Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жуумаагийн Кульдана |
Хэргийн индекс | 101/2017/00001/И |
Дугаар | 365 |
Огноо | 2017-01-31 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 365
2017 оны 01 сарын 31 өдөр | Дугаар 102/ШШ2017/00365 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо 16 дугаар хороолол 9 дүгээр байр 24 тоотод оршин суух, 1970 онд төрсөн 47 настай, Хөхнүүд овогт Санжаагийн Дэлгэрмаа /РД:ХЕ70060882/
Хариуцагч: Баянгол дүүрэг 4 дүгээр хороо 105 дугаар байр 151 тоотод оршин суух, 1982 онд төрсөн 35 настай, Сэцэн чин ван овогт Цэрэнгийн Батбаатар /РД:АИ82103032/
800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Дэлгэрмаа, хариуцагч Ц.Батбаатар, гэрч Д.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алдармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Дэлгэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 08 дугаар сарын 10-нд дэлгүүр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу Ц.Батбаатартай уулзаж түрээсийн гэрээ байгуулсан.1 сарын түрээсийн төлбөрийг 800.000 төгрөгөөр тохиролцож, эхний сарын түрээсийн төлбөр 800.000 төгрөг, барьцаа 800.000 төгрөг нийт 1.600.000 төгрөгийг өгсөн. Дэлгүүрийн архины зөвшөөрөл 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гарсан. Дэлгүүр орлогогүй ажиллаж байсан тул түүнд болъё гэхэд та байж бай, хоногоо тоолж эхлээгүй байгаа гэдэг байсан. Дэлгүүр ашиггүй ажиллаж байсан тул 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би түрээслэхээ больж бараагаа авч гарсан. Иймд барьцаанд өгсөн 800.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаанд бид 400.000 төгрөгийг төлөхөөр тохирч эвлэрье гэсэн боловч телевизорын төхөөрөмжийн үнэ 120.000 төгрөгийг өгөхгүй гэсэн тул эвлэрэхгүй. Харин шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзаж байна. Энэ асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, гомдол гаргахгүй, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөр улсын орлого болдог гэдгийг ойлголоо гэв.
Хариуцагч Ц.Батбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр С.Дэлгэрмаатай дэлгүүр түрээслэх түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээг эхний сард 800.000 төгрөг, архины зөвшөөрөл гарсны дараа 1.000.000 төгрөгөөр түрээслэх гэрээ хийнэ гэхэд нэхэмжлэгч үгүй гэрээг шууд 1 жилээр хийнэ, гэрээнд өөрчлөлт оруулахгүй гээд 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Архины зөвшөөрөл 11 дүгээр сарын 10-нд гарсан. Дэлгүүрээ өдөр бүр онгойлгож ажиллуулж байсан. Дэлгүүр ашигтай ашиггүй ажиллах нь барааны төрлөөс шалтгаална. Надад болъё энэ тэр гэж хэлж байгаагүй. Өөрсдөө зарын дагуу ирж гэрээ 1 жилийн хугацаатай байгуулна гэж хэлээд байгуулсан. Түрээсийн төлбөрт эхний сар 800.000 төгрөг төлж, барьцаа 800.000 төгрөг өгсөн. Дэлгүүрийг 2016 оны 12 дугаар сарын 06-ныг хүртэл ажиллуулаад больлоо гээд гарсан. 4 сар ажиллуулаад ганцхан сарын түрээсийн төлбөр төлсөн. Бусад сарын түрээсийн төлбөрийг төлөлгүй гарсан тул барьцаа 800.000 төгрөгийг өгөхгүй. Надаас авч явсан дэлгүүрийн тавилгын нэг хэсгийг өгвөл 400.000 төгрөгийг өгч болох юм. Нэхэмжлэгч энэ саналыг зөвшөөрөхгүй гэсэн тул эвлэрэхгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, нэхэмжлэгчийн хүсэлтийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Дэлгэрмаа нь хариуцагч Ц.Батбаатарт холбогдуулан барьцааны 800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Батбаатарт холбогдуулан гаргасан барьцаа 800.000 төгрөг гаргуулах тухай шаардлагаас бүрэн хэмжээгээр татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзсанг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.Дэлгэрмаа нь хариуцагч Ц.Батбаатарт холбогдуулж барьцааны 800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.750 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА