Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 1035

 

 

 

 

 

 

 

    2020          12         15                                          2020/ШЦТ/1035

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц овогт Д-н Э-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “А***” ХХК-д оператор ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, **  тоотод оршин суух, урьд 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ** дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, /регистрийн дугаар ***/ Ц овогт Д-н Э.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Д.Э нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” зочид буудлын 3 давхарт байрлах караокед иргэн М.Б-г “салаавч гаргалаа” гэх шалтгаанаар пивоны шил шидэн биед нь халдаж, түүнд “зүүн хацар, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт шарх, зүүн мөрөнд цус хуралт, зулгаралт, духанд зулгаралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчэд холбогдох хэргийн яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх шүүгдэгч Д.Э-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Д.Э нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд Хилл” зочид буудлын 3 давхарт байрлах караокед иргэн М.Б-г “салаавч гаргалаа” гэх шалтгаанаар пивоны шил шидэн биед нь халдаж, түүнд “зүүн хацар, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт шарх, зүүн мөрөнд цус хуралт, зулгаралт, духанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

 

Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 31-ний орой 21 цагийн үед ажлаа тараад ажлынхаа хүмүүстэй “Г” зочид буудлын 3 давхарт байрлах караокед орцгоосон. Тэнд 3-4 шил 0,75 литрийн архи, пиво, ундаа ус хувааж ууцгаасан. Тухай үед би нилээд муудсан байсан ба ажлын захирал Б-тэй юм яриад ширээний ард сууж байхад хажуунаас пивоны шил орж ирээд миний зүүн хацрыг оноод хагарсан. Тэгээд хартал Э ах шил шидсэн байсан. Тухайн үед хүмүүс бужигнаад Э-г татаж авч байсан ба миний зүүн хацарнаас цус гараад хүмүүс намайг аваад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Надад эмчилгээний зардал гэж 1.000.000 төгрөг өгсөн, намайг 6 сарын дараа сорвины хагалгаанд орно гэсэн тэр эмчилгээнд гарах зарлаа нэхэмжилнэ, өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-рт/,

 

гэрч Д.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2010 оны 10 дугаар сарын 31-ний орой ажлынхантайгаа караокед орж сууцгаасан. Тэгээд манай ажлын Б захирлын хажууд очоод юм яриад агсам тавьчих гээд чанга чанга яриад байсан. Тэгэхэд Э ширээний цаанаас Б чи боль, нааш ир гэж хэлэхэд Б өөдөөс нь салаавч гаргасан. Тухайн үед Эрдэнэбаяр ширээн дээр байсан пивоны стакан аваад Бямбасүрэн рүү шидэхэд нүүр рүү нь оноод хацраас нь цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай дүгнэлтэд:

1. М.Б-н биед зүүн хацар, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт шарх, зүүн мөрөнд цус хуралт, зулгаралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 23-24-рт/ гэжээ.

 

Хохирлын баримтууд /хх-ийн 28-рт/,

Компьютер томографийн оношлогоо /хх-ийн 25-рт/,

Хохирогч М.БямБ-нбасүрэнгийн гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх-ийн 61-рт/, 

 

шүүгдэгч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...Би 2020 оны 10 дугаар сарын 31-ний орой 20 цагийн үед ажлынхантайгаа тус зочид буудлын 3 давхрын караокед орцгоосон. Манай ажлын Б захиралтай юм яриад суугаад байсан. Б-н хуруу гар гозолзоод юм яриад байхаар нь би захиралд илүү дутуу юм ярьчих вий гэж санаад зовоод “захиралд олон юм битгий яриад бай миний дүү” гэж хэлэхэд миний өөдөөс салаавч гаргасан. Тэгэхээр нь би уурандаа ширээн дээр байсан пивоны шил аваад Б рүү шидэхэд нүүрэн тус газар нь оносон. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38-рт/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 39-рт/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-рт/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Д.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор  уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг яллагдагч Д.Э-т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Д.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгч Д.Э-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Ц овогт Д-н Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Э-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Э-т оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Э нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ