Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 984

 

 

 

 

 

 

    2020         12              02                                        2020/ШЦТ/984

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Н-гийн Мт холбогдох эрүүгийн ____ дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ___/, Х овогт Н-гийн М.

 

Шүүгдэгч Н.М нь 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 11-12 цагийн орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соло Молл” худалдааны төвийн 5 давхарт цэвэрлэгээ, үйлчилгээ хийж байхдаа хүлээлгийн сандал дээр иргэн Б.А-ын эзэмшлийн “....” маркийн 1 ширхэг гар утас, бэлэн 160.000 төгрөг, банкны виза карт зэрэг эд зүйлстэй түрийвч болон нийт 404.400 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг гээж мартсаныг мэдсээр байж авч завшин багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Мийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгч Н.Мт холбогдох хэргийн яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх шүүгдэгч Н.Мт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Н.М нь 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 11-12 цагийн орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соло Молл” худалдааны төвийн 5 давхарт цэвэрлэгээ, үйлчилгээ хийж байхдаа хүлээлгийн сандал дээр иргэн Б.А-ын эзэмшлийн “....” маркийн 1 ширхэг гар утас, бэлэн 160.000 төгрөг, банкны виза карт зэрэг эд зүйлстэй түрийвч болон нийт 404.400 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг гээж мартсаныг мэдсээр байж авч завшин багаас дээш хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Б.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2020 оны 09 дүгээр сарын 7-ны өглөө 09 цагийн үед хорооллын эцэст байрлах “И-Март” худалдааны төвд байх “Залуучууд” нэртэй амралтын өрөө рүү ороод найзуудтайгаа хичээлээ хийсэн. Манай найз Д.О, Б.Д нар хамт байсан. Бид гурав хичээлээ хийж байгаад би харихаар болоод 11 цаг 20 минутын үед гараад хорооллын эцсийн хойд талын автобусны буудал дээр ирсэн. Тэгээд “И-Март” худалдааны төвийн гадна ангийнхаа М гэдэг хүүхэдтэй уулзаад хамтдаа “И-Март” худалдааны төвийн 5 давхар руу гараад баруун урд талын сандал дээр 4  орчим минут юм ярьж суусан. Тэгээд 12 цагийн үед хэтэвч, гар утас байхгүй байгаагаа мэдсэн. Сууж байсан сандал дээрээ гар утас болон хэтэвчээ үлдээсэн гэдгээ санаад сууж байсан сандал дээрээ очиж үзэхэд миний гар утас, хэтэвч байгаагүй. Миний алдсан гэх гар утас Oппо-А59 маркийн гар утас байсан ба тухайн гар утсыг манай ах надад бэлгэнд өгч байсан. Тухайн гар утсыг нэг жилийн өмнө 800.000 төрөгөөр авч байсан. Хэтэвч нь саарал өнгөтэй ба өнгөрсөн жил авч байсан. Гэхдээ хэдэн төгрөгөөр авч байсан гэдгээ мэдэхгүй байна. Дотор нь 165.000 төгрөг байсан. Би “И-Март” худалдааны төвд хэтэвч, гар утсаа мартахаасаа өмнө “ХААН банк”-ны АТМ-ээс найз Дгийн дансаар мөнгө хийлгүүлэн нийтдээ 200.000 төгрөгийн гүйлгээ хийсэн. Эхлээд 35.000 төргөг гаргаж юм авсан. Тэгээд дараа нь 165.000 төгрөг картнаас нь аваад хэтэвчиндээ хийсэн. Миний хэтэвчинд “ХААН банк”-ны виза карт, оюутны үнэмлэх, автобусны карт байсан... М нь миний гар утас болон хэтэвчинд байсан мөнгийг бэлнээр өгсөн ба үнэлгээний байгууллагаар үнэлэгдсэн эд зүйлийн мөнгийг надад төлж барагдуулсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-21-рт/,

 Гэрч Д.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...Би 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 11 цагийн үед Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хорооллын эцэст байдаг “И-Март” худалдааны төв рүү орсон. Тухайн газар манай найз А-, Д нар намайг хүлээж байсан ба бид тухайн газарт хичээлээ хийнэ гэж ярьсан байсан. Намайг очиход А-, Д нар  “И-Март” худалдааны төвийн 2 давхарт явж байсан. А- цүнхээ аваад гараад явсан. Д бид хоёр үлдээд хичээлээ хийсэн. А- 12 цаг болж байтал буцаад бид хоёр дээр буцаад хүрээд ирсэн. Тэгээд юм яриад сууж байгаад А- гар утас, хэтэвчээ алга болгосон гэж хэлсэн. Тэгээд бид 3 А-ын явсан газраар нь гар, утас хэтэвчийг нь хайсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-рт/,

 

Гэрч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 11 цагийн үед Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хорооллын эцэст байдаг “И-Март” худалдааны төв рүү орсон. Тэнд манай найз А- намайг хүлээгээд сууж байсан. Бид хоёр юм идэхээр болоод 2 давхар руу гарч байтал О зөрөөд ирж байсан. Тэгээд А- явахаар болоод юмаа аваад гарсан. Харин О бид хоёр хичээлээ хийгээд үлдсэн. А- 12 цаг болж байтал буцаад О бид хоёр дээр ирсэн. Бид 3 юм яриад сууж байтал А- гар утас, хэтэвчээ алга болгосон байна гэж хэлсэн. Тэгээд бид 3 А-ын явсан газраар нь гар, утас, хэтэвчийг нь хайсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-рт/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Оппа-А59 маркийн гар утсыг 225.000 төгрөгөөр, түрийвчийг 10.800 төгрөгөөр, ХААН банкны виза картыг 5.000 төгрөгөөр, автобусны картыг 3.600 төргөгөөр, нийт 244.400 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 29-30-рт/ гэжээ,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 7-14-рт/,

 

Шүүгдэгч Н.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... Би 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И-Март” худалдааны төвд цэвэрлэгчээр ажиллаж байсан. Ингээд 5 давхарт талбайн цэвэрлэгээ хийгээд явж байтал сандал дээр нэг гар утас, түрийвч байсан ба эргэн тойронд хүн байхгүй байхаар нь би тухайн түрийвч, гар утсыг авсан. Тэгээд авсан эд зүйлсээ 5 давхрын ариун цэврийн өрөөний угаалтуурын доод талд хийсэн. Намайг ариун цэврийн өрөөнөөс гараад гадаа цэвэрлэгээ хийж байтал нэг эмэгтэй ирээд гар утас, түрийвч харсан уу гэж асуухад нь хараагүй гэж хэлсэн. Би тухайн гар утсыг аваад гэр рүүгээ явсан. Би түрийвчинд нь байсан 160.000 төгрөгийг нь хэрэглэсэн. Харин хохирогчийн гар утсыг буцааж өгсөн. Би хохирогчид хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-рт/,

 

Шүүгдэгч  хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-рт/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 47-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46-рт/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Н.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг яллагдагч Н.Мт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Н.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч Б.А-ын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 17-21-рт/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Н.Мийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Х овогт Н-гийн Мийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Мт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.Мт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.М нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг  1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.    

 

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хадгалсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 
                             ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ