Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/00315

 

 

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/00315

 

 

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 8 хаягт байрлах, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Баянгол Хэрэглэгчдэд үйлчлэх төв /РД:2646161/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 25 дугаар гудамж, 1085 тоот хаягт оршин суух, Жалайр овогт Нанжидын Бүжидмаа /РД:ДЭ70102509/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эрчим хүчний төлбөрт 320.987 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Бүжидмаа нь 2015 оны 8 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр 320.987 төгрөгийг төлөлгүй, авлага үүсгэсэн байна. Н.Бүжидмаа нь 3039377 кодоор 61645 дугаарын тооллуураар хэрэглээтэй бөгөөд удаа дараа цахилгааны хэрэглээг нь түдгэлзүүлж байсан. Иймд хариуцагчаас 320.987 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нэхэмжлэлийн шаардлага 320.987 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан учир нэхэмжлэлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Баянгол Хэрэглэгчдэд үйлчлэх төв нь хариуцагч Н.Бүжидмаад холбогдуулан эрчим хүчний төлбөрт 320.987 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Бүжидмаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 320.987 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь цахилгааны төлбөр төлсөн баримтын хуулгаар тогтоогдож байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.280 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Баянгол Хэрэглэгчдэд Үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй Н.Бүжидмаад холбогдох эрчим хүчний төлбөрт 320.987 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.280 төгрөгийн 50 хувь болох 5.140 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 5.140 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

  3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ