Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 276

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

Д.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Уянга,

хохирогч А.Г, түүний өмгөөлөгч Ц.Тодгэрэл,

иргэний нэхэмжлэгч Г.Ариунболдын өмгөөлөгч Г.Мөнхбат,

шүүгдэгч Д.А-гийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Уянгын бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 18 дугаар прокурорын эсэргүүцлээр Д.А-д холбогдох 201301022777 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д.А, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт хх тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

 

Д.А- нь 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр иргэн Э.Д-ээс дүүгийнхээ сургалтын төлбөрийг өгөх гэсэн юм 2-3 хоногийн дараа өгнө гэж хэлээд 2,500,000 төгрөгийг,

2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэн А.Г-оос гаалийн бичигтэй “Ниссан каушкау” загварын автомашиныг 40 сая төгрөгөөр худалдан авахаар тохирч мөнгийг нь өгөлгүй уг автомашиныг “Сайн” ломбарданд 18,000,000 төгрөгийн барьцаанд тавьж,

2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд иргэн Д.Н-д 2 өрөө орон сууц зарна гэж 6,000,000 төгрөгийг,

2013 оны 12 дугаар сард өөрийгөө Гаалийн ерөнхий газарт ахлах нягтлан ажилтай чамайг Гаалийн ерөнхий газарт ажилд оруулж өгнө хэлэн иргэн Т.Ц-аас 1,400,000 төгрөгийг,

2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Х.Б-аас хүүтэй зээлчих гэж хэлж 1,000,000 төгрөгийг,

2013 оны 7 дугаар сард Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 170/б байрны 67 тоот 2 өрөө сууцыг түрээслэн сууж байхдаа Б.Н-д зарна гэж 43,000,000 төгрөгийг тус тус хуурч залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Д.А-д холбогдох үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.А-г бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.А-г 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.А-гийн цагдан хоригдсон 1060 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож хорих ялыг эдэлсэнд тооцож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.А-гийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн “Ниссан каушкау” загварын улсын дугаартай автомашиныг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож Г.Ариунболдод олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.А-гаас 5,000,000 төгрөг гаргуулж Б.Н-д, 2,500,000 төгрөгийг гаргуулж Э.Д-д, 6,000,000 төгрөгийг гаргуулж Д.Н-д, 1,000,000 төгрөгийг гаргуулж Х.Б-д, 1,400,000 төгрөгийг гаргуулж Т.Ц-д, 23,500,000 төгрөгийг гаргуулж А.Г-д тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Уянга бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд 55 дугаар шийтгэх тогтоолоор Д.А-д 2 жил 10 cap хугацаагаар хорих ялаар шийтгэж түүний цагдан хоригдсон 1060 хоногийг нь эдлэх ялд оруулан тооцож хорих ялыг эдэлсэнд тооцон, шүүхийн танхимаас суллан чөлөөлжээ.

Д.А- нь 1060 хоног цагдан хоригдсон нь 2 жил 11 cap 25 хоног болж байгаа ба түүнд 2 жил 10 сарын хорих ял оногдуулсан нь ял хөнгөдсөн байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Д.А-д оногдуулсан хорих ялыг хүндрүүлж 2 жил 11 cap 25 хоног болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Шүүгдэгч Д.А-гийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан учраас хэвээр үлдээх саналтай байна. Хэрвээ эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзвэл шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан ял оногдуулсан...” гэв.

 

Хохирогч А.Г-ын өмгөөлөгч Ц.Тодгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. 40,000,000 төгрөгийн залилан хийсэн нь тогтоогдсон. 23,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Г.Ариунболдын өмгөөлөгч Г.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн. Хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нар гомдол гаргаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд А.Ганболдын ах болон өмгөөлөгч нар нь орсон...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Д.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүх Д.А-гийн бусдыг залилан мэхэлсэн удаа дараагийн үйлдлийг “...нийт 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг ...залилан авсан...” нэг гэмт хэрэг гэж үзэж зүйлчилсэн атлаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг харгалзан Д.А-д холбогдох хэргийг зүйлчлээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

 

Дээрх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.А-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн хэргийг зүйлчилсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаа тул “ял хөнгөдсөн” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх энэ удаагийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлээгүй болохыг дурдаж байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.А-д холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Д.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                   Д.ОЧМАНДАХ