| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/07078/И |
| Дугаар | 102/ШШ2017/00255 |
| Огноо | 2017-01-18 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2017/00255
2017 оны 01 сарын 18 өдөр Дугаар 102/ШШ2017/00255 Улаанбаатар хот
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол, 23 дугаар байр, 93 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Дэндэвдоржийн Оюунцэцэг /РД: ЧС59082562/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Үндэсний Лаборатори Ган зам 20 дугаар сургуульд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Чимэдбадам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Оюунцэцэг нь Ганзам 20 дугаар сургуульд 2002 оноос хойш ажиллаж байсан. Шинээр томилогдож ирсэн сургуулийн захирлын зүгээс 55 нас хүрсэн эмэгтэй хүнийг тэтгэвэртээ гар гэж захиргааны дарамт үзүүлэх болсон. Д.Оюунцэцэг нь 2016-2017 оны хичээлийн жилд тэтгэвэртээ гарах саналтай байсан. Нэхэмжлэгч нь Боловсролын тухай хууль болон Шинжлэх ухааны тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарахдаа авдаг нэг удаагийн тэтгэмж авах боломжгүй байсан. Сургуулийн захирал нь энэ асуудлыг өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж өгье гэж тэтгэвэрт гарах өргөдөл бичүүлж авсан хэдий ч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 60 нас хүрч, тэтгэвэрт гарах хүсэлтэй байсан. Гэтэл 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр сургуулийн захирал нь нэхэмжлэгчийн тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэж, өгнө гэж хуурч, тэтгэвэрт гарах тухай өргөдөл бичүүлж авсан. Сургуулийн захиргаа Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан өргөдөл гомдол шийдвэрлэх хугацааг хэтрүүлж, өргөдлийн дагуу асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэгч нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ажлаа хүлээлцсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан ажилтан нь ажлаас халагдсан өдрөө ажлаа хүлээлцэх ёстой гэснийг зөрчсөн байдаг. 2016 оны 12 дугаар сард нэхэмжлэгч нь Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоонд хандаж, надтай ирж уулзсан. Би түүний асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөгөөг өгсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймээс нэхэмжлэгч Д.Оюунцэцэгийг Ганзам 20 дугаар сургуулийн мэдээлэл зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин буюу 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацааны цалин 5,675,982 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Оюунцэцэг багш нь өмнө нь 2 удаа сахилгын шийтгэл ногдуулсны дагуу ажлаас халагдаж, 2 удаа шүүхэд хандаж, ажилдаа эгүүлэн орсон. Нэхэмжлэгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө бодит байдлын талаар буруу ойлголт өгсөн байна. 2016 оны 06 дугаар сарын 14-ний нэхэмжлэгч нь өөрөө сургуулийн захирал, нягтлан бодогч 2-луу утсаар ярьж, тэтгэвэртээ гарах өргөдлөө цохуулах хүсэлтэй байна гэж дуудсан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд өөрөө хүсэлтээрээ тэтгэвэрт гарах өргөдлөө өгсөн. Уг өргөдлийг бичихэд нь сургуулийн захиргааны зүгээс ямар нэгэн дарамт үзүүлээгүй. Нэхэмжлэгч нь өөрөө багш, ажилчдыг, сурагчдыг дарамталдаг. Тэр болгоныг сургуулийн захирал харж, үзэж явсан. Нэхэмжлэгчид сургуулийн захиргааны зүгээс 6 сарын тэтгэмж өгөх боломж байгаа хэдий ч нөхцөл нь бүрдээгүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Сургуулийн захиргааны зүгээс нэхэмжлэгчид дарамт шахалт үзүүлээгүй. Нэхэмжлэгч нь өөрөө хүсэлтээрээ тэтгэвэрт гарах өргөдлөө өгсөн гэв.
Зохигчид шүүх хуралдаан байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь хариуцагчаас 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмжийг авч, нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгчид 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор тэтгэмжийг олгохоор харилцан тохирч, эвлэрч байна гэв.
Шүүх нэхэмжлэл, зохигчдын ирүүлсэн эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунцэцэг нь хариуцагч Ган зам 20 дугаар сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгчид 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмжийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор олгохоор эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчдын энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас хуулийн дагуу чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан хариуцагч Ган зам 20 дугаар сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 35.100 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Д.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй Ган зам 20 дугаар сургуульд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгчид 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмжийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохирч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нь хуулийн дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35.100 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ