Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2022/0478

 

Ц.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т

Нэхэмжлэлийн шаардлага: Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаар захирамжийн Д.Д-д холбогдох “Урьд хүүш” нэртэй газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 23 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Б

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т

Хариуцагч Б.Т

Гуравдагч этгээд Д.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 124/2021/0078/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Б Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаар захирамжийн Д.Д-д холбогдох “Урьд хүүш” нэртэй газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ц.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад нэхэмжлэгч Ц.Б-гийн аав буюу миний аав 1996 оноос хойш маргаан бүхий өвөлжөөний зориулалттай газрыг эзэмшиж байгаад 2007 онд гэрчилгээ гаргах үед манай дүү н.Б-д уг газрын гэрчилгээг эзэмшүүлсэн. Дүү н.Б нь уг өвөлжөөг надад өмчлүүлэн бэлэглэсэн учир 2015 онд өөрийн нэр дээр өвөлжөөний газрын гэрчилгээг гаргуулж авсан.

3.2. Иргэн Д.Д өвөлжөөг өөрийн сумын нутаг дэвсгэрт харьяалагдсан гэж маргасан тул Хяргас сумын удирдлага, холбогдох албан тушаалтанд мэдэгдэж, сумын зүгээс тус өвөлжөө нь Хяргас сумын нутагт хилийн цэсэд багтаж байна. Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн тус өвөлжөөний газрын байршлын зураг, 2009 оны газрын байршлын хилийн цэсийн тогтоосон акт зэргээр тогтоогдсон тул 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/08 дугаар захирамжид уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг гаргасан байдаг.

Хариуцагч болон гуравдагч этгээд нар нэхэмжлэл үндэслэлгүй байна. Маргаан бүхий өвөлжөө өөрийн сумын нутагт харьяалагдан гэж маргаж байгаа.

Монгол Улсын иргэн тэр тусмаа нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьдардаг малчид бид эрт дээр үеэс аав ээжийн амьдарч, өвөлжиж байсан буйр бууцанд харьяа газрын эрх бүхий албан тушаалтны гаргасан актад үндэслэж тэр эрх буюу гэрчилгээг баримтаа болгон тухайн газар өвөлжөөний эзэмшигч, өвөлжигч болж явдаг.

Гэтэл төрийн алдаанаас өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтны алдааны хариуцлагагүй байдлаас болж хохирох ёсгүй гэж бодож байна.

Өөрөөр хэлбэл бидний мэдэж байгаа өвөлжөөний газар Увс аймгийн Хяргас сумын нутаг дэвсгэрт харьяалагдаж байхад Цагаанхайрхан сумын Засаг даргын захирамжаар нутаг дэвсгэрийн харьяалал зөрчиж, давхцуулсан иргэнд эзэмшүүлж байгаа нь илт хууль бус бөгөөд жирийн малчин миний эрх ашиг хөндөгдөж байна.

Иймд хэргийг бүхэлд нь хянан 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 23 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шалгаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

2.1. Нэхэмжлэгч Ц.Б-ээс Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаар захирамжийн Д.Д-д холбогдох “Урьд хүүш” нэртэй газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан Т.Ц-ний гэрчийн мэдүүлгээс үзэхэд “...манайх уг өвөлжөөг Д.Д-ээс худалдаад авчихсан байгаа боловч эзэмших эрхээ шилжүүлж аваагүй байгаа...”, “...2014 онд Ц.Б-ийн дүү Б гэж залуу бас гэрчилгээтэй ... манай ах Ц.Б-ээс гэрчилгээ авчихаарай гэж хэлсэн. Тэгээд би Б-д өвөлжөөг худалдаж авахаар 3 сая төгрөг шилжүүлээд Ц.Б-ээс гэрчилгээг нь авах гэтэл гэрчилгээ байхгүй гэж хэлээд өгөөгүй...” гэж тус тус мэдүүлжээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасны дагуу шүүх уг захиргааны хэргийг хэрхэн шийдвэрлэхээс хамаарч эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах үүрэгтэй.

 

Анхан шатны шүүх “...нэхэмжлэгчийн дүү Б нь ах Ц.Б-тэйгээ зөвшилцөж 2014 онд 3.0 сая төгрөг Т.Ц-ээс авснаа хүлээн зөвшөөрсөн байх боловч өвөлжөө зарснаа хүлээн зөвшөөрөөгүй байна. Харин гэрч Г.Б-ийн гэрчилснээр Т.Ц-ний “Б-ээс өвөлжөөг худалдан авахаас болж 3.0 сая төгрөг шилжүүлсэн” гэх тайлбар үндэслэлтэй болох нь тогтоогдох байна. Мөн гуравдагч этгээд Д.Д нь 2018 онд уг өвөлжөөг мөн Т.Ц-д зарсан байх өгөөд ийнхүү бодит байдал дээр Цагаанхайрхан сумын малчин Т.Ц нь маргаан бүхий өвөлжөөг 2 өөр хүнээс зэрэгцүүлэн худалдан авч 2012 оноос хойш уг өвөлжөөг эзэмшиж ашиглаж байгаа болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн атлаа одоо бодитоор тухайн өвөлжөөг эзэмшиж, өвөлжиж буй Т.Ц-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй нь буруу болжээ.

 

Өөрөөр хэлбэл, “Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаар захирамжийн Д.Д-д холбогдох “Урьд хүүш” нэртэй газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй Т.Ц-г хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагатай байна.

 

2.2. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Маргаан бүхий өвөлжөө нь манай сумын хөрөнгөөр баригдсан бөгөөд манай сумын малчид эзэмшиж, ашиглаж ирсэн. ...Тухайн өвөлжөөний кадастрын зураг нь Хяргас сумын нутаг дэвсгэрт байгаа гэсэн зураглал ирсэн” гэж тайлбарласан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын уг үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй байх төдийгүй “...тус өвөлжөө нь хоёр сумын хилийн заагаас Хяргас сумын нутагт байрлах 150 метрт буюу хилийн цэсийн бүс нутагт байрлаж буй нь Увс аймгийн ГХБХБГ-аас ирүүлсэн тус өвөлжөөний газрын байршлын зураг, Увс аймгийн ГХБХБГ-ын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 870 тоот албан бичиг, 2009 оны хилийн цэсийг тодотгосон акт зэргээр тогтоогдож байгаа боловч энэ нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэж дурдсан нь ойлгомжгүй болжээ.

 

Тодруулбал, маргааны гол үндэслэл болох маргаан бүхий өвөлжөөний газар чухам аль сумын нутагт байрлаж байгааг хөдөлбөргүй тогтоох замаар маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана”, 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж тус тус заасантай нийцээгүй гэж үзэхээр байна.

 

            Нэгэнт анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй төдийгүй хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН