| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2020/0028/э |
| Дугаар | 31 |
| Огноо | 2020-07-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Э-р хөтлүүлэн,
Улсын яллагч Б.С,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б,
Шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн 2024 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, * төрсөн, 27 настай, эрэгтэй, *, *боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, * хаягаар оршин суудаг, урьд нь * шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Э.Д /ИБ/.
Шүүгдэгч Э.Д нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 5 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багт байрлах Ц.Б-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг хагалан орж мөнгөн тоногтой монгол эмээл, Samsung grand маркийн гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Ц.Б-д 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 5 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн 2-39Б тоот хашаанаас иргэн В.Б-н эзэмшлийн Хайрхан гэсэн хөх бензиний банктай, цагаан өнгийн Super benny нэртэй мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.Д нь 2020 оны 5 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багт байрлах Ц.Б-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг хагалан орж мөнгөн тоногтой монгол эмээл, Samsung grand маркийн гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Ц.Б-д 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
-Хохирогч Ц.Б-н: “...2020 оны 5 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянтэс сумын Бужир багт байрлах миний эзэмшлийн байшингийн цонхыг хагалж, хулгай орж мөнгөн тоногтой эмээл, SAMSUNG GRAND маркийн гар утас зэрэг эд зүйл хулгайд алдагдсан...Хүүхдийн амралт болоод манайхан бүгд хөдөө ямаагаа самнаад гарсан байсан. Харин хамаатны Б гэх нэртэй хүүхэд манай байшинд хоночхоод өглөө эрт хөдөө гарч ирсэн...Би өөрийн хулгайд алдсан зүйлүүдээ тоо ширхгээр нь бүрэн бүтэн хүлээж авсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 26-28-р хуудас/,
-Гэрч Л.М-н: “...Өдрийг нь сайн санахгүй байна, манайд нэг өдөр согтуу орж ирээд манай нөхөр гэртээ харь гээд гаргаад явуулсан юм. Тэгээд гарсных нь дараахан манай хүүхэд хашааны гадаа ийм утас хэвтэж байна гээд нэг гар утас барьж орж ирээд тэгээд залгасан дугаар огт байхгүй, зураг руу нь орж харсан чинь Д-н 4 зураг байсан. Тэгээд л Д утсаа гээсэн юм байна гээд цэнэглэсэн байж байгаад Фэйсбүүк рүү нь орсон чинь өөр хүний утас байхаар нь Уламбаяр эгч рүү яриад танайхан ийм гар утас алдсан уу гэж асуухад тэгсэн гэсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 34-р хуудас/,
-Гэрч Г.А-н: “...Өдрийг нь сайн санахгүй байна 2020 оны 5 дугаар сарын дундуур байхаа гадуур Мотоциклтой явж байгаад Д-той таарсан юм. Тэгсэн Д айлд ороод ирье гээд гудамжинд нэг айлын гадаа очоод Д ороод 10 цагийн үед айлын хашаанаас нэг эмээл барьж гарч ирээд би нүүрний гудамжинд байдаг гэрт нь буулгаж өгсөн. Тэгээд орой 00 цагийн үед юманд яваад ирсэн чинь нөгөө Д гэгчийн өдөр нь барьж явсан эмээл манай хашаанд хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 35-р хуудас/,
-Гэрч Т.Ж-н: “...Намайг уулзаж ярилцахад согтуу явж байхдаа л айлын эмээл хулгай хийчихсэн байна лээ...Согтуу байхдаа л би мэдэхгүй хийчихсэн байдаг эмээл, мотоцикл хулгайлсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 44-р хуудас/,
-Яллагдагч Э.Д-н: “...Би 2020 оны 5 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө хамт архи ууж байсан Сийн гэрт нь очих гээд явж байгаад андуураад хажуу талын айлын цонхыг хүчтэй гараараа цохисон чинь хагарчихсан. Би тухайн үед согтуу байсан болохоор С-г байшин дотроо байгаа юм байх гэж бодоод хагарсан цонхоор байшингийн дотогшоо ортол хүн байгаагүй. Тэгээд гэрэл тусгасан чинь хувцасны шкафны хаалга нь уначихсан түүний дотор эмээл байсан. Би тэр эмээлийг аваад бас орон дээр байсан самсунг загварын гар утсыг бас хамт аваад орж ирсэн цонхоороо гарч явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 5-6-р хуудас/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 11-12-р хуудас/,
-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хураан авсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /ХХ-ийн 17-21-р хуудас/,
-Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 22-23-р хуудас/,
-Мөрдөгчийн магадлагаа /ХХ-ийн 37-40-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн 2020 оны 5 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Завхан аймгийн Баянтэс сумын 2-39Б тоот хашаанаас иргэн В.Б-н эзэмшлийн Хайрхан гэсэн хөх бензиний банктай, цагаан өнгийн Super benny нэртэй мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
-Хохирогч В.Б-н: “...2020 оны 5 дугаар сарын 11-нээс 2020 оны 5 дугаар сарын 12-нд шилжих шөнө Баянтэс сумын Бужир багт байрлах 2-39Б тоот өөрийн эзэмшлийн хашаанаасаа Хайрхан гэсэн хөх бензиний банк сольж тавьсан цагаан өнгийн SUPER BENNY нэртэй мотоцикл болон 12 литр бензинтэй хулгайд алдагдсан...Алдагдсан мотоциклоо бүрэн буцаагаад байгаагаар нь хүлээгээд авсан бензинээ ч гэсэн төлүүлж авсан болохоор одоо гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 69-р хуудас/,
-Гэрч Н.Д-н: “...Манай нөхөр Улаанбаатар хот явсан байсан. 2020 оны 5 дугаар сарын 11-нээс 2020 оны 5 дугаар сарын 12-нд шилжих шөнө хашаанд байсан SUPER BENNY нэртэй мотоцикл байхгүй болсон байсан. Би 4 хүүхэдтэйгээ хоносон. Тэгээд өглөө боссон чинь гал тогооны өрөөний цонхон доор тавьсан байсан мотоцикл байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 73-р хуудас/,
-Гэрч Г.Б-н: “...2020 оны 5 дугаар сарын дундуур намайг мотоциклоо янзлаад сууж байхад манайд явган ирээд мотоцикл эвдэрсэн Цэцэрлэг сум оруулаад өгчих гэхээр нь би завгүй гэсэн чинь мотоцклийнхоо гинжийг өгчих гээд авч яваад мотоцикл нь болохгүй байна гээд эргүүлж авч ирж өгөхөөр нь би Бөхболд гэдэг айлд хүргэж өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 77-р хуудас/,
-Гэрч Х.Б-н: “...Б-р манайд хүргүүлж ирээд Цэцэрлэг сум руу хүргээд өгчих гээд байхаар нь муу мотоциклтой шөнө хүргэж өгч чадахгүй гэж хэлсэн. Мотоциклоо хээр эвдэрсэн гэж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 75-р хуудас/,
-Яллагдагч Э.Д-н: “...Би 2020 оны 5 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01 цагийн орчимд шөнө Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн 2-39Б тоотод байрлах В.Б-р гэх айлын хашаан дотор байсан цонхны урд хэсгээр модон хайстай, цагаан өнгийн шавар байшингийн урд талд байсан Хайрхан гэсэн хөх өнгийн банктай цагаан өнгийн SUPER BENNY нэртэй мотоциклыг хашааны хаалгаар түрж гаргасан...тэгээд уг мотоциклыг хашаанаас түрж гаргасны дараа тухайн мотоциклын кундакторынх нь цагаан утсыг салгасны дараа манувелдаж асаагаад явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 50-51-р хуудас/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 56-58-р хуудас/,
-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /ХХ-ийн 60-61-р хуудас/,
-Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 62-р хуудас/,
-Мөрдөгчийн магадлагаа /ХХ-ийн 78-80-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Э.Д-н дээрх үйлдлүүдийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.Д-д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.Д-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж, 3 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй” гэж тус тус хуульчилсан.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, “6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Э.Д-н гэмт үйлдлүүд нь нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байх ба тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх бөгөөд эрүүл мэндийн шалтгааны улмаас цаашид эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдах зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлыг нь харгалзан оногдуулбал зохих хорих ялыг хөнгөрүүлэн, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт 24 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож, түүнээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Э.Д-г орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялыг оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-н цагдан хоригдсон 24 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хорих ялын биелэлтийг 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Э.Д-с энэ хэрэгт гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН