Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 757

 

 

 

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Дэлгэрмаа, шүүгдэгч Х.О-, түүний өмгөөлөгч Н.Болормаа, нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Т- овогт Х-гийн О-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003002990217 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

     Монгол Улсын иргэн, 1979 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Зам сервис” ХХК-д инженер ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Т- овогт Х-гийн О.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Х.О- нь 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 12 цаг 07 минутын үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг “Moncon construction”-ний урд талын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж согтуурсан үедээ Honda Insight маркийн 09-22 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын эргэлтэн дээр эсрэг урсгалд орж, онхолдон, зорчигч Г.М-ын амь хохирсон гэмт хэрэгт холбогджээ/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Х.О-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, найзынхаа алтан амийг өөрийн буруутай үйлдлээс болж хөнөөсөндөө маш их харамсаж байгаа, шөнө бүр зүүдлээд байгаа, хохиролд 7,500,000 төгрөг төлсөн, миний дээрээс хоёр дахь хүүхэд нь 10 настай, хөгжлийн бэрхшээлтэй, эхнэр маань төрөөд удаагүй, хүүхдээ хараад гэртээ байгаа, ар гэрийхэн маань хэцүү байгаа, энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.  

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Хэрлэнтуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Оршуулгын зардалд 6 сая орчим төгрөг гарсан байгаа. ...Маш их гомдолтой байна...” /хх-ийн 61-64/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Энхжин мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...тухайн үед нь манай ажилчид хашаагаа янзалсан байгаа. Осол гаргасан жолооч манай компаний төмөр хашааг бага зэрэг л эвдэж гэмтээсэн. ...манай компаний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, өмнө нь компаниас хашаанд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн албан бичгийг хүргүүлсэн байгаа...” /хх-ийн 79-80/ гэсэн,

 

Гэрч Т.Учрал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...бид хоёрын урд явсан нөгөө цэнхэр автомашин замын эргэлтэн дээр чигээрээ яваад хашлага даван замын хажуугийн хашаа руу цөмөрч ороод доошоо харан онхолдсон. ...жолооч болон хойноос нь гаргасан хүмүүс согтуу байсан...” /хх-ийн 81-82/ гэсэн,

 

Гэрч Х.Батмөнх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ертөнцийн зүгээр урдаас нэг машин барилгын хашааг мөргөөд доош харж онхолдсон. ...Машинаас буулгасан 2 хүн шал согтуу байсан...” /хх-ийн 83-84/ гэсэн,

 

Гэрч С.Балжинням мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Онхолдсон машинаас гаргасан 2 хүн шал согтуу аймаар архи үнэртэж байсан. Юу болж байгаагаа мэдэхгүй байсан...” /хх-н 85-86/ гэсэн,

 

Гэрч Э.Мөнхбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Автомашин засмал замын боржур даваад манай компаний хашаа руу мөргөж ороод доошоо хөмөрч унасан байдалтай байсан. Би өөрийн 95106620 дугаарын утаснаас 103, 102 дугаарт залгаж, дуудлага өгсөн...” /хх-ийн 8-22/ гэсэн,

 

Гэрч С.Болдбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тайлийгаач Г.М-, Х.О-аас ганц юмны мөнгө байна уу гэсэн чинь Х.М- байгаа шүү дээ гээд, бид хоёрыг автомашиндаа суучих гээд суулгаад ...дэлгүүрээс 0.75 литрийн архи надаар авахуулсан. ...Архиа аваад бид гурав хөдлөх гэхэд Эрка ах дэлгүүрийн үүдэнд дайралдаад бид нартай хамт явсан. ...уулан дээр очиж бид дөрөв архиа гадаа сууж байгаад уусан. ...Энхээг арцатын аманд буулгаж өгчихөөд буцаад Арцатын замаар урдаасаа хойшоо чиглэлд явж байтал талийгаач Г.М-, Х.О-ыг зөөлөн яваач гэж хэлээд л удалгүй тас нис хийгээд л осол болсон. Осол юунаас болсныг бол мэдэхгүй байна. ...Би жолоочийн ард талд сууж байсан, хамгаалах бүс зүүгээгүй байсан. Талийгаач Г.М- жолоочийн хажуугийн урд суудал дээр сууж явсан, хамгаалах бүс мөн зүүгээгүй байсан...” /хх-ийн 91/ гэсэн,

 

Гэрч С.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Дэлгүүрийн гадаа 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өглөө 09 цаг өнгөрч байхад талийгаач М- болон Болдоо, О- гуравтай дайралдсан. Тэгээд бид дөрөв Хулан дэлгүүр орж 0.75 литрийн архи ...аваад О-ын машинтай уулын энгэрт буюу бага аманд очиж гадаа сууж байгаад архиа уусан. Архиа О-, Болдоо, талийгаач М- бид дөрөв хувааж уусан. Архиа уучихаад бид дөрөв уулнаас буусан. Би Хан-Уул дүүргийн эмнэлгийн хойно Сансар үйлчилгээний төвийн урд О-ын автомашинаас буусан. ...Автомашиныг О- л жолоодож явсан. Архинаас О- уусан, бүгд л хуваагаад уусан...” /хх-ийн 93 гэсэн/,

 

Гэрч С.Энхбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 11-12 цагийн орчимд Х.О-ын автомашинд суусан /гар өргөж суусан/ Х.О-аас Арцатын аманд хүргээд өгөөч гэсэн чинь за гээд хүргэж өгсөн. Би Арцатын амны уулын энгэрт буусан. Тэгээд Х.О- яваад өгсөн. ...автомашинд Х.О-аас гадна 3 зорчигч сууж явсан. Нэг хүн нь намайг эмнэлгийн гадна автомашинд суух үед зөрөөд буусан. ...Автомашинд суух үед жолооч болон зорчигч нараас архи үнэртэж байсан. ...Х.О- цэнхэр өнгийн куртик өмссөн байсныг бол санаж байна...” /хх-ийн 94/ гэсэн,

 

Шүүгдэгч Х.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Замын эргэлтэн дээр жолоодлого алдаж хашаа мөргөж онхолдсон. Осол миний буруугаас болж гарсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” /хх-ийн 174-175/ гэсэн мэдүүлгүүд,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...04 минут 22-25 секунтын хооронд цэнхэр өнгийн, суудлын honda insight маркийн 09-22 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл гүйцэт түрүүлэн явна, уг автомашины жолооч нь баруун гараа цонхоор гаргасан, /цэнхэр өнгийн куртиктэй/ замаараа яваач ээж гэж хэлээд өнгөрнө. 04 минут 33-336 секунтын хооронд автомашин замын эргэлтэн дээр эсрэг урсгалд орж, замын боржур мөргөн зүүн талаараа эргэлдэн замын цаад талд байх төмөр хашааг мөргөж онхолдсон...” /хх-ийн 59/ гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн №1007 тоот дүгнэлтэд: “...Талийгаач Г.М--н цогцост дух, зулай, суурь яс, зүүн ухархайн дээд, доод, гадна, хана, зүүн хацрын нум, зүүн гайморын хөндийн урд хойд хана, хоншоор ясны нийлмэл хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, зулай, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, нүүрний баруун хэсгийн эдийн дутагдал бүхий том шарх, зүүн 6-р хавирга, баруун 8, 9, 10 дугаар хавирганы хугарал, баруун бөөрний дээд булчирхай, баруун бөрний өөхөн эдийн цус хуралт, баруун бөөрний эдийн няцрал, баруун өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын үед үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Талийгаач дээрх гавал тархины битүү гэмтэл болох дух, зулай, суурь яс, зүүн ухархайн дээд, доод, гадна, хана, зүүн хацрын нум, зүүн гайморын хөндийн урд хойд хана, хоншоор ясны нийлмэл хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, зулай, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй” /хх-ийн 130-135/ гэсэн,

 

Мөн хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн №2540 тоот дүгнэлтэд: “...О- гэсэн хаягтай цуснаас 1.9 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1.9 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” /хх-ийн 116-117/ гэсэн,

 

Техникийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №285 дугаар дүгнэлтэд: “...Honda insight маркийн 09-22 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.О- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна” /хх-н 144/ гэсэн дүгнэлтүүд,

 

2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 8-22/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 98/, жолоодох эрхийн лавлагаа /хх-н 101/, ял шалгах хуудас зэргийг шинжлэн судлав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Х.О-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

          Шүүгдэгч Х.О- нь 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 12 цаг 07 минутын үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг “Moncon construction”-ний урд талын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж согтуурсан үедээ Honda Insight маркийн 09-22 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын эргэлтэн дээр эсрэг урсгалд орж, онхолдон, зорчигч Г.М-ын амь хохирсон гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч Т.Учралын: “...бид хоёрын урд явсан нөгөө цэнхэр автомашин замын эргэлтэн дээр чигээрээ яваад хашлага даван замын хажуугийн хашаа руу цөмөрч ороод доошоо харан онхолдсон. ...жолооч болон хойноос нь гаргасан хүмүүс согтуу байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 81-82/, гэрч Х.Батмөнхийн: “...ертөнцийн зүгээр урдаас нэг машин барилгын хашааг мөргөөд доош харж онхолдсон. ...Машинаас буулгасан 2 хүн шал согтуу байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 83-84/, гэрч С.Балжиннямын: “...Онхолдсон машинаас гаргасан 2 хүн шал согтуу аймаар архи үнэртэж байсан. Юу болж байгаагаа мэдхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 85-86/, гэрч Э.Мөнхбатын: “...автомашин засмал замын боржур даваад манай компаний хашаа руу мөргөж ороод доошоо хөмөрч унасан байдалтай байсан. Би өөрийн 95106620 дугаарын утаснаас 103, 102 дугаарт залгаж, дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 8-22/, гэрч С.Болдбаатарын: “...Арцатын замаар урдаасаа хойшоо чиглэлд явж байтал талийгаач Г.М-, Х.О-ыг зөөлөн яваач гэж хэлээд л удалгүй тас нис хийгээд л осол болсон. Осол юунаас болсоныг бол мэдэхгүй байна. ...Би жолоочийн ард талд сууж байсан, хамгаалах бүс зүүгээгүй байсан. Талийгаач Г.М- жолоочийн хажуугийн урд суудал дээр сууж явсан, хамгаалах бүс мөн зүүгээгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 91/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн 1007, 2540 тоот дүгнэлтүүд, техникийн шинжээчийн 285 дугаар дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Х.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Х.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож улмаар осолдож амь хохирогч Г.М-ын амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас бусдын амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Хэрлэнтуяад мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд нийтдээ 7,500,000 төгрөг төлж барагдуулсан /хх-ийн 198/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй, саналгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Х.О-ыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Х.О- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар “....анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч 1 жил хорих ял оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Шүүх, шүүгдэгч Х.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал, хохирогч, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй гэсэн, эрхэлсэн тодорхой ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан, “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, тус зүйл заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 02 жил хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Х.О-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс /хх-ийн 208-211/ өнөөдрийг хүртэл буюу 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 134 /нэг зуун гучин дөрөв/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Х.О-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дуусан үеэс тоолж эдлүүлэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгчийн 28106 дугаартай В, С, D ангиллын жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т- овогт Х-гийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар Х.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, мөн зүйл хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.О-т оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О-ын цагдан хоригдсон 134 /нэг зуун гучин дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Х.О-т мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай. 

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2003002990217 дугаартай хэрэгт хураагдаж ирсэн Х-гийн О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №28106 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий сиди 1 /нэг/ ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Х.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, иргэний хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР