| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/08013/И |
| Дугаар | 102/ШШ2017/00242 |
| Огноо | 2017-12-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2017/00242
2017 оны 01 сарын 17 өдөр Дугаар 102/ШШ2017/00242 Улаанбаатар хот
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энэрэл хотхон, 4 дүгээр байр, 0 тоот хаягт байрлах “Энэрэл-3” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энэрэл хотхон, 4 дүгээр байр, 04 тоот хаягт оршин суух Боржигин овогт Батмөнхийн Батхуяг /РД:ЗА78051112/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардалд 607.960 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус байрны 04 тоот хаягт оршин суух Б.Батхуяг нь 2014 оны 6-12 дугаар сарын СӨХ-ны төлбөр 165.620 төгрөг, 2015 оны 1-12 дугаар сарын төлбөр 278.420 төгрөг, 2016 оны 5-11 дүгээр сарын төлбөр 163.920 төгрөг, нийт 607.960 төгрөгийг төлөөгүй байгаа тул хариуцагчаас 607.960 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Б.Батхуяг нь нэхэмжлэлийн шаардлага 607.960 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 100.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 100.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 407.960 төгрөгийг 2017 онд багтаан төлөхөөр харилцан тохирч, эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Энэрэл-3” СӨХ нь хариуцагч Б.Батхуягаас дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардалд 607.960 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Батхуяг нь нэхэмжлэлийн шаардлага 607.960 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 100.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 100.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 407.960 төгрөгийг 2017 онд багтаан төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19.000 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Энэрэл-3” СӨХ-ны нэхэмжлэлтэй Б.Батхуягт холбогдох дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардалд 607.960 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Батхуяг нь нэхэмжлэлийн шаардлага 607.960 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрч, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 100.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 100.000 төгрөгийг төлж, үлдэх 407.960 төгрөгийг 2017 онд багтаан төлөхөөр харилцан тохирч, эвлэрснийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19.000 төгрөгийн 50 хувь болох 9.500 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, 50 хувь болох 9.500 төгрөгийг хариуцагч Б.Батхуягаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ