Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 30

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Э-р хөтлүүлэн,

Улсын яллагч Б.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э,

Шүүгдэгч П.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн 20240000 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, * төрсөн, 28 настай, эмэгтэй, * боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, П.Д /ИГ/.

Шүүгдэгч П.Д нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт дэлгүүр явах замдаа Н.П-н гар цүнхнээс алтан бөгж 1 ширхэг, өрөөсөн алтан ээмэг 1 ширхэг зэргийг хулгайлж Н.П-д 650,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч П.Д нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт дэлгүүр явах замдаа Н.П-н гар цүнхнээс алтан бөгж 1 ширхэг, өрөөсөн алтан ээмэг 1 ширхэг зэргийг хулгайлж Н.П-д 650.000 төгрөгийн хохирол учруулсан болох  нь:  

-Хохирогч Н.П-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би Улаанбаатар хотоос Тосонцэнгэл суманд дүүгийндээ ирсэн, маргааш нь буюу 12 дугаар сарын 27-ны өдөр өөрийн цүнхэнд байсан алтан ээмэг, бөгжийг авч зүүх гэсэн чинь цүнхэнд байсан өрөөсөн ээмэг, бөгжний хамт алга болчихсон байсан. ...Тухайн үед манай хүү Б-тай үерхэж байгаа гээд Д гэх охин надтай хамт миний цүнхийг бариад л яваад байсныг нь анзаараагүй. Одоо бодоод байхад Д л миний ээмэг, бөгжийг авчихсан болов уу гэж бодож байна. ...Миний алдсан гэх ээмэг нь 8-н тоо шиг хэлбэртэй хээтэй, 1 см орчим урттай, мөн гахай сүүлэн хэлбэртэй тогтоолготой ээмэг байсан, бөгж нь мөн л ээмэгтэйгээ адилхан хээтэй байсан. Би одоог хүртэл ямар нэгэн эд зүйл ломбардад тавьж үзээгүй. ...Д надад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 18-21-р хуудас/,

-Гэрч П.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай ээж П Улаанбаатар хот руу эмчилгээнд явж байгаад 2019 оны 12 дугаар сарын 26-нд Тосонцэнгэл суманд ирсэн. ...12 сарын 28-ны өдөр 2 дугаар сургуулийн заланд болсон шинэ жилд манай ээж орох болоод явахдаа алтан ээмэг, бөгжөө зүүх гэтэл өрөөсөн ээмэг бөгж 2 алга болчихсон байна гэж байсан. ...Манай ээжийг алтан ээмэг бөгжтэй гэдгийг мэддэг байсан. Хаана хийдэг талаар нь ч мэднэ. 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэсэн байх ээж Д-тэй хамт дэлгүүрээр явж байхдаа цүнхэндээ байсан ээмэг бөгжөө харуулсан гэж байсан. ...Би Туна далай ломбардаас алтан ээмэг, бөгж ломбардад тавигдсан эсэхийг М гэдэг дүүгээрээ тодруулж асуулгахад П.Д алтан ээмэг, бөгж ломбардад тавьсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 25-р хуудас/,

-Гэрч Б.З-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би дээрх гэрээний хуулбараас харахад П.Д-тэй байгуулсан байна. Барьцаанд эд зүйл тавьж буй хүний иргэний үнэмлэх зэргийг тулгаж үзсэний үндсэн дээр барьцаат зээлийн гэрээ байгуулдаг. ...Д-н утас руу хэд хэдэн удаа залгаж барьцаанд тавьсан ээмэг, бөгжөө авах, аль эсвэл барьцааны хугацааг сунгуулах талаар хэлсэн боловч П.Д барьцаанд тавьсан ээмэг бөгжний хугацааг сунгуулахгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 31-р хуудас/,

-Шүүгдэгч П.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Б-н ээж Пн гэдэг эмэгтэй надад өөрийн гар цүнхээ дэлгүүр явах замдаа бариулсан. Тэр үед П гуайн гар цүнхний ам нь онгорхой байсан. Цүнхний амсар дээр ил хар хайрцагтай зүйл байсныг аваад өөрийн өмсөж явсан куртканы халаасанд хийсэн. Тэгээд П гуайгаас салангуутаа тухайн өдрөө уг авсан хар хайрцагтай алтан ээмэг, бөгжөө Т ломбардад тавьсан. ...Наймын тоо шиг, мөн гахайн сүүл шиг хэлбэртэй алтан өрөөсөн ээмэг, ээмэгтэйгээ адилхан бөгж байсныг ломбардад 300,000 төгрөгийн барьцаанд тавьсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 5-6-р хуудас/,

-Т ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээний хуулбар /ХХ-ийн 31-р хуудас/,

-Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 11-15-р хуудас/,

-Завхан аймгийн Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний дүгнэлт /ХХ-ийн 61-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд П.Д-н дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.    

 

Шүүгдэгч П.Д-д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул П.Д-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Шүүгдэгч П.Д-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогч гомдол, саналгүй гэсэн байдлыг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй юм.  

 

Иймд прокурорын санал болгосноор хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх  нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. П.Д-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч П.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэсүгэй.

3. Шүүгдэгч П.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

4. Шүүгдэгч П.Д нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх өр төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч П.Д-нд анхааруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН