Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 989

 

 

 

 

 

 

    2020         12             03                                       2020/ШЦТ/989

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

хохирогч О.Б,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ны Г-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн ***суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “**” ХХК-д авто машины суудлын бүрээс, шалавч хийдэг ажилтай, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн ***дүгээр хороо, 13 дугаар гудамжны *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ***/, Б овогт Б Н.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 18 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дүгээр байрны 14 тоотод хамтран амьдрагч О.Б-н нүүрэн тус газар нь гараараа цохиж тархи доргилт, зүүн шанаанд цус хуралт, зулгаралт, хамрын зүүн гадна дээд гадаргууд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “...Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд би гэртээ ирээд Б-тэй маргалдаад түүнийг алгадаад амыг нь дарж байгаад хоолойг нь боосон. Тэгээд гэрээс гараад явсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Б мэдүүлэхдээ: “...2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр намайг гадуур явж байхад Ганбат залгаад хаагуур явж байна гэж асуухаар нь би “машинаа засварт оруулахаар явж байна” гэж хэлтэл Ганбат над руу уурласан. Тэгэхээр нь би түүнийг “архичин” гэж хэлсэн. Намайг гэрт ирэхэд Ганбат уурлаад намайг алгадсан. Тухайн үед миний толгой дүүнгэтээд уйлахад намайг зодсон. Гомдолтой байна. Би толгойгоо эмнэлэгт үзүүлсэний төлбөрийн мөнгө 100,000 төгрөг Ганбатын эгч өгсөн. Одоо 784,000 төгрөг Ганбатаас нэхэмжилж байна...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

хохирогч О.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 18 цагийн орчим Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах ** дүгээр байрны 14 тоот гэртээ ороход хамтран амьдрагч Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Түүнээс өмнө буюу гэртээ орохоос өмнө гар утсаар ярьж байхдаа хоорондоо хэрүүл хийсэн байсан бөгөөд намайг гэртээ ороод ирмэгц Г шууд заамдаж аваад алгадаж, өмссөн хувцасыг минь ураад, чи намайг доромжиллоо гэж орилж чарлаад байсан. Тэгэхээр нь би “чи яагаад ингээд байгаа юм бэ” гэж хэлээд болиулах гэтэл миний 2 гарыг салтаандаа хийгээд цохиж байгаад миний гарыг барьж байгаад намайг цохьсон. Тэгээд намайг гэр дотор чирээд цонхны хажууд юм яриад сууж байснаа гэнэт дахин уурлаж “чамайг зодсон нэр зүүж байснаас алчихсан нь дээр” гэж хэлээд түлхэж хэвтүүлээд уйлах гэхээр миний ам хамрыг дараад миний хажуу талд хийлдэг гудас руу хутга зоосон. Өмнө нь 2-3 удаа ийм асуудал болж байсан. Тухайн үед миний хамар гэмтчихсэн байсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-рт/,  

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай дүгнэлтэд:

1. О.Б-н биед тархи доргилт, зүүн шанаад цус хуралт, зулгаралт, хамрын зүүн гадна дээд гадаргууд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.   

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 28-29-рт/ гэх дүгнэлт,

 

шүүгдэгч Б.Ганбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би болсон хэргийн талаар гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв ярьсан. Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 64 дүгээр байрны 14 тоотод хамтран амьдрагч О.Б-н нүүрэн тус газарт гараараа цохиж тархи доргилт, зүүн шанаанд цус хуралт, зулгаралт, хамрын зүүн гадна дээд гадаргууд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг ... гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ ... гэж заасан байх ба шүүгдэгч Б.Г-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч О.Б-г зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэж Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Г-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч О.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

  Хохирогч О.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс нийт 784.000 төгрөг нэхэмжилсэн боловч 604.000 төгрөгийн нотлох баримт бүрдүүлэн ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Г-с 604.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна. Харин нотлох баримтаар нэхэмжлээгүй 180.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Ганбатаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Б.Г-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг болон хувийн байдлыг харгалзан Б.Г-д 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгч Б.Г-д ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Б овогт Б-н Г-н гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Г-д 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-с 604.000 / зургаан зуун дөрвөн мянган/ төгрөг гаргуулж хохирогч О.Б-д олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч О.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Г жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

 

6.  Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ