Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 34

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Ө даргалж,

Улсын яллагч Б.С,

Шүүгдэгч Б.В-н өмгөөлөгч М.Г,

Шүүгдэгч Д.М,

Шүүгдэгч Б.В

Нарийн бичгийн дарга Э.Болдсайхан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.М, Б.В нарт холбогдох эрүүгийн 2024 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч-1: Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа баг оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ИЦ регистрийн дугаартай, Д.М.

Шүүгдэгч-2: Монгол Улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ИЦ регистрийн дугаартай, Б.В.

Шүүгдэгч Д.М, Б.В нар нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 02-нд шилжих шөнө Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг дэвсгэрт сумын төвийн хойд талд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж улмаар харилцан зодолдож Б.В нь Д.Мын нүүрэн тус газарт нь гараараа цохих, мөргөх зэргээр зодож хөнгөн хохирол санаатай учруулсан,

Д.М нь Б.В-н толгойн тус газарт нь төмрөөр цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Д.М, Б.В нар нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 02-нд шилжих шөнө Завхан айгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг дэвсгэрт сумын төвийн хойд талд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж улмаар харилцан зодолдож Б.В нь Д.Мын нүүрэн тус газарт нь гараараа цохиж, толгойгоороо мөргөсөн,  Д.М нь Б.В-н толгойн тус газарт нь төмрөөр цохисон үйл баримт нь:

Гэрч Д.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М В-ийн шилэн хүзүүнээс нь гараараа атгаж аваад “Чи их том болжээ” гэж хэлснээс болоод маргаан үүссэн. Тэгээд тэр хоёр цагаан өнгийн Приус-20 маркийн машины хажууд очоод хэрэлдээд байсан. Би тэр хоёрыг салгаад Вийг бусад хүмүүсийн сууж байсан газарт авч ирсэн. Гэтэл М гэнэт хүрч ирээд Вийн толгой руу ямар нэг зүйлээр цохиход В босож ирээд Мын нүүр лүү нэг удаа мөргөсөн. Би Мын барьж байсан зүйлийг авахад дугуйн дорцов төмөр байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8, 54-55-р хуудас/,

Гэрч Э.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М нь Вийн шилэн хүзүүн дээр нь гараа тавихад В бага зэрэг уурласан. Тэгээд тэр хоёр машины хажуу талд очиж зогсоод юм яриад байсан, сайн сонсоогүй. Тэгтэл В, М хоёр хоорондоо муудалцаад М нь В намайг цохисон гэж хэлсэн. Тэр үед бид нар боль гэхэд В ирээд хажууд сууж байтал М Вийн толгой руу юмаар цохиод авсан. Юугаар цохисныг нь хараагүй бид нар салгасан. Вийн толгойноос их хэмжээгээр цус асгарч байсан. В уурлаад М руу дайрсан. М Вийг толгойгоороо мөргөсөн гэж орилж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11, 66-67-р хуудас/,

Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мын машины хажуухан талд М В хоёр юм ярилцаад зогсож байсан. Бид нар пиво уугаад хоорондоо юм яриад сууж байтал Д.М В намайг мөргөчихлөө гэсээр бидний хажууд хүрээд ирсэн. Машины гэрэлд түүний хамраас цус гарч харагдсан. ...В бидний хажууд суугаад байж байтал Д.М хэсэг харагдахгүй байж байснаа Вийг ямар нэгэн зүйлээр цохичихлоо гээд В өөрөө босож ирээд М руу дайраад байсан. Тэр үед Вийн толгойноос их хэмжээний цус гарч байсан. М нь Вийг намайг нэг мөргөчихлөө гэж хэлсэн. Бид нар тэр хоёрыг дахин салгаад байж байтал М Вийг дугуйн дорцов төмрөөр цохичихсон байна гэж хэн нэгэн хүн хэлж байгаа нь сонсогдсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч А.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 02-нд шилжих шөнө В бид хоёр мотоциклтой очиход П, Б, Б, Ч, У гэх ах нар байсан. ...Цагаан өнгийн Приус-20 маркийн машины хажуу талд танихгүй ах байсан. Тэр танихгүй ах В ахын дээлнээс татаж босгоод “чи хэзээ ийм том болсон юм” гэж хэлж байсан. Тэгээд тэр хоёр хэрэлдээд бие биенийгээ заамдчихсан байсан. В ах тэр хүний нүүр лүү нь гараараа нэг удаа цохиод өөрөөсөө холдуулсан. Тэнд сууж байсан хүмүүс Воо одоо боль боль гэж хэлэхэд В ах тэд нарын хажууд дахиад суусан. Юм яриад байж байтал В ахтай муудалцаад байсан ах В ахын толгой руу гол хэсгээр тахисан төмрөөр 4-5 удаа цохисон. В ахын толгойноос цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61-р хуудас/,

Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 02-нд шилжих шөнө бид хэд пиво уугаад байж байтал гэнэт зодоон болоод эхэлсэн. Ямар шалтгаанаар зодолдсон болохыг мэдээгүй. Би та нар юу болоод байгаа юм бэ гээд бостол У тэр хоёрыг салгаад зогсож байсан. Тэгснээ Б ахаа энэ хоёр чинь ийм юмаар зодолдож байна гээд У дугуйн дорцовыг надад өгөхөөр нь би барьж аваад хол гэгч газар шидчихсэн. Тэгээд В, М хоёрыг салгатал Вийн толгой хагарсан бололтой түүний нүүр нь нэлэнхүйдээ цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/,

Гэрч Н.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн орой цагаан гэгээ тасарч бүрэнхий болж байх үед бид нар сумын төвийн хойд талд очиж морьдоо өвс идүүлж хооллохоор авч явсан. Би морьдоо аргамжиж байхад Б, Б, Ч, М нар машиныхаа гэрлийг асуугаад машины урд тал сууцгааж харагдсан. Гэтэл нэг гэрэл гараад бидний байгаа газарт мотоциклтой 2 хүн ирсэн. Би тэр хоёр хүний харанхуйд таниагүй. Морьдоо аргамжиж дуусаад тэд нар дээр очих гэж явахад хоёр хүн хоорондоо зодолдоод эхэлсэн. Намайг тэдэн рүү дөхөж явахад, зодоон хийж байгаа 2 хүнийг Б ах, У нар салгаж байгаа харагдсан. Зодоон хийж байсан 2 хүн нь М, В нар байсан. Тэр хоёрыг салгасны дараа М гэгч нь харанхуй газар луу гүйгээд алга болсон. Харин Вийн толгойноос цус гарч байсан. Тэгээд В мотоциклоо асаагаад хамт яваа бололтой сургуулийн насны хүүхдээ араараа суулгаад эмнэлэг орно гээд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-64-р хуудас/,

Хохирогч Б.В-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М миний араас хүрч ирээд шилэн хүзүүнээс базаж дээш нь татаж босгоод “дүү яасан том болчихсон юм бэ” гэсэн. Тэгээд бид хоёр машины хажуу тал руу очоод тэндээ маргалдсан. Би “та яах гээд байгаа юм бэ” гэхэд “чи яасан том болчихсон юм” гээд машины шил мөргүүлэхээр нь Мын нүүр лүү нэг удаа баруун гараараа цохисон. Тэгтэл Ууганаа ирээд боль гэтэл М намайг тавиад харанхуй руу алга болчихсон. Тэгээд би тэр хүмүүсийн хажууд нь очоод сууж байхад миний араас М төмрөөр миний толгой руу 4-5 удаа цохиход хамт байсан хүмүүс салгасан. Би Мын нүүр лүү нь нэг удаа мөргөж унагаасан. Тэгээд М зугтаад явчихсан. Миний толгой хагарч их хэмжээгээр цус гарч байсан. Би эмнэлэг рүү өөрийнхөө унаж явсан мотоциклтойгоо явж эмнэлэгт ирээд толгойндоо оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-44-р хуудас/,

Хохироч Д.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...П,  Б, Батмаа гэх хочтой Б, Ч бид нар архиа ууж дуусгаад морио хээр аргамжиж хонохоор ярилцаад сумын төвийн хойно хөдөө хээр газар очсон. Тэнд байхад В ирсэн байсан, бас Вийн мотоцикл дээр Халтар гэх хүний зээ хүү нь суучихсан байсан. Би Вийн хүзүүгээр тэврээд “юу байна ахын дүү сайн уу” гэж хэлэхэд В уурлаад би чамтай төрөл садангийн холбоо байхгүй пизда минь гэж хэлсэн. Тэгээд В босч ирээд намайг цохих гээд дайрсан. Би Вийн 2 гарыг нь барьж аваад ахтайгаа ингэж яах гэсэн юм. Тэгтэл В намайг мөргөсөн, миний хөмсөг задраад цус гарангуут нь би Вийн гарыг нь тавиад нүүрээ дарсан. Тэгтэл В намайг зүүн гараараа хамар луу цохиод авсан. Би машины ар талаас дугуйны дорцов аваад Вийн толгой руу 2-3 удаа цохисон. Би Вид төрөл садан хүмүүс одоо зодолдоод хэрэггүй гэж хэлээд машиндаа суутал В машинд орж ирээд намайг миний өмсөж байсан цамцаар боосон. Би машины цонхоор гараад тэр газраас зугтсан...” гэсэн мэдүүлгээр /хх-ийн 47-50-р хуудас/ тус тус нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Мын “...Би Вийн 2 гарыг нь барьж аваад ахтайгаа ингэж яах гэсэн юм гэтэл В намайг мөргөсөн, миний хөмсөг задраад цус гарсан, мөн зүүн гараараа хамар луу цохисон. Би машины ар талаас дугуйны дорцов аваад Вийн толгой руу 2-3 удаа цохисон. Намайг машиндаа суутал В машинд орж ирээд миний өмсөж байсан цамцаар намайг боосон. Би машины цонхоор гараад зугтсан...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.В-н “...М миний араас шилэн хүзүүнээс базаж дээш нь татаж босгоод “дүү яасан том болчихсон юм бэ” гэхээр нь бид хоёр машины хажууд очоод маргалдсан. Би “та яах гээд байгаа юм бэ” гэхэд “чи яасан том болчихсон юм” гээд машины шил мөргүүлэхээр нь Мын нүүр лүү нэг удаа баруун гараараа цохисон. Тэгтэл Ууганаа ирээд боль гэтэл М намайг тавиад харанхуй руу алга болчихсон. Би хүмүүсийн хажууд очоод сууж байхад миний араас М төмрөөр толгой руу 4-5 удаа цохисон. Би Мын нүүр лүү нь нэг удаа мөргөж унагаасан....” гэсэн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэгтэй тохирч байх тул шүүх тэдгээрийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж харилцан зодолдож Б.В нь Д.Мын нүүрэн тус газарт гараараа цохиж, толгойгоороо мөргөсөн, Д.М нь Б.В-н толгойн тус газарт төмрөөр цохисон болохыг нотолж байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б.В-н хохирогч Д.Мын нүүрэн тус газарт гараараа цохиж, толгойгоороо мөргөсөн үйлдлийн улмаас түүнд хөнгөн хохирол /гэмтэл/,

Шүүгдэгч Д.Мын хохирогч Б.В-н толгойн тус газарт төмрөөр цохисон үйлдлийн улмаас түүнд хөнгөн хохирол /гэмтэл/ тус тус учирсан болох нь

Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 000000225 дугаартай “...Б.В-н биед тархи доргилт, дагз хэсгийн ар дээд хэсэг, орой хэсэг, зүүн чамархайн дээд хэсгийн хуйхнуудад шарх гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 4-5 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь шинээр үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Учирсан гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Б.В-н биед учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, /хх-ийн 74-р хуудас/,

Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 000000226 дугаартай “...Д.Мын биед тархи доргилт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, зүүн хацар, хамрын үзүүрийн баруун нүх хэсэг, зүүн хөх мах, баруун шилбэнд зулгаралт, хүзүүний баруун талд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 7-9 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь шинээр үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Учирсан гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Д.Мын биед учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 79-р хуудас/ тус тус тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Д.М, Б.В нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд тэдгээрт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.М, Б.В нарын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөө 2020 оны 7 дугаар сарын 02-нд шилжих шөнө Завхан айгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг дэвсгэрт сумын төвийн хойд талд харилцан зодолдож Б.В-н хохирогч Д.Мын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан,  Д.Мын хохирогч Б.В-н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь тус тус хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.

Иймд шүүгдэгч Д.М, Б.В нарын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул тэдгээрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн, шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол, саналгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 9 см урттай иш хэсэг нь 27 см урттай автомашины дугуйн дорцов төмрийг устгаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.М, Б.В нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М, Б.В нарыг тус бүрыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М, Б.В нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М, Б.В нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Д.М, Б.В нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Мын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 9 см урттай, иш хэсэг нь 27 см урттай автомашины дугуйн дорцов төмрийг устгаж, шүүгдэгч Д.М, Б.В нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.Ө