Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 990

 

 

 

 

 

 

    2020         12             03                                       2020/ШЦТ/990

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэвэлмаа,

улсын яллагч М.Эрдэмбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

   Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б--н Д холбогдох эрүүгийн ** дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн удирдлага мэргэжилтэй, “*” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ** байрны ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ***/, Б овгийн Б-нД.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх ажиллах хугацаандаа компаний орлогоос ******* төгрөгийг буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А мэдүүлэхдээ: “...Б.Д нь 2019 оны 06 дугаар сард манай компанид худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон. Манай компаниас харилцагч компаниудтай 9 дүгээр сард тооцоо нийлэхэд 18 байгууллага барааны төлбөрийн үлдэгдэлтэй гарсан. Гэтэл тухайн 18 байгууллага бараа худалдан авсан төлбөрөө бүрэн төлсөн, төлбөргүй гэж хэлсэн. Энэ асуудал үүссэнээс хойш Б.Д ажилдаа ирээгүй. Б.Д компани дээр ирж тооцоо нийлж, төлбөр мөнгөө төлөх боломж олгосон. Б.Д компанид учруулсан хохирлыг 1 сарын дотор төлж барагдуулна гэж хэлсэн боловч одоо болтол төлөөгүй байна. Манай компани Б.Д-д 2019 оны 3 дугаар сараас 2020 оны 1 дүгээр сар хүртэл төлбөрөө төлөх боломж олгосон. Б.Д компаниас олгосон хохирол төлөх хугацаанд хохирол төлбөр төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, санаачлага гаргаагүй. Нэг ч удаа төлбөр төлөх талаар ярилцаагүй. Иймд Б.Д 2.440.106 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Д 2019 оны 09 дүгээр сар хүртэл ажиллах хугацаандаа 2.610.330 төгрөгийг бэлнээр болон хувийн дансаар авч завшсан байсныг 2019 оны 09 дүгээр сард харилцагч нартай тооцоо нийлэх явцдаа мэдсэн. Д тооцоо нийлэх үед алга болсон. 2019 оны 11 дүгээр сард ирэхдээ өр төлбөр гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэхэд өр төлбөрөө төлж барагдуулна гэсэн боловч нэг ч төгрөг төлж барагдуулаагүй. Б.Д ажиллах хугацаандаа О гэх харицагчид 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 176.550 төгрөгийн бараа өгсөн боловч уг мөнгөнөөс 65.710 төгрөгийг Хаан банкны тоот дансаар шилжүүлж хувьдаа авсан. Үлдэгдэл 110.830 төгрөгийг дэлгүүрийн зүгээс манайд шилжүүлсэн байсан. “*” гэх нэртэй харилцагчид 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 104.130 төгрөгийн бараа, “*” гэх супер маркетад 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 39.160 төгрөгийн бараа  өгч мөнгийг бэлнээр авч хувьдаа завшиж компанид тушаагаагүй. “д” гэх маркетад 09 дүгээр сарын 18-ны өдөр 118.400 төгрөгийн бараа өгсөн гэх борлуулалтын баримт үйлдсэн боловч уг дэлгүүр нь ийм бараа хүлээж аваагүй, мөнгө төлбөр Д-д өгөөгүй байсан. “*” гэх дэлгүүрт 09 дүгээр сарын 09-ний өдөр 126.000 төгрөгийн бараа, “М” гэх дэлгүүрт 09 дүгээр сарын 03-ны өдөр 172.905 төгрөгийн бараа, “От” гэх дэлгүүрт 09 дүгээр сарын 13-ны өдөр 135.000 төгрөгийн бараа, “Э” гэх дэлгүүрт 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 166.700 төгрөгийн бараа  нийлүүлсэн боловч мөнгийг бэлнээр авч компанид тушаагаагүй. “С” гэх дэлгүүрт 09 дүгээр сарын 05-ны өдөр 263.560 төгрөгийн бараа өгч уг дэлгүүрээс 63.560 төгрөгийг Д өөрөө бэлнээр авч тушаагаагүй, үлдсэн төлбөр болох 200.000 төгрөгийг дэлгүүрээс манай байгууллагад тушаасан. Хорооллын захын Орхон гэх иргэн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 78.200 төгрөгийн бараа өгсөн боловч мөнгийг өөрөө бэлнээр авсан. “Х” гэх дэлгүүрт 09 дүгээр сарын 30-ны өдөр 42.490 төгрөгийн, 09 дүгээр сарын 14-ний өдөр 260.390 төгрөгийн бараа бүтээгдэхүүн өгснөөс 260.390 төгрөгийг хувьдаа бэлнээр авч үлдэн 42.490 төгрөгийг дэлгүүрээс манай компанид тушаасан. “А” гэх дэлгүүрт 09 дүгээр сарын 14-ний өдөр 141.950 төгрөгийн бараа нийлүүлсэн боловч уг мөнгийг өөрөө бэлнээр авсан байсан. “*” гэх дэлгүүрт 09 дүгээр сарын 06-ны өдөр 280.280 төгрөгийн бараа нийлүүлсэн боловч уг мөнгийг дансааар авч өөртөө хувьдаа авсан байсан. “***” зах дээр байдаг Л гэх харилцагчид 2019 оны 09 дүгээр сард 512.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн өгснөөс 120.560 төгрөгийг хувьдаа бэлнээр авч үлдэгдэл 390.440 төгрөгийг нь компанид шилжүүлсэн. “Б” захын А гэх харилцагчид 119.200 төгрөгний бараа нийлүүлсэн гэсэн боловч уг хүн нь 2015 оноос хойш манайхаас огт бараа аваагүй харилцагч байсан. “О” гэх харилцагчид 2019 оны 08, 09 дүгээр саруудад 881.810 төгрөгийн бараа нийлүүлснээс 281.530 төгрөгийг Д нь бэлнээр авч хувьдаа завшсан байсан. Үлдэгдэл төлбөрөө манайд “О” дэлгүүрээс төлөгдсөн байсан. Б захын Б гэх харилцагчид 375.760 төгрөгийн бараа нийлүүлсэн гэсэн боловч уг хүн нь огт бараа аваагүй байсан. Ингээд нийт 2.610.330 үнэ бүхий барааг хувьдаа завшсан. Дээрх бараа бүтээгдэхүүнүүд нь хиам, бууз, банш, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнүүд байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 146-150-рт/,  

Гэрч С.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б.Д-тэй 2018 оноос эхлэн хамтран амьдарч байна. Хаан банкны *** дугаартай дансыг 2019 оны 06 дугаар сараас 10 дугаар сарын хооронд манай нөхөр Б.Д ашиглаж байсан. Миний дансанд орлого, зарлага хийгдэхэд утсанд зурвас ирдэг. Б.Д “”**” ХХК-д түгээгч хийдэг байсан. Тэгээд дэлгүүрүүдэд тараасан бараа материалын мөнгө нь ороод буцаад орой нь данснаас гардаг байсан. Би Б.Д-өөс дансаар орж гараад байгаа мөнгөний талаар асуухад барааныхаа мөнгийг дансаар аваад орой нь компанид бэлнээр тушаадаг гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 157-159-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн *** дугаартай дүгнэлтэд:

“*” маркет 280.280 төгрөг, Б барс 119.200 төгрөг, “А” 141.950 төгрөг,  “Б” Б 375751 төгрөг,  “Дөт” маркет 118.400 төгрөг,  “И” маркет 124.900 төгрөг, “С” маркет 104.130 төгрөг, “С” маркет 63.560 төгрөг, Хороолол Л 78.200 төгрөг, “Э” маркет  166.700 төгрөг, “Х” маркет 260.390 төгрөг, “Т” Л 114.560 төгрөг, “М” маркет 75.405 төгрөг, “О” маркет 135.000 төгрөг, “О” маркет 171.110 төгрөг, “Т” супер маркет 44.860 төгрөг, нийт 2.440.106 төгрөгийн хохирол учруулсан байна...” гэжээ. /хх-ийн 166-168-рт/,

 

шүүгдэгч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “М” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажилд ороод 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллахдаа байгууллагын орлогоос бэлнээр болон дансаар мөнгө авч байгууллагад 2.440.106 төгрөгийн хохирол учруулсан. Би өөрийн эхнэр А-н Хаан банкны дансаар мөнгө авч хувьдаа завшсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 174-177-рт/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 178-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 16-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр 2019 оны 06  дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх ажиллах хугацаандаа компаний орлогоос 2.440.106 төгрөг буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, 

шүүгдэгч  Б.Д-ий хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Дийг хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хэргийн хохирогч “М” ХХК-д 2.440.106 төрөг учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан хохирол гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

  Хавтаст хэрэгт  2.440.106 төгрөгийн баримт /хх-ийн 31-45-рт/ авагдсан байх тул шүүгдэгч Б.Д-өөс нийт 2.440.106 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Анхтуяад олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Улсын яллагчаас Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг харгалзан мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимыг удирдлага болгож, шүүгдэгчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болон түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Д-д ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нийт 600.000 төгрөгийн зардал гарсан талаарх баримт /хх-ийн 165-рт/ авагдсан байх тул шүүгдэгч Б.Дөөс 600.000 төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Б овогт Б-н Д-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Д-д 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Д-өөс 2.440.106 /хоёр сая дөрвөн зуун дөчин мянга нэг зуун зургаан/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А-д олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Д-өөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулсугай.

 

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ