Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 997

 

 

 

 

 

 

    2020         12              04                                      2020/ШЦТ/997

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч А. Дүүрэнбилэг,

шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Н.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Э-ийн Год холбогдох эрүүгийн ____ дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэрэглээний математикч  мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ___/, Ц овогт Э-ийн Г.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Г нь үргэлжилсэн үйлдлээр жижиг дунд үйдвэрлэлийг дэмжих сангаас хүү багатай зээл авч өгнө хэмээн хуурч, бичиг баримт ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэн Т-ын дансыг ашиглан хохирогч Ү.Э-ээс Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 760.000 төгрөгийг дансаар, 1.200.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 980.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1.200.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 2 дугаар сард 150.000 төрөгийг бэлнээр залилан авч, түүнд нийт 4.290.000 төгрөгийн,

мөн жижиг дунд үйдвэрлэлийг дэмжих сангаас хүү багатай зээл авч өгнө хэмээн бусдыг хуурч, бичиг баримт ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэн Т-ын дансыг ашиглан хохирогч А.А-гээс Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 33 дугаар байранд байрлах ажлын байрнаасаа 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1.360.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 600.000 төгрөгийг дансаар, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 600.000 төгрөгийг залилан авч, түүний нийт 2.560.000 төгрөгийг залилан авч бусдад нийт 6.850.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирлоос дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г мэдүүлэхдээ:

“...Би А-д зээлийн төслийн талаар санал болгосон. Харин А- Э-т зээлийн төслийн талаар санал болгосон. Би хүмүүсийн сертификат болон төсөл бичих мөнгийг Ж гэх хүний данс руу хийх гэтэл миний туслах А-гийн данс руу хийчих гэж хэлсэн. Гэтэл энэ талаар дансны хуулга болох баримт хэрэгт ороогүй байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд “Б-” ХХК-ийн нэрийг мөрдөгч буруу бичиж улсын бүртгэлээс хайгаад ийм компани байдаггүй гээд намайг хуурамч бичиг баримт ашигласан гэж буруутгаж байсан. Би Б-ыг цагдаа дээр ирж учрыг тайлбарлаж өгөхийг гуйсан. Б- цагдаа дээр ирж гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэтэл компаний нэрийг буруу бичиж улсын бүртгэлээс хайсан байна. “Б-” ХХК улсын бүртгэлд бүртгэлтэй байна гэсэн. Мөрдөгч намайг хүмүүсийн хохирол төлбөрийг төлчихвөл энэ хэрэг хэрэгсэхгүй болно, яллах дүгнэлт үйлдэхгүй гэж хэлсэн. Би 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Э- болон А- нарт учирсан хохирол төлбөрийг шилжүүлээд хохирогч нараас гомдолгүй гэсэн бичиг аваад цагдаа дээр ирэхэд надаас мэдүүлэг авна гэсэн. Намайг 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр эмнэлгээр явж байхад прокурор яллах дүгнэлт үйлдсэн гэж хэлсэн. Би гэм буруугийн талаар маргахгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

Хохирогч Ү.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А- авто ломбард ажиллуулдаг ба А-гийн авто ломбарднаас машин авч байгаа хүмүүс над дээр орж ирж гэрээгээ батлуулдаг болохоор А-тэй танилцсан. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр А- манай өрөөнд орж ирээд бага хувийн хүүтэй ззэл олгодог юм байна. Манай найзад 2 квот байхаар нь нэгийг нь би авчихсан юм гэхээр нь би тэгвэл нэгийг нь авмаар байна гэж хэлсэн. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Г, А- 2 миний ажлын өрөөнд орж ирээд Г надтай танилцаад та өнөөдөр мөнгөө тушаахгүй бол хоцрох гээд байна надад 2 квот байна гэхээр нь би эхний ээлжинд өөрийгөө болон бэр эгч Т- нарыг бүртгүүлье гэхэд 980.000 төгрөгийг 2 хувааж тушаа гэхээр нь 1.200.000 төгрөгийг Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн ажлын өрөөнд бэлнээр Год А-гийн хажууд өгөөд миний 600.000 төгрөг мөн Т-ийн 600.000 төгрөг шүү, үлдэгдэл мөнгийг нь би одоо гараад АТМ-с шилжүүллээ дансны дугаараа биччих гэхэд надад Г Хаан банкны 5008681351 дугаарын данс өгөхөөр нь ажлаасаа гараад Баянгол дүүргийн 2 дугаар хорооны Хаан банкны АТМ-с түүний өгсөн Т- гэж хүний данс руу 380.000 төгрөгийг Э-ээс гэж шилжүүлээд ахиад 380.000 төгрөгийг Т-аас гэж шилжүүлсэн. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Г залгаад Т- эгч та хоёрын юм болчихлоо, ахиад 1 квот байна гэхээр нь би төрсөн ахынхаа охин Б- рүү залгаж хэлтэл зөвшөөрөөд миний данс руу 980.000 төгрөг шилжүүлэхээр нь уг мөнгийг нь Т-ын данс руу 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 20-ны хооронд шилжүүлсэн. Яг хаанаас шилжүүлсэн гэдгээ санахгүй байна. Удалгүй Г над руу залгаад та нарын код гарчихсан та нар эдийн засагчаар судлуулах шаардлагатай, иймд эдийн засагч ол гэж хэлчихээд удалгүй би эдийн засагч олчихлоо, нэг хүний 600.000 төгрөг өгчихвөл 3 хоногийн дотор та нарын зээлийг гаргаж өгнө гэхээр нь би итгээд А-, Т-, бид гурав 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг миний ажлын байр болох нотариатын өрөөнд нэг хүний 600.000 төгрөг, нийт 1.800.000 төгрөг Год бэлнээр өгөхөд надад хувийн хэрэгцээнд 150.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би туслах руугаа залгаад сейфнээсээ 150.000 төгрөг гаргаж Год өгсөн. Гэтэл удахгүй гэж хэлсээр байгаад өнөөдрийг хүрч байна. Сүүлдээ худлаа болсон гэдгийг нь мэдээд би цагдаад хандсан. Надад 1.730.000 төгрөгийн хохирол учирсан ба би өөрөө Т-ийн өмнөөс 1.580.000 төгрөг тушаасан. Мөн Б-ийн өмнөөс 980.000 төгрөг нийт 4.290.000 төгрөгийг Год тушаасан. Миний данс руу 4.290.000 төгрөг Г шилжүүлж миний хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-69, 180-181, 186-187-рт/,

 

Хохирогч А.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 33 дугаар байрны “Т-” супер маркет дотор “Хураамаа” нэртэй банк бус ажиллуулдаг ба манайхтай хамгийн ойрхон үйл ажиллагаа явуулдаг Э- гэж нотариатын газар орж ихэнхдээ гэрээгээ батлуулдаг юм. Гэтэл 2015 онд манай банк бусад машинаа барьцаанд тавьж байсан Г гэж залуу үе үе манайхаар орж гардаг болсон ба зүс мэддэг болсон. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Г манай ажил дээр ирээд ипотекийн хүү багатай, хугацаа урттай зээл хөөцөлдөж байгаа, гэр бүлээрээ надад 8 хүний квот байна, чиний танил дунд зээл авах хүн байна уу гэж хэлсэн. Зээлд үл хөдлөхийн гэрчилгээ хэрэгтэй, сургалтуудын төлбөр төлчихвөл асуудал гарна гэж хэлсэн. Тэгэхээр нь би сонирхоод энэ талаар нотариат Э-т санал болгосон. Гэтэл Э- их боломжийн санал байна гэсэн. Ингээд Э-, Г бид 3 уулзаж энэ асуудлын талаар Э-ийн өрөөнд ярилцаж байгаад салсан. 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Г над руу залгаад сургалтын төлбөр 300.000 төгрөг шилжүүл мөн гэрчилгээний төлбөр 80.000 төгрөг шилжүүл гээд залгахаар нь би Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 33 дугаар байранд байрлах ажил дээрээсээ Хаан банкны интернэт банкаар Гын өгсөн 5925228781 дугаарын данс руу 300.000 төгрөг, 80.000 төгрөг тус тусад нь өөрийнхөө нэрийг бичээд шилжүүлсэн. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төслийн мөнгө өг гэхээр нь би 600.000 төгрөг бас л ажил дээрээсээ интернэт банк ашиглаж Гын өгсөн Хаан банкны 5006681351 дугаартай данс руу шилжүүлсэн. Тэгээд би өөрийн садангийн дүү болох Г.С-өд энэ талаар хэлэхэд С- 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Зайсан дээр байхдаа утсаараа мөн 980.000 төгрөг шилжүүлсэн.

Тэгээд Г над руу залгаад урьдчилгаа ахиад 600.000 төгрөг өг гээд ажил дээр ирэхээр нь би Э- эгчийн ажлын өрөөнд Г бид нар хамт байж байгаад би 600.000 төгрөг бэлнээр Год өгсөн ба энэ өдөр Э- эгч мөн адил 2 хүний урьдчилгаа гээд 1.200.000 төгрөг Год өгсөн. Би ямар ч бичиг баримт өгөөгүй ба би Год итгээд С-, Э- нар надад итгээд залилуулсан. Г надад хэлэхдээ банкнаас дуудахаар нь очоод бүх бичиг баримтаа өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд үүнээс хойш Гыг хүлээсэн боловч хугацаа заагаад заасан хугацааг нь дахиж сунгаад байсан учир цагдаад хандсан. Би гомдолтой байна. Г миний данс руу 2.560.000 төгрөг шилжүүлж миний хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 226-229, 2-р хх-ийн 37-38, 42-43-рт/,

Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 онд байх хэддүгээр сарыг нь санахгүй байна, манай ээж Ж надад Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дэд дарга ажилтай нэг залуу байна, Арчилсан намд орох уу, ямар нэг албан тушаалд томилж дарга болгож өгнө гэнэ гэж хэлэхээр нь би ээждээ та өөрөө ярьчих, болох юм бол болно гэж хэлсэн. Дараа нь манайх бизнесийн зээл хөөцөлдөж байсан Г гээд залуу манайд барьцаа зээл гаргаад өгье гэж хэлээд ээжид хэлсэн байсан. Ээж маань энэ залуу барьцаа хөрөнгө гаргаад өгвөл бидэнд Хаан банкнаас зээл гаргаж өгөх байх гэж хэлсэн болохоор нь би Гтой 12 дугаар сард нэг удаа уулзсан...  Манайх “Бизнес Инкубатор” төв бөгөөд бизнесийн сургалтын төсөл бичдэг, зээлд зуучилдаг, үзэсгэлэн худалдаа, яармаг худалдаа зохион байгуулах, бизнес бойжуулах чиглэлтэй байгууллага юм. Анх 2010 онд Иргэний бүртгэлээс “Үүрдийн найзууд” гэх компанийг авч би өөрөө “Б-” гэх нэрийг өгч байсан, одоо болтол энэ чиглэлээрээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Нийслэлийн жижиг, бичил бизнесийг дэмжих зээлд хамрагдахын тулд Аж ахуй эрхлэх сургалтанд суусан байх ёстой, Хас банкнаас өгөх зээлд хамрагдахын тулд дээрх сургалтын гэрчилгээтэй байх ёстой, тэгээд бид гэрчилгээ гаргадаг, Хас банк руу манайхаас албан бичигтэй код очдог, энэ кодоороо сургалтанд хамрагдсан хүмүүс нь зээлээ судлуулаад авах боломжтой юм. Г гэх тэр хүн надад 3 хүнд сургалтанд суусан гэрчилгээ гаргаад өг гэж байсан учраас 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр А овогтой А- гэх хүнд 0018289 дугаартай “Аж ахуй эрхлэх чадамжийн гэрчилгээ”, Үмэгдээ овогтой Э-т мөн өдөр 0018247 тоот чадамжийн гэрчилгээг гаргаж өгсөн, эдгээр гэрчилгээнүүд нь хүчин төгөлдөр гэж үзэж байна. Г тухайн үед бидэнд мөнгө төгрөг өгөөгүй, манайх үнэгүй сургалт явуулж, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас тендерийн гүйцэтгэл, төрийн сангаар дамжиж санхүүжилт орж ирдэг, одоо үйл ажиллагаа явуулж байгаа, гэхдээ Ковид-19-тэй холбоотой үйл ажиллагаа түр зогссон байгаа юм. Би тухайн үед Гоос ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй, манай ээж Ж нар мөнгө төгрөг аваагүй, бид нар тусална гэхээр нь Чадамжийн 0018229, 008247 дугаартай гэрчилгээнүүдийг гаргаж өгсөн, харин банк руу очоод яагаад эдгээр А-, Э- нар нь зээл аваагүйг мэдэхгүй байна. Манайх Банкнаас зээлээ авах гээд 2018 оны эхээр Гтой холбогдох гээд гар утас нь холбогдоогүй, алга болсон, өдий болтол холбоогүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 175-176. 223-224-рт/,

 

Гэрч Ц.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхрийн төрсөн дүү Э- над руу яриад “Жижиг дунд үйлдвэрийн төслийн хөнгөлттэй зээлийн квот байна, уг квотыг авахын тулд мөнгө хэрэгтэй” гэж ярихад нь би тэр зээлэнд нь хамрагдаад үзье гэж бодоод Э- рүү 980.000 төгрөг шилжүүлсэн, яг хэдий үед шилжүүлсэнээ одоо санахгүй байна. Мөн дараа нь 600,000 төгрөг нэмж өгөх хэрэгтэй гэнэ гэхээр нь мөн Э- рүү 600.000 төгрөг шилжүүлсэн. Би нарийн ширийн зүйлийг нь мэдэхгүй, Э- л миний өмнөөс энэ асуудлыг хөөцөлдөөд яваад байсан, сүүлдээ бүтэхээ байчихлаа гээд надаас авсан 1.580.000 төгрөгийг Э- эргүүлэн өгсөн. Би уг асуудлын нарийн ширийн зүйлийг мэдэхгүй, надад учирсан хохирол байхгүй учир уг хэрэгт би хохирогчоор оролцохгүй. Миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 188-189-рт/,

 

Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Ү.Э- нь миний авга эгч юм. 2017 онд байх, Ү.Э- эгч залгаад жижиг дунд үйлдвэрийн төслийн хөнгөлөлттэй зээлийн квот байна. Уг квотод орохын тулд төсөл бичээд мөнгөө тушаагаад шалгарвал зээл олгох боломжтой юм байна гэж хэлсэн. Ингээд би 980.000 төгрөгийг Ү.Э- эгчийн данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш хэдэн сарын дараа Ү.Э- эгчээс юу болж байна гэж асуухад хүнд залилуулсан байна гэж хэлсэн. Ингээд цагдаагийн байгууллагад гомдол гаргаад шалгуулаад явж байгаа гэж хэлээд миний өгсөн 980.000 төгрөгийг өгч намайг хохиролгүй болгосон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 190-рт/,  

 

Шүүгдэгч Э.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг нэг бүрчлэн уншиж танилцлаа. Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хүнд туслах зорилготой байсан. Гэхдээ би Ү.Э-, А.А- нарын хохирлыг барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 195-196, 2-р хх-ийн 57-58-рт/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 151-рт/,

-иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 144-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Г нь үргэлжилсэн үйлдлээр жижиг дунд үйдвэрлэлийг дэмжих сангаас хүү багатай зээл авч өгнө хэмээн хуурч, бичиг баримт ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэн Т-ын дансыг ашиглан хохирогч Ү.Э-ээс Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 760.000 төгрөгийг дансаар, 1.200.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 980.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1.200.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 2 дугаар сард 150.000 төрөгийг бэлнээр залилан авч, түүнд нийт 4.290.000 төгрөгийн,

мөн жижиг дунд үйдвэрлэлийг дэмжих сангаас хүү багатай зээл авч өгнө хэмээн хуурч, бичиг баримт ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэн Т-ын дансыг ашиглан хохирогч А.А-гээс Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 33 дугаар байранд байрлах ажлын байрнаасаа 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1.360.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 600.000 төгрөгийг дансаар, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 600.000 төгрөгийг залилан авч, түүний нийт 2.560.000 төгрөгийг залилан авч бусдад нийт 6.850.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирлоос дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч мөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн  мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Год холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Э.Гыг үгэлжилсэн үйлдлээр жижиг бусдыг хуурч, бичиг баримт ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч Ү.Э-ийн “...Г миний данс руу 4.290.000 төгрөг шилжүүлж миний хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 186-187-рт/,

Шүүгдэгч А.А-гийн “...Г миний данс руу 2.560.000 төгрөг шилжүүлж миний хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 37-38, 42-43-рт/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Э.Гыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Э.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг болон хувийн байдлыг харгалзан Э.Год 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгч Э.Год ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Ц овогт Э-ийн Гыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, бичиг баримт ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Год 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Э.Год оногдуулсан 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Г нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай. 

 

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Год авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ