| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2020/0027/э |
| Дугаар | 29 |
| Огноо | 2020-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Э-р хөтлүүлэн,
Улсын яллагч Б.С,
Шүүгдэгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн 20000 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, * төрсөн, 22 настай, эрэгтэй, *, * боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *оршин суудаг/, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, А.С /*/.
Шүүгдэгч А.С нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 14 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг Хайрханы өвөр гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Г-г цээж рүү хөлөөрөө жийлээ гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг
хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.С нь 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 14 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг Хайрханы өвөр гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Г-г цээж рүү хөлөөрөө жийлээ гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:
-Хохирогч Ц.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би нэг том чулуун дээр хөлөө нугалчихсан сууж байгаад баруун хөлөө жийх гэж байгаад санаандгүй хөлөөрөө түүний цээжин хэсэг рүү жийчихсэн юм. Тэгтэл С сууж байсан газраасаа босож ирээд та намайг яагаад өшиглөөд байна гээд гараараа нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгтэл миний хамрын хянга ясны зүүн талд язарсан бололтой цус гараад тогтохгүй байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19-20-р хуудас/,
-Гэрч Ц.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Өөрийн төрсөн дүү Б-н хамт түүнийг хайж явахдаа Г-г Тосонцэнгэл сумын Хайрханы өвөр гэх газарт явж байхад нь тааралдаж уулзсан. Тэгээд би дүү Г-с яав, юу болов гэж асуухад би хүнд зодуулчихлаа гэж хэлэхэд түүний нүүр, гар, дээлийн зах хэсэгт цус болсон байсан ба түүний 2 нүдний хооронд буюу хамрын зүүн хянганы орчимд язарч ангайсан шархтай харагдсан. Тэгээд би тэр дороо гар утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Дүү Б нь Г-г дагуулаад эмнэлэг рүү явсан ба шарханд нь оёо тавиулмаар юм байна гэж хэлээд явуулсан. ...С гэгч болон үл таних 2 эмэгтэйгээс Г-н хаана байгааг заалгаж, дүү Г-н байгаа гэх газар руу дүү Б-н хамт мотоциклтой явж байтал Г Хайрханы өвөр уруудаад явган явж байхад урдаас нь угтаж очсон...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 31-р хуудас/,
-Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Уг өдөр миний төрсөн эгч Ц.Ц нь над руу гар утсаар холбогдоод дүү чинь хөдөө гэрээсээ мотоциклтойгоо сумын төв рүү явсан гэнэ. Тэгээд одоо болтол ирсэн ирээгүй нь мэдэгдэхгүй байна гэсэн. Тэгээд би төрсөн эгч Ц-тай дүүгээ сумын төвөөр хайсан боловч олдоогүй. ...Нөгөө С гэгч нь үл таних 2 эмэгтэйтэй хамт сумын төвийн баруун хойд хэсэгт зэлүүд газар явж байгаатай тааралдсан. Уг хүмүүс архи уусан бололтой илтэд халамцуу байсан. Тэгээд эгч бид хоёр уг хүмүүсээс өөрийн дүү Г-г сураглахад нэг үл таних эмэгтэй нь манай дүүгийн байгаа газрыг зааж өгсөн. Эгч бид хоёр тэр заасан зүгт нь явж байтал миний дүү Г нь Хайрханы зүүн өвөр уруудаад явганаар явж байсан. ...Дүү Г-н нүүрэн хэсэг нь цус болсон, 2 нүдний хооронд хамрын хянга ясных нь орчимд язарсан шархтай харагдсан. Эгч бид 2 яав, юу болов гэж асуухад С гэдэг залууд зодуулчихлаа гэж хэлж байсан. ...Эмчид үзүүлэн шарханд нь оёо тавиулсан... ” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 33-р хуудас/,
-Гэрч М.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 21-22 цагийн орчимд яаралтай түргэн тусламжийн өрөөнд үл таних 2 хүн орж ирсэн. ...Нэг үл таних залуу нь хүнд зодуулчихлаа, эмчид үзүүлэх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би биеийн байдлыг нь үзэхэд амин үзүүлэлт хэвийн, уг хүний хамрын хянга хэсэгт босоо язарсан шархтай, шархнаас бага зэрэг цус шүүрсэн байдалтай байсан. Уг хүний шархыг цэвэрлэн ариутгаж, хэсгийн мэдээ алдуулалт хийгээд шарханд нь нэг ширхэг оёдол тавьсан..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 35-р хуудас/,
-Шүүгдэгч А.С-н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би Ц.Г-тай хамт архи хувааж уугаад уулын өвөр газрын том гэгч чулуун дээр сууж байсан. Тэгсэн Ц.Г миний цээжин хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд авах шиг болоход, би ар нуруун талаараа газарт уначихсан. Тэгээд би тэр дороо босож ирээд газарт унасандаа жаахан уур хүрч түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл түүний хамраас нь цус гарсан. ...Би уг гэмт хэргийг үйлдсэндээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 48-р хуудас/,
-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 000000191 дугаартай: “...Ц.Г-н биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой зүүн хөмсөгний урд доод хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Ц.Г-н биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 39-р хуудас/,
-Хүний их эмч М.Н-н тодорхойлолт /ХХ-ийн 38-р хуудас/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 5-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд А.С-н дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч А.С-т холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул А.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.С-т ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг нь болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол, саналгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй байна.
Иймд прокурорын санал болгосон торгох ялыг оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3,
4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. А.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.С-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.С-т өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН