Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 983

 

 

 

 

 

 

 

   2020          12              02                                       2020/ШЦТ/983

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Д.Үүлэн,

шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:               

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П-ийн Бт холбогдох эрүүгийн ___ дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “___/, Б овогт П-ийн Б.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч П.Б нь 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэхий плаза” төвийн урд байрлах үсчиний газарт “хүүхдийн үс өм авлаа” гэх шалтгаанаар Т.Г-тай маргалдан улмаар түүний биед халдан түлхэж унаган эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

Хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

хохирогч Т.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 12 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэхий плаза” төвийн урд байдаг үсчинд ажил дээрээ байж байтал гаднаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хүүхдийн хамт орж ирсэн. Хүүхэд нь үсээ засуулаад дуустал нөгөө залуу /Б/ миний хажууд байсан үсчин Б-гаар үсээ засуулах гээд нөмрөг нөмрөөд сандал дээр суусан. Би тэр залуугаас “хүүхдийн чинь үс болсон байна уу” гэж асуутал “чи хүүхдийн үс эвдсэн байна” гэж хэлээд над руу уурлаж орилсон. Гэтэл Б- “ахаа та стресстэй уурлаад байвал би таны үсийг засаж чадахгүй” гэж хэлтэл Б ”үйлчлүүлэгч хаан биз дээ” гэж хэлээд уурласан. Тэгээд Б- руу дайрахаар нь би “та ингэж болохгүй” гэж хэлтэл над руу дайраад “чи яасан олон үгтэй юм бэ” гэж хэлээд миний зүүн гарыг мушгиад гаранд байсан эрх, бугуйн цагийг газарт унагаасан. Энэ үед манай хажуу талын үсчин цагдаа дуудах гээд гарчихаад “цагдаа байхгүй байна” гээд буцаад ороод ирсэн. Гэтэл нөгөө залуу над руу уурлаад намайг 2-3 удаа түлхсэн, би тухайн үед тархиараа савж унасан. Тэгээд хүмүүс намайг босгож байтал заамдаад “би чиний түнхийг мултлаад шоронд суухад надад хорогдох зүйл байхгүй” гэж хэлсэн ба намайг хэл амаар доромжлоод байсан. Би тухайн үед бичлэг хийх гэтэл миний гар утсыг булааж аваад газарт 2-3 удаа шидэж дэвсэх гэж байтал цагдаа орж ирсэн. Миний Самсунг Эс-6 эдже /Samsung S-6 edge/ маркийн  гар утасны арын хэсэг хагарсан байсан. Би гар утсаа нэг жилийн өмнө монтелоос 350.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би утасны дэлгэцийн 100.000 төгрөг, эмчилгээ хийлгэсэн 250.000 төгрөг, нийт 350.000 төгрөг нэхэмжилж байна, гомдолтой ...” гэх мэдүүлэг /хх-ийн 1824-29-рт/,

 

гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 12 цагийн орчимд эхнэр, нөхөр хоёр хүүхэдтэйгээ гурвуулаа орж ирээд хүүхэд нь Г- эгчээр үсээ засуулсан. Хүүхдийнхээ үсийг засуулж байх үед аав нь надаар үсээ засуулах гээд суусан. Гэтэл Г- эгч хүүхдийнх нь үсийг засаж байгаад үс нь “болсон байна уу” гэж асуутал “ухаад өм авчихсан байна, ингэж үс засахгүй” гэж хэлээд уурлахаар нь би “өм авсан зүйл байхгүй байна” гэж хэлтэл тэр ах “та нар хямдхан засдаг болохоор ингэж засаад байна уу” гэж хэлээд Г- эгч рүү дайрсан. Тэгээд Г- эгчийн гарыг өчихөд гаранд нь байсан эрх тасарсан. Тэр ах Г-г түлхэж унагаасан. Тэгэхээр нь би цагдаа дуудах гээд гартал цагдаа байгаагүй тул буцаад ортол тэр ах Г- эгчийг газар суулгачихсан гарыг нь өччихсөн, Г- эгчийн гар утас газар унасан байсан. Тэгэхээр нь би “болиоч” гэж хэлтэл нөгөө ах /Б/ “чамайг бас ална шүү” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-рт/,

 

гэрч О.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Тухайн өдөр цаг хэд болж байсныг санахгүй байна. Би Цагдаагийн хэсгийн байрны гадаа зогсож байтал нэг эмэгтэй ирээд “үсчинд хүн танхайраад манай үсчинг зодоод байна” гэж хэлсэн. Тэгээд үсчиний газар руу яваад ортол нэг залуу үсчин эмэгтэйтэй хэрэлдээд зогсож байсан. Би хэрүүл маргааныг болиулаад Цагдаагийн хэлтэс рүү аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-рт/,

 

гэрч Э.Чимгээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Манай нөхөр Б бид хоёр хүүхдүүдийн хамт “Оюу” нэртэй үсчинд ороод том хүүхдийнхээ үсийг засуулах гээд үсчиний сандал дээр суулгатал үсчин эмэгтэй “ямар аймаар ургасан юм бэ” гэж хэлээд манай хүүхдийн үсийг зассан. Тэгээд “болсон байна уу” гэж асуухад манай нөхөр Б “үс нь өөтэй байна” гэж хэлтэл нөгөө үсчин эмэгтэй “хаана нь өөтэй байгаа юм” гээд хайчаа бариад чичлээд байсан. Тэгэхээр нь манай нөхөр “чи яагаад уурлаад байгаа юм” гэж хэлтэл тэр үсчин “та нар байтугай Улсын их хурлын гишүүний үсийг засаж байсан юм” гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр үсээ засуулах гээд сандал дээр суучихаад гэнэт уурлаж босч ирээд үсчин эмэгтэйтэй маргалдсан. Гэтэл үсчин эмэгтэй манай нөхрийн нүүрийг маажсан. Тэгэхээр нь манай нөхөр гарнаас нь барьтал “ёо, ёо” гэж хэлээд дахиад манай нөхөр рүү дайрсан. Үсчин эмэгтэй манай нөхрийг маажихад нь Б тэр эмэгтэйг түлхэж унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн ___ дугаартай дүгнэлтэд:

1. Т.Г-гийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 43-44-рт/ гэжээ.

 

Хохирлын баримтууд /хх-ийн 30-рт/,

“Натур” эмнэлгийн компьютер томографийн оношилгоо /хх-ийн 45-рт/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76-рт/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Б нь 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Нэхий плаза” төвийн урд байрлах үсчиний газарт Т.Г-тай маргалдан улмаар түүний биед халдан түлхэж унаган эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч П.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч Т.Г-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

  Шүүгдэгч П.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Г-д 172.000 төгрөгийн хохирол төлсөн талаарх баримтыг шинээр гаргаж өгсөн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч Т.Г- нийт 250.000 төгрөг нэхэмжилэн мэдүүлсэн байх боловч хавтаст хэрэгт нийт 171.050 төгрөгийн баримтаас өөр баримт хэрэгт хавсаргаагүй байх тул хохирогч Т.Г- нь энэхүү гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч П.Баас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч П.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг мөн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж, хохирол хор уршгийн хэр хэмжээ болон түүний хувийн байдлыг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Б овогт П-ийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч П.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар П.Бт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч П.Б нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч П.Баас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бт авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ