Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 25

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.О даргалж,

Улсын яллагч Б.С,

Шүүгдэгч Ц.Г,                                              

Нарийн бичгийн дарга С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц-ийн Г-д холбогдох эрүүгийн ----------- дугаартай хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1*******,*******,*******,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  ........... аймгийн ........ сумын ........ багийн засаг дарга ажилтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,  ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ........... аймгийн ........ сумын ******* оршин суух, ..................... регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй,  Б  овогт Ц-ийн Г.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Г нь 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 15 цагийн үед Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутагт байрлах МТ бензин  колонкийн урд талд И.Б-тай маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь гараараа 4-5 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  санаатай учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаж хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Улсын онцгой комиссоос ирүүлсэн нөөцийн хивэг тэжээлийг хувиартайгаар иргэдэд тараах явцад 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 15 цагийн үед ....... багийн засаг дарга ажилтай Ц.Г нь багийн иргэдийнхээ хувиарт хивэг тэжээлийг авахдаа мөнгө дутуу тушааж, улмаар Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутагт байрлах МТ бензин колонкийн урд талд Завхан аймгийн ....... сумын засаг даргын тамгын газрын дарга ажилтай И.Б-ыг Ц.Г  нь “... чи тэжээлээ өөрөөсөө өгөх гэж байгаа юм шиг их маяглаж байна аа, чамайг ална шүү...” гэж хэлж маргалдан, Ц.Г  нь И.Б-ын нүүрэн тус газарт нь гараараа 4-5 удаа цохиж, баруун нүдний зовхинд шарх, 11-р шүдний сэлтрэл, 22, 23, 25-р шүдний 1-р зэргийн сулрал, нүүрний зөөлөн эдийн няцрал зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч И.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өөрийн албан ажлын өрөөндөө ажлаа хийгээд сууж байтал миний утасанд дуудлага орж ирэхээр утсаа автал манай Хуягт багийн дарга Ц.Г  нь өөрийн багийн өрхүүддээ хүргэх хивэг тэжээл ачиж явмаар байна гэж ярьсан. Би түүнд хандан “мөнгө, төгрөгний тооцоогоо хийчихээд хивэг тэжээлээ ачина биз дээ гэж хэлсэн.  Дараа нь нярав П миний утас руу залгаад Хуягт багийн засаг дарга Ц.Г 130 уут хивэгний мөнгө цуглуулаад ирсэн байна, хэдэн уут хивэг тэжээл ачуулах юм бэ гэж ярихад нь тэгвэл 130 хивэг ачуулчих гэж хэлсэн. Тэгээд би Тамгын газрын нягтлан бодогчийн өрөөгөөр орчихоод, сумын Магнай Трейд шатахуун түгээх станцын гадаа Цэцүүх багийн даргын  машинтай очсон. Тэгээд бензин түгээгүүр рүү дөхөж очин, ачааны машины жолоочтой уулзах гэтэл, Хуягт багийн засаг дарга Ц.Г машины нөгөө талаас гарч ирээд, “... чи тэжээлээ өөрөөсөө өгөх гэж байгаа юм шиг их маяглаж байнаа,  чамайг ална шүү...” гэж хэлсэн. Би түүнд хандан “ би өөрөөсөө өвс, тэжээл өгөх гээгүй, чи ч өөртөө авах гээгүй, чамайг ямар нэгэн байдлаар хааж боосон зүйл байхгүй, харин ч өгөх ёстой тооноос нь илүү уут хивэг өгчихье гэж бодож байна гээд хэлтэл Г над руу чамайг байхгүй болгоно шүү гэж заналхийлсэн. Тэгээд би түүний урдаас чамаас айхгүй шүү гэж хэлтэл, Г миний хувцасны энгэрээс заамдаад авсан. Би түүнд хандан “ хоёулаа хүн амьтангүй газар очоод ярилцъя гээд колонкийн урд зүг рүү явахад Г чам шиг гөлөгтэй ярих зүйл байхгүй ална шүү, чамайг би ширээгээр чинь савна шүү гээд байсан. Би тухайн үед энэ намайг зодож магадгүй гэж бодоод түүнээс айсандаа юмыг яаж мэдэхэв гээд газраас чулуу авсан. Тэгтэл Г намайг чулуугаар цохих гэж байна уу гэснээ намайг түлхээд унагасан. Намайг газарт унахад миний дээр гарч сууснаа 2 гар дээр минь өвдгөөрөө өвдөглөж байснаа гараараа миний 2 шанаа орчим руу ээлжлээд цохиод авсан. Би ч түүний доороос босож гээд ноцолдож байтал Г чи намайг чулуугаар цохьчихлоо ш дээ гээд миний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохьсон.  Тэгээд Г бид хоёрыг зүс таних залуу салгасан. Би газраас босоод баруун нүдний болон хамраас гарсан цусаа цасаар угааж байх үед Г  чамайг ална шүү, гүйцээнэ шүү гэж хэлээд байсан. Тэгснээ над руу дөхөж ирээд толгой руу 2-3 удаа гараараа цохиод авсан. Тэгээд би жолоодож явсан машиныхаа хажууд очиж, чи наашаа хүрээд ирээ, хоёулаа хаанаа уулзах вэ гэж Г-д хандан хэлэхэд, Г урдаас чамайг ална, дуусгана шүү, цаашаа зайл гээд байсан. Тэгээд л би машиндаа суугаад гэртээ харьж, цагдаа болон эмнэлэгийн байгууллагад гар утсаар холбогдон, болсон асуудлын талаар хэлж мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 19-20-р хуудас/,

Гэрч  С.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би Хуягт багийн Засаг дарга Ц.Г-ын хамтаар өвөлжилт хүндэрсэн  Хуягт багийн иргэдэд тэжээлийн өвс болон хивэгийг тарааж өгөхөөр өглөө 11 цаг өнгөрч байх үед Их-Уул сумын тэжээл хадгалах байран дээр Хуягт багийн цөөн тооны иргэдийн хамтаар очсон. Тэгээд багийн засаг дарга Ц.Г нь Тамгын дарга Б руу утсаар залгаж 130 шуудай хивгээ авах гэсэн юм гэж хэлэхэд Б  нь бүх мөнгөө тушаачихаад ав гэж хэлсэн. Тэгээд Г надад одоо 1,000,000 төгрөг алгаа би тэжээлээ хүргэчихээд иргэдээс мөнгөө цуглуулаад хүрээд ирье гэж хэлэхэд Б танай баг  өртэй байгаа тэрийгээ төл бас мөнгөө бүрэн гүйцэд өгч байж тэжээлээ авч яв гэж хэлээд утсаа залгасан.Тэгээд Г нь Б руу дахин залгаад тэжээлээ аваад явчихъя гэж хэлэхэд Б уурлаад өрөө төл гээд  утсаа залгасан. Тэгээд Г Б гэх багшаас мөнгө зээлж захиргааны няравын данс руу шилжүүлсэн. Тэгээд бид нар тэжээл хадгалах байран дээр очиж тэжээлээ ачсан. Тэгээд тэндээс Г жолоочтойгоо явсан. Үүнээс цааш юу болсныг мэдэхгүй байна. Сураг сонсоход тухайн өдөр МТ бензин түгээгүүрийн газарт Б болон Г нар нь хоорондоо зодолдсон гэж байсан...” гэсэн мэдүүлэг  / хх-ийн 23-р хуудас/,

Гэрч Ч.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тухайн өдөр 11 цаг өнгөрч байх үед Хуягт багийн иргэд болон багийн засаг дарга Г-ын хамтаар тэжээл хадгалах байран дээр очсон. Тэр үед Засаг даргын Тамгын газрын дарга нь тэжээл гаргаж өгөхгүй мөнгөө тушаасныхаа дараа тэжээлээ гаргаж өгнө гэж байсан. Мөн Хуягт баг нь  ЗДТГ-т өртэй гэж яриад гарсны улмаас иргэд уурлаж бухимдаж багийн засаг дарга руу уурлаж байсан. Тэгээд би хэдэн хүний хамтаар мөн багийн засаг даргатай нярав дээр нь ирж өр байгаа эсэхийг нь үзэхэд Хуягт багт ямар ч өр байгаагүй. Тэгээд Г дарга 2 хүн рүү залгаж мөнгө зээлэх талаар асуухад мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгээд би өөрийн төрсөн дүү Б-ээс 1,235,000 төгрөгийг нярав П-ийн данс руу шилжүүлсэн. Тэгээд тэжээлээ очиж агуулахаас авсан. Би өөр зүйл мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

Гэрч В.П-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тухайн өдөр би өөрийн ажил дээрээ байсан. Тэр өдөр Хуягт багийн засаг дарга болон Хуягт багийн иргэдийн хурлын дарга болох Г нар нь тус багийн иргэдийн хамтаар Хуягт багт хувиарлагдсан хивэгийг авахаар 11 цаг өнгөрч байхад ирсэн. Тухайн үед би Б дарга руу залгахад хивэгнийхээ мөнгийг нь авч байж хивгээ өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд Г болон бид нар миний ажлын өрөөнд ирээд Хуягт багийн иргэн Б гэх хүнээс багийн засаг дарга Г-д мөнгө зээлж байж мөнгөө өгсөн. Тэгээд би хивгийг нь ачиж агуулахаас гаргаж өгсөн. Өөр зүйл тухайн өдөр болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

Гэрч Ж.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би Хуягт багийн засаг дарга Г гэх хүний хамтаар Хуягтын Тосонгийн даваа гэх газарт малчдад өвс тэжээл хүргэхээр явах гэж байсан. Г нь Б гэх хүнтэй гар утсаар ярьж байсан. Г гэх хүн Б-ыг чи хурдлаач бид нар хивэгээ аваад явах хэрэгтэй байна гэж ярьсан. Тэгээд өөрийн найз гэх хүнээс мөнгө зээлж өгөөд 130 тооны хивгийг ачсан. МТ шатахуун түгээх газарт 14 цагт хүрч ирээд Б гэх хүн рүү өөрийн 9924 гэх дугаараас ярьж бензин тосоо авъя гэж хэлсэн. Тэгээд Б гэх хүрч ирээд надтай бензин тос, маслоны тухай ярьж байтал Г ах хүрч ирээд чи яагаад намайг хааж боогоод байгаа юм, бид нар явмаар байна гэж  хэлсэн. Б хариуд нь чи мэддэггүй юм гэж хэлээд хүнгүй газарт очиж яръя гээд МТ колонкоос урд зүгт явсан. Тэгээд удалгүй зодоон болсон. Намайг гүйгээд очтол Г нь Б-ыг газар дарчихсан байсан. Г-ын баруун нүдний дээд талд том хэмжээтэй халцарч хавдсан байсан.  Б гартаа чулуу атгачихсан Г нь тэр чулууг хаяуулах гээд ноцолдож байсан. Тэгээд Г Б-ыг 3 удаа нүүр рүү нь цохичихсон. Тэгээд би колонкийн залуутай нийлж байгаад тэр хоёрыг салгасан. Тэгээд би Г-ыг машиндаа суулгасан. Тэр үед Б нь хоёулаа уулзнаа гэж хэлээд машиндаа суугаад явсан. Өөр зүйл болоогүй...” /хх-ийн 40-р хуудас/,

“...намайг  тэдний зүг гүйж очиход хоорондоо барьцалдаад авсан байдалтай Б нь нэг гартаа чулуу барьчихсан газарт дээш харсан байдалтай. Г нь түүний дээр чулуутай гарын болон нөгөө гарын бугуй хэсгээс атгасан байдалтай байсан. Тухайн үед Г-ын толгойн баруун духны хэсэг  том гэгч  хавдсан байсан. Тэгээд би колонкийн түгээгч залуутай тэднийг салгахад Б нь газраас босож ирснэээ машинаа унаад яваад өгсөн.  ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,

Гэрч Э.Г-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тухайн өдөр би ажил дээрээ 24 цаг ээлжинд гарах өдөр байсан. Тэр өдөр 12 цаг өнгөрч байхад Хуягт багийн Засаг дарга Г нь тусламж хүргэхээр ирсэн жолооч Ж гэх залуугийн хамтаар том ачааны машин дээр тэжээл аччихсан ирсэн. Тэгээд би машинд бензин шахаж байтал Б дарга хүрч ирсэн. Удалгүй Г, Б хоёр хоорондоо муудалцаж зодолдож эхэлсэн. Би тэр хоёрыг хоорондоо яагаад муудалцаж эхэлснийг мэдэхгүй. Тэгээд би тэнд байсан Ж гэх залууд тэр хоёрыг салгаарай гэж хэлсэн. Би өөр зүйл мэдэхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/,

Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Завхан аймгийн сумдуудад өвөлжилт хүндрээд Жанжин штабын тушаалаар Их-Уул суманд нэг ажилтны хамт багийн айл өрхүүдэд хивэг тэжээл хүргэх ажлаар ирсэн байсан. Тэгээд тус сумын Хуягт багийн засаг дарга Г гэгч хүний хамт МТ шатахуун түгээх станцаас бензин авах гэж очсон. Тэгээд би бензин тосоо аваад байж байтал сумын Тамгын газрын дарга гэгч хүн ирсэн. Тэгээд тамгын дарга болон багийн засаг дарга нар хоорондоо өвс тэжээлийнхээ мөнгө төгрөгийг өгсөнгүй гэх зүйлийн талаар яриад маргалдаад байх шиг байсан. Би машиныхаа буруу талын банкийг дүүргээд буцаж зөв талынхаа банкийг дүүргүүлэх гээд машинаа эргүүтэл колонкийн урд талд хунгар цасан дээр нөгөө тамгын дарга болон багийн дарга хоёр хоорондоо барьцалдаад авсан байдалтай дээр, доороо ороод  өнхрөөд байсан.  Тэгтэл надтай хамт явсан Ж нөгөө зодолдоод байсан 2 хүний зүгт гүйгээд явсан. Тэгээд тосол, масло авах гэтэл нөгөө тамгын дарга гэгч хүн нь машиндаа суугаад яваад өгсөн. Бид нар ч гэсэн масло, тосоо аваад шууд хөдөө баг руу багийн даргынх нь хамт явсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/

Гэрч Э.Г-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Уг өдөр Хуягт багийн засаг дарга Ц.Г нь сум, багийн айл өрхүүдэд тусламжийн хивэг, тэжээл хүргэхээр үл таних жолооч болон нэг цоохор хувцастай 2 хүний хамт манай МТ шатахуун түгээх станцын түгээгүүрийн хажууд ирж,  машиндаа бензин авах гээд зогссон. Тэгээд манай сумын Засаг даргын Тамгын газрын дарга манай колонкоос гэрээгээр бензин шатахуун авдаг болохоор би Тамгын дарга руу утсаар холбогдон өвс тэжээл ачсан машин ирлээ бензин өгөх юм уу гэж асуухад банкийг дүүргэ гэж хариу хэлсэн. Тэгээд би уг машинд түгээгүүрээс шатахуун түгээгээд зогсож байтал Б дарга машинтай ирж харагдсан. Бензинээ түгээж байгаад эргээд хартал Б дарга, Г нар манай шатахуун түгээх станцын урд талд буюу хот хоорондын асфальтан зам хоёрын дунд байх хунгар тогтсон газарт хоорондоо барьцалдаад авсан, муудалцаад байгаа бололтой харагдсан. Тэгээд намайг машины банкинд бензин дүүргээд дуусах үед Б, Г нарыг салгасан байдалтай харагдсан. Дараа нь цонхоор харахад Б дарга машиндаа суугаад явж байгаа харагдсан. Тусламжийн хивэг тэжээл ачсан машин ч гэсэн бензин авсан болохоор колонкоос хөдлөөд шууд явсан. Тухайн үеийн харсан үзсэн зүйл гэвэл ийм зүйлийг мэдсэнээс өөр зүйл мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/,

Гэрч О.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг өдөр би сумынхаа МТ шатахуун түгээх станцаас машиндаа тос нэмэх гээд колонкийн гадаа очиход нэг Зил 131 маркийн ачааны тээврийн хэрэгсэл бензин авч байгаа байдалтай зогсож байсан. Уг машин баруун зүг хараад зогсож байсан. Ачааны машины урдхан талд нэг жижигхэн машин зогсож харагдсан ба намайг машинаас буухад уг жижиг машины ойролцоо  манай сумын тамгын дарга Б, Хуягт багийн дарга Г нар нь хоорондоо маргалдаад байгаа байдалтай зогсож байсан. Тэгтэл колонкийн түгээгч эмэгтэй ачааны машины нэг банкинд бензин түгээчихээд ажлын байр руугаа орохоор нь би цонхон дээр очоод  тос авъя гэтэл түгээгч эгч миний дүү түр байж бай гэж хэлснээ хүүё тэр хоёрыг салгаад орхиоч гэж хэлсэн. Тэгэхээр нь би цементэн талбайн урд талд дээр доороо ороод ноцолдож байсан 2 хүн рүү гүйгээд очиход багийн дарга Г нь сумын тамгын дарга Б ахын 2 гарыг нь газарт дарчихсан нүүрэн талыг дээш харуулсан, түүний дээр мордоод суучихсан байсан. Тэгээд би Г ахад хандан одоо болио гэж хэлэхэд Г нь энэ намайг зүгээр байхад чулуугаар цохиод ийм болгочихлоо гэж хэлж байсан. Тухайн үед түүний баруун талын дух нь хавдсан байдалтай, хавдартай хэсгээс цус шүүрсэн харагдсан. Тэгтэл Г нь гар утастай хүн байвал зураг аваадхаач гэж хэлэхэд цэргийн ангийн хувцастай хүн тэдний байгаа байдлын зургийг дараад байх шиг байсан. Тэгээд би дахиад Г ахыг одоо болио, наад хүнээ босгочих гэхэд энэ намайг чулуугаар цохьсон гээд Б даргын нэг гар дээр нь өвдөглөж байснаа баруун гараараа нүүрэн тус газар нь 5-6 удаа цохиод байсан. Тэгэхээр нь би Г ахын гарнаас нь барьж авахад гараа мулт татаад байсан. Тэгээд би Г ахад хандаад би Б ахыг барьж байя та босгочихооч гэхэд Г нь энийг босгочихвол дахиад намайг чулуугаар цохьчих байлгүй гээд байснаа Б даргын дээрээс боссон. Г нь чи намайг чулуугаар ийм болтол цохьсон гээд дух руугаа заагаад байсан. Б дарга хариуд би чамайг чулуугаар цохиогүй гэж хэлээд хоорондоо дахин маргалдаад байсан. Тэгснээ Г, Б нар бие биенээсээ холдоод Б дарга машиндаа суугаад яваад өгсөн. Би ч удалгүй колонкоос масло аваад машинтайгаа хөдлөөд явсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 53-р хуудас/,

Эмч Г.Ж-гийн  2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн: “...2 шанаа дух, хамрын хэсэг, уруул хавдсан, хэгзэрсэн, зулгарсан. Дээд 12 дугаар шүд сэлтэрсэн, хөндүүрлэсэн баруун нүдний гадна өнцөгт  2 см орчим босоо зүсэгдсэн шархтай цус гарсан. Зовхи орчим хавдаж хөхөрч цус хурсан, нүдний склер улайж цус хурсан. Дух шанаа овоож хавдаж цус хурсан хөндүүр эмзэглэлтэй.  Дух шанаа хамар хацрын зөөлөн эдийн гэмтлийн цус хуралттай. 12 дугаар шүдний гэмтэл хөнгөн...” гэсэн тодорхойлолт / хх-ийн 58-р хуудас/,

2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн: “... И-ын Б. Нас 50. Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн эмчид үзүүлэх...” гэсэн эмнэлэгт өвчтөн илгээх хуудас / хх-ийн 59-р хуудас/,

2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шүдний эмчийн: ...Нүүрний тэгш хэм хэвийн. Ам ангайлт хэвийн. Амны салст бүрхэвч бүгд цайвар ягаан өнгөтэй. Дээд үүдэн шүд, бага араануудыг тогшиход өвдөлттэй 11-р шүд сэтэрсэн. 22,23,25 дугаар шүднүүд хөдөлсөн. I зэргийн хөдөлгөөнтэй. Хацрын яс тэмтэрэхэд эмзэглэлтэй, ухархайн доод хөхөрсөн, 2-3  шүдний орчимд болон хамрын угалз хэсгээр тэмтрэхэд эмзэглэлтэй...” гэсэн тодорхойлолт,

2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шинжээч Б.С-ын: “...Иргэн И.Б-ын биед баруун нүдний зовхины уг хэсэгт шарх, 11 шүдний сэлтрэл, 22,23,26-р шүдний 1-р зэргийн сулрал, нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Иргэн И.Б нь гэмтэл учирснаас хойш хэдий хугацаа өнгөрснийг нарийн тогтоох боломжгүй. Зодуулсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. И.Б-ын биед байгаа гэмтлээр цохилтын хүчийг тогтоох боломжгүй гэмтлүүд байна. И.Б-ын биед үүссэн гэмтлүүд нь нэг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Иргэн И.Б-ын биед үүссэн гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 61-р хуудас/,

2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн эмч Б.А-гийн: “... Баруун талын дух хэсэгт 3х4 см орчим газар хавдаж цус хурсан. Баруун нүд хөхөрч хавдсан. Биеийн бусад хэсэгт ямар нэг хавдар хөхрөлтгүй. Тархины битүү гэмтэл, зөөлөн эдийн гэмтэл...” гэсэн тодорхойлолт /хх-ийн 66-р хуудас/,

2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээч Б.С-ын: “...Ц.Г-ын биед гэмтэл тогтоогдсонгүй ...” гэсэн 000000133 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх-ийн 69-р хуудас/,

2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шинжээч Б.С-ын: Ц.Г-аас гаргаж өгсөн гэх гэрэл зурагт дүгнэлт гаргах боломжгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-р хуудас/,

Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн засаг даргын 144 дугаартай: “... Тус багийн иргэн И-ын Б нь ................... тоот регистрийн дугаартай ам бүл 6 эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. 2019 оны жилийн эцсийн байдлаар адуу-6, үхэр 5, хонь 24, ямаа 18 нийт 53 толгой мал тоолуулсан амьжиргааны баталгаажуулах түвшингээс дээгүүр орлоготой манай багийн байнгын оршин суугч мөн болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт,

Ц овогт И-ын Б-ын ..................... регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхний  хуулбар,

Завхан аймгийн Их-Уул сумын засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/01 дугаартай: “...Тамгын газрын даргын сонгон шалгаруулалтанд тэнцсэн И-ын Б-ыг Тамгын газрын даргаар 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн түр томилон ажиллуулсугай...” гэсэн захирамжийн хуулбар,

И-ын Б-ын албан тушаалын тодорхойлолтын хуулбар,

АШУҮИС-ийн эмнэлэгийн: “... Бүсийн лимфийн булчирхайн байдал гадна хамар баруун тийш муруй 2 талын зажуур тэгш хэмтэй ямар нэгэн хугарал тэмтрэгдэхгүй 2 талд нүүрний мэдрэлийн үйл ажиллагаа тэгш хэмтэй баруун n.infraobital мэдрэлийн мэдрэхүй буурсан бусад үйл ажиллагаа хэвийн хамрын хөндий 2 талд салст хуурай бага зэрэг хавантай цусны тавтай MR1 зурагт 2 талд самалдаг зузаарсан хөөнгө харагдана...” гэсэн чих хамар хоолойд үзлэг хийсэн эмчийн тэмдэглэл,

Соронзон үелзүүрт томографийн оношлогооны 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн: “... Нэвчилтээр жинлэгдсэн горим болон АДС зурагт нэвчилтийн хоригууд илрээгүй тул шинэ шигдээс, шинэ цус алдалтыг сэжиглэх бүтцийн өөрчлөлт илрээгүй байна. Их тархины атираажилт хэвийн, гадар-цагаан бодисын зааг хадгалагдсан. Бага тархины тонзил унжилтгүй байна. Бүх дайвар хөндийнүүд салст бага зэрэг зузаарсан байна. Духны хөндийн агааржилт хэвийн. Хамрын таславч бага зэрэг зүүн тийш муруйлттай. 2 талын хамрын дунгуудын салст хэвийн...” гэсэн  үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 110-р хуудас /

Тодосгогч бодисгүй Тархийн Соронзон Резонанст Томографийн зурагны хуулбар 2 хуудас,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын  2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/210 дугаартай: “...2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр И.Б нь Ц.Г-ыг чулуугаар цохьсон үйлдэл нь зөрчлийн шинжтэй байх тул бүртгэлд авч шалгах нь зүйтэй...” гэсэн албан бичгийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаар

Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 153 дугаартай: “...Ц-ийн Г нь ................ тоот регистрийн дугаартай ам бүл 6, эхнэр 4 хүүхдүүдийн хамт амьдардаг. Тэрээр 2019 оны жилийн эцэст адуу-8, үхэр 18, хонь 55, ямаа-195, бүгд 276 толгой мал тоолуулсан, байнгын оршин суугч иргэн мөн болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт,

Б овогт Ц-ийн Г-ын ................регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхний хуулбар,

Завхан аймгийн Их-Уул сумын засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн б/02 дугаартай: “...Багийн иргэдийн нийтийн хурлаас иргэдийн олонхийн санал авсан боловч хуулийн дагуу түр томилогдсон Ц-ийн Г-ыг Хуягт багийн засаг даргын үүрэгт ажилд томилсугай...” гэсэн захирамжийн  хуулбар,

Ц-ийн Г-ын албан тушаалын тодорхойлолтын хуулбар зэрэг баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж үнэлж шийдвэрлэсэн болно.

Дээрх бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байна.

Өөрөөр хэлбэл 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 15 цагийн үед Хуягт багийн засаг дарга ажилтай Ц.Г нь багийн иргэдийнхээ хувиарт хивэг тэжээлийг авахдаа мөнгө дутуу тушаасан, улмаар Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутагт байрлах МТ бензин  колонкийн урд талд Ц.Г нь “... чи тэжээлээ өөрөөсөө өгөх гэж байгаа юм шиг их маяглаж байна аа, чамайг ална шүү...”  гэж хэлж маргалдан, Ц.Г  нь И.Б-ын нүүрэн тус газарт нь гараараа 4-5 удаа цохиж, баруун нүдний зовхинд шарх, 11-р шүдний сэлтрэл, 22, 23, 25-р шүдний 1-р зэргийн сулрал, нүүрний зөөлөн эдийн няцрал зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрийн хууль бус, хүч хэрэглэн бусдыг цохиж, зодож байгаа үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтой, хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, санаатай үйлдсэн гэж дүгнэлээ.

Мөн түүнчлэн шүүгдэгч Ц.Г нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн Их-Уул суманд цас зудны онцгой нөхцөл байдал үүссэний улмаас аймгийн Онцгой комиссын  шийдвэрээр томилогдон ажиллахаар ирсэн жолооч О, бүрэлдэхүүн ахлаж явсан Зэвсэгт хүчний 0325-р ангид холбооны инженер Ж болон багийн малчин иргэдийн хамт сумынхаа Засаг даргын нөөцийн агуулахын хашаанаас малчин өрх айлууд хуваарилж байгаа ууттай хивэг тэжээлээс 130 уут хивэг, тэжээлийг ачих гээд сумын дарга Б-тай гар утсаар холбогдон ярьсан. Тэгтэл тамгын дарга танай баг хивэг тэжээлийнхээ мөнгийг өгч байж ууттай хивэг тэжээлээ ав гэж ярьсан. Тэгээд би энэ асуудлаас болж тамгын даргатай үл ойлголцолд хүрч бид хоёр хоорондоо утасны наана цаанаас хэсэг маргалдсан. Тэгээд хивэг тэжээлээ машинд ачиж явахын тулд хүнээс мөнгө сураглаж нэг хүнээс мөнгө зээлж дараа өгөхөөр тохиролцсон. Тэгээд удаагүй байж байтал сумын тамгын газрын нярав албаны дансанд мөнгө шилжигдэн орж ирсэн байна гээд танай баг хивэг тэжээлээ ачиж байхгүй гэж хэлсэн. Тэгээд багийн цөөн иргэдийн хамт Хуягт багийн малчин өрхүүдэд хуваарьт хивэг тэжээлээ ачаад бензин шатахуунаа авахаар сумын МТ шатахуун түгээх станц руу хүрч очиж жолооч О машинд шатахуун аваад байж байтал сумын тамгын дарга Б колонкийн гадаа жижиг машинтай хүрч ирсэн.  Би ч Тамгын дарга Б-д хандан та төрийн албаны өрөөнд суучихаад цаг үеийн нөхцөл байдлыг ойлгохгүй юм. Та хувиасаа хивэг тэжээл гаргаж өгөх гэж байгаа биш гэж хэлээд бид ахин маргалдсан. Ингээд колонкийн урд талын үнийн самбарын хажууд очтол тэгтэл Б дарга газраас чулуу авч 2 гартаа бариад зогссон би түүн рүү дөхөж очин эрүүл саруул хүмүүс хэл амаа ойлголцох байлгүй арай намайг чулуугаар цохихгүй байх гэж бодоод чи намайг чулуугаар цохих гэж байгаа юм биз дээ гээд  түлхтэл газар унасан. Тэгээд би түүн дээр мордон гар дахь чулууг хаяуулах гэж гар дээр нь өвдөглөн суугаад чулууг гараараа авах гэж ноцолдож байсан. Энэ үед гараа мулт татан аваад миний баруун дух орчим руу чулуутай гараараа цохиод авсан. Тэгээд л миний уур хүрч баруун талын шанаа орчим руу нь гараараа 2-3 удаа цохисон. Тэгтэл багийн айл өрхүүдэд хивэг тэжээл хүргэх ажлаар надтай хамт явах гэж байсан Ж болон зүс таних нутгийн залуугийн хамт Б бид хоёрын хажууд ирээд биднийг салгасан. Б дарга надаас салаад жолоодож явсан машиныхаа хажууд очоод дахин намайг дуудахад түүнтэй дахин муудалцаж магадгүй гэж бодоод тухайн үед их бухимдалтай байсан болохоор түүнийг хуцалгүй зайл гэж хэлсэн. Тэгээд Б дарга дараа чамтай уулзна. Цагдаад ханднаа гэснээ машиндаа суугаад яваад өгсөн. Би тэр дороо жолооч Ж, О-ын хамт хөдөө баг руу явцгаасан...” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.  

Шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь:

И.Б, Ц.Г нарын  “...Ц.Г миний бие И.Б-д учируулсан хохирол, эмчилгээ болон унааны зардалд 568,000 төгрөг бэлнээр төлж хохиролгүй болгосон, Иймд ямар нэгэн маргаангүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж бичиж, гарын үсэг зурж ирүүлсэн тайлбар / хх-ийн 116-р хуудас /,

Хохирогч И.Б-аас ирүүлсэн хохирлын талаархи баримт /хх-ийн 113-114-р хуудас/

Цагдаагийн  мөрдөгч, цагдаагийн хошууч Б.А-гийн  хохирогч И овогтой Б-аас ирүүлсэн хохирлын тооцоо гаргасан баримт /хх-ийн 117-р хуудас/,

Хохирогч И.Б, шүүгдэгч Ц.Г нар эвлэрч, баталгаа гарган, гарын үсэг зурж ирүүлсэн баримт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Г-д холбогдох эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн болох нь  нотлох баримтаар нотлогдсон, сонсгосон ял болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.    

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь  зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц-гийн Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Ц-ийн Г-ыг 240 /хорин зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

3  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Г нь  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Г-д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум  дундын Цагдаагийн хэлтэст эдлүүлэхийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.

5.  Шүүгдэгч Ц.Г нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ж.О