Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
Хэргийн индекс | 130/2016/00650/И |
Дугаар | 212/МА2017/00038 |
Огноо | 2017-03-30 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 212/МА2017/00038
А.Ж ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 765 дугаар шийдвэртэй, А.Ж ийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Ө сумын * дугаар багт орших С ХХК-нд холбогдох иргэний хэргийг хариуцагч байгууллагын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.А, нэхэмжлэгч А.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: С ХХК-ны бохир усны шугамын слесарийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.
Нэхэмжлэлийн агуулга: Би тус аймгийн С ХХК-д анх 2014 оны 6 дугаар сард тус компани захирал С.Ш ын тушаалаар туршилтын туслах ажилчнаар түр томилогдон цэвэр шугам хоолой татах туслах слесариар 3 сар гаруй хугацаагаар ажилласан. Тус компани захирал С.Ш нь 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр намайг өрөөндөө дуудаж: Чамайг туршилтын түр хугацаагаар ажиллуулах үед ямар нэгэн зөрчил дутагдалгүй, сайн ажилласан, цаашид үндсэн ажилчнаар авахад татгалзах зүйлгүй гэж үзэж 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн байгууллагын бохир усны шугамын слесариар өөрчлөн томиллоо. Иймд чи ажлаа сайн хий гэж амжилт хүсэж 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 59 дугаартай С ХХК-ны захирлын тушаалын нэг хувийг өгсөн. 2. Намайг тус С ХХК-д энэ ажилд орсноос хойш байгууллагын зүгээс дарга, болон удирдлагын ямар ч хүнээс надтай хөдөлмөрийн гэрээ хийгээгүй. Дараа нь ч байгууллагын бүх ажилчид хэд хэдэн удаагийн хамт олны хуралд оролцохдоо дарга, захиралд хөдөлмөрийн гэрээг шинээр хийх, шинэчлэх тухай шаардлага тавихад маргааш хийнэ байдаг байсан ба хийдэггүй байв. 3. Компани захирал С.Ш нь намайг 2016 оны 6 дугаар сарын сүүлээр өрөөндөө дуудаад; чи урьд хийж байсан бохир усны слесарийн ажлаа хий гэж буцаад хуучин ажлыг минь хийлгэсэн. 4. Захирал С.Ш болон бусад дарга нараас энэ хугацаанд намайг ажлаас өөрчилсөн, сольсон тухай ямар ч тушаал, эрхийн актыг надад өгч байгаагүй бөгөөд өгсөн тухай баримтад гарын үсэг зуруулж байгаагүй юм. 5. Би захирал С.Ш даргын үгийг хүндэтгэж хий гэсэн ажлыг хийсэн бөгөөд энэ хүний хэлснээр буцаад бохир усны слесарийн ажилд ажилласан ба энэ тухай ажил өөрчилсөн, мөн слесарийн ажилд эгүүлэн ажиллуулсан тухай тушаал, эрхийн актыг тус С ХХК-иас надад өгөөгүй. 6. Би бохир усны слесарийн ажлыг захирал С.Ш ын хэлснээр 2016 оны 6 дугаар сарын 20-оос дахин хийж байтал тус компанид шинээр ирсэн захирал Ж.А нь 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 79 тоот намайг бохир усны слесарийн ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг Б.Е т өгснийг түүнээс авч захиралд очиход Ж.А нь чамайг дахин ажилд авахгүй гэхээр нь шүүхээр хандаж байна. Гэтэл С ХХК-ны захирал болон боловсон хүчин хариуцсан албан тушаалтнууд надад: Чамайг урьд өмнө С.Ш дарга түр томилон ажиллуулсан байжээ. Хугацаа чинь дууссан тул чөлөөлсөн гэж хэлсэн. Тэдний үзүүлсэн тушаалуудад С.Ш нь намайг энд тэнд шилжүүлсэн болон бохир усны слесариар түр томилсон зэрэг тушаалыг надад мэдэгдэлгүйгээр далдуур гаргаж байсан бололтой, баримт материал байсан. Би эдгээр баримт, тушаал эрхийн актыг урьд өмнө огт үзээгүй, хараагүй бөгөөд надад хэн ч танилцуулаагүй. Танилцуулсан, нэг хувийг өгсөн тухай баримтад гарын үсэг зураагүй гэдгээ, мэдээгүйгээ тайлбарлаж байна. Учир нь 2 жил илүү хугацаагаар бохир усны шугамын слесарийн ажлыг хийсэн байхад яагаад дахин дадлагажих, туршилт гэж хугацаа зааж тушаал гаргаж байсан нь өөрөө хууль зөрчсөн ноцтой үйлдэл бөгөөд ажилчны хөдөлмөрлөх эрхэнд халдсан, эрхийг зөрчсөн явдал гэж үзэж байна. Иймд А.Ж намайг С ХХК-ны бохир усны шугамын слесарийн ажилд эгүүлэн томилуулж өгөхийг хүсэж байна гэжээ. Нэхэмжлэгч А.Ж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би анх 2014 оны 6 дугаар сард тус компанийн захирлын тушаалаар төслийн шугам татах ажилд түр туршилтын хугацаагаар орж байсан. Уг төсөлд ажиллаж байх хугацаанд 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр тушаал гарч би бохир усны слесариар ажилд орж байсан. Тухайн байгууллагад орсноос хойш ямар нэгэн хөдөлмөрийн хийж байгаагүй. Ажилчид хөдөлмөрийн гэрээ хийхийг шаардаж, удаа дараагийн хуралд хэлж байсан. Тухайн байгууллагад бохир усны слесариар ажиллаж байснаас хойш 2015 оны 02 дугаар сард захирал дуудаад хүн хүчний хүрэлцээ дутмаг байгаа тул Р халуун усанд галч болон машинистаар ажиллаарай, дараа нь слесариар эргээд ажиллуулна гэсний дагуу ажиллаж байсан. Тэгж байгаад 2016 оны 6 дугаар сараас эхэлж буцаагаад бохир усны слесариар ажиллуулсан. Манай компани ажилчид ер нь ажиллаж байх хугацаанд байгууллагын ойр зуурын ажлуудыг давхар хийж гүйцэтгэдэг байсан. Ингээд 2016 оны 9 дүгээр сард хүний нөөцийн менежер Б.Е дуудаад намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг өгсөн. Тэгээд захирал Ж.А дээр очиход чамайг дахин ажиллуулах боломжгүй гээд явуулсан. Тийм учраас бохир усны слесарийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагчийн тайлбарын агуулга: С ХХК нь 2012 оноос орон нутгийн дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдэд туслан гүйцэтгэгчээр ажилласан учраас тухайн үед ажлын шаардлагаар А.Ж ийг захирлын 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 57 дугаартай тушаалаар 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тус компани төслийн туслах ажилчнаар ажиллуулж байгаад 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн төслийн ажилтнаас чөлөөлж, бохир усны шугамын слесариар томилжээ. Манай компани аймгийн цэвэр, бохир усны инженерийн шугамын сүлжээний найдвартай хангалтыг хариуцаж ажилладаг тул хүн, хүчний дутмаг байдал, ажлын шаардлагаар ажилчдыг өөр ажил хавсран гүйцэтгүүлэх, хөдөлмөрийн гэрээгээр түр хугацаагаар улирлын чанартай ажиллуулдаг тохиолдол гардаг. Энэхүү ажлын шаардлагаар А.Жийг 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдөр бохир усны шугамын слесарийг ажлаас чөлөөлөн Р халуун усны уурын зуухны машинист, сахиулаар өөрчлөн томилон ажиллуулж байхад тэрээр шалтгаангүй ажлын байраа эзгүй орхиж, чөлөөний хуудасгүйгээр ажил тасалсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 23.1.1 дэх заалтыг үндэслэн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн захирлын 38 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулж, мөн өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж байгууллагын дэргэдэх туслах аж ахуйн хэсэгт туслах ажилчнаар түр томилсон байна. Улс оронд эдийн засгийн хямрал нүүрлэсэн байдал нь компани санхүүгийн чадавх, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, үүнээс болж төсөл, хөтөлбөрүүд зогсонги байдалд орсон учраас тус компани Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2016 оны 4 дүгээр сард хуралдаж ажилчдын тоог цөөрүүлэх, орон тоо цомхтгох талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг тухайн үеийн гүйцэтгэх захирал С.Ш т үүрэг болгосны дагуу улирлын чанартай болон түр хугацаагаар туслах ажилтнаар ажиллуулж байсан ажилчдыг ажлаас чөлөөлөх шаардлага гарсан. Дээрх шалтгаанаар компани туслах ажилчдыг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн чөлөөлж, А.Ж ийн ар гэрийн байдал, хүсэлтийг нь харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасныг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн бохир усны шугамын слесариар 3 сарын туршилтын хугацаагаа ажиллуулжээ. Тухайн үед А.Ж т өмнө сахилгын шийтгэл хүлээсэн байдлыг харгалзан туршилтын хугацаагаар ажиллах талаар анхааруулж байжээ. Хэдийгээр нэхэмжлэгч А.Ж нь би ажилд томилсон, чөлөөлсөн тушаалыг надад мэдэгдээгүй гэх боловч тухайн үед аливаа шийдвэрийг захирлын зөвлөлийн хурлаар ажилчид, инженерийн саналыг сонгон байж гаргадаг тул А.Жийн хувьд өөрийг нь ажилд томилсон, чөлөөлсөн тушаалын талаар хуралдааны явцад мэдсэнд тооцно. Мөн туршилтын хугацаагаар ажиллах талаар А.Жт компани хүний нөөцийн менежер мэдэгдэж байсан ба энэ талаарх нотлох баримтыг жич гаргаж өгөх болно. Хэрэв А.Ж туршилтын хугацаагаар ажиллахгүй, тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэвэл тухайн үед гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т ....улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар ажиллуулах талаар заасан тул ажил олгогчийн зүгээс ТУЗ-ийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх. компани санхүүгийн байдлыг харгалзан туршилтаар ажиллах хугацаа нь дууссан А.Жийг ажлаас чөлөөлөх талаар 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдэж, ажлаас чөлөөлсөн. Одоогоор тус компани хувьд туршилтын хугацаагаар ажиллагсад болон ажилчдын тоог цөөрүүлсэн, орон тооны цомхтголд орсон зэргээр шалтгаалан 10-аад ажилтныг ажлаас чөлөөлсөн тул А.Жийг цаашид ажиллуулах боломжгүй байдалд хүрсэн. Иймд А.Жийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 765 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Авааны Жийг Баян-Өлгий аймгийн С ХХК-ийн бохир усны шугамын слесарийн ажилд эгүүлэн тогтоосугай гэж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: А.Ж ийн нэхэмжлэлтэй С ХХК-нд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 765 дугаартай шийдвэрийг хариуцагч байгууллагын өмгөөлөгч миний бие эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 161 дүгээр зүйлийн 161.1-д зааснаар дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. А.Ж нь 2015 онд 2-р сард С ХХК-ийн бохир усны шугамын слесарийн ажлаас чөлөөлөгдөж тус компанийн дэргэдэх Р халуун усны газарт уурын зуухны машинистаар томилогдон ажиллаж байхдаа шалтгаангүйгээр ажлын байраа эзгүй орхиж Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн учраас захирлын 2016 оны 5-р сарын 02-ны өдрийн тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д зааснаар сануулах арга хэмжээ авч түүнийг туслах ажилчнаар томилсон бөгөөд энэ нь хэрэгт авагдсан захирлын тушаалаар тус тус нотлогдсон болно. Тухайн үед компанийн захирал З.М /тус компанийн Ерөнхий инженерээр ажиллаж байсан/ А.Жийн ажил үүргээ гүйцэтгэдэг байдал, сануулах арга хэмжээ авсныг харгалзан 2016 оны 6-р сарын 20-ны өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар буюу Хөдөлмөрийн дотоод журмын 5.2-т заасныг үндэслэн 3 сарын туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээг нөхөж хийхээр амаар тохиролцож бохир усны шугам сүлжээний слесариар томилсон. Хэрэв А.Ж нь тухайн үед туршилтын хугацаагаар ажиллахгүй гэвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан ч нэхэмжлэл гаргаагүй. Үүнийг хэргийг шийдвэрлэхдээ шүүх анхаараагүй. Тус компани нь Төрийн өмчит компани учраас 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр компанийн ТУЗ-ийн 5-р тогтоолоор компанийн бүтэц, орон тоог шинэчлэн тогтоож зарим орон тоог цомхтгох, ажилчдын тоог цөөрүүлж цомхон бүтэцтэй ажиллах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авахыг захиралд үүрэг болгосны дагуу А.Жийн туршилтаар ажиллах 3 сарын хугацаа дууссан учраас 2016 оны 9 дүгээр 19-ний өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэж 20-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон, мөн хуулийн 37.1.4-т заасан хууль тогтоомжид заасан эрхий бүхий байгууллага буюу компаний ТУЗ-өөс шаардсан зэргийг харгалзан, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1,2-т зааснаар түүнийг ажлаас нь чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан туршилтын хугацаагаар ажиллуулах талаар тус компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.2-т 3 сар хүртэл түр хугацаагаар авч ажиллуулна гэж тодорхой заасан тул энэхүү журмын дагуу туршилтын хугацаагаар ажиллуулж байгаад ажил олгогчийн зүгээс цаашид хугацааг сунгах боломжгүй гэдгийг мэдэгдэж А.Жийг ажлаас чөлөөлсөнд нь ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй. Мөн А.Жийн ажил үүрэг гүйцэтгэх 3 сарын хугацаа дуусмагц цаашид үргэлжлүүлэн хугацааг сунган ажиллуулах, эсхүл хугацааг сунгах боломжгүй гэх шалтгаанаар ажлаас чөлөөлөх, ажиллуулахгүй байх өөр хүнийг ажиллуулах нь ажил олгогчид хуулиар олгогдсон эрх бөгөөд энэхүү эрхээ эдэлсний төлөө ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй байтал шүүх гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцээгүй байна гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Иймээс нэхэмжлэгч А.Жийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 765 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Би зөрчил гаргаагүй, арга хэмжээ авхуулаагүй 3 сар туршилтаар ажиллахаар зөвшөөрөөгүй 3 жил ажилласан би юу гэж туршилтаар 3 сар ажиллахаар зөвшөөрч тэнэгдэх билээ. Ийм байдлыг анхан шатны шүүх анхаарч зөв шийдвэр гаргасан байгаа юм. Туршилтын хугацаагаар намайг эчнээ тушаал гаргаж дарга нар хууль зөрчсөн байна гэж үзэж байна. Учир нь анх ажилд бүр орсон тушаалыг авсан. Тэрнээс хойш энэ байгууллагаас өөр ямар ч тушаал аваагүй. Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна.
Нэхэмжлэгч А.Ж нь С ХХК-ийн бохир усны шугамын слесарийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагчаас А.Ж ийг туршилтын хугацаагаар түр ажиллуулсан, компаний санхүүгийн байдлыг харгалзан гэрээний хугацаа дуссан тул ажлаас чөлөөлсөн гэж эс зөвшөөрч маргажээ.
Баян-Өлгий аймгийн С ХХК-ийн захирлын 2016 оны 6 дугаар сарын 26-ний өдрийн 79 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Компаний захирлын зөвлөлийн гишүүдийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн тус компаний бохир усны шугамын слесариар 3 сараар түр томилон ажиллуулсан А.Ж ийг туршилтын хугацаа нь дууссан болон компаний санхүүгийн байдал хүнд байгаа тул цаашид ажиллуулах боломжгүйг харгалзан 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн бохир усны шугамын слесарийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.
Ажил олгогчийн ажилтны ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил, ажлаас чөлөөлсөн үндэслэлд тохирсон, Хөдөлмөрийн тухай хуульд нийсэн байх учиртай боловч ажил олгогч ажлаас чөлөөлөх тухай тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийг баримтлаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй тул ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь ажилтны буруу биш юм.
Иймээс давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүхийн нэхэмжлэгч А.Ж ийг С ХХК-ийн бохир усны шугамын слесарийн ажилд эгүүлэн тогтоосон дүгнэлт үндэслэлтэй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 765 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Д.КӨБЕШ