| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07986/И |
| Дугаар | 354 |
| Огноо | 2017-01-30 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 354
| 2017 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2017/00354 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 21-А байр, 93 тоотод оршин суух, Пак овогт Сон Хугийн Хулан /РД:ЖИ89060125/
Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Урантогос, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Хулан шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Урантогос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Пак овогт Сон Хугийн Хулан би 2003 оны 07 дугаар сарын 14-ний өдөр буюу насанд хүрээгүй байхдаа Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Пак Сон Ху-д үрчлүүлсэн. Миний төрсөн эцэг Чадраагийн Усных нь 1993 онд нас барсан бөгөөд миний ээж Мажигсүрэнгийн Сүрэнжав нь үрчилж авсан эцэг Пак Сон Хутай 2002 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулсанаар 2003 оны 07 дугаар сарын 14-ний өдөр намайг үрчлүүлсэн. Улмаар миний ээж Мажигсүрэнгийн Сүрэнжав нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаар зарлигаар Монгол Улсын харьяатаас гарч, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн болж одоо тэндээ ажиллаж амьдардаг. Харин С.Хулан миний бие нь цаашид эх орондоо ажиллаж, амьдрах хүсэлтэй тул өөрийн төрсөн эцэг Чадраагийн Усныхаар овоглох хүсэлтэй байна. Мөн үрчилж авсан эцэг Пак Сон Ху нь С.Хулан намайг өөрийн төрсөн эцэг Ч.Усныхаар овоглох хүсэлтийг зөвшөөрч Гадаад харилцааны яамны Консулын газраар дамжуулан өргөдөл ирүүлсэн. Иймд С.Хуланг Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Пак Сон Ху-д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Хулан нь үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдов.
Хүүхэд үрчилсний бүртгэлийн 50 дугаартай гэрчилгээгээр 2003 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Усных Хулан /РД:ЖИ89060125/-ийн эцгийн нэр Чадраагийн Усных, эхийн нэр Мажигсүрэнгийн Сүрэнжав байсныг эцгийн нэр Пак Сонху, эхийн нэр Мажигсүрэнгийн Сүрэнжав нар болгон өөрчилж, үрчилсний бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон байна.
Мөн Гадаадын иргэн, харьяатын газрын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 04/3632 дугаар тодорхойлолтоор Мажигсүрэнгийн Сүрэнжав /РД:ЖЭ57100807/ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаар зарлигаар Монгол Улсын харьяатаас гарсан болохыг тодорхойлсон байна.
Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын Иргэний баримтын архивын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 тоот лавлагаагаар “ЖЭ62013076 тоот регистрийн дугаартай Чадраа овогтой Усных /Усжин/ нь 1993 онд Улаанбаатар хотын Зайсан дахь сүрьеэгийн эмнэлэгт нас барсан гэх Улсын бүртгэлийн архивын болон Мэдээллийн санд нас барсны бүртгэл болон хаатр-18 бүртгэл гарахгүй байна”, Нийслэлийн архивын газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2017100749 тоот Нас барсны бүртгэлийн лавлагаагаар “Улаанбаатар Буян ХК-ийн нас барсны 67,97 дугаар маягтын дагуу 1993 оны 6 сар, 7 сарын баримтыг шүүн үзэхэд Чадраа овогтой Усных /Усжин/ нэр холбогдох баримт олдоогүй болно”, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын Газрын архивын лавлагаагаар “Тус сумын харьяат ЖЭ62013076 тоот регистрийн дугаартай Чадраа овогтой Усных нь 1993 онд нас барсан боловч иргэний бүртгэлийн нас барсны бүртгэлд бүртгэгдээгүй байна” гэжээ.
Гадаад харилцааны яамны Консулын газраар дамжуулан 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Пак Сон Хугийн өргөдөлд /орчуулга/: “Миний бие Пак Сон Ху нь 2002 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Монгол Улсын иргэн Мажигсүрэнгийн Сүрэнжавтай гэрлэлтээ батлуулсан. 2003 оны 07 дугаар сарын 14-ний өдөр охин Хуланг үрчилж авч өөрийн нэрээр овоглосон. Охин Хулан нь одоо насанд хүрсэн учир төрсөн эцэг болох Усных-аар овоглох хүсэлтэй байгаа. Миний зүгээс үүнийг татгалзах зүйл байхгүй болно. Тиймээс миний охин Хулангийн овгийг Усных-аар өөрчилж өгнө үү” гэжээ.
Шүүх дээрх нотлох баримтуудаас дүгнэвэл хүсэлт гаргагч Пак овогт Сон Хугийн Хулан /РД:ЖИ89060125/-г 2003 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Пак Сон Ху-д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Пак овогт Сон Хугийн Хулан /РД:ЖИ89060125/-г 2003 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Пак Сон Ху-д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Хулангаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА