Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 976

 

 

 

 

 

 

 

 

    2020        11           10                                      2020/ШЦТ/976

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бөхбаяр хөтлөн

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч А.Ц

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас А.Ц ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005000001595 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын .......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт .............. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, А.Ц  /РД:аа00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.Ц  нь 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Номин супермаркетын гадна байрлах зогсоол дээр хохирогч Ж.Мын эзэмшлийн 0000 ААА улсын дугаартай ХХХ загварын тээврийн хэрэгслийн баруун хойд гэрлийг гараараа цохиж хагалан эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ц  мэдүүлэхдээ: “2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 2 найзтайгаа уулзаад бага зэргийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Бид 3 хоорондоо маргалдаад манай найз явлаа гэхэд нь тээврийн хэрэгслийнх нь гэрлийг хагартал цохисон” гэв.

 

Шүүгдэгч А.Ц  нь 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Номин супермаркетын гадна байрлах зогсоол дээр хохирогч Ж.Мын эзэмшлийн 0000 АААулсын дугаартай ХХХ загварын тээврийн хэрэгслийн баруун хойд гэрлийг гараараа цохиж хагалан эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан “...4 дугаартай зураг дээрх залуу туранхай, шөвгөр, бор царайтай, богинохон үстэй, хол нүдтэй, монтгор хамартай байгаа байдлаар нь 4 дугаарын залуугийн зургийг эргэлзээгүй харж таньж байна гэв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6-9 дүгээр хуудас/,

 

Хохирогч Ж.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 11-ний орой 20 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Номин супермаркетын гадна зам дагуух зогсоол дээр гурван хүүхдийн хамт өөрийн эзэмшлийн 0000 ААА улсын дугаартай ХХХ маркийн суудлын тээврийн хэрэгсэлтэй зогсож байсан чинь ардаас нэг түс гээд чимээ дуугарахаар нь би буугаад гараад харахад 3 залуу зогсож байсан. нэг залуу нь нэлээн согтуу байсан. ...Би яагаад та нар машины гэрэл хагалчихваа гэхэд тиймээ тийм би хагалсан яадгийн гээд байснаа дараа нь тохиролцъё хэд юм гээд агсамнаад байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 13 дугаар хуудас/,

 

2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн №8683 дугаартай “машины хойд гэрэлийг 760.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 19-20 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч А.Ц ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 10 дугаар хорооллын Номин дэлгүүрийн урд талд хоёр найзтайгаа 2 литрийн пиво хувааж уусан. ...Сая 80-01 улсын дугаартай автомашины хойд талын гэрлийг нь уурандаа цохисон. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 40 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 23 дугаар хуудас/, асап сангийн лавлагаа /хэргийн 26-33 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хэргийн 46 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хэргийн 47 дугаар хуудас/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хэргийн 48 дугаар хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч А.Ц  нь бусдын өмчлөлийн эд хөрөнгийг гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Ц  нь хохирогчийн авто машины хойд гэрэлийг гараараа цохиж эвдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч А.Ц ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хохирогч баримтаар 800.000 төгрөг нэхэмжилсэн /хэргийн 19-20 дугаар хуудас/ бөгөөд шүүгдэгч А.Ц  нь хохирогчид 180.000 төгрөг төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт нотлогдон тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц аас төлөгдөөгүй үлдсэн 620.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Мад олгох нь зүйтэй.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч А.Ц ид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ялаас чөлөөлөх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч А.Ц  нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хариуцлагын зорилго, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчим зэргийг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.Ц  нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч хохирогчид учруулсан хохирлоос тодорхой хэмжээг төлсөн байгаа нь түүнийг цаашид хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй тул хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон ялаас чөлөөлөх дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч А.Ц ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Ц  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. А.Ц ийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч А.Ц ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц аас төлөгдөөгүй үлдсэн 620.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Мад олгосугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Ц  нь цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ц ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО