Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 982

 

 

 

 

 

 

    2020         12             02                                       2020/ШЦТ/982

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч А.Марал,

хохирогч Б.М,

шүүгдэгч Г.Б оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

   Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Г-ын Бд холбогдох эрүүгийн ___ дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “___/, И овогт Г-ын Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны 7 дугаар орц, 97 тоотоос хохирогч Б.Мийн эзэмшлийн “Айфоне 11 про макс” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй   ...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.М мэдүүлэхдээ:

“...Би 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр найз А-гийн гэрт очиж найзуудтайгаа хамт А-гийн гэрт хоносон. Би Быг сайн танихгүй, Быг А-гийн гэрт хэн дуудсан бэ гэдгийг мэдэхгүй байна. А- бид хоёр найзууд. Тухайн өдөр бид нар А-гийн гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би гар утсаа унтлагын өрөөнд цэнэглэж үлдээчихээд унтсан. Гэтэл маргааш өглөө нь миний гар утас байхгүй байсан. Тухайн үед Б, Ү, Б нар А-гийн гэрээс явчихсан байсан болохоор тэр гурвын хэн нэг нь миний  утсыг авсан байх гэж бодсон. Би өөрийн гар утас руугаа залгахад холбогдож байсан. А- бид хоёр Б, Ү, Б нарын байгаа газарт нь очсон. Б бид нараас салж яваад удалгүй 1 цагийн дараа миний гар утас холбогдохгүй болсон. Би хохирлоо барагдуулж авмаар байна. Миний гар утсыг үнэлгээний байгууллага 3.300.000 төгрөгөөр үнэлсэн. Би гар утсаа 4.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Гэхдээ Баас 3.300.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

 

Хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

хохирогч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө найз А-тай утсаар ярьж холбогдоод ойрын үед уулзаагүй байсан тул уулзахаар болоод Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 42 дугаар байрны 07 дугаар орцны 1 дүгээр давхарт байрлах гэрт нь ирэхэд А-гийн найзууд болох Ү, Б, Б, У нар байсан ба бид А-гийн гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад би 21 цагийн үед өөрийн “Айфоне 11 Про макс” маркийн гар утсаа унтлагын өрөөнд нь цэнэглэж орхиод унтаж байгаад 22 цаг өнгөрч байхад сэрсэн. Гэтэл миний гар утас байгаагүй ба цэнэглэгч, чихэвч хоёр л үлдсэн байсан. Тухайн үед хамт архи ууж байсан Б, Б, Ү гурав явчихсан байсан. С-, У хоёр нь согтоод уначихсан байсан. Тэгээд би С-гийн гэрээс явсан. Б, Ү, Б нар руу залгахад тэд Хүнсний нэгт байна гэхээр нь С-, У бид гурав такси бариад очиж уулзсан. Гэтэл миний утсыг авсан хүн байхгүй гээд байхаар нь С-гийн гэрт буцаж ирээд гар утсаа хайсан. Би А-гийн утсаар өөрийн утас руу залгахад холбогдож байсан.  Тэгээд 2020 оны 03  дугаар сарын 26-ны өдрийн 15 цагийн үед холбогдохоо больсон... Б манай найз Б рүү фэйсбүүк чатаар айсан байдалтай залгаж цагдаатай уулзсан уу гэж асуусан байсан ба цагдаагийн газраас ирж мэдүүлэг өг гэхэд ирэхгүй алга болсон... Миний бие нь Быг сайн танихгүй. Ямар нэгэн байдлаар Быг дээрэлхсэн, муудалцсан асуудал байхгүй. Өмнө нь ч Бтай ямар нэгэн байдлаар муудалцаж байгаагүй. Надад 3.300.000 төгрөгийн хохирол учирсан. Би хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-17-рт/,  

 

гэрч А.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө манай найзууд болох М, У, Б, Ү, Б нартай хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 42 дугаар байрны 07 дугаар орц 47 тоотод байрлах манай гэрт уулзаад 4-5 шил архи хувааж уугаад 21 цагийн үед М, У хоёр том өрөөнд унтчихсан, би жижиг өрөөндөө унтаж байгаад 23 цагийн үед сэрэхэд Б /Б/, Б Ү гурав гараад явчихсан байсан. Харин М миний гар утас байхгүй байна гээд өөрийн утас руу миний утсаар залгахад утас нь холбогдож байсан. Бид гурав гэрт байгаа байх гэж бодоод гэртээ хайж үзээд олдохгүй болохоор нь Б /Б/, Б, Ү нартай холбогдоход хүнсний нэгд нэг пабд байна гэж хэлэхээр нь бид араас нь очиж Мийн гар утас алга болсон байна гэж хэлэхэд тэд сайн мэдэхгүй гээд байсан. Тухайн үед Б /Б/, Ү, Б нарын биед үзлэг хийгээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21- 22-рт/,

 

гэрч Э.Үын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Б над руу залгаад би айлд байна хүрч ирээд намайг авчих гэхээр нь би 42 дугаар байрны 07 дугаар орцны 1 дүгээр давхарт байрлах шатны талын айл руу ороход Б, А-, У, М нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байж байсан. Тэгээд гэрт нь ороод гар утсаа цэнэглэж байгаад эдгээр залуустай танилцсан... Би жижиг өрөөнд нь утсаа оролдоод байж байтал М ирээд архи өгөхөөр нь уусан. Тэгээд хүмүүс бужигналдаад байхаар нь би гарч яваад найз нартайгаа уулзаад хөзөр тоглож байгаад 22 цагийн үед буцаад Бын байсан газарт очоод хаалгыг нь цохиход А- хаалга тайлсан. Тэгээд гарт нь ороход М, У гурав байж байсан ба У ариун цэврийн өрөөнд байсан. Харин М том өрөөний буйдан дээр унтаж байсан. Тэгээд Батбаяр  гэх залуу руу залгаад Б хаана байгаа талаар асуухад “Тэнгис” кино театрын ойролцоо пабд сууж байгаа гэхээр нь би такси бариад тухайн пабд очиход Б, Б хоёр сууж байхаар нь хамт сууж байтал А- залгаад гар утас алга болчихлоо байгаа газраа байж байгаарай, бид гурав яваад очъё гэж хэлэхээр нь хүлээж байгаад уулзсан. Тэгээд бид ярилцаж байгаад А-гийн гэрт очиж юм ярьж байгаад унтаад маргааш нь ажил руугаа явсан. Б архи ууж байхдаа мөнгө муутай байснаа пабд уулзахад мөнгөнд С- зоволтгүй, би чамайг дайлна, Бд мөнгө байгаа гэж хэлсэн. Тэгээд маргааш нь гар утас худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-рт/,

 

гэрч Д.Бий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 6 цагийн үед ажил дээрээ байхад Амар гэдэг найз маань Төмөр замын Цагдаагийн газрын ойролцоо Мтэй хамт байна, хүрээд ир гээд дуудахаар нь би такси бариад очтол Амар намайг тосч аваад 42 дугаар байранд ороход Батбаяр /Баярух/, М, А- Б, Батпүрэв нар байсан. Тэгээд бид архи, согтууруулах ундааны зүйлийг 22 цаг хүртэл хэрэглэж байгаад би хүмүүстэй маргаан үүсэх гээд байсан болохоор Бтай хамт гэртээ харьж унтсан. Тэгээд “Тэнгис” кино театрын хажууд байрлах пабд сууж байтал А-, М, У нар ирээд Мийн гар утас алга болсон байна гээд А-гийн гэрт буцаж очоод маргааш өглөө нь бид салаад явсан. 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр архи уусан хүмүүс гэвэл А-, М, Ү, У, Б нар байсан ба Ү, Б хоёртой бид хэд танилцаад хоёр хонож байсан. А-, У, М бид дөрөв танилцаж найзлаад таван жил болж байгаа бөгөөд бид хааяа уулзаж архи, дарс хэрэглэдэг байсан ч дундаасаа эд зүйлээ алдаж байсан зүйл байгаагүй. Би бодохдоо Б авсан байх магадлалтай гэж бодож байна. Б айсан түгшсэн байдалтай над руу фэйсбүүк чатаар залгаад юу болж байна, цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн үү гээд өдөр болгон залгаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-32-рт/,

 

“Ашид Б” ХХК-ийн үнэлгээний тайланд:  “Ай фоне 11 про макс” /Iphone 11 Pro Max 64gb/ маркийн гар утсыг 3.300.000 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 43-45-рт/ гэжээ,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 57-59-рт/,

шүүгдэгч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө найз Мийн эзэмшилийн хар өнгийн “Айфоне 11 про макс” маркийн гар утсыг А-гийн гэрт байхад нь аваад явсан. Тэгээд гар утсыг нь Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн урд талын автобусны буудлын “Панасониктой” байрны хажууд байрлах гражуудын дунд байхдаа Мт уурласан уурандаа хананд савж эвдлээд граж дээгүүр шидсэн. Миний бие Мт өмнө нь чадуулж байсан бөгөөд тэр уурандаа утсыг нь авч яваад эвдэлчихсэн юм. Өөр ямар нэгэн шалтгаан байгаагүй. Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66-рт/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 63-рт/,

- Сургуулийн тодорхойлолт /хх-ийн 65-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны 7 дугаар орц, 97 тоотоос хохирогч Б.Мийн эзэмшлийн “Айфоне 11 про макс” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулж, хулгайлах  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1-д “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заажээ.

 

 “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Иймд шүүгдэгч Г.Б нь хохирогч Б.Мийн “Айфоне 11 про макс” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан нь “хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Б холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.Быг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хэргийн хохирогч Б.Мт 3.300.000 төгрөгийн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол хор уршигт тооцогдох юм.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мт 3.300.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд буюу  “Ай фоне 11 про макс” /Iphone 11 Pro Max 64gb/ маркийн гар утсыг 3.300.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-45-рт/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Г.Баас 3.300.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Мт олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимыг удирдлага болгож, шүүгдэгчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болон түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. И овогт Г-ын Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Бд 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Баас 3.300.000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөгөр гаргуулж, хохирогч Б.Мт олгосугай.

 

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ