Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 991

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Б.Солонго,

Шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш хошуу овогт Ц-н М-д холбогдох эрүүгийн 2005000001476 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Шхошуу овогт Ц-н М нь 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Тэмүүлэл дэлгүүрт хохирогч Р.Т-н толгойн тус газар нь архины шилээр цохиж, түүний биед тархи доргилт, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Р.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн өглөө 10 цагийн орчим найз Г-тэй  цуг Тэмүүлэл дэлгүүр рүү явж байтал Т  гээд манай таньдаг дүү тааралдаад Т  дүү надад “ахаа би хоёр ихэр хүүхэдтэй болсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “заа баяр хүргэе” гээд Тэмүүлэл дэлгүүр ороод чихэр, ундаа ус, нэг том пиво аваад лангуун дээр мөнгө тоолоод зогсож байтал гэнэт толгой руу хатуу юмаар тас гээд цохисон чинь архины шил хагараад над руу архи асгараад араас нь маш их цус гарсан. Улмаар дэлгүүрийн гадаа цусаа тогтоох гээд сууж байтал намайг цохисон залуу М байсан. Нэг мэдэхэд М намайг аваад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Тэгээд нэг мэдсэн намайг тэргэнцэр дээр суулгаад аваад оёдол тавиулж байсан. Толгой хагараад 20 гаруй оёдол тавиулсан. М яагаад цохисон гэдгийг мэдэхгүй байна. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний эмчилгээний зардалд нийт 500.000 төгрөгийн зардал гарсан. Дээр нь сэтгэл санааны хохирол 2.500.000 төгрөг нийт 3.000.000 төгрөг нэхэмжилж байна. М анх гэмтлийн эмнэлэг дээр 50.000 төгрөг өгсөн. Дараа нь миний дансанд 200.000 төгрөг хйисэн нийт 250.000 төгрөг өгсөн. ...Толгой хагарч оёдол тавиулсан, мөн толгой дотроос 6 ширхэг шил авахуулсан. Хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна. Одоогийн байдлаар 222.020 төгрөгийн эм тариа авч хэрэглэж байна. Эмнэлгээс бичсэн эм тариагаа авч чадаагүй эм тариа 955.900 төгрөг болсон. Цаашид мөн сорви арилгах эмчилгээ, шарлага, физик эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12, 13-15 тал/,

 

Гэрч И.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн өдрийн өглөөгүүр Т  ахтай Тэмүүлэл дэлгүүрт таарсан. Би Т  ахыг ганц лаацтай пиво аваад өгөөч гэсэн чинь заа гээд авч өгөөд Т  ах лаазтай загас, ус, тортой зүйл авч гараад 017 дугаар байрны сааданд Г  тэр хоёр 0.33 литрийн архи хувааж уугаад би хажууд нь лаазтай пивоо уугаад юм яриад сууж байгаад ууж байсан архи, пиво дуусаад дахиад дэлгүүр орж нэг шил архи авахаар болоод Г  ах, Т  ах бид гурав Тэмүүлэл дэлгүүр рүү ороход М ах дэлгүүр дотор худалдагчийн өмнө зогсож байсан. Би М-г одоо настай хүн дээрэлхэж байхаа болиоч гэж хэлсэн. М ахыг 8 сард гаалын байрны тэнд Өлзий ахыг дээрэлхээд зогсож байхыг би эрүүлдээ харсан. Тэгсэн Т  ах М ахыг хараад оо ангийн жав наадах чинь манай дүү гэж хэлсэн. Тэгсэн чинь М ах үгийн зөрүүгүй шууд барьж байсан архиараа толгой руу нь цохиход архи нь хагарсан. Т  ахын толгойноос цус гоожоод эхэлсэн. Тэгээд би сандраад цамцаараа Т  ахын толгойг боож цусыг нь тогтоох гээд дэлгүүрээс авч гараад М-г цус гоожоод байгаа хэсэг дээр нь дарж бай гэж хэлсэн. Эмийн сан руу гүйгээд цус тогтоох эм, нэг бинт, нэг хөвөн аваад буцаж Т  ах дээр ирээд эмийг нь өгч уулгаад хөвөнгөө шатааж байгаад дарах гэсэн чинь болохгүй байхаар нь бинтээрээ битүү ороогоод М ахыг энэ хүнээ гэмтэл авч яв гэж хэлсэн. Тэгээд М ах Т  ахыг машиндаа суулгаад аваад явсан. Г ахтай тухайн өдрөөс хойш нэг ч удаа уулзаагүй, хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 тал/,

 

2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 10331 дугаартай “...Р.Т ийн биед тархи доргилт, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн уйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25 тал/,

 

Хохирогч Р.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд гарган өгсөн хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 53-55 тал/,

 

Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн өвчний түүхийн хуулбар, амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар, компьютер томографийн оношилгоо /хх-ийн 56-58, 59-65, 66, 69 тал/,

 

Хохирогч Р.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд гарган өгсөн фото зураг /хх-ийн 67-68 тал/,

 

Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.А-н “...2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг нээсэн 2005000001476 дугаартай хэрэгт гэрч Г  гэгчээс мэдүүлэг авах зорилгоор 88193019 дугаарын утсанд холбогдоход Г  ээж Б-н гэх хүн утсыг нь аваад Г  өндөг чанагчид өндөг чанах гэж байтал өндөг чанагч нь буудаад гар, нүүр бие нь түлэгдчихсэн байгаа гэрээс гарч чадахгүй ярьж чадахгүй гэснийг тэмдэглэл болгон бичив...” гэх тэмдэглэл /хх-ийн 74 тал/,

 

Шүүгдэгч Ц.М-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө 10-н жилийн нэг ангийн Т тэй тааралдсан. Т  архины эмчилгээнээс гарч ирлээ ганц юм аваад өгөөч би 6 хоног уусан гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамд архи авч өгч чадахгүй, мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгсэн Т  лалрын банди, алкаш минь гэж хэлэхээр нь Т тэй маргалдчихаад гэр рүүгээ орсон. Би гэртээ 1 шил 0.33 литрийн хэмжээтэй архи ганцаараа уучихаад буцаад гараад Тэмүүлэл нэртэй дэлгүүр рүү ортол Т , Т , Ганбаа гээд хоёр найзтайгаа явж байхад нь тааралдсан. Тэгтэл Т  өглөөний маргаанаа яриад муу банди мөнгө байхгүй гээд байсан. Одоо архи авах гэж байна уу, бандиа чамайг шаана шүү гэхээр нь та муу 3-аас айх юм уу гэж хэлээд миний дургүй хүрээд байсан учир гартаа барьж байсан шилтэй архиараа Т ийн толгой руу нэг удаа цохисон. Тэгтэл шил хагарч Т ийн духнаас цус гарсан. ...Би Т ийг цохичихоод 50.000 төгрөг эмчилгээ хийлгээрэй гээд өгсөн. Дансаар 200.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...Би Т ийг гэмтлийн эмнэлэг рүү өөрийн машинаар авч явсан. Хохирлоо барагдуулаагүй байгаа, өнөөдрийн дотор барагдуулж, баримтаа гарган өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32, 33-34 тал/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэм буруутай үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид нийт 750.000 төгрөг өгсөн..” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор жолоочийн эрхийн лавлагаа /хх-ийн 36 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 38 тал/, тээврийн хэрэгсэлийн лавлагаа /хх-ийн 39 тал/,  Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 40-42 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 тал/, таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 73тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ. 

                                                                                  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.М-с гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 18-19 дэх талд авагдсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Ц.М нь хэрэг учрал болсон 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Тэмүүлэл дэлгүүрт хохирогч Р.Т ийн толгойн тус газар нь архины шилээр цохиж, түүний биед тархи доргилт, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 10331 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ц.М нь хохирогч Р.Т ийг архины шилээр цохиж эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарах байх ба хохирогчийг цохиход гэмтэл учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Ц.М-г хохирогч Р.Т ийн толгой тус газар нь архины шилээр цохиж тархи доргилт, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх бүхий гэмтлүүд учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Р.Т ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд шатанд “...Миний эмчилгээний зардалд нийт 500.000 төгрөгийн зардал гарсан. Дээр нь сэтгэл санааны хохирол 2.500.000 төгрөг нийт 3.000.000 төгрөг нэхэмжилж байна. М анх гэмтлийн эмнэлэг дээр 50.000 төгрөг өгсөн дараа нь миний дансанд 200.000 төгрөг хийсэн нийт 250.000 төгрөг өгсөн...” гэж мэдүүлжээ.

 

Мөн шүүхийн шатанд шинээр гарган өгсөн хүсэлтдээ “...500.000 төгрөгийг эмчилгээний зардал болгон авлаа. Цаашид зардал мөнгө нэхэмжлэхгүй, гомдол саналгүй...” гэж, Хаан банкны 5074081013 дугаарын данс руу 500.000 төгрөг шилжүүлэн авсан баримтаа хавсаргаж өгсөн байна.

 

Шүүгдэгч Ц.М нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд нийт 250.000 төгрөг, шүүхийн шатанд 500.000 төгрөг нийт 750.000 төгрөг хохиролд тооцон төлсөн байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэж, шүүгдэгч Ц.Мөнхбатаас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ц.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Иймд шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...хохирогчид учруулсан хохирлыг төлсөн...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол нөхөн төлөгдсөн байдлыг тус тус харгалзаж, шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, улсын яллагчийн санал болгосон 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Ц.М-д мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.М-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Ц-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.М-д сануулсугай.

 

5. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Р.Т д хохиролд тооцож 750.000 /долоон зуун тавин мянга/-н  төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА