Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 756

 

 

 

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч П.Энхболд, хохирогч У.Н-, хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, шүүгдэгч Э.Ж-, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Е овогт Э-ийн Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2010018500945 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатарт хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Е овогт Э-ийн Ж,.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Ж- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Мишээл Экспо төвийн Suzuran Japanese нэртэй зоогийн газарт иргэн У.Н-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун мөр, цээж, хэвлий, баруун шуу, долоовор хуруу, зүүн бугалга, умдаг, зүүн цавь, гуянд цус хуралт, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулай баруун чамархайнд үсний халцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч У.Н-: “...2020 оны 9 дүгээр сарын 18-ны шөнө Мишээл экспо төвийн ресторанаар найзуудтайгаа орж үйлчлүүлсэн, намайг бүжгийн талбай дээр байхад маргаан эхэлчихсэн байсан, юунаас болж маргасныг мэдэхгүй, зөөгч нь бүжиглэж байхад ирээд тэнд хүмүүс маргалдаад байна, болиулаач гэхээр нь очиход маргаан болж байсан, тэгэхээр нь би Ж-г за чи больчихооч гэж хэлэхэд л намайг шууд үсдээд ирсэн, хэвлий рүү өшиглөж зодсон. Би спираль тавиад удаагүй байсан, эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхэд доошилсон байна гээд цус тогтоох эм өгсөн, мөн тариа хийлгэсэн боловч цус нь тогтоогүй, 13-р маягт бичүүлж эмнэлэгт хэвтсэн, үсний халцарсан хэсгээ Чингүн гээд гоо сайхны эмнэлэгт оношлуулсан, эмчилгээ хийлгэх шаардлагатай, энэ талаар Ж-д хэлсэн, энэ тал дээр Ж- ямар ч сэтгэл гаргаагүй. Халцархай үстэй хэцүү байна, харагдаж байгаа нь ийм болохоос үсээ задгай тавьбал үснээд маань тасраад тасраад уначихсан, золбин нохой шиг болчихсон байгаа. Маш их гомдолтой байна, зүв зүгээр байж байгаад одоо чи больчих гэж хэлснийхээ төлөө зодуулсан. Өнөөдөр гаргаж өгсөн баримтаар 109,444 төгрөг болж байгаа, үсний эмчилгээ 1 ширхэг үс 5,0 төгрөгөөр суулгадаг, нийт 2,000 орчим ширхэг үс суулгана гэсэн, нөхөн төлжүүлэхэд 2,990,000 төгрөг, нийтдээ 10,990,000 төгрөг гарна гэсэн. Оношлогоо хийлгэсэн 40,000 төгрөг төлөгдсөн...” гэв.

 

Шүүгдэгч Э.Ж-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хохирогчид хохирлын 260,000 төгрөг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, үсний хуйхны хэсэг халцарсан, цаашид эмчилгээ хийлгэх талаар баримттай танилцсан, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой төлөх шаардлагатай бол төлнө...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч У.Н- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ажлынхаа найзуудтайгаа хамт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мишээл Экспо төвийн Сузуран жапанисэ ресторанд 00 цаг өнгөрч байхад орж сууж байгаад би бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад пивоны бөглөө шидэхэд цаана сууж байсан эмэгтэйг оночихсон юм шиг байна лээ, тэгээд хоорондоо хэрүүл хийгээд байхаар нь би очоод уучлалт гуйхад хар өнгийн савхитай, хар өнгийн гуталтай эмэгтэй намайг шууд үсдэж аваад хэвлий хэсэг рүү өшиглөхөд хүмүүс салгасан. Ингээд цагдаа нар ирсэн байсан...”  /хх-ийн 9-10, 11-12/ гэсэн,

 

Гэрч Ц.Анхбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгээ: “...2020 оны 9 дүгээр сарын 18-ны орой найзууд болох Сэр-Од, Дөлгөөн, Энхжин нарын хамт Мишээл Экспо Сузуран ресторанд орж суусан. Тэгээд хажуу ширээний хүмүүстэйгээ маргалдаж манай найз Ж- нэг эмэгтэйтэй зууралдаж үснээс нь зулгаасан...” /хх-ийн 16-17/ гэсэн,  

 

Гэрч Б.Сэр-Од мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би найз Ж-, Анхбаяр, Дөлгөөн, Энхжин нарын хамт ...Мишээл экспо төвийн япон хоолны газарт сууж байхад хажуу талын ширээнээс бөглөө шидээд байсан. Тэгэхээр нь би босч очоод туранхай бор залууд шаардлага тавьж болиулсан. Тэгсэн чинь намхан залуу нь орилоод дайраад босоод ирэхээр нь Ж- чи яагаад хүн рүү дайраад хараагаад орилоод байгаа юм бэ гээд муудалцаад нэг мэдсэн чинь Ж- нэг эмэгтэйтэй муудалцаад барилцаад авсан, хүмүүс тэр хоёрыг салгасан....” /хх-ийн 18-19/ гэсэн,

 

Гэрч Д.Амарсанаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 9 дүгээр сарын 18-ны орой 23 цагийн орчим ажлын найз Н-, Ган-Эрдэнэ, Амарсанаа, Сарангэрэл, Азжаргал нарын хамт Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Мишээл экспо төвд байрлах япон ресторанад ороод сууж байгаад Н- бид хоёр бүжгийн талбай дээр бүжиглэж байх үед манай ширээ болон нөгөө ширээний хүмүүс хоорондоо маргалдаж байсан. Тэгээд Н- бид хоёр очиж тодруулахад бөглөөн дээрээс болж маргалдсан байсан бөгөөд Ган-Эрдэнэ уучлалт гуйгаад байхад дахин хэрүүл хийгээд байхаар нь Н- бид нар уучлалт гуйгаад байна шдээ гэхэд Ж- гэх эмэгтэй Н-гийн үснээс зулгааж гэдэс, хэвлий, давсаг хэсэгт цохисон...” /хх-ийн 20-21/ гэсэн,

 

Гэрч Б.Дөлгөөн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 9 дүгээр сарын 18-ны орой Ж-, Анхбаяр, Сэр-Од, Энхжин нарын хамт Хан-Уул дүүргийн Мишээл Экспо төвд байрлах япон ресторанд орж пиво ууцгаасан. Тэгээд биднийг ширээнд сууж байхад хажуугийн ширээний хүмүүс юм шидээд байхаар нь Сэр-Од болиоч гэж хэлэхэд нэг залуу уучлаарай гээд хоорондоо ярилцаж байхад зодуулсан гэх эмэгтэй чи юу юм гээд хэрүүл болсон, тэгээд манай Ж- тэр эмэгтэйтэй маргалдаж хоорондоо зууралдаад үснээсээ зулгаалцахаар нь би дундуур нь орж салгасан...” /хх-ийн 22-23/ гэсэн,

 

Гэрч Ш.Ган-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр найз Н-, Батцэрэн, Амарсанаа, Сарангэрэл нарын хамт Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Мишээл экспод байрлах япон ресторанд үйлчлүүлж байхдаа хоорондоо тоглоод Сарангэрэл рүү бөглөө шидэх гэж байгаад хажуу ширээний эмэгтэйг оночихсон чинь уурлаад байхаар нь уучлалт гуйгаад буцаад суусны дараа нэг мэдсэн чинь Н-г үл таних эмэгтэй үснээс зулгаагаад маргалдсан байсан...” /хх-ийн 24-25/ гэсэн,

 

Гэрч Б.Амарсанаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Н-, Батцэрцэн, Сарангэрэл, Ган-Эрдэнэ нарын хамт Мишээл Экспо төвд байрлах япон хоолны газар үйлчлүүлж байхдаа хоорондоо тоглоод Ган-Эрдэнэ, Сарангэрэл рүү бөглөө шидэх гэж байгаад хажуу ширээний эмэгтэйг оносон юм. Тэгээд хажуу ширээний эмэгтэйг уурлахаар нь бид нар уучлалт гуйгаад буцаад суусны дараа Н-тай нэг эмэгтэй зууралдаад хоорондоо үснээсээ зулгаалцаад эхэлсэн...” /хх-ийн 26-27/ гэсэн,

 

Шүүгдэгч Э.Ж- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Мишээл экспо төвийн Сузуран японы хоолны ресторанд байхад хохирогч Н-гийн ширээн дээр сууж байсан залуу манай ширээ рүү удаа дараа юм шидсэн. Тэгэхээр нь манай найз Сэр-Од очиж боль гэж хэлэхэд өөдөөс хэл амаар доромжилж байгаад ойлголцсон боловч анх хэрүүл хийсэн залуу дахиад хэл амаар доромжилоод байхаар нь босоод чи юу гээд байгаа юм бэ гээд намайг цохиод, тэгээд зодоон болсон...” /хх-ийн 37-40/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн №10780 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.2 У.Н-гийн биед тархины доргилт, баруун мөр, цээж, хэвлий, баруун шуу, долоовор хуруу, зүүн бугалга, умдаг, зүүн цавь, гуянд цус хуралт, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулай, баруун чамархайд үсний халцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 29-30/ гэсэн дүгнэлт,

 

- Өргөдөл /хх-ийн 6/,

- Хохирлын баримтууд /хх-ийн  43-50/,

- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 54-55/,  

- Шүүгдэгч Э.Ж- хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 58/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 60/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 61/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Э.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.Ж- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 18-ны орой Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Мишээл Экспо төвийн Сюузан Жапанис зоогийн газарт иргэн У.Н-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун мөр, цээж, хэвлий, баруун шуу, долоовор хуруу, зүүн бугалга, умдаг, зүүн цавь, гуянд цус хуралт, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулай баруун чамархайнд үсний халцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч У.Н-гийн “...2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ажлынхаа найзуудтайгаа хамт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мишээл Экспо төвийн япон ресторанд 00 цаг өнгөрч байхад орсон, би бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад пивоны бөглөө шидэхэд цаана сууж байсан эмэгтэйг оночихсон юм шиг байна лээ, тэгээд хоорондоо хэрүүл хийгээд байхаар нь би очоод уучлалт гуйхад хар өнгийн савхитай, хар өнгийн гуталтай гэх эмэгтэй намайг шууд үсдэж аваад хэвлий хэсэг рүү өшиглөж тэгээд хүмүүс салгасан. Ингээд цагдаа нар ирсэн байсан...”  /хх-ийн 9-10, 11-12/ гэсэн, гэрч Ц.Анхбаярын “...2020 оны 9 дүгээр сарын 18-ны орой найзууд болох Сэр-Од, Дөлгөөн, Энхжин нарын хамтаар Мишээл Экспод япон ресторанд орж суусан. Тэгээд хажуу ширээний хүмүүстэйгээ маргалдаж манай найз Ж- нэг эмэгтэйтэй зууралдаж үснээсээ зулгаацалдсан...” /хх-ийн 16-17/ гэсэн,  гэрч Б.Сэр-Одын “...Би найз Ж-, Анхбаяр, Дөлгөөн, Энхжин нарын хамт ...Мишээл экспо төвийн япон хоолны газарт сууж байхад хажуу талын ширээнээс бөглөө шидээд байсан. Тэгэхээр нь би босч очоод туранхай бор залууд шаардлага тавьж болиулсан. Тэгсэн чинь намхан залуу нь орилоод дайраад босоод ирэхээр нь Ж- чи яагаад хүн рүү дайраад хараагаад орилоод байгаа юм бэ гээд муудалцаад нэг мэдсэн чинь Ж- нэг эмэгтэйтэй хоорондоо муудалцаад барилцаад авсан, хүмүүс тэр хоёрыг салгасан....” /хх-ийн 18-19/ гэсэн, гэрч Д.Амарсанаагийн “...2020 оны 9 дүгээр сарын 18-ны орой ...Ган-Эрдэнэ уучлалт гуйхад дахин хэрүүл хийгээд байхаар нь Н- бид нар уучлалт гуйгаад байна шдээ гэхэд Ж- гэх эмэгтэй Н-гийн үснээс зулгааж гэдэс, хэвлий, давсаг хэсэгт цохисон...” /хх-ийн 20-21/ гэсэн, гэрч Б.Дөлгөөний “...2020 оны 9 дүгээр сарын 18-ны орой ...хажуугийн ширээний хүмүүс юм шидээд байхаар нь Сэр-Од болиоч гэж хэлэхэд нэг залуу уучлаарай гээд хоорондоо ярилцаж байхад зодуулсан гэх эмэгтэй чи юу юм гээд хэрүүл болоход Ж- тэр эмэгтэйдээ маргалдаж хоорондоо зууралдаад үснээсээ зулгаалцахаар нь би дундуур нь орж салгасан...” /хх-ийн 22-23/ гэсэн, гэрч Ш.Ган-Эрдэнийн “...2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ...Сарангэрэл рүү бөглөө шидэх гэж байгаад хажуу ширээний эмэгтэйг оночихсон чинь уурлаад байхаар нь уучлалт гуйгаад буцаад суусны дараа нэг мэдсэн чинь Н-г үл таних эмэгтэй үснээс зулгаагаад маргалдсан байсан...” /хх-ийн 24-25/ гэсэн, гэрч Б.Амарсанаагийн “...Тэгээд хажуу ширээний эмэгтэйг уурлахаар нь бид нар уучлалт гуйгаад буцаад суусны дараа Н-г нэг эмэгтэй зууралдаад хоорондоо үснээсээ зулгаалцаад эхэлсэн...” /хх-ийн 26-27/ гэсэн, шүүгдэгч Э.Ж-гийн “...2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр японы хоолны ресторанд байхад хохирогч Н-гийн ширээн дээр сууж байсан залуу манай ширээ рүү удаа дараа юм шидсэн. Тэгэхээр нь манай найз Сэр-Од очиж боль гэж хэлэхэд өөдөөс хэл амаар доромжилж байгаад ойлголцсон боловч анх хэрүүл хийсэн залуу дахиад хэл амаар доромжилоод байхаар нь босоод чи юу гээд байгаа юм бэ гээд намайг цохиод, тэгээд зодоон болсон...” /хх-ийн 37-40/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №10780 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт У.Н-гийн биед тархины доргилт, баруун мөр, цээж, хэвлий, баруун шуу, долоовор хуруу, зүүн бугалга, умдаг, зүүн цавь, гуянд цус хуралт толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулай, баруун чамархайд үсний халцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 29-30/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хохирогч У.Н-гийн биед учирсан “...биед тархины доргилт, баруун мөр, цээж, хэвлий, баруун шуу, долоовор хуруу, зүүн бугалга, умдаг, зүүн цавь, гуянд цус хуралт толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулай, баруун чамархайд үсний халцрал...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Э.Ж-гийн түүнийг үснээс зулгааж, доош дарах, гэдэс, хэвлий хэсэг рүү өшиглөхөд үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Ж-гийн хохирогч У.Н-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Ж-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч У.Н-гийн эрүүл мэндэд биед тархины доргилт, баруун мөр, цээж, хэвлий, баруун шуу, долоовор хуруу, зүүн бугалга, умдаг, зүүн цавь, гуянд цус хуралт толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулай, баруун чамархайд үсний халцрал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд эмчилгээ хийлгэсэн баримтаар мөрдөн шалгах ажиллагаааны явцад 258,312 төгрөг /хх-ийн 43-50/, өнөөдрийн шүүх хуралдаанд 109,440 төгрөг /шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтаар/ цаашид гарах эмчилгээний зардал буюу толгойнд үс суулгуулах төлбөрт 10,990,000 төгрөг, толгойны үс нөхөн төлжүүлэх эмчилгээнд 2,000,000 төгрөг нийт 12,990,000 төгрөг нийт 13,357,752 нэхэмжилснээс шүүх баримтаар нэхэмжилж буй 367,752 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаар бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч нь шүүхийн шатанд хохирогчид 260,000 төгрөгийг төлсөн талаар баримт ирүүлсэн байх тул төлөгдөөгүй үлдсэн 107,752 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгож, хохирогч нь өөрт учирсан гэмтэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдэврлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Ж- тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын заримыг төлсөн, цаашид төлөхөө илэрхийлж буй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Э.Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Ж- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2010018500945 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.Ж- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч У.Н- гомдолтой гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Е овогт Э-ийн Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ийн Ж-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Э.Ж-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Шүүгдэгч Э.Ж- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж-аас 107,752 /нэг зуун долоон мянга, долоон зуун тавин хоёр/ төгрөг гаргуулж, хохирогч У.Н-д олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой нотлох баримтаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарлсугай.

 

6. Эрүүгийн 2010018500945 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.Ж- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч У.Н- гомдолтой гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР