| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/00403/И |
| Дугаар | 363 |
| Огноо | 2017-01-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 363
| 2017 оны 01 сарын 31 өдөр | Дугаар 102/ШШ2017/00363 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плаза хаягт байрлах, “Скайтел” ХХК /РД:2576376/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 хороолол, АД 7 байр, 8 тоотод оршин суух, Нарванчин гэгээн овогт Эрдэнэбилэгийн Бумцэнд /РД:ЧН80052999 /
Гэрээний үүрэгт 79061 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Бумцэнд нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2014 оны 12 сарын 22-ны өдөр дараа төлбөрт “Postpaid BC-20K” үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж 91928393 дугаарын эзэмшигч болсон. Э.Бумцэнд нь гэрээний үүргээ үл биелүүлэн 91928393 дугаарын 2015 оны 10 сарын байдлаарх төлбөр 125061 төгрөгийг төлөөгүй тул үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд Э.Бумцэндээс төлбөрийн үлдэгдэл болох 125061 төгрөгөөс барьцаа 50000 төгрөгийг хасч үлдэх 75061 төгрөг болон нотариатын зардалд 4000 төгрөг нийт 79061 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номин-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Э.Бумцэнд нь нэхэмжлэлийн шаардлага 79061 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Бумцэнд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Дэлгэрэх миний бие “Скайтел” ХХК-ийн нэхэжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. “Скайтел” ХХК-ийн нэхэмжилсэн 79061 төгрөгийг бүрэн төлж барагдуулах болно. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Э.Бумцэндэд холбогдуулан гэрээний үүрэгт 79061 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Э.Бумцэнд нь нэхэмжлэгч “Скайтел” ХХК-тай 2014 оны 12 сарын 22-ны өдөр дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж дараа төлбөрт “Postpaid BC-20K” үйлчилгээний эзэмшигч болсон нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан 2014 оны 12 сарын 22-ны өдрийн Үйлчилгээний гэрээ, гэрээний маягт зэргээр тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Бумцэнд нь “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 79061 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Э.Бумцэндийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч Э.Бумцэндээс 2275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Э.Бумцэнд нь “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 79061 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2275 төгрөг, хариуцагч Э.Бумцэндээс 2275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА