Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2019/0023/З |
Дугаар | 211 |
Огноо | 2019-04-01 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 211
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “САЗ” ХХК /РД: /
Хариуцагч: Сяам,
Хариуцагч: Ссайдын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” дугаар А/140 тоот тушаалаар байгуулагдсан Антивирусны программ хангамжийн нэг жилийн лиценз нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо,
Гуравдагч этгээд: “Т” ХХК /РД: /
Нэхэмжлэлийн шаардлага: “Сяамны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн № 11-1/7388 мэдэгдлийг болон Сяамны “Антивирусны программ хангамжийн нэг жилийн лиценз нийлүүлэгчийг сонгох” тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц, түүний өмгөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Б.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “САЗ” ХХК 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан “САЗ” ХХК (Улсын бүртгэлийн дугаар: 9019027099, Регистрийн дугаар: 5146348)/цаашид “Компани” гэх/ нь албан ёсны лицензтэй программ хангамж нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээд болно.
Манай компани нь Монгол Улсын СЯамнаас зарласан “Антивирусны программ хангамжийн нэг жилийн лиценз нийлүүлэгчийг сонгох” СЯ/201802050 дугаартай бараа нийлүүлэх сонгон шалгаруулалтанд оролцож тендер илгээсэн бөгөөд тус яамнаас манай компанийн саналаас татгалзаж байгаа талаар 2018 оны 11 сарын 29-ний өдрийн 11-1/7288 дугаар бүхий албан бичгээр мэдэгдсэн байдаг. Ийнхүү манай саналаас татгалзсан үндэслэлээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасан үндэслэл үүссэн буюу тендерийн баталгаа болон хүчинтэй хугацаа шаардлага хангаагүй гэж захиалагч тайлбарладаг ба бид дээрх мэдэгдлийг хүлээн авч танилцаж, хуульд заасан хугацааны дотор буюу 2018 оны 12 сарын 03-ны өдөр SL2018/398 дугаар бүхий гомдлыг гаргасан. Тус гомдолдоо захиалагч нь хуульд заасан тендер шалгаруулалттай холбоотой хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох, үндэслэлгүйгээр бидний саналаас татгалзсан болох талаар тодорхой дурдаж, холбогдох нотлох баримтыг хавсарган өгсөн байдаг. Дээрх SL2018/398 дугаар бүхий гомдолд Монгол Улсын Сяамнаас 2018 оны 12 сарын 12-ны өдрийн 6-1/7662 дугаар бүхий “Гомдол хянан үзсэн тухай” албан бичгээр хариу өгсөн ба түүнд: “.... Тендерийн баримт бичигт 2018 оны 10 дугаар сарын 15 болон 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрүүдэд тус тус барааны тоо ширхэг болон тендерийн баталгааны талаарх өөрчлөлтүүдийг оруулсан ба энэ тухай төрийн худалдан авах ажиллагааны систем болох www.tender.gov.mn-ээр дамжуулан тендерт оролцогчид, олон нийтэд мэдээлсэн. Тендерийн баталгааны үнэлгээг 1,830,000 /нэг сая найман зуун гучин мянга/ төгрөг, тендерийн баталгааны хүчинтэй байх хугацааг 2019 оны 01 сарын 09-ны өдөр байхаар тендерийн баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулсан...” тул Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ21.1 дэх хэсэгт заасныг хангаагүй учир гомдлыг хүлээн авах боломжгүй...” гэж дурдсан нь үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь СЯамнаас зарласан “Антивирус програм хангамжийн нэг жилийн лиценз нийлүүлэгчийг сонгох” тендерийн баримт бичгийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт: “...Захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацаа дуусахаас өмнө тендерийн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулж болно. ..”, 9.2 дахт хэсэгт “...Ийнхүү оруулсан аливаа нэмэлт өөрчлөлт нь тендерийн баримт бичгийн салшгүй хэсэг болох бөгөөд тендерийн баримт бичиг худалдан авсан бүх тендерт оролцогчид нэмэлт өөрчлөлт тус бүрийг хүлээн авсан тухайгаа захиалагчид утсан холбоогоор мэдэгдэх үүрэгтэй...” гэж заасан. Гэтэл хариуцагчаас тендерийн баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулсан талаар бидэнд шуудан, эсхүл утсан холбоогоор нэгэн зэрэг мэдэгдэх дээрх үүргээ зөрчсөн ба энэ нь манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт: “... Гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно...” гэж заасны дагуу бид тус шүүхэд ийнхүү хандаж байна. Иймд Сяамны 2018 оны 11 сарын 29-ний өдрийн №11-1/7388 дугаар бүхий албан мэдэгдэл, 2018 оны 12 сарын 12-ны өдрийн №6-1/7662дугаар бүхий албан мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, СЯамнаас зарласан “Антивирусны програм хангамжийн нэг жилийн лиценз нийлүүлэгчийг сонгох” СЯ/201802050 дугаартай бараа нийлүүлэх сонгон шалгаруулалтад оролцсон нийт оролцогчдын тендерийн саналд зохих журмын дагуу дахин үнэлгээ хийхийг СЯаманд даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмон 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа: “Тус шүүхэд манай “САЗ” ХХК нь 2018 оны 12 сарын 24-ны өдөр Монгол улсын СЯаманд холбогдуулан, “Сяамны 2018 оны 11 сарын 29-ний өдрийн №11-1/7388 дугаар бүхий албан мэдэгдэл, 2018 оны 12 сарын 12-ны өдрийн №6-1/7662 дугаар бүхий албан мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, СЯамнаас зарласан “Антивирусны програм хангамжийн нэг жилийн лиценз нийлүүлэгчийг сонгох” СЯ/201802050 дугаартай бараа нийлүүлэх сонгон шалгаруулалтанд оролцсон нийт оролцогчдын тендерийн саналд зохих журмын дагуу дахин үнэлгээ хийхийг СЯаманд даалгах тухай” шаардлагатай нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагчийн зүгээс “А|Т” ХХК-д 2018 оны 11 сарын 29-ны өдрийн №11-1/7385 дугаар бүхий албан мэдэгдлээр гэрээ байгуулах эрх олгож, улмаар тус компанитай 2018 оны 12 сарын 17-ны өдөр гэрээ байгуулж, 2018 оны 12 сарын 19-ны өдөр барааны төлбөрийг төлсөн, гэрээнд заасан барааг бүрэн хүлээн авч хэрэглээнд нэвтрүүлэн захиргааны акт хэрэгжсэн байна. Гэвч хариуцагчийн зүгээс “Антивирусны програм хангамжийн нэг жилийн лиценз нийлүүлэгчийг сонгох” тендерийн баримт бичгийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт: “...Захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацаа дуусахаас өмнө тендерийн баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулж болно...”, 9.2 дахь хэсэгт “...Ийнхүү оруулсан аливаа нэмэлт өөрчлөлт нь тендерийн баримт бичгийн салшгүй хэсэг болох бөгөөд тендерийн баримт бичиг худалдан авсан бүх тендерт оролцогчид бичгээр гаргаж шуудан, эсхүл утсан холбоогоор нэгэн зэрэг мэдэгдэнэ. Тендерт оролцогч нэмэлт өөрчлөлт тус бүрийг хүлээн авсан тухайгаа захиалагчид утсан холбоогоор мэдэгдэх үүрэгтэй...” гэж заасан үүргээ зөрчсөн тул манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байна. Тиймээс нэхэмжлэгч нь 2018 оны 12 сарын 24-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Сяамны 2018 оны 11 сарын 29-ны өдрийн №11-1/7388 болон №11-1/7385 дугаар мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Антивирусны програм хангамжийн нэг жилийн лиценз нийлүүлэгчийг сонгох” тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны дүгнэлт, шийдвэрийг нотлох баримтаар гаргуулан хавтаст хэрэгт авагдсан бөгөөд уг нотлох баримттай танилцаад дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлага: Сяамны “Антивирусны програм хангамжийн нэг жилийн лиценз нийлүүлэгчийг сонгох” тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2018 оны 11 сарын 12-ны өдрийн шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох. Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 11 сарын 12-ны өдрийн хурлаар Антивирус програм хангамжийн нэг жилийн лиценз нийлүүлэгчийг сонгох нээлттэй тендер шалгаруулалтад материалаа ирүүлсэн оролцогчдын тендерийг хянан үзэх, үнэлгээ хийх асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд уг хурлаас "А|Т" ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт тооцож, төрийн нарийн бичгийн даргад танилцуулахаар болсон байна. Үнэлгээний хороо уг шийдвэрийг гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Ссайдын 2014 оны 09 сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа урамшууллыг зохицуулах журам болон Тендерийн баримт бичгийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн байна. ТБОНӨХБАҮХАтХ-ын 28-р зүйлийн 28.11 дэх хэсэгт “Захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлж <хамгийн сайн> үнэлэгдсэн тендерийг шалгаруулахад шалгуур үзүүлэлтүүдийг тендерийн баримт бичигт заасан журмын дагуу ашиглана.” Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журмын 3-р зүйлийн 3.3-т “Тендерт оролцогч нарын ирүүлсэн тендерийг тендерийн баримт бичигт тусгасан үнэдгээний шалгуур үзүүлэлтэд үндэслэн зохих аргачлал, зааврын дагуу үнэлнэ” гэж тус тус зохицуулсан. Эдгээр зохицуулалтуудаас дүгнэхэд үнэлгээний хороо нь тендерийн үнэлгээг тендерийн баримт бичигт нийцүүлэн үнэлэх ёстой байсан байна. Гэтэл үнэлгээний хороо нь өөрийн боловсруулсан тендерийн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулахдаа тендерийн баримт бичгийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах заалтыг мөрдөөгүй байх бөгөөд ийнхүү өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас ялихгүй зүйлээр шалтаглан хямд үнийн санал илгээсэн “САЗ” ХХК-ийн тендерээс татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус үйлдэл болсон байна. Тендерийн баримт бичгийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт тендерийн баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдолд тендерт оролцогчдод нэг бүрчлэн бичгээр мэдэгдэх шаардлагатай байна. Үүнээс харахад уг нэмэлт өөрчлөлт нь тендерт оролцогчдод бичгээр мэдэгдснээр хүчин төгөлдөр болно гэж ойлгогдохоор байгаа юм. Гэтэл манай компанид уг нэмэлт, өөрчлөлт мэдэгдээгүй тул тухайн нэмэлт, өөрчлөлт нь хүчин төгөлдөр болсон гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл тендерийн Үнэлгээний хороо нь үнэдгээ хийхдээ тендерийн баримт бичгийг зөрсөн байгаа бөгөөд Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 11 сарын 12-ны өдрийн хурлаас гарсан шийдвэр нь хууль бус шийдвэр байна. Иймд Захиргааны хэрэн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3-д заасны дагуу Сяамны Антивирус програм хангамжийн нэг жилийн лиценз нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2018 оны 11 сарын 12-ны өдрийн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Д.М нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““САЗ” ХХК-ийн зүгээс Сяаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой хууль нь 2005 оны 2 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Төрийн үйл ажиллагаанд техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх, худалдан авах ажиллагаанд хүний оролцоо, нөлөөллийг багасгах, уг үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод болгох зорилгоор Ссайдын 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тушаалаар "Цахим тендер шалгаруулалтын журам"-ыг батлан цахим хэлбэрээр тендер шалгаруулалтыг зохион байгуулж эхэлсэн. Цахим тендер шалгаруулалтын уламжлалт тендер шалгаруулалтаас ялгагдах гол онцлог нь тендерийн материалыг оролцогчид цахим хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлт хүртэл тухай тендерт оролцогч хэн болохыг тендер зохион байгуулагч этгээд мэдэх боломжгүй байдагт оршино. Иймд тендерийн баримт бичигт орж буй аливаа тодруулга, нэмэлт өөрчлөлтийг оролцогч тус бүрт албан бичгээр мэдэгдэх бус харин цахим хуудсанд тодруулга хэсэгт нийтэлж байгаа. Энэ талаар Ссайдын 2014 оны 2 дугаар сарын 24-ны өдрийн 32 дугаар тушаал гарсан бөгөөд уг тушаалд “...Нэг. Ссайдын 2013 оны 7 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалтын журам”-ын 4-р зүйлийн 1 дэх хэсэгт “4.1.10.Цахим тендер шалгаруулалтад оролцогчоос ирүүлсэн аливаа тодруулгын хариу албан бичгийг цахим системийн тендерийн баримт бичиг хэсэгт олон нийтэд эх сурвалжийг нь дурдалгүйгээр нийтэлнэ.” Гэж, 8 дугаар зүйлд 8.5 Цахим тендерт оролцогчид захиалагчийн уг журмын 4.1.10-т заасны дагуу нийтэлсэн тодруулгын дагуу тендерээ бэлтгэх үүргийг хүлээнэ.” Гэж тус тус нэмсүгэй...” хэмээн заасан. Хариуцагч нь өөрийн зарласан тендерийн баримт бичигт 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ба 10 дугаар сарын 19-ны өдрүүдэд тус тус барааны тоо ширхэг болон тендерийн баталгааны талаарх өөрчлөлтүүдийг оруулж tender.gov.mn сайт дахь өөрийн тендерийн баримт бичгийн тодруулга хэсэгт нийтэлсэн бөгөөд тухайн мэдээллийг тендерт оролцогч бүх компаниуд цахим хуудаснаас олж мэдэх адил тэгш боломжтой байсан, тэдгээрийн алинд ч албан бичгээр тухайлан мэдэгдээгүй болно. Тендерт оролцогч бусад компаниуд нь дээрх нэмэлт өөрчлөлтийн дагуу тендерийн баталгаагаа ирүүлсэн нь нэхэмжлэгч САЗ ХХК ч мөн дээрх нэмэлт өөрчлөлтийн дагуу тендерийн баталгаагаа ирүүлэх боломжтой байсныг нотолж байна. Иймд Сяамны 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 11-1/7388 дугаартай мэдэгдэлд /тендерээс татгалзах тухай/, 2018 оны 12-р сарын 1—ны өдрийн 6-1/7662 дугаартай “Гомдол хянан үзсэн тухай” албан бичгийн хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд улмаар нийт оролцогчдын тендерийн саналд дахин үнэлгээ хийхийг даалгах үндэслэлгүй байна. Хоёр. Сяам нь тендерт шалгарсан “Ая ТЗ” ХХК-тай 2018 оны 12 сарын 17-ны өдөр дугаартай гэрээг байгуулж, 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр төлбөрийг төлсөн бөгөөд гэрээнд заагдсан барааг бүрэн хүлээн авч хэрэглээнд нэвтрүүлсэн болно. Иймд ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Сяамны итгэмжлэгдсэн төлөөлөгч болон Үнэлгээний хорооны дарга Б.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “САЗ ХХК нь 2019 оны 0”-р сарын 25-ны өдөр Сяамны Антивирусны програм хангамжийн нэг жилийн лиценз нийлүүлэгчийг сонгох Үнэлгээний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
ТБОНӨХБАҮХАтХ-ийн 24-р зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна.” гэж, тус хуулийн 19-р зүйлээр эрх олгосны дагуу Ссайдын 2012 оны 3-р сарын 29-ний өдрийн 81-р тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан. “Бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичиг”-ийн бүрэлдэхүүн хэсэг болох “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа”-ны 21.4-т “Тендерийн баталгаа нь тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна.” Гэж тус тус заасан тул Монгол Улсын хэмжээнд тендерт оролцож байгаа бүх аж ахуйн нэгжүүд 73 хоногийн хугацаатай тендерийн баталгааг ирүүлэх ёстой бөгөөд энэнээс бага хугацаатай тендерийн баталгаа нь шаардлагад нийцэхгүй.
Дээрх хууль журмөн дагуу “Антивирусны программ хангамжийн нэг жилийн лиценз нийлүүлэгчийг сонгох” тендерийн нээлт хийх хугацаа 2018 оны 10-р сарын 29, тендерийн хүчитэй хугацаа 2018 оны 12 сарын 12, тендерийн баталгааны хугацаа 2019 оны 1-р сарын 9 байсан. Энэхүү хугацааг тендерт оролцогч САЗ ХХК нь хууль болон Антивирусны программ хангамжийн нэг жилийн лиценз нийлүүлэгчийг сонгох тендерийн баримт бичгийн 21.4-т заасны дагуу тооцоолон мэлэх, мөн tender.mn –д 2018 оны 10 сарын 19-ний өдөр гаргасан тодруулгаас мэдэх бүрэн боломжтой байсан. Гэтэл САЗ ХХк нь 2018 оны 10 сарын 25-ны өдөр тендерийн баталгааг ирүүлэхдээ баталгааны хугацаа тендерийн нээлтнээс хойш 34 хоногийн дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 2-ны өдөр буюу дуусахаар ирүүлсэн нь шаардлагыг хангаагүй байна. Мөн тендерийн баталгааны дүн 1830000 байх нь 1820000 гэж дутуу ирүүлсэн ба үүний ялимгүй алдаа хэмээн тооцож шаардлага хангасан хэмээн үзэх эрх зүйн зохицуулалт байхгүй, хэрвээ тэгвэл бусад оролцогчийн эрх ашиг зөрчигдөх болно. ТБОНХБАҮХАтХ-ийн 20-р зүйлийн 20.5-д “Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухай тендерээс татгалзана.” гэж, Ссайдын баталсан “Бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичиг”-ийн 21-р зүйлийн 21.7, Антивирусны программ хангамжийн нэг жилийн лиценз нийлүүлэгчийг сонгох тендерийн баримт бичгийн 21.7-д “Энэ зүйлд шаардсаны дагуу хүлээн зөвшөөрөхүйц тендерийн баталгаа ирүүлээгүй аливаа тендерээс захиалагч үндсэн шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана.” гэж тус тус заасны дагуу Үнэлгээний хороо болон захиалагч нь САЗ ХХК-ийн тендерээс татгалзах үүргээ биелүүлж, хуульд заасан шаардлагыг хангасан А|Т ХХК-тай гэрээ байгуулах шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй болно. www.tender.gov.mn сайтаас шүүн үзэхэд нэхэмжлэгч САЗ ХХК нь цахим тендерт 35 удаа оролцож хэд хэдэн удаа шалгарсан, тодруулгатай тендерт ч мөн оролцож байсан туршлагатай компани байх бөгөөд тендерийн баьалгааны дуусах хугацааг 34 хоногоор буюу тендерийн хүчинтэй хугацаанаас ч бага тооцож ирүүлсэн нь өөрийнх нь хариуцдагагүй, буруутай үйлдэл юм. Иймд САЗ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Манай компани ай ти чиглэрээр 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага. Бид тендерт оролцохдоо www.tender.gov.mn сайттай ажилладаг, холбоо харилцаагаа маш сайн зохион байгуулдаг. Мөн тендерийг баримт баримт бичгийг боловсруулдаг баг ай ти инженерийн баг байдаг. Тухайн тендерт манай компани оролцож 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулан “Антивирусны программ хангамжийн нэг жилийн лиценз нийлүүлэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу нийлүүлж байгаа бараа, бүтээгдэхүүн бол trend micrisoft гэсэн антивирусны программ байгаа. Энэ бараа бүтээгдэхүүнийг төрийн байгууллага яагаад тендерээр авч байгаа гэвэл саяхан оны эхэнд төрийн томоохон байгууллага гадаадын хакеруудын халдлагад өртөж, сервер ажиллагаагүй болж, өдөр тутмын үйл ажиллагаа явуулах систем нь алдагдсан. Ийм халдлагад өртөхөд хакерууд серверийг гэмтээж, мэйл үлдээдэг бөгөөд тухайн мэйл рүү нь ороход өндөр дүнтэй мөнгө шилжүүлснээр системийн ажиллагааг нь хэвийн болгож өгнө гэх мэт халддаг. Энэ байдал манай улсад бодит байдал дээр гарсан. Энэ бараа бүтээгдэхүүнийг сонгохдоо Тендерийн үнэлгээний хороо ажилласан туршлага, ур чадварыг нь харгалзан үзэж сонгосон гэж үзэж байна. Учир нь манай компанийн хувьд ажилчдынхаа ур чадвар, өрсөлдөх чадварт байнга анхаарч ирсэн бөгөөд ямар нэгэн нөлөөллөөс илүү түүнд анхаарлаа хандуулдаг. Тиймээс манай удирдлагын хувьд шүүхэд дуудагдсандаа эмзэглэж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан манай инженерүүд CCI гэсэн маш том программ хангамжийн гэрчилгээтэй хүмүүс бөгөөд ийм хүмүүс дэлхийд маш цөөхөн байдаг. Энэ программыг эзэмшсэн хүн аливаа халдлага, вирусээс урьдчилан сэргийлэх чадвартай гэж үздэг. Дэлхийд нийт 45 мянган хүн ийм гэрчилгээтэй бөгөөд 200 мянган хүн тутам нэг ийм гэрчилгээтэй хүн байдаг. Тиймээс Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байсан гэж үзэж байна. “САЗ” ГХОХХК www.tender.gov.mn сайттай байнга орж харьцах, мэдээлэл авах боломжгүй байсан. Тиймээс бидэнд бичгээр мэдэгдэх байсан бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь манай эрх ашиг зөрчигдөж байна гэж тайлбарлаж байна.
Мэдээлэл технологийн компанийн хувьд өдөр тутам, минут, секунд, цаг үеэсээ хоцрохгүй байх ёстой байдаг. Учир нь шинэ төрлийн вирус, хакерууд шинээр бий болж байдаг. Гэтэл мэдээлэл технологийн компани ийм тайлбар хэлж, гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-24.6-д заасан үндэслэлийг шалгуур болгож тендерийн үнэлгээ хороо үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Нэхэмжлэгч “САЗ” ХХК нь анх “Сяамны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн № 11-1/7388 дугаар бүхий мэдэгдэл, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн № 6-1/7662 дугаар бүхий албан мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, Сяамнаас зарласан Антивирусны программ хангамжийн нэг жилийн лиценз нийлүүлэгчийг сонгох СЯ/201802050 дугаартай бараа нийлүүлэх сонгон шалгаруулалтад оролцсон нийт оролцогчдын тендерийн саналд зохих журмын дагуу дахин үнэлгээ хийхийг Сяаманд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмон нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “Сяамны 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн № 6-1/7662 дугаар бүхий албан мэдэгдлийг хүчингүй болгуулах, Сяамнаас зарласан “Антивирусны программ хангамжийн нэг жилийн лиценз нийлүүлэгчийг сонгох” СЯ/201802050 дугаартай бараа нийлүүлэх сонгон шалгаруулалтад оролцсон нийт оролцогчдын тендерийн саналд зохих журмын дагуу дахин үнэлгээ хийхийг Сяаманд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа Сяамны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн № 11-1/7388 дугаар бүхий мэдэгдэл болон № 11-1/7385 дугаар мэдэгдлүүдийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилсөн болно.
Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд “Сяамны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн № 11-1/7385 тоот мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Сяамны “Антивирусны программ хангамжийн нэг жилийн лиценз нийлүүлэгчийг сонгох” тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно.
Ийнхүү нэхэмжлэгч нь эцсийн байдлаар дараах хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно. Үүнд:
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Ссайдын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” дугаар А/140 тоот тушаалаар Антивирусны программ хангамжийн нэг жилийн лиценз нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтын үнэлгээний хороог байгуулсан байна.
Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хурлаар “А|Т” ХХК-ийн ирүүлсэн материалуудыг тендерийн шалгууруудын аль алийг нь хангасан гэж үзсэн байх ба харин “САЗ” ХХК-ийн тендерийн баталгааны үнийн дүн болон хүчинтэй хугацаа нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй тул татгалзахаар шийдвэрлэсэн байна.
Сяамны “А|Т” ХХК-д хүргүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн № 11-1/7385 тоот албан бичигт “Тус яамнаас зарласан “Антивирус программ хангамжийн нэг жилийн лиценз нийлүүлэгчийг сонгох” СЯ/20180250 дугаар тендерт танай тендер “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн тул гэрээ байгуулах эрхийг үүгээр олгож байна. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.2-т заасны дагуу ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтаан гэрээ байгуулахыг үүгээр уламжилж байна” гэсэн байна.
Сяамны “САЗ” ХХК-д хүргүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн № 11-1/7388 тоот албан бичигт “Тус яамнаас зарласан “Антивирус программ хангамжийн нэг жилийн лиценз нийлүүлэгчийг сонгох” СЯ/20180250 дугаар тендерт танай компанийн цахимаар ирүүлсэн тендерийг хянан үнэлэхэд тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 21.1-т заасан “Тендерийн баталгааны үнийн дүн болон хүчинтэй хугацаа шаардлагыг хангаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу танай тендерээс татгалзсан болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн байна.
“Антивирусны программ хангамжийн нэг жилийн лиценз нийлүүлэх” дугаар №101 тоот гэрээ Сяам болон “А|Т” ХХК-ийн хооронд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгоно гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтуудын агуулгаас үзэхэд захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх, сэргээн тогтоох, хамгаалах зорилготой.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн ... асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаас үзэхэд шүүх зөвхөн нэхэмжлэгчийн эцсийн байдлаар тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэнэ.
Нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар буюу Сяамны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн № 11-1/7388 тоот мэдэгдлийг болон Сяамны “Антивирусны программ хангамжийн нэг жилийн лиценз нийлүүлэгчийг сонгох” тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэрийг хууль бус байсан болохыг шүүхээс тогтоосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна.
Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь Сяамнаас “А|Т” ХХК-тай гэрээ байгуулж, антивирусны программын лиценз нийлүүлсэн, санхүүжилтээ авч дууссан асуудалтай маргахгүй гэсэн агуулгаар шүүх хуралдаануудад тайлбарласан болно.
Мөн нэхэмжлэгч нь “А|Т” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Сяамны 2018 оны № 11-1/7385 тоот мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоолгох болон нийт оролцогчдын тендерийн саналд зохих журмын дагуу дахин үнэлгээ хийхийг Сяаманд даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “А|Т” ХХК болон Сяамны хооронд Антивирусны програм хангамжийн нэг жилийн лиценз нийлүүлэх гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу антивирусны программыг бүрэн хүлээн авч, эцсийн хэрэглээнд нэвтрүүлсэн, санхүүжилт бүрэн хийгдсэн буюу гэрээний төлбөрийг бүрэн төлж дуусгасан гэсэн агуулгаар тайлбарлаж байна.
Гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлсэн, санхүүжилт хийгдэж дууссан буюу төлбөр төлөгдөж дууссан болох нь Сяам болон “А|Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Антивирусны програм хангамжийн нэг жилийн лиценз нийлүүлэх” гэрээ, уг гэрээний төлбөрийг шилжүүлсэн баримтууд, бараа, бүтээгдэхүүн хүлээлцсэн акт гэх мэт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч нь “А|Т” ХХК-тай гэрээ байгуулж, санхүүжилтээ авсан асуудалтай маргахгүй гэж тайлбарласан, нийт оролцогчдын саналд дахин үнэлгээ хийхийг даалгах, гуравдагч этгээдэд гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн эцсийн байдлаар томъёолсон нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхээс хангаж шийдвэрлэсэн нөхцөлд ч нэхэмжлэгчийн эрх сэргэхээргүй, нэхэмжлэгчид эрх зүйн эерэг үр дагавар бий болохооргүй байна гэж шүүх дүгнэлээ.
Түүнчлэн шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгчид ирээдүйд, цаашид өөр бусад тендер шалгаруулалтад оролцоход нь сөрөг үр дагавар үүсэхгүй юм.
Бодит байдалд антивирусны программын лицензийг захиалагчид нийлүүлж дууссан, санхүүжилт хийгдэж дууссан буюу захиалагч төлбөрийг бүрэн төлж дуусгасан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэсэн ч шүүхийн шийдвэр биелэгдэхээргүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Түүнчлэн шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэдий ч талуудын маргаж буй дор дурдсан үндэслэлүүдийн талаар энэ шийдвэрт тусгах нь зүйтэй гэж үзлээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Захиалагч тендерийн баримт бичгийг тендерийн урилга нийтлэгдэх өдрөөс өмнө бэлэн болгосон байх үүрэгтэй” гэж заасан байна.
Ссайдын 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Тендерийн жишиг баримт бичигт шинэчлэн батлах тухай” дугаар 81 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичгийн 1 дүгээр бүлгийн 9.1-д “Захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацаа дуусахаас өмнө тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулж болно.”, 9.2-т “Ийнхүү оруулсан аливаа нэмэлт өөрчлөлт нь тендерийн баримт бичгийн салшгүй хэсэг болох бөгөөд тендерийн баримт бичиг худалдан авсан бүх тендерт оролцогчид бичгээр гаргаж шуудан, эсхүл утсан холбоогоор нэгэн зэрэг мэдэгдэнэ. Тендерт оролцогч нэмэлт өөрчлөлт тус бүрийг хүлээн авсан тухайгаа захиалагчид утсан холбоогоор мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан байна.
Ссайдын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” дугаар 32 тоот тушаалын 1 дэх заалтаар Ссайдын 2013 оны 7 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-д нэмэлт оруулсан байх ба уг нэмэлтээр цахим тендер шалгаруулалтад оролцогчоос хүсэлт, тодруулга ирүүлсэн тохиолдолд захиалагч хэрхэн хариу өгөх, оролцогчоос ирүүлсэн тодруулгад хариу өгөх албан бичгийг хэрхэн нийтлэх асуудлыг зохицуулсан байна.
Тодруулбал дээрх Ссайдын 2014 оны дугаар 32 тоот тушаалаар захиалагчийн зүгээс тендерийн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хэрхэн мэдэгдэхийг зохицуулаагүй, харин тендер шалгаруулалтад оролцогчоос тодруулга ирүүлсэн тохиолдолд хэрхэхийг зохицуулсан байх тул дээрх Ссайдын 2014 оны дугаар 32 тоот тушаал нь энэ маргаанд хамааралгүй байна.
Ссайдын 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Журам батлах тухай” дугаар 07 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журамд захиалагчаас шалтгаалж тендерийн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд хэрхэхийг тодорхой зохицуулсан зохицуулалт байхгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэж заасан байна.
Дээрх үндэслэлүүдээс үзэхэд тендерийн баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тендерт шалгаруулалтад оролцогчид мэдэгдэх үүргээ захиргааны байгууллага биелүүлсэн гэж үзэхээргүй байх боловч энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “САЗ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасныг тус тус баримтлан “Сяамны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “САЗ” ХХК-д хүргүүлсэн № 11-1/7388 тоот мэдэгдлийг болон Сяамны “Антивирусны программ хангамжийн нэг жилийн лиценз нийлүүлэгчийг сонгох” тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №2 тоот хурлын тэмдэглэлийг буюу шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий “САЗ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “САЗ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ