.Ч-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Н.Ч- нь 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Гоулд Минералс” ХХК-д хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах инженерын албан тушаалд туршилтын хугацаанд ажиллаж байхдаа тус компанийн эзэмшлийн дэлл ай-5 жи 6 маркийн зөөврийн компьютерыг гэр рүүгээ авч яваад буцааж өгөлгүй хувьдаа завшиж, “Гоулд Минералс” ХХК-д 899,689 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э-ийн “...2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Ч- ажил дээр ирж ажилчид болон захиралтай уулзаад ажлын нөхцөл байдал, ямар баримт бичиг боловсруулах талаар ярилцсан. Тэгээд 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Н.Ч- амралтын өдрүүдээр гэртээ бичиг баримтаа боловсруулаад ирье гээд ажлын саарал өнгийн зөөврийн компьютерыг авч явсан. Тэгээд эхний нэг өдөртөө Ч-гийн утас холбогдож байсан ч утсаа авахгүй байсан. Үүнээс хойш утас нь холбогдохгүй байсан, хаягаар нь очиход тухайн хаягт тийм хүн амьдардаггүй болж таарсан...” /хх-ийн 22-25, 29-30, 33/ гэсэн, гэрч Б.Баярмаагийн “...Ч- нь манай байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээр ажилд орж байсан бөгөөд өмнөх хүний хэрэглэж байсан ширээ, сандал, зөөврийн компьютер, бичиг баримт хадгалах шүүгээ зэрэг эд зүйлийг хүлээлгэн өгсөн...” /хх-ийн 39-40/ гэсэн, шүүгдэгч Н.Ч-гийн “...2019 оны 6 дугаар сарын дундуур нэг өдөр ажил дээрээ очиж зөөврийн компьютерыг аваад гарсан. Тэгээд замдаа танил Оюунболд гэх залуутайгаа таараад Хан-Уул дүүргийн 19-н автобусны буудлын баруун талд нэг паб-д орж нэг шил архи, 6 шил пиво уусан, тэгээд гэрлүүгээ такси бариад явсан. Тухайн үед нилээн согтуу байсан, нэг сэрэхэд орцныхоо үүдэнд сэрсэн. Дараа нь гэртээ ирээд нөүтбүүкээ асуухад эхнэр чи нөүтбүүкгүй орж ирсэн гэж хэлсэн...” /хх-ийн 53-54, 66-68, 70-72/ гэсэн мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 44-45/, Н.Ч-г ажилд томилсон тушаал/хх-ийн 80/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэдэг нь хувь хүн, байгууллагаас өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн байхыг хэлэх бөгөөд итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр хууль бусаар өөртөө ашиглах нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд шүүгдэгч Н.Ч-гийн дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх үзэв.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Ч-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Ч- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Ч-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч “Гоулд Минералс” ХХК-ийн эд хөрөнгөд 899,689 төгрөгийн /хх-ийн 44-45/ хохирол учирсан, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг бүрэн төлж барагдуулсан /хх-ийн 133/, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Н.Ч- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Н.Ч-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож прокурорын саналын хүрээнд түүнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч-гийн сэжигтнээр саатуулагдсан 2 /хх-ийн 55-57/ хоногийн нэг хоногийн найман цагаар тооцож, нийт 16 цагийг түүнд оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, биечлэн эдлэх ялыг 224 цагаар тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн 1910018620993 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Н.Ч- бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт Н-ийн Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ийн Ч-г 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч-гийн сэжигтнээр саатуулагдсан хоёр хоногийн нэг хоногийг найман цагаар тооцож, нийт 16 /арван зургаа/ цагийг түүнд оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, биечлэн эдлэх ялыг 224 /хоёр зуун хорин дөрөв/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Шүүгдэгч Н.Ч-г оногдуулсан 224 /хоёр зуун хорин дөрөв/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч-д оногдуулсан 224 /хоёр зуун хорин дөрөв/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн 1910018620993 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Н.Ч- нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР