Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 353

 

 

 

 

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/00353

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана  даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 9 дүгээр хороо Горькийн 10 дугаар гудамж 251 тоотод оршин суух, 1987 онд төрсөн 30 настай, Харчин овогт Ганзоригийн Хулан /РД-ЦА87012963/

            Хариуцагч: Баянгол дүүрэг 17 дугаар хороо 4 дүгээр хороолол 35 дугаар байр 99 тоотод оршин суух, 1986 онд төрсөн 31 настай, Балжинням овогт Эрхэмбаярын Солонго /РД:ШВ86020365/.

            Гэрээний үүрэгт 133.500.000 төгрөг гаргуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг шаардсан үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Хулангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр, хариуцагч Э.Солонго, түүний өмгөөлөгч Ц.Ихбаяр, гэрч  А.Баянбат, С.Наранцацрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Хулан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Г.Хулан, Э.Солонго нар 89.000.000 төгрөгний зээлийн гэрээг 3,5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай, зээлийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр 0,5 хувийн алданги тооцохоор байгуулсан.  Э.Солонго өнгөрсөн хугацаанд 15 сарын хугацааны зээлийн хүүг л төлсөн. Хариуцагч зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч мөнгийг өөр хүн авч хэрэглэсэн гэсэн тайлбар өгч байгаа боловч гарын үсгийг өөрөө зурсан учир зээлийн мөнгийг хэрхэн яаж зарцуулах нь зээлдэгчийн эрхийн асуудал. Зээлийн гэрээ нь хуулийн бүх шаардлагыг хангасан, хуульд нийцсэн гэрээ. Зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдэгч 89.000.000 төгрөгийг хүлээн авч гарын үсэг зурсан. Иймд хариуцагч Э.Солонгоос 89.000.000 төгрөг, алданги 44.500.000 төгрөг нийт 133.500.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Э.Солонго шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд  тайлбарлахдаа: 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Г.Хулантай зээлийн гэрээ байгуулж ах А.Баянбат 89.000.000 төгрөгний зээлийг авсан. Тухайн үед С.Наранцацрал Англи улсад амьдарч байсан болохоор өөрийн дүү Г.Хулангаар зээлийн гэрээг надтай хийлгэсэн. С.Наранцацрал таньдагаараа чи гэрээнд гарын үсэг зур гэсэн шаардлага тавьсан учир би зурсан. Зээлийг А.Баянбат надтай хамт явж хүлээн авч өөрийн дансанд хийн захиран зарцуулсан. А.Баянбат зээлийг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Э.Солонго шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Г.Хулан, Э.Солонго нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлж хийсэн хэлцэл. Учир нь Г.Хулан, Э.Солонго нарын хооронд 89.000.000 төгрөгний зээлийн гэрээ бодитоор хийгдээгүй. Бичгээр гэрээ хийгдсэн боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад зээлийн харилцаа А.Баянбат, С.Наранцацрал нарын хооронд хийгдсэн болох нь тодорхой байна. Тухайн үед Э.Наранцацрал Монгол улсад байгаагүй тул өөрийн дүү Г.Хулангаар зээлийн гэрээг байгуулж, таньдаг хүнээрээ гарын үсэг зуруулна гэсэн шаардлага тавьснаар Э.Солонго гэрээнд гарын үсэг зурсан. Э.Солонго нь Г.Хулангаас зээлийн мөнгийг бодитоор хүлээж аваагүй. С.Наранцацралын данснаас мөнгө гарч А.Баянбатын дансанд орсон. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгийг шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Гэтэл Г.Хулан Э.Солонгод мөнгө зээлдээгүй. С.Наранцацрал нь А.Баянбатад мөнгийг зээлдүүлж байгаагаа мэдэж байсан. Тиймээс ч А.Баянбат зээлийн эргэн төлөлтийг С.Наранцацралын дансанд төлж байсан. Иймд 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Г.Хулан, Э.Солонго нарын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.Солонго нь С.Наранцацрал руу утсаар ярьж 89.000.000 төгрөгний хэрэгцээ байгаа тухайгаа илэрхийлж, С.Наранцацралын данснаас мөнгийг авч Г.Хулан Э.Солонгод зээлсэн. Зээлийн гэрээний нөхцлийг Э.Солонго, С.Наранцацрал нар тохирч, зээлийн гэрээг Г.Хулан, Э.Солонго нар бодитоор, хуульд нийцүүлэн байгуулсан. Гэрээ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3, 282.4-т заасан шаардлагыг хангасан. Зээлийг зээлдэгч хэрхэн зарцуулах нь зээлдэгчийн эрхийн асуудал. Г.Хуланд 89.000.000 төгрөг байсан эсэх нь хэрэгт хамааралгүй. Зээлийн гэрээгээр зээлдэгч мөнгийг бодитоор авсан байх хуулийн шаардлагатай болохоос зээлдүүлэгч ямар эх үүсвэрээс мөнгө зээлүүлсэн нь хэрэгт хамааралгүй. Иймд зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.Хулан нь хариуцагч Э.Солонгод холбогдох зээлийн гэрээний үүрэгт 133.500.000 төгрөг гаргуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.  

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтөй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.

Нэхэмжлэгч Г.Хулан, хариуцагч Э.Солонго нар 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 89.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай 3.5 хувийн хүүтэй зээлдүүлэх тухай зээл болон барьцааны гэрээ байгуулсан боловч хариуцагч Э.Солонго, гэрч С.Наранцацрал нарын хооронд 89.000.000 төгрөг зээлж гэрээ байгуулахаар тохиролцож, уг гэрээнд Г.Хулан, Э.Солонго нар гарын үсэг зурж мөнгийг Э.Солонго бэлнээр авсан гарын үсгийг зуржээ.

Гэрээний зүйл болох мөнгийг С.Наранцацралын Худалдаа хөгжлийн банкны 456077137 дугаартай данснаас хамтран эзэмшигч түүний ээж авч А.Баянбатад хүлээлгэж өгсөн, зээлийг А.Баянбат ашиглан, хүүг төлж байсан болох үйл баримт хариуцагчийн “С.Наранцацрал тухайн үед Англи улсад амьдарч байсан тул зээлийн гэрээг дүү Г.Хулангаар хийлгэж, таньдагаар нь намайг зээлийн гэрээнд гарын үсэг зур гэсэн шаардлага тавьсан. Зээлийг А.Баянбат авч захиран зарцуулсан”, гэрч С.Наранцацралын “зээлийн гэрээний тохиролцоог би Э.Солонготой хийж, Г.Хулан, Э.Солонго нар гэрээ байгуулсан. Э.Солонгод мөнгийг зээлдүүлсэн. Миний данснаас ээж мөнгө авч өгсөн”, гэрч А.Баянбатын “Мөнгийг би авсан. Зээлсэн мөнгө С.Наранцацралын мөнгө учир түүний дансанд төлөлт хийсэн” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон ба С.Наранцацрал, Э.Солонго нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Хэдийгээр Г.Хулан зээлдэгчээр гарын үсэг зурж, Э.Солонго мөнгийг хүлээж авсан гэрээ бичгээр хийгдсэн боловч зээлийн гэрээ нэхэмжлэгч Г.Хулангийн хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй, гэрч С.Наранцацрал, Э.Солонго нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, мөнгийг Г.Хулан бодитоор хариуцагчид хүлээлгэж өгөөгүй, зээлийн 89.000.000 төгрөг С.Наранцацралынх болох нь түүний мэдүүлэг, Худалдаа хөгжлийн банкны хуулгаар тогтоогдсон тул хариуцагчийг зээлдэгч Г.Хулангаас мөнгийг шилжүүлж авсан гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Э.Солонго, С.Наранцацрал нарын хооронд амаар байгуулагдсан гэрээг Г.Хулан бичгийн хэлбэрт оруулж Э.Солонготой гэрээ байгуулснаар С.Наранцацралын шаардах эрх түүнд шилжихгүй юм.

Иймд хариуцагч Э.Солонгоос гэрээний үүрэг 133.500.000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангах тухай нэхэмжлэгч Г.Хулангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Зээлдүүлэгч Г.Хулангаас зээлдэгч Э.Солонгийн өмчлөлд мөнгийг шилжүүлээгүй, гэрээ нь тэдний хүсэл зоригийг илэрхийлээгүй, зээлийн гэрээг дүр үзүүлж байгуулсан тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгч, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн төлбөрийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                         

                                                                                                     

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Э.Солонгоос гэрээний үүрэг 133.500.000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангах тухай нэхэмжлэгч Г.Хулангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 825.450 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар Г.Хулан, Э.Солонго нарын хооронд байгуулагдсан 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.

           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 602.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Хулангаас 602.950 төгрөг гаргуулж хариуцагч Э.Солонгод олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.КУЛЬДАНА