Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 1005

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт Д-ийн Б-д холбогдох эрүүгийн 2005000001623 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1000 оны 0 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ХХХ баарны зохион байгуулагч ажилтай, Б дүүргийн 0 дүгээр хороо 1 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Э овогт Д-ийн Б /РД:000000000/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 3 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Л” нэртэй баарны орчим хохирогч Э.С-тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон, өшиглөн эрүүл мэндэд нь хамар ясны хугарал доод уруулд шарх, баруун шагайн үенд зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, баруун чих, зүүн доод зовхинд цулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Э.С-ийн:

“...2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 00 цагийн үед би өөрийн найз Э-ийн хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Л /L/ гэх нэртэй бааранд орсон. Тэгээд 3-4 цагийн хооронд би тухайн бааранд нэг танил эмэгтэй болох С таарсан юм. Тухайн үед С, Э бид хоёрын сууж байсан ширээн дээр ирээд бид хоёрыг пиво аваад өгөөч гэж хэлсэн. Тэгээд бид хоёр пиво авч өгөөд явуулсан. Ингээд тухайн баар хаахын өмнө би бие засах газар орчхоод ирэхэд манай найз Э, С гэх охинтой явж байсан хэдэн залуучуудын ширээн дээр суучихсан байхаар нь очиход 5-6 залуучуудтай байсан. Тэдний нэг нь надаас С-г яаж таньдаг талаар лавласан. Тэгэхэд тэр залуу над руу дайрч давшлаад хэл амаар доромжлоод эхэлсэн. Нөгөө С-тай хамт явж байсан бааранд надтай хэл ам хийгээд байсан хар цамцтай залуу нь миний нүүрэн тус газар эрүүний хавьд 2 удаа шанаадсан. Тэгэхэд нь би газар унасан. Намайг газар унахад тухайн залуу миний нүүрэн тус газар 3-4 удаа өшиглөсөн. Хөл рүү 2 удаа өшиглөж байсан ...” гэсэн мэдүүлэг /хх 15-16/,

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11891 дугаартай:

“...Э.С-ийн биед хамар ясны хугарал, доод уруулд шарх, баруун шагайн үенд зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, баруун чих, зүүн доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 21-22/,

3. Камерын бичлэгт үзлэг хийсэн:

“...Бичлэгийг 04:19:45 секундэд автобусны буудал дээр хар өнгийн хүрэм, хар өмдтэй эрэгтэйг хар хүрэм, хар өнгийн цагаан судалтай өмдтэй эрэгтэй баруун гараараа түүний нүүрэн тус газрын зүүн хэсэгт цохиж биед нь халдаж байгаа харагдана. 04:19:45 секундэд хар өнгийн хүрэм, хар өмдтэй эрэгтэйг унахад хар хүрэм, хар цагаан судалтай өмдтэй эрэгтэй газар унасан эрэгтэйг зүүн хөлөөрөө өшиглөж байгаа дүрс харагдана...” гэсэн тэмдэглэл /хх 7-13/,

3. шүүгдэгч Д.Б-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Л /L/ нэртэй бааранд ажил дээрээ байж байгаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Тэгтэл манай бааранд хүмүүс маргаан үүсгээд байхаар нь тэр маргааныг зохицуулж байхдаа үл таних Э гээд залуутай танилцаад өөрийнхөө ширээнд суулгаад байж байтал гаднаас Э-ийн найз гэх залуу орж ирээд бид хоёрын сууж байсан ширээнд нэмэгдэж суугаад байж байтал манай зөөгч С иртэл гаднаас орж ирсэн залуу танай зөөгчийг танина гэж хэлээд тэр залуу манай баарнаас гараад явчихсан юм. Тэгээд үргэлжлүүлж сууж байгаад баар хаах цаг болоод баараа хаагаад гарахад тухайн манай зөөгчийг танина гэж маргалдаад байсан залуу манай баарны үүдэнд зогсож байсан бөгөөд намайг үгээр идээд болохгүй байхаар нь тэр залууг цохиж унагаад нүүрэн тус газарт нь 2-3 удаа өшиглөөд салчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 41-44/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Д.Б нь хохирогч Э.С-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан. 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Бд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 3 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Л” нэртэй баарны орчим хохирогч Э.С-тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон, өшиглөн эрүүл мэндэд нь хамар ясны хугарал доод уруулд шарх, баруун шагайн үенд зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, баруун чих, зүүн доод зовхинд цулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Э.С-ийн мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар  сарын 14-ний өдрийн 11891 дугаартай шинжээчийн дүгнэлт,  

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Д.Бий дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.С-ийн биед хөнгөн хохирол учирсан байх ба гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал, бусад гэм хорын зардалд 420.000 төгрөгийг төлсөн гэж мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг болон хохирогчийн “гомдол, саналгүй” гэсэн хүсэлт зэргийг үндэслэн шүүгдэгч Д.Бийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Д.Б-ий хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.     

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005000001623 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.12, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: