Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 1009

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч А.Марал,

Шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт А-н Э-д холбогдох эрүүгийн 2005027561629 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эцэг, эх, ахын хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... .. тоотод оршин суух, /РД: / урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, А овогт А.Э.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.Э нь 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.А-н нүүр хэсэгт гараараа цохиж биед дээд уруул, уруулын салстад шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч А.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Т.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 07-ны орой миний бие ажилтай явж байхад миний салсан эхнэр О  над руу залгаад би танай гэрийн гадаа байна. Чамтай уулзах гэсэн юм, надад таксины мөнгө өгөөч, би амьдарч байгаа гэр орноосоо хөөгдөж байна гэсэн. ...Би таксины мөнгийг нь төлөөд гэртээ дагуулаад орсон. Би гэр рүүгээ орохдоо дэлгүүрээс нэг ширхэг 2 литр 500 граммын савалгаатай пиво авч ороод О той гэрийн гадаа хашаан дотор машинд сууж байгаад хуваагаад ууж байтал манай хашааны хаалга онгойтол гаднаас зүс таних Э  үл таних нэг эрэгтэй хүний хамт ороод ирсэн. Э  бид хоёр дээр ирээд О  руу чи энд юу хийж яваа юм. Гичий минь гэсэн. Би гайхаад “чи яагаад эмэгтэй хүнийг гичий минь гэж байгаа юм гэсэн” чинь “чамд хамаагүй” гэж хэлээд миний уруул руу гараараа нэгээс хоёр удаа цохисон. Тэр үед манай хүргэн ах Ариунболд гарч ирээд Э  нөгөө залуу хоёрт хандаж та нар яаж байгаа юм бэ? гэсэн чинь тэр гурав хашаанаас гараад явчихсан. Би Гэмтэл Согог Судлалын үндэсний төв дээр очиж уруулаа оёулаад цагдаа дээр ирээд өргөдөл өгсөн. ...Би эмнэлгийн байгууллагад үзүүлсэн. Толгойны зургаа авахуулсан. Тухайн зурагт ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй. Нийт 700.000 гаруй төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Би урууландаа тогтсон сорвио арилгуулмаар байна, хохирлоо барагдуулж авмаар байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 27-28 тал/,

 

Гэрч Ж.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр би найз залуу Э  болон хэсэг хүмүүсийн хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байтал Э  үл ялих маргааны улмаас намайг зайл гэж хэлсэн. Тэр үед миний салсан нөхөр А  над руу залгаад намайг хүрээд ир гэсэн. Би А  дээр явж очоод хэсэг байж байгаад буцаад Э  болон хамт ууж байсан хүмүүс дээрээ ирсэн. Тэгтэл Э  намайг дахиад зайл гээд хөөгөөд байхаар нь би А  рүү өөрөө залгаад байгаа газар нь буюу эх нялхасын тэнд байдаг ахын нь хашаанд очсон. А  бид хоёр машинд сууж байгаад Сэнгүр нэртэй 2 литр 500 граммын савалгаатай нэг ширхэг пиво хуваагаад ууж байтал А  Энхбилэг рүү хоёр гурван удаа гар утсаар залгаад хүрээд ир гэж дуудаад байсан. А  бид хоёр юм ярилцангаа пиво ууж байтал Э , Оргил гэх ахтайгаа хүрээд ирсэн. Э  намайг харчихаад “Чи энд юу хийж байгаа юм гичий минь” гэхэд А  уурлаад “Чи яахаараа эмэгтэй хүнийг хараадаг юм” гээд гараа далайхад Э  аль гараараа гэдгийг нь би сайн санахгүй байна. Ямар ч байсан гараараа нэг удаа А ийн нүүр рүү нь цохисон. Тэр даруйдаа А ийн уруулнаас нь цус гарсан. Тэр хоёр салаад би Э тэй хамт яваад өгсөн. ...А тэй бид хоёр 2008 онд гэр бүл болоод 2012 онд нэг охинтой болсон. Тэгээд 2013 онд бид хоёр салсан. Э тэй би 2020 оны 4 сараас эхлэн үерхэх болсон. ...Тухайн үед Э  намайг А тэй байхыг хараад чи энд юу хийж байгаа юм гичий минь гэж хэлтэл А  чи эмэгтэй яахаараа хараадаг юм гээд маргаан үүссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,

 

2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 10360 дугаартай шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Т.А ийн биед дээд уруул, уруулын шарх гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 16-17 тал/,

 

Шүүгдэгч А.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Би сэтгэцийн ямар нэгэн өвчинөөр өвчилж байгаагүй, сэтгэцийн хувьд эрүүл саруул. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. А ийн биед хөнгөн бэртэл учирсан байна. Тус бэртлийг би учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт “...Хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй. Хохирогчийн биед учирсан гэмтлийг би учруулсан...” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор асап сангийн лавлагаа /хх-ийн 31-33 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34, 37 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 35 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 36 тал/, бүрэн дунд боловсролын гэрчилгээ /хх-ийн 38-39 тал/, гэрч П.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...зан байдлын хувьд цайлган, шударга зантай, спортын нэгдүгээр зэрэгтэй, анги хамт олноо тэргүүлдэг, архи, тамхи огт хэрэглэдэггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.Э ээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 12-13 дахь талд авагдсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.

 

Шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон 10360 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

  

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан шинжээчийн 10360 дугаартай хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон дүгнэлт, Хохирогч Т.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гичий минь гэхээр нь би гайхаад чи яагаад эмэгтэй хүнийг гичий минь гэж байгаа юм гэсэн чинь чамд хамаагүй гэж хэлээд миний уруул руу гараараа нэгээс хоёр удаа цохисон. ...Би Гэмтэл Согог Судлалын үндэсний төв дээр очиж уруулаа оёулаад цагдаа
дээр ирээд өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг, Гэрч Ж.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э  намайг харчихаад “Чи энд юу хийж байгаа юм гичий минь” гэхэд А  уурлаад “Чи яахаараа эмэгтэй хүнийг хараадаг юм” гээд гараа далайхад Э  ...ямар ч байсан гараараа нэг удаа А ийн нүүр рүү нь цохисон. Тэр даруйдаа А ийн уруулнаас нь цус гарсан...” гэх мэдүүлэг, нотлох баримтуудаар шүүгдэгч А.Э нь 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.А-н нүүр хэсэгт гараараа цохиж биед дээд уруул, уруулын салстад шарх гэмтэл учруулсан үйл баримт нотлогдон тогтоогджээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч А.Э нь хохирогч Т.А ийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч А.Э ийн хохирогч Т.А ийг цохисон үйлдэл, хохирогчид дээд уруул, уруулын шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэлээ. 

 

Иймд шүүгдэгч А.Э ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хэргийн үйл баримтаар тогтоогдсон дээрх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,  мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан.  

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.А ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Т.А  мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Би эмнэлгийн байгууллагад үзүүлсэн. Толгойны зургаа авахуулсан. Тухайн зурагт ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй. Нийт 700.000 гаруй төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Би урууландаа тогтсон сорвио арилгуулмаар байна, хохирлоо барагдуулж авмаар байна...” гэж мэдүүлсэн боловч нэхэмжлэлийн үндэслэл болсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Иймд хохирогч Т.А  нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэнд, бусад зардалтай холбоотой нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлэн нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч А.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Иймд шүүгдэгч А.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг судлахад шүүгдэгч, хохирогч нарын хэн хэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байснаас үүдэж хоорондоо зөв зохистой харилцаж чадаагүйтэй холбоотой байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг тус тус харгалзаж, шүүгдэгч А.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас улсын яллагчийн саналын болгосон торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч А.Э д мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Э д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт А-н Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Шүүгдэгч А.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-д оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160-д заасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсоноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч А.Э-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Хохирогч Т.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА