Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 988

 

 

 

 

 

 

 

 

    2020        12           03                                      2020/ШЦТ/988

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч Д.З , түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Д.З д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2003000000402 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний инженер мэргэжилтэй, “аааа” ХХК-д худалдагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт 0000 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Д.З  /РД:аа0000051/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.З  нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ард Аюушийн өргөн чөлөө, 3 дугаар эмнэлгийн баруун гарцны замд “Mitsubishi Colt” маркийн 00-000 АААулсын дугаартай бүрэн бус эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин явган зорчигч 70 настай Б.Б ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.З  мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөвөөр мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй:” гэв.

 

Шүүгдэгч Д.З  нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ард Аюушийн өргөн чөлөө, 3 дугаар эмнэлгийн баруун гарцны замд “Mitsubishi Colt” маркийн 00-000 АААулсын дугаартай бүрэн бус эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин явган зорчигч 70 настай Б.Б ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн “...Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Ард аюушийн өргөн чөлөө, 3 дугаар эмнэлгийн баруун талд байх бөгөөд ...Осол хэрэг болсон гэх газарт очиход явган зорчигчийг мөргөсөн гэх Мицубиши колт маркийн 00-000 АААулсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч явган зорчигчийг гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн ...” гэсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-7,9-10 дугаар хуудас/,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 8 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрээсээ гараад Саппоро ороод хүнтэй уулзчихаад буцаад гэрлүүгээ харих гээд Саппорогийн уулзвараар зүүн тийш явган хүний замаар явж байтал миний баруун талаас нэг машин ирээд мөргөөд би зүүн талаараа газар унасан. Жолооч нь бууж ирээд намайг зүгээр үү та гээд босгох гэтэл миний зүүн хөл эвгүй болохоор нь жолоочид намайг гэмтлийн эмнэлэгт хүргээд өгөөрэй миний хөл эвгүй болчихлоо гээд машинд нь өргүүлж суугаад эмнэлэг дээр ирсэн. ...Миний зүүн хөлийн шагай гэмтэж, шилбэнд цууралт үүссэн гэсэн. Өөр гэмтэл бэртэл байхгүй. Ямар нэгэн хууч өвчин байхгүй. ...Надад учирсан бүх хохирлын төлбөрийг төлсөн. Жолооч надад эмчилгээний зардал болох 3.000.000 төгрөг өгсөн. Цаашид уг жолоочоос нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11520 дугаартай шинжээчийн

“1. Б.Б ын биед зүүн шилбэний дотор, гадна хавчаар ясны хугарал, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал, зүүн тохой баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.  

4. Зүүн шилбэний дотор, гадна хавчаар ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 41-42 дугаар хуудас/,

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Баянголтехникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн “...Уг тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуйн тоормос, зүүн хойд зогсоолын тоормос, зүүн болон баруун гар талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна...” гэсэн дүгнэлт /хэргийн 48-53 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.З ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би тухайн үед машиныхаа зүүн урд хэсгээрээ явган хүний баруун тал хэсэг рүү мөргөөд зогссон. ...Бусдад учруулсан бүх хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 62 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.З ын жолоодох эрхийн лавлагаа /хэргийн 63 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 65 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 67 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 69 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 74 дүгээр хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хэргийн 80 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хэргийн 82 дугаар хуудас/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хэргийн 87 дугаар хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. 

 

      Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Д.З  нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ард Аюушийн өргөн чөлөө, 3 дугаар эмнэлгийн баруун гарцны замд “Mitsubishi Colt” маркийн 00-000 АААулсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 70 настай Б.Б ыг мөргөж, болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

         Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн...” гэх шинжийг, тухайн зам тээврийн ослын улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь мөн тухайн гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна. 

 

         Товчоор дүгнэвэл шүүгдэгч Д.З  нь замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг биелүүлээгүй, зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй зорчсоны улмаас тус осол гарч, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирчээ.  

 

         Гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь гэмт этгээд өөрийн үйлдэл буюу эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг ухамсарлан ойлгоогүй байдаг боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбож үзвэл тийм хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсанд оршдог. Шүүгдэгч Д.З  нь автомашин жолоодон явахдаа тухайн ослыг гарч болохыг мэдсэн ч хохирол хор уршигт зориуд хүргээгүй нь түүнийг гэмт хэрэг үйлдэхдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

         Шүүгдэгч Д.З  болон түүний өмгөөлөгч нар “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

 

        Тиймээс шүүгдэгч Д.З ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

 

Хохирлын талаар:

 

        Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, түүний 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “...миний бие нь жолооч Д.З аас эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг хүлээн авсан болно. Эмчилгээний зардлаа бүрэн хүлээн авсан тул цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болно. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүйгээ үүгээр мэдэгдэж байгаа тул миний оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсье” гэсэн гараар бичсэн хүсэлт /хэргийн 79 дүгээр хуудас/ байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.З  нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 144 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх санал нь эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Улсын яллагчаас шүүгдэгч Д.З д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Д.З  болон түүний өмгөөлөгч нар нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгч Д.З  нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.З ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.З д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Д.З ыг “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.З д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО