Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2020/0832/З |
Дугаар | 221/МА2022/0476 |
Огноо | 2022-07-06 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2022/0476
“Б” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч З.М 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01-06-079/126 дугаар хурц хордлогын дүгнэлтийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 327 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б
Гуравдагч этгээд Ш.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул
Хэргийн индекс: 128/2020/0832/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б” ТӨХК-иас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч З.М-д холбогдуулан “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч З.М-ын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01-06-079/126 дугаар хурц хордлогын дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 327 шийдвэрээр: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10, 29 дүгээр зүйлийн 29.4.2, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т тус тус заасныг баримтлан “Б” ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Анхан шатны шүүх “superkill, likon нэршилтэй химийн бодисууд нь ямар орц, найрлагатай, мөн бодисууд нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар хамтарсан тушаалаар баталсан Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамаарах эсэхээс үл хамаарч химийн бодис гэдэг нь тодорхой бөгөөд уг бодисын үйлчлэлийн улмаас гуравдагч этгээд нь ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа хордсон болох нь Цэргийн төв эмнэлгийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 325 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Ш.Э-ийн өвчний түүх, мөн эмнэлгийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 225 тоот албан бичгээр ирүүлсэн өвчтөний оношны талаар лавлагаа зэргээр нотлогдож байх тул дээрх үндэслэлээр дүгнэлт бичсэн хариуцагчийн дүгнэлт хуульд нийцжээ” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3.2. Дээрх дүгнэлтээс үзэхэд анхан шатны шүүх аливаа төрлийн химийн бодисоос их бага хэмжээгээр хордсон л бол уг хордлогыг хурц хордлого гэж үзэхээр тайлбарлан үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01-06-079/126 дугаар дүгнэлт нь хуульд нийцсэн эсэхийг шалган тодруулахын тулд “хурц хордлого” гэж юуг ойлгох, хурц хордлого нь юунаас буюу ямар төрлийн химийн бодисын нөлөөллөөр үүсдэгийг заавал тогтоох шаардлагатай, гэвч анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоож, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.
3.3. Тодруулбал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-т “хурц хордлого гэж цацраг болон биологийн идэвхт бодис, химийн хорт бодисын нөлөөгөөр хурц, цочмог хэлбэрээр богино хугацаанд хордохыг” ойлгохоор заасан. Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “химийн хорт бодис гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөөл үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг” хэлнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Химийн хорт болон аюултай бодисын ангиллыг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэж заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар “Химийн хорт болон аюултай бодисын ангилал батлах тухай” хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-ыг баталсан. Гуравдагч этгээдийн хурц хордсон гэх суперкилл, ликон нэршилтэй ариутгалын бодисуудад орсон химийн нэгдэл нь дээрх тушаалаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д орсон эсэхийг мэргэжлийн байгууллагаар заавал тогтоолгох шаардлагатай.
3.4. Нөгөөтэйгүүр гуравдагч этгээд нь Цэргийн төв эмнэлэгт 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 27-ны өдрийн хооронд “Острое ингаляционное химическое отравление”, “Токсическое действие детергентов” гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн боловч энэ нь хурц хордлого мөн эсэхийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоолгох ёстой.
3.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д “хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, гэрчийг дуудаж мэдүүлэг авах, шинжээч, орчуулагч, хэлмэрч томилох болон шаардлагатай бусад ажиллагаа явуулах” гэж заасан шүүхийн болон шүүгчийн хийж гүйцэтгэх ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг хийгээгүй, нотлох баримт бүрдүүлэхээр гаргасан хариуцагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлээгүйн улмаас хэрэгт зайлшгүй авагдах, хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий баримт хэрэгт байхгүй тул анхан шатны шүүх хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадалгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нь гомдолтой байна.
3.6. Мөн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.14-д заасныг удирдлага болгон тогтоох хэсгийн 1 дэх заалтад “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж заасан нь процессын хууль хэрэглээний хувьд алдаатай байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.14-д “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж заасан байдаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн агуулга, хэрэглээ, гарах үр дагаврын хувьд ялгаатай юм.
3.7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “Б” ТӨХК-иас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч З.М-д холбогдуулан “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч З.М-ын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Хурц хордлогын тухай” 01-06-079/126 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
2.2 Маргаан бүхий Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч З.М-ын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Хурц хордлогын тухай” 01-06-079/126 дугаар дүгнэлтээр гуравдагч этгээд Ш.Э-г Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.1 дэх заалтын үндэслэн комиссын шийдвэр гаргах үндэслэлтэй гэжээ.
2.3. Анхан шатны шүүх “...Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамаарах эсэхээс үл хамаарч химийн бодис гэдэг нь тодорхой бөгөөд уг бодисын үйлчлэлийн улмаас гуравдагч этгээд нь ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа хордсон болох нь... нотлогдож байх тул дээрх үндэслэлээр дүгнэлт бичсэн хариуцагчийн дүгнэлт хуульд нийцжээ...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
2.4. Учир нь гомдолд дурдсанчлан зөвхөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д орсон бодистой харьцаж хордсон бол хурц хордлогод орсон, өөр бусад бодистой харьцаж хордлогод орсон тохиолдолд хурц хордлогод тооцохгүй гэж шууд дүгнэх боломжгүй.
2.5. Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт авагдсан Цэргийн төв эмнэлгийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 225 дугаар албан бичиг болон түүний хавсралтаар ирүүлсэн гуравдагч этгээдийн өвчний түүх зэргээс үзэхэд гуравдагч этгээд Ш.Э нь тус эмнэлэгт “амьсгалын замаар нэвтэрсэн химийн бодисын хурц хордлого” гэсэн оноштойгоор 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийг хүртэл эмчлүүлсэн болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд тухайн “superkill, likon” гэх бодисууд нь дээрх жагсаалтад орсон эсэхийг мэргэжлийн байгууллагаар зайлшгүй тогтоолгох шаардлагагүй.
2.6. Мөн гуравдагч этгээд хурц хордлогод орж хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн болох нь нэгэнт тогтоогдож байхад ямар төрлийн химийн бодисын нөлөөллөөр “хурц хордлого” үүсдэгийг тогтоох нь ач холбогдолгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
2.7. Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 327 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН