Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 948

 

 

 

 

 

 

 

 

    2020        10           30                                      2020/ШЦТ/948

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бөхбаяр хөтлөн

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч Ч.С

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Ч.С д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005029421610 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “нннн” ХХК-д эдийн засагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, 0000 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ч.С  /РД:аа00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.С  нь 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 22 цагийн үед 0000 тоотод гэртээ “архи уусан нь чамд хамаагүй” гэх шалтгаанаар хамтран амьдрагч болох Б.М ын биед халдаж, түүнд “зүүн чихний хэнгэрэг хальсны урагдал, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.С  мэдүүлэхдээ: “.2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ харихдаа бага хэмжээний согтолттой байсан. Тухайн үед гэр бүлийн маргаан гараад өөрийн бухимдлаа барьж дийлэлгүй эхнэрээ нэг удаа алгадсан. Тэр үйлдэлдээ одоо харамсаж байна.” гэв.

 

 

Шүүгдэгч Ч.С  нь 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 22 цагийн үед 0000 тоотод гэртээ “архи уусан нь чамд хамаагүй” гэх шалтгаанаар хамтран амьдрагч болох Б.М ын биед халдаж, түүнд “зүүн чихний хэнгэрэг хальсны урагдал, зүүн хацар шаанд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Б.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр манай нөхөр орой 22 цагийн үед согтуу орж ирээд бид хоёр хоорондоо маргалдсан. Би согтуу орж ирэхээр нь “чи согтуу ирлээ” гэхэд манай нөхөр Ч.С  нь Чамд ямар хамаатай юм гэх зэргээр хэрүүл маргаан үүссэн. Би уур хүрээд хэрэлдээд байхаар нь хадам ээж рүүгээ залгаад ярихад манай нөхөр миний утсыг булаан авч, миний толгой руу 1 удаа цохисон. Тэгээд бид хоёр дахиад маргалдсан чинь нөхөр Ч.С  нь баруун гараараа миний зүүн хацар руу маш хүчтэй алгадсан. Үүнээс болж миний хацар хавдсан. ...намайг дахиад 1 удаа зүүн хацар руу алгадсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 30 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11093 дугаартай шинжээчийн:

“...1. Б.М ын биед зүүн чихний хэнгэрэг хальсны урагдал, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг

болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр

хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

    4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 17-18 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Ч.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ажлынхантайгаа сургалтад суугаад орой тараад нэг газар орж виски уучихаад шөнө 22 цаг өнгөрөөгөөд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16-97 тоот гэр лүүгээ ороход манай эхнэр Б.М  нь намайг оройтож архи ууж ирсэнд уурлан намайг элдвээр доромжилж, намайг тэсэхийн аргагүйгээр хэлээд байхаар нь би угаалгын өрөөнд орж нүүр гараа угаачихаад гарч ирээд эхнэрээ нэг алгадсан, ...би гар утсыг нь булааж аваад дух руу нь өөрийнх нь утсаар нэг удаа цохисон. ...би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 48-49 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 34 дүгээр хуудас/, асап сангийн лавлагаа /хэргийн 35-38 дугаар хуудас/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хэргийн 39-41 дүгээр хуудас/, “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хэргийн 64 дүгээр хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хэргийн 65-67 дугаар хуудас/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хэргийн 71 дүгээр хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Ч.С  нь хууль зүйн хувьд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.М ын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

  Нөгөө талаас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр ... хамтран амьдрагч” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна.

 

 Өөрөөр хэлвэл хууль зүйн хувьд шүүгдэгч Ч.С , хохирогч Б.М  нар нь хамтран амьдрагч, 2 хүүхэдтэй болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, тэдний мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгч Ч.С  нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч болох хохирогч Б.М ын толгой тус газар нь цохиж эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон цохиулснаас үүдэлтэй хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Тиймээс шүүгдэгч Ч.С г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Мөн шүүгдэгч Ч.С  нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирлын талаар:

 

Хохирогч Б.М ын бичгээр гаргасан “...гомдол, саналгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй.” гэх хүсэлт хавтаст хэрэгт /хэргийн 63 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч Ч.С  нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.С д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн үйлдэлд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Ч.С  нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.С  нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Ч.С д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.С  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ч.С г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.С  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО