Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 992

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч М.Анхбаяр,

Шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Э.Т-д холбогдох эрүүгийн 2005000001580 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхнэр ...хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн .... дугаар хороо .... тоотод түр оршин суудаг,  РД урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, И овогт Э.Т.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Т нь 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sea” нэртэй бааранд хэрүүл маргаан хийлээ гэх хувийн шалтгааны улмаас иргэн О.О цохиж эрүүл мэндэд нь хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч О.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө миний бие найз Б ын хамт хороололд байрлах SEA нэртэй бааранд орж үйлчлүүлсэн. Бид хоёр тухайн бааранд хүний гурав гурван шил пиво уусан. Бид хоёр тухайн бааранд орохоосоо өмнө архи нэлээн уусан тул согтсон байсан. Би тухайн эрэгтэй хүнтэй муудалцаад бид хоёр баарнаас гарсан. Их согтолттой байсан тул зодуулсан талаараа сайн санахгүй байна. Ямарч байсан баарнаас гараад миний зүүн хөмсөг рүү нэг цохисон. ...Нэг мэдсэн зүүн хөмсөг сэтрээд маш их цус гарчихсан байсан автобусны буудал дээр байж байсан ...Шинжээчийн дүгнэлттэй танилцсан санал хүсэлт байхгүй, тухайн эрэгтэй би огт танихгүй, намайг зүгээр бүжиглэж байхад өдөөд байх шиг байсан. Намайг гараараа түлхээд, хүзүүнээс гараараа атгаад байх шиг байсан. ...тархины томографф зураг авахуулсан. Одоогоор эмчилгээ гүйцэд хийлгэж амжаагүй байгаа. 200.000 гаруй төгрөгний зардал гарсан. ...Нэхэмжлэх зүйл гэвэл би Морьтон энтертаймент-д туслах кино зураач хийдэг байсан. Миний нүүр гэмтсэнээс болоод ажилдаа очиж чадалгүй, ажлаасаа халагдсан. Тийм болохоор сэтгэл санааны төлбөр болон эмчилгээ хийлгэж зургаан оёдол тавиулсан эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Баримт байхгүй гэхдээ 2.000.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9,10-11тал/,

 

Гэрч О.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр би найз Т , Д  нартай хорооллын SEA нэртэй бааранд ороод нэг шил нэг литрийн савалгаатай виски авч уусан. Бид гурав авсан вискинээхээ гуравны нэгийг уучихаад Т  бид хоёр бүжгийн  талбай дээр очоод бүжиглэж байтал үл таних нэлээн согтуу дээгүүрээ цээж нүцгэн залуу эрэгтэй бид хоёртой ойртож ирээд бие рүү гараараа түлхээд байсан. Эрэгтэй Т гийн ар нурууруу гараараа нудартал Т  эргэж хараад нэг юм хэлэх шиг болоод үргэлжлүүлэн бүжиглэж байтал нөгөө эрэгтэй Т гийн мөрөн дээр гараа тавихаар нь Т  эргээд хартал нөгөө эрэгтэй Т гийн ам руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд би болон тухайн бааранд байсан хүмүүс салгаад би найзыгаа аваад ширээн дээр нь суулгасан. Т  бид хоёр нэг нэг хундага виски уугаад гарч тамхилахаар болтол Т  түрүүлээд ганцаараа гараад явсан. Би араас нь гартал Т  бүжгийн талбай дээр нэг нэг удаа цохилцсон залууг газар унагаачихсан Т  өөрөө дээр нь байж байсан. ...Гадаа гараад харахад тухайн эрэгтэйн хамарнаас цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 16-17 тал/,

 

Гэрч Б.Д ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Т , А  нартай хамт хороололд байрлах SEA нэртэй бааранд очиж үйлчлүүлсэн. 1 литрийн виски аваад нэг нэг татчаад Т , А  хоёр бүжгийн талбай руу гарсан. Би ганцаараа ширээндээ сууж байгаад тэнд бужигнаан болоод байхаар нь очоод хартал манай найз руу дайраад байсан. Би тэр залууг холдуулчихаад найзыгаа аваад ширээндээ суусан. Төд удалгүй Т  тамхилах гээд баарнаас гарсан. Би удалгүй 00 орчихоод араас нь гарахад Т  нэг үл таних залуугийн дээр хэвтэж байсан. Харин А  тэр хоёрыг салгах гэж оролдож байсан. Салсных нь дараа харахад нэг залуу нь цус болсон байдалтай байсан өөр нээх юм анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

 

2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 10962 дугаартай шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...О.О-н биед хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 21-23 тал/,

 

Хохирогч О.О-н мөрдөн шалгах ажиллагаанд гарган өгсөн фото зураг /хх-ийн 61-73 тал/,

 

Шүүгдэгч Э.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 17-ны орой би найз болох А , Д  нарын хамт хороололд байрлах SEA нэртэй бааранд орж үйлчлүүлсэн бөгөөд бид гурав нэг шил 1 литрийн савалгаатай виски авч ууцгаасан. Тэгээд бид хэд босож бүжиглэсэн юм гэтэл үл таних залуу намайг шахаад миний араас цохих шиг болсон тэгэхээр нь тухайн залуугаас холдож цаашаа бай гэж хэлчихээд бүжиглэж байтал миний баруун мөрөн дээр нэг хүн гараа тавих шиг болохоор нь эргээд хартал нөгөө эрэгтэй миний уруул руу баруун гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би тухайн эрэгтэйн нүүрэн тус газар нь болох зүүн шанаа руу нь баруун гараараа нэг удаа цохисон. Манай найз болон бүжгийн талбайд байсан хүмүүс бид хоёрыг салгахаар нь ширээн дээрээ очиж сууж байгаад тамхи татахаар ганцаараа баарны гадна гартал нөгөө залуугийн хамт явж байсан бололтой үл таних залуу намайг цохих гэж оролдохоор нь би бултаад эргээд хартал хохирогч залуу над руу гүйгээд ирэхээр нь тэвэрч аваад өргөөд шидсэн. Би гэмтлийг учруулсан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт “...Хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй. Хохирогчийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Тухайн үед бид хоёр бие биенээ цохилцсон. Хохирогчийн баримтаар гаргасан хохирлыг төлнө гэдгээ хэлсэн. Хохирогч 2 сая төгрөгийн хохирол нэхэмжилнэ гээд байгаа...” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор асап сангийн лавлагаа /хх-ийн 28-29 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 30 тал/, Яармаг шимт мах ХХК-ний мах бэлтгэгчээр ажилладаг гэх тодорхойлолт /хх-ийн 32 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 34 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 35 тал/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 36 тал/,  эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 37 тал/, жолоочийн эрхийн лавлагаа /хх-ийн 38 тал/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 39-40 тал/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 42-59 тал/, гэрч А.Анужингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2 ханилаад 3 жил болж байна. Дундаасаа 2 настай 6 сартай 2 хүүхэдтэй. Манай нөхөр хувиараа мах борлуулж ажилладаг би өөрөө гэртээ 2 хүүхдээ хараад байдаг. Манай нөхөр архи хэрэглээд байдаггүй. Найз нөхдийн тухайд хамт олонтой, хүнтэй нийтэч зантай, хүнтэй маргалдаад зодоон хийгээд байдаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Т гээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 12-13 дахь талд авагдсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.

 

Шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон 10962 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан шинжээчийн 10962 дугаартай хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон дүгнэлт, хохирогч О.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний зүүн хөмсөг рүү нэг цохисон. ...Нэг мэдсэн зүүн хөмсөг сэтрээд маш их цус гарчихсан байсан автобусны буудал дээр байж байсан...” гэх мэдүүлэг, гэрч О.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...нөгөө эрэгтэй Т гийн мөрөн дээр гараа тавихаар нь Т  эргээд хартал нөгөө эрэгтэй Т гийн ам руу гараараа нэг удаа цохисон. ...Би араас нь гартал Т  бүжгийн талбай дээр нэг нэг удаа цохилцсон залууг газар унагаачихсан, Т  өөрөө дээр нь байж байсан. ...Гадаа гараад харахад тухайн эрэгтэйн хамарнаас цус гарсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Д ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би удалгүй 00 орчихоод араас нь гарахад Т  нэг үл таних залуугийн дээр хэвтэж байсан. Харин А  тэр хоёрыг салгах гэж оролдож байсан. Салсных нь дараа харахад нэг залуу нь цус болсон байдалтай байсан өөр нээх юм анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг, хохирогч О.Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд гарган өгсөн фото зураг зэрэг нотлох баримтуудаар хэрэг учрал  2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sea” нэртэй бааранд шүүгдэгч Э.Т хохирогч О.О-н нүүр хэсэгт гараараа цохисон гэмт үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор хохирогчийн эрүүл мэндэд хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан үйл баримт нотлогдон тогтоогджээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Э.Т нь хохирогч О.О цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Э.Т нь хохирогч О.О зодож, түүний биед хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. 

 

Иймд шүүгдэгч Э.Т г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хэргийн үйл баримтаар тогтоогдсон дээрх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,  мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан.  

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.О-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч О.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож нийт 2 сая төгрөг нэхэмжилж байна...” гэж мэдүүлсэн боловч нэхэмжлэлийн үндэслэл болсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Иймд хохирогч О.О нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэнд, бусад зардалтай холбоотой нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлэн нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Э.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Иймд шүүгдэгч Э.Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг судлахад шүүгдэгч, хохирогч нарын хэн хэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, шөнийн цэнгээний газарт шөнийн цагаар биеэ хянах чадваргүй явсан нөхцөл байдлаас үүдэн өөр хоорондоо зөв зохистой харилцаж чадаагүйтэй холбоотой байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг тус тус харгалзаж, шүүгдэгч Э.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас улсын яллагчийн саналын болгосон торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Э.Т-д мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Т-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт Э.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Шүүгдэгч Э.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-д оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160-д заасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсоноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Э.Т-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Хохирогч О.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА