Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 345

 

 

 

 

 

       2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2017/00345

                 Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 Зохигч талуудын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сансармаа би

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Бага наран 42-4 тоотод оршин байрлах /РД:2713438/ “Баян-Эрдэнэ трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, М 16 дугаар байр 5-2 тоотод оршин байрлах /РД:5182972/ “Хансуун зам” ХХК-д холбогдох

            Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6.556.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Баян-Эрдэнэ трейд” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“2015 оны 6 дугаар сарын 6-ны өдөр “Хансуун зам” ХХК нь “Баян-Эрдэнэ трейд” ХХК-иас LFWSRXNH4AADOO651 дугаарын арлын дугаартай, 2010 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2014 онд Монгол улсад орж ирсэн, FAW маркийн нэг ширхэг чирэгчийг, LJTXKCX6PMO7072 арлын дугаартай 2004 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн, 2014 онд Монгол улсад орж ирсэн, чиргүүлийн хамтаар нийт 35,000,000 төгрөгөөр худалдах, худалан авахаар тохиролцож, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэн авсан болно.  2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хоёр компани харилцан тохиролцсон санамж бичгийг үйлдсэн ба уг бичигтэй 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үлдэгдэл 10 сая төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон. “Хансуун зам” ХХК нь хугацаа хожимдуулсан ч төлбөрийг төлсөөр үлдэгдэл 7.300.000 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй бөгөөд “Баян-Эрдэнэ трейд” ХХК-ийн зүгээс олон удаа төлбөрөө төлөхийг шаардсан болно. 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Хансуун зам” ХХК нь “Баян-Эрдэнэ трейд” ХХК-д хүргүүлсэн 2/421 тоот хүсэлтэндээ 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл төлбөрийг төлж барагдуулахаа амлаж, төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгэх үүргийн дүнгийн 1.5 хувийн хүү төлөхөө амалсан билээ. 2016 оны 11 дүгээр сард “Хансуун зам” ХХК нь манай жолооч Энхбаярт 2 сая төгрөгийг өгсөн болно. Одоо үлдэгдэл 5.3 сая төгрөг хүү 1.256.000 төгрөгийг өгөх дутуу болно. Иймд хариуцагч “Хансуун зам” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 5.300.000 төгрөг, төлбөрийн хүү 1.256.000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхзул шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Манай компани “Баян-Эрдэнэ трейд” ХХК-иас БНХАУ-д үйлдвэрлэгдсэн FAWмаркийн автомашин худалдан авсан бөгөөд машины үлдэгдэл төлбөрт 5.300.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд уг төлбөрийг төлөх нь үнэн болно. Иймээс үндсэн төлбөрөө төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулах хүсэлтэй байна” гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            “Тус шүүхэд хариуцагч “Хансуун зам” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхзул машины үлдэгдэл төлбөр 5.300.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч эвлэрэх хүсэлт гаргасантай танилцаад нэхэмжлэгч “Баян-Эрдэнэ трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр би нэхэмжлэлийн шаардлага нийт 6.556.000 төгрөгнөөс 1.256.000 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна. Хариуцагчийн төлөхийг зөвшөөрсөн 5.300.000 төгрөгийн шаардлагын хэмжээнд эвлэрэх хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Баян-Эрдэнэ трейд” ХХК нь хариуцагч “Хансуун зам” ХХК-д холбогдуулан 6.556.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Шүүх уг нэхэмжлэл нь хуульд заасан хэргийн болон шүүхийн харъяалал зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзэн хэрэг үүсгэсэн байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрч нэхэмжлэгч “Баян-Эрдэнэ трейд” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 6.556.000

төгрөгний 1.256.000 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 5.300.000 төгрөгийг хариуцагч “Хансуун зам” ХХК төлөхөөр тохиролцож эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

           Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Баян-Эрдэнэ трейд” ХХК нь хариуцагч “Хансуун зам” ХХК-д холбогдуулан 6.556.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч “Баян-Эрдэнэ трейд” ХХК нь 1.256.000 төгрөгийг авахаас татгалзаж, үлдэх 5.300.000 төгрөгийг хариуцагч “Хансуун зам” ХХК нь төлөхөөр харилцан тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь  хэсгүүдэд зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 119.846 төгрөгөөс 59.923 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Улаанбаатар хотын банк дахь 2603030349 тоот данснаас, хариуцагч “Хансуун зам” ХХК-иас 49.875 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Баян-Эрдэнэ трейд” ХХК-д олгож, 59.923 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                  Ц.САНСАРМАА