Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 995

 

 

 

 

 

 

 

 

    2020        12           04                                      2020/ШЦТ/995

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бөхбаяр хөтлөн

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч Л.Т

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Л.Т д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005000001578 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны .... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга засварын ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт 00000 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Л.Т  /РД:аа00000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л.Т нь 2020 оны 9 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ааа” нэртэй караокены ойролцоо хохирогч Л.Б ийн биед халдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Т мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөвөөр мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

 

Шүүгдэгч Л.Т нь 2020 оны 9 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Музикл” нэртэй караокены ойролцоо хохирогч Л.Б ийн биед халдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Л.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 25-наас 26-ныг шилжих шөнө найз Г ийн лоунжид очиж Д.С , С.С.М  бид нар уулзаад 1 шил пиво уусан. Тэгээд уг лоунж хааж байна гээд гарсан. Тэгэхэд Г ийн найзын эхнэр гэх эмэгтэй пиво барьчихсан ирээд суусан. С.М  уг эмэгтэйтэй нөхөр чинь хаана байгаа юм гээд ярьж байгаад уг эмэгтэйг манай найзтай танилц гэхэд уг эмэгтэй над руу муухай харж байгаад над руу амандаа байсан пиво цацсан. ...тэгээд би газар унаад босох гэж байхад уг эмэгтэйн нөхөр нь ирээд миний толгой хэсэгт цохисон. Би газар ухаан алдаад уначихсан. ...Г ийн найз Л.Т гэх залуу намайг цохиход би ухаан алдаж газар унасан. ...гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулах хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 6-8 дугаар хуудас/,

 

 Гэрч Э.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө би нөхөр Л.Т найз нартай нь хамт найз Г ийн лоунжид ороод 1 шил 0,75 литрийн архи хүний нэг пиво уусан. ...Номин дэлгүүрийн ард явж байгаад дахин уг хоёр эмэгтэйтэй маргасан. Тэгээд уг хоёр эмэгтэйтэй бид 3 үсдэлцэж зууралдаад аль нь гэдгийг нь мэдэхгүй байна нэг нь миний баруун шанаа хэсгээс хазсан. Тэгээд нэг харахад манай нөхөр ирээд туранхай эмэгтэйг нь толгой хэсэгт нь алгадаад түлхсэн. Тэгэхэд уг эмэгтэй нь саваад газар унасан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 14 дүгээр хуудас/,

 

Гэрч Г.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Л.Тг таксинд суулгах гээд явж байсан, тэгэхэд Л.Б  Түвшингийн араас нь дуудаад Түвшин, Л.Б  хоёр маргалдаад үсдэлцээд зууралдсан. Тэгээд манай эхнэр салгах гээд голоор нь орсон, би боль гээд очсон. Тэгэхэд Солонго гэх эмэгтэй нь хажуунаас нь орилоод зулгаалцаад байсан. Л.Т намайг хаяад түрүүлээд гүйгээд очсон. Би яваад очиход Л.Б  газар унасан байсан. Тэгээд цагдаа нар ирээд Л.Тг машиндаа суулгасан. Тэгээд Л.Б  босч ирсэн. Би та нар архи ууж чадахгүй гээд би Л.Т дээр очиход “Л.Б ийг цохисон” гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-21 дүгээр хуудас/,

 

Гэрч Х.М ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө манай ажил дээр Л.Б , Солонго нар ирсэн. ...Л.Б , Түвшин хоёр хэрэлдээд нэг нэгнээ үсдэлцээд байсан. Тэгээд Солонго бид хоёр салгаад нөхөр нь цаанаас ирсэн байсан. Намайг харахад Л.Б  газар унасан байсан. Тэгээд сэр гээд сэргээсэн. Юу болсон гэхэд Л.Тг цохисон гэсэн....” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23 дугаар хуудас/,

 

Гэрч Д.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө манай ажил дээр Л.Б тэй хамт танилын караокед орсон. ...С.М  найз эмэгтэйтэйгээ танилцуулна гэхэд уг эмэгтэй нь Л.Б  рүү амандаа байсан пиво цацсан. ... Г  боль гээд болиулаад салсан. ...Цаанаас уг эмэгтэйн нөхөр нь ирээд миний уруул хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд Л.Б ийг цохиход Л.Б  газар ухаан алдаад унасан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 24-26 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11066 дугаартай шинжээчийн

“1. Л.Б ийн биед тархи доргилт, зүүн ташаа, шилбэний цус хуралт, зүүн шагайн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 32-33 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тархи доргилт, зүүн ташаа, шилбэний цус хуралт, зүүн шагайн зулгарал гэмтлүүдээс тархи доргилт гэмтэл  дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Тархи доргилт болон бусад гэмтэл нь цохих зодох үйлчлэлээр үүснэ. Үсдэх үед үүсэх боломжгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 39 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Л.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө найз Г ийн лоунжид эхнэр Түвшин найз Нямбаатар, Хасаа нартай хамт очоод хүний нэг нэг пиво, 1 шил 0,75 литрийн архи хувааж уусан. ...Г , Мөөгий танихгүй хоёр эмэгтэй байсан. Уг танихгүй хоёр эмэгтэйтэй Түвшин пиво уучихаад маргалдаад зогсож байсан. Махлаг эмэгтэй нь манай эхнэрийн хажууд байхдаа хоорондоо пиво цацалцаад байсан. Би эхнэрээ салгаж аваад зам гараад Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Номин дэлгүүрээс хойшоо явж байсан. Тэгэхэд туранхай эмэгтэй нь эхнэрийн араас орилсон. Тэгэхэд эхнэр очоод уг махлаг туранхай хоёр эмэгтэйтэй үсдэлцээд зууралдаад манай эхнэр доор нь орсон байхаар нь би очоод туранхай эмэгтэйн толгой хэсэгт нь алгадаж түлхэхэд уг эмэгтэй саваад уначихсан. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 45-48 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 53 дугаар хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. 

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Л.Т нь хууль зүйн хувьд гэм буруугийн санаатай үйлдлээр хохирогч Л.Б ийн толгой тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

         Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Т нь хохирогч Л.Б ийн эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон цохиулснаас үүдэлтэй хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

        Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Л.Т нь хохирогч Л.Б ийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

       Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

        Шүүгдэгч Л.Т нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

 

        Тиймээс шүүгдэгч Л.Л.Тг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

 

Хохирлын талаар:

 

         Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан. 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.

         Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Б ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөгийн баримт /хэргийн 63 дугаар хуудас/, “Сорт Чоно” ХХК-ийн “Натур эмнэлэг”-т компьютер томографийн оношилгоо хийлгэсэн 120.000 төгрөгийн баримт /хэргийн 64 дүгээр хуудас/, эмчилгээнд 220.000 төгрөгийн баримт /хэргийн 67 дугаар хуудас/, нийт 348.000 төгрөгийн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Л.Тгөөс 348.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Б өд олгож шийдвэрлэв.

 

Харин хохирогч гэрээр эмчилгээ хийлгэсэн гэх бөгөөд хавтаст хэрэгт уг эмчилгээтэй холбоотой баримт авагдаагүй байх тул хохирогч Л.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Л.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Л.Тгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Тг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Л.Тд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

 

  1. Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.Т баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л.Т г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тг 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л.Тд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Тгөөс 348.000 /гурван зуун дөчин найман мянга/ төгрөг гаргуулж хохирогч Л.Б өд олгосугай.

 

  1. Хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой гарсан зардал болон цаашид гарах зардлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай

 

  1. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн

зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.Т баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4

дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО