Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/01517

 

 “Г ” ЗГБХН-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

             Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

             2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/01101 дүгээр шийдвэр, 

             Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

              2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1233 дугаар магадлалтай,                                                              “Г ” ЗГБХН-ийн нэхэмжлэлтэй,

               “М ” ХХК-д холбогдох

               Барилгын үнэ 30,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 

      Түрээсийн төлбөр 22,500,000 төгрөг гаргуулах, газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баттулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Т.Отгонбаатар, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл,  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Гантулга 2013 онд “Г ” нөхөрлөлийг  9 гишүүнтэй  үүсгэн  байгуулсан. “Г ” нөхөрлөл 2013 онд Баянгол дүүрэг 18-р хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамжинд байрлах, “М ” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг Түндэмүн сауны барилгын гадна талд, 80 м.кв газрыг 1 сард 1,000,000 төгрөгөөр түрээслэх гэрээ байгуулан ажилласан. Уг газарт 2013 онд 80 м.кв  талбайтай   авто угаалгын  барилга барьсан. Тус барилгыг хөнгөн блок, модон карказ, сэндвичин дээвэр, өргөн нь 40 см, өндөр 40 см, урт 38 метр суурьтай барьсан. “М ” ХХК-тай манай нөхөрлөл жил бүр гэрээг сунгаж ажилладаг байсан бөгөөд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2016 оны 8 сард үйл ажиллагааг хариуцагч зогсоож, барилгын түлхүүрийг хурааж авсан. Бид ямар шалтгаанаар түрээслүүлэхгүй болсон талаар асуухад цахилгаан зөвшөөрөлгүйгээр ашигласан тул гэрээг цуцласан гэж мэдэгдсэн. Ингээд манай авто угаалгыг үндэслэлгүйгээр зогсоож хариуцагч гэрээгээ зөрчсөн гэж үзэж байна. Иймд барилгын үнэ болох 30,000,000 төгрөгийг “М ” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн. Шинжээчийн дүгнэлтээр барилга 21,542,300 төгрөгөөр үнэлэгдсэн тул барилгын үнэд 21,542,300 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлээ багасгаж байна гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  “М ” ХХК нь анх 2004 онд гадаад худалдаа, аялал жуулчлал, саун массаж, боловсруулан гүйцэтгэх газар, түрээсийн үйл ажиллагаа явуулах зорилгоор Монгол Улсын хуулийн хүрээнд байгуулагдсан, гадаадын хөрөнгө оруулалттай компани юм. Манай компани нь өнгөрсөн хугацаанд хууль бус үйл ажиллагаа явуулж байгаагүй, өнөөдрийг хүртэл Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу тогтвортойгоор үйл ажиллагаа явуулж байна. “М ” ХХК нь 3128 м.кв газрыг ашиглах эрхтэй бөгөөд 2013 оноос эхлэн өөрийн эзэмшлийн газраас 80 м.кв газрыг сарын 1,500,000 төгрөгөөр түрээслүүлэхээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар түрээсийн гэрээг байгуулан хариуцагчид түрээсэлж эхэлсэн. Түрээслэгч автомашин угаалгын газар барьж, 2013 оны 08 сараас ашигласан. Түрээслэгчийн зүгээс үйл ажиллагаа явуулахад ашиггүй байна гэсэн тул түрээсийн төлбөрийг 2015 оны 05 сарын 06-ны өдрөөс бууруулан сарын төлбөрийг 1,000,000 төгрөг болгосон. Гэсэн ч “Г ” нөхөрлөл нь мөн үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадалгүй түрээсийн төлбөрөө төлөхгүй байсан. Мөн түрээслүүлэгч “М ” ХХК-д мэдэгдэлгүйгээр гуравдагч этгээдэд түрээслүүлсэн. Энэ нь гэрээний 1.7 дугаар зүйлийг зөрчсөн үйлдэл бөгөөд гэрээг цуцлах хангалттай үндэслэл болсон. Төлөгдөөгүй түрээсийн төлбөрийг 2015 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл төлж  барагдуулахаар болж  одоогийн байгаа барилга   байгууламжаа буулган цэвэрлэж өгнө гэж 2015 оны 05 сарын 06-ны өдөр Г.Гантулга өөрийн гараар гэрээнд бичиж тохирсон. Үүнээс хойш удалгүй “Г ” нөхөрлөлийн захирал Г.Гантулга нь Тайваньд хулгайн хэрэг хийж,  тус  улсад  хоригдон   шалгагдсаны   улмаас  холбоо  тасарсан.  “М ”  ХХК-ийн захирал  У  Жон  Сун нь   “М ” ХХК-ийн менежерээр ажиллаж байсан Г.Гантулгын дүү Э.Баттулгад машин угаалгын газрыг ажиллуулахыг санал болгоход Э.Баттулга саналыг хүлээн авч “М ” ХХК-д ажиллаж авсан цалингаа түрээсийн төлбөрт суутгуулахаар тохиролцсон болно. Гэвч Э.Баттулга нь машин угаалга ажиллуулж байхдаа цахилгааныг манай тоолуураас залгаж, хулгайгаар хэрэглэж байсныг “М ” ХХК олж мэдээд энэ үйлдлээ шууд таслан зогсоохыг шаардаж, өмнө нь ямар байсан тэр байдалд нь оруул гэсэн боловч хулгайн тог ашиглаж байгаа үйлдлээ таслан зогсоогоогүйн улмаас үйл ажиллагааг нь зогсоосон болно. “Г ” нөхөрлөл нь манай компанитай гэрээ хийх үед 9011427033 бүртгэлийн дугаартай, РД:5735785 улсын бүртгэлийн гэрчилгээтэй байсан. Гэтэл нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзэхэд гэрээ байгуулснаас хойш шинээр авсан гэрчилгээ байх тул үнэн эсэхийг шалгах хэрэгтэй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлд “Г ” нөхөрлөлийг төлөөлөн зурсан гарын үсэг нь Г.Гантулгын гэрээнд зурсан гарын үсгээс зөрүүтэй өөр байгаа тул шалгах шаардлагатай байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч “М ” ХХК-ийн  гаргасан сөрөг нэхэмжлэлд: “М ” ХХК нь 2013 оноос эхлэн өөрийн эзэмшлийн 80 м.кв газрыг сарын 1,500,000 төгрөгөөр түрээслүүлэхээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээг байгуулан нэхэмжлэгчид түрээсэлж эхэлсэн бөгөөд үйл ажиллагаа явуулахад ашиггүй байна гээд түрээсийн төлбөрийг бууруулан сарын 1,000,000 төгрөг болгосон. Үүнээс хойш түрээслүүлэгч “М ” ХХК-д мэдэгдэлгүйгээр гуравдагч этгээдэд түрээслүүлсэн.       Энэ нь гэрээний 1.7 дугаар зүйлийг зөрчсөн тул гэрээг цуцласан. Иймд Баянгол дүүрэг 18-р хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамжид байрлах “М ” ХХК-ийн эзэмшлийн газраас “Г ” нөхөрлөл барьсан барилгыг албадан чөлөөлж өгнө үү. “Г ” нөхөрлөл нь “М ” ХХК-тай 2015 оны 05 сарын 06-ны өдөр түрээсийн гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу түрээсийн төлбөрийг зөвхөн нэг удаа төлж, удаан хугацаанд огт төлбөрөө төлөөгүй явж ирсэн. Тухайн байрыг барихад орсон эд материалыг “М ” ХХК гаргасан байхад одоо манай компанийн хөрөнгөөр барьсан барилгын үнийг эгүүлэн манай компаниас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. “Г ” нөхөрлөл нь түрээсийн гэрээний дагуу сар бүр төлөх 1,000,000 төгрөгийг төлөөгүй, 2017 оны 05 сарын 07-ны өдрийн байдлаар 24 сарын төлбөр 22,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд “Г ” нөхөрлөлөөс түрээсийн төлбөр 22,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баттулгаас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: “Г ” нөхөрлөл 2016 оны 8 сарыг хүртэл үйл ажиллагаа явуулж, үйл ажиллагааг хариуцагч талаас зогсоосон. Түрээсийн төлбөрийг 2015 оноос хариуцагч компанийн орчуулагч А.Тэгшсайханаар дамжуулж төлж байсан. 2016 оны 3 сард Г.Гантулга гадагшаа явсан тул би уг хугацаанаас автомашины угаалгын газрын үйл ажиллагааг эрхэлж, “М ” ХХК-д менежерээр ажилласан цалингаараа түрээсийн төлбөрийг төлсөн. Барилга нэхэмжлэгчийн газар дээр байгаа, манайх гэрээнээсээ татгалзаагүй, хариуцагч санаачлан гэрээг цуцалсан тул газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/01101 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “М ” ХХК-д холбогдох барилгын үнэ 21,542,300 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл, нэхэмжлэгч “Г ” ХХК-иас 2015 оны 05 сарын 08-ны өдрөөс 2017 оны 5 сарыг хүртлэх хугацааны түрээсийн төлбөр 22,500,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн эзэмшлээс автомашин угаалгын газрын барилга барьсан 80 м.кв газрыг чөлөөлүүлж, хариуцагчаас 4,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 308,000 төгрөг, сөрөг нэхэмжлэлд хариуцагчаас төлсөн 376,600 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, сөрөг нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох хураамж 70,200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1233 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/01101 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгалийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1233 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т зааснаар хяналтын гомдол гаргаж байна. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М ” ХХК-д холбогдох барилгын үнэ 21,542,300 төгрөг гаргуулах нэхэмжлэл, нэхэмжлэгчийн эзэмшлээс автомашин угаалгын газрын барилга барьсан 80 м.кв газрыг чөлөөлүүлэх” гэж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. “Г ” нөхөрлөл болон “М ” ХХК нарын хооронд Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамжид байрлах “М ” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг “Түндэмүн” сауны гадна талд байрлах газрыг түрээслэх гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар байгуулсан байдаг. Түрээсийн гэрээг талууд тодорхой хугацаагүйгээр байгуулсан байна. Түрээслэгч талаас газар дээрээ 2013 ондоо авто угаалгын газар барьж байгуулсан. Тухайн авто угаалгын газар барьсан, барих гэж буй талаар түрээслэгч маргаагүй. Талууд гэрээний хугацааг жил бүр сунгаж байсан бөгөөд түрээслэгч “М ” ХХК ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зогсоож, тухайн авто угаалгын газрыг хааж, авто угаалгын газрын түлхүүрийг өөрсдөө авсан байдаг. Энэ талаар тодруулахад цахилгаан зөвшөөрөлгүй ашигласан учраас гэрээ цуцалсан гэсэн байдаг. Үүнээс хойш “Г ” нөхөрлөлийн зүгээс тухайн авто угаалгын газрыг ашиглаагүй. Түрээслэгч талын буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй байхад түрээслэгч талаас авто угаалгын газрын үйл ажиллагааг хаасан нь түрээслэгчийг хохироож байгаа. Түрээслэгч талаас түрээсийн гэрээгээ цуцалж, гэрээг дуусгавар болгосон. Одоо тухайн авто угаалгын газар хариуцагч “М ” ХХК-ийн ашиглаж байгаа газар дээр тухайн компанийн эзэмшилд байна. Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу хэлцлээр өгсөн авсан зүйлээ харилцан буцааж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах үүрэгтэй гэж дүгнэн, хариуцагч “М ” ХХК-ийг өөрийн барьсан автомашин угаалгын барилгыг буулгаж, 80 м.кв газрыг чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэсэн. Тухайн авто угаалгын газар нь үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд барилгыг нурааж буулгаснаар өөрийн зориулалтаар ашиглах боломжгүй. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1233 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                                                      ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Г ” ЗГБХН нь хариуцагч “М ” ХХК-д холбогдуулан барилгын үнэ гэж 30,000,000.00  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  шаардлагаа 21,542,300.00 төгрөг болгон багасгажээ.  

Хариуцагч “М ” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөн тул газар чөлөөлүүлж, түрээсийн төлбөр 22,500,000.00 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Зохигчдын хооронд үүссэн  маргааныг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “М ” ХХК-д холбогдох барилгын үнэ 21,542,300.00  төгрөгийг гаргуулах нэхэмжлэл, нэхэмжлэгч “Г ” ХХК-иас 2015 оны 05 сарын 08-ны өдрөөс 2017 оны 5 сарыг хүртлэх хугацааны түрээсийн төлбөр 22,500,000.00 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн эзэмшлээс автомашин угаалгын газрын барилга барьсан 80 м.кв газрыг чөлөөлүүлж, хариуцагчаас 4,000,000.00  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүх шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтанд тулгуурлан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ зохигчдын хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлсон байх тул шийдвэр, магадлалыг шийдлийн хувьд хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр талуудын хооронд гэрээ байгуулагдаж, хариуцагч нь өөрийн ашиглаж буй газраас 80 м.кв талбай бүхий газрыг автомашин угаалгын газар бариулж, ашиглуулах зориулалтаар “Г ” ХХК-д түрээслүүлсэн, “Г ” ХХК уг газарт 2013 оны 09 дүгээр сард автомашин угаалгын барилга барьж ашиглаж, түрээсийн төлбөр төлж байсан үйл баримтын талаар талууд маргаагүй.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “М ” ХХК нь 2006 онд байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/829 дугаартай шийдвэрээр Баянгол дүүрэг, 18 дугаар хороонд 3128 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар ашиглах эрх олгосны дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газартай нэгж талбарын 18640311798134 дугаартай газрыг ашиглах гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан байна. /хх 94-99/

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан хэлцлийг газрын  түрээсийн  гэрээ гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй,  “Г ” ХХК-ийн эрх үүрэг “Г ” ЗГБХНөхөрлөлд шилжсэн байх тул нэхэмжлэгч “Г ” ЗГБХНөхөрлөл нь “Г ” ХХК-иас хариуцагчтай байгуулсан түрээсийн гэрээний эрх үүргийн талаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

Түүнчлэн газар эзэмших эрхтэй этгээд нь газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр  тухайн  газрыг  бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж  болно  гэж  Газрын тухай хуулийн  35 дугаар зүйлийн 35.1.6-д  заасан байх бөгөөд  дээрх газрыг  бусдад  түрээслэх эрх хариуцагч  “М ” ХХК-д хуулиар олгогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. 

Талуудын хооронд байгуулагдсан газрын түрээсийн гэрээ нь Газрын тухай хуульд заасан эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн тул  Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл, зохигчид энэ гэрээний дагуу харилцан үүрэг шаардах эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийн үндэслэлийг  Газрын тухай хууль болон Иргэний хуульд нийцсэн гэж үзнэ.

Иймээс зохигчдыг хэлцлээр өгсөн авсан зүйлээ харилцан буцааж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах үүрэгтэй  гэж дүгнэн, нэхэмжлэгчийг 80 м.кв газрыг чөлөөлөхийг даалгаж, харин барилгын үнэ 21,542,300.00 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл  болон  түрээсийн төлбөрт  22,500,000.00 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг   хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д  заасныг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс түрээсийн төлбөрт төлсөн  4,000,000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь учир дутагдалтай боловч хариуцагч “Монсанхим” ХХК нь энэ талаар хяналтын журмаар гомдол гаргаагүй байна.

Зохигчдын хооронд үүссэн маргааныг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын эрхийг хэрэгжүүлсэн, Иргэний хууль болон Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх заалтын аль үндэслэл хамаарахыг орхигдуулсан, “Г ” нөхөрлөлийг компани гэж ташаа бичсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулаагүй байна.  

Дээрх үндэслэлээр хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд техникийн шинжтэй өөрчлөлт оруулах бөгөөд хоёр шатны шүүх маргааны үйл баримтыг үндэслэл бүхий тогтоож шийдвэрлэсэн тул    нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны бүрэлдэхүүн тогтоов.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1233 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/01101 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “...492.1” гэснийг ”492.1.1” гэж, ”...“Г ” ХХК” гэснийг “Г  ЗГБХН” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

           2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгалийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,700.00 /хоёр зуун дөчин таван мянга долоон зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

                              ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН