Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 00378

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж, 

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 14-р хороо, 15-р байрны 44 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧИ49042803, Таргад овогт Гонгоогийн Баярсүрэнгийн нэхэмжлэлтэй,  

Б.Дамир /Б.Тамир/-ын ач  болохыг тогтоолгох тухай  иргэний хэргийг хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Баярсүрэн, нарийн бичгийн дарга Л.Шолпан нар  оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Г.Баярсүрэн  нь хэлмэгдэгч Б.Дамир /Б.Тамир/-ын ач болохыг тогтоолгохыг хүссэн байна.  

Нэхэмжлэгч Г.Баярсүрэн  нэхэмжлэл, тайлбартаа: Миний аав Дамирын Гонгоо нь Бумбалдайн Дамирын хүү юм. Миний өвөө Б.Дамир нь Догсом /Донсом/, Гонгоо, Дадаа, Эрдэнэ, Шур гэсэн 5 хүүхэдтэй бөгөөд одоогийн Увс аймгийн Сагиль суманд занги хийдэг байсан гэдэг.

Өвөө Б.Дамир  1938 онд баривчлагдаж, улмаар цаазлагдсан гэдэг бөгөөд 1992 онд Монгол улсын Дээд Шүүхийн 1992 оны 10 сарын 08 өдрийн 166 дугаар магадлалаар цагаатгагдсан.

Би Д.Гонгоогийн төрсөн охин, манайх 8 хүүхэдтэй, түүнээс 1 хүүхдээ Дадай ахад үрчлүүлсэн. Тэр нь миний эмэгтэй дүү Б.Батжаргал юм. Миний ах нар  Гонгоогийн Додон, Бүргэд, Чимиддорж, Юмжав, Ганжуур нар нас барцгаасан.  Эмэгтэй дүү Г.Бямбаа, Д.Батжаргал нар амьд сэрүүн байгаа. Аав Д.Гонгоо 1913 онд төрсөн, 1976 онд нас барсан. Ээж маань Донровын Гэрэл гэж бичиг баримтаар нэрлэгддэг. Охин байхад буюу гэрийн нэр нь Донровын Юнгэрэн  гэдэг байсныг нутгийн заншлаар нөхөрт гарахад Д.Гэрэл болгосон гэдэг. Ээж аваас 2 эгч.  Аав маань 1930 онд гэрлэсэн. Том ах Додондэмбэрэл 1931 онд, ах Бүргэд 1933 онд  төрсөн болов уу. Аавыг цэрэгт явахад Бүргэд ах өлгийтэй хүүхэд үлдсэн гэж ярьдаг. 1933 оны хүн амын тооллогын бүртгэлд аав маань Хөх нэрээр бүртгэгдсэн  юм билээ.  Манай том ах Додондэмбэрэл Хөхийн Дэмбэрэл нэрээр бүртгэгдсэн байна лээ. Чимиддорж ах 1940 онд,  Юмжав ах 1942 онд, Ганжуур ах 1947 онд төрсөн. Өвөөг 1938 онд баривчлагдахад аав 25 настай, Халх голын Матадын 6-р морьт хороонд цэргийн алба хааж байсан учир эзгүй байсан гэдэг.

Би өвөө Б.Дамир /Тамир/-ын хэлмэгдсэний нөхөн олговрыг авах хүсэлтэй байгаа  тул  намайг Б.Дамир /Тамир/-ын ач болохыг тогтоож өгнө үү ? гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан Сагильчуудын ургийн холбоо номын хэсэг, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа,Монгол улсын Дээд шүүхийн магадлал, сонины зар, цагаатгалын үнэмлэх, хүн амын 1933, 1944, 1956 оны тооллогын талаарх Үндэсний төв архивын лавлагаа, орон сууц эзэмшигчидтэй хийх гэрээ, нас барагсдын гэрчилгээ, Г.Бямбаагийн төрсний гэрчилгээ, гэрч Д.Жамц, Н.Сайжаа нарын мэдүүлэг, 13 оны бүртгэлийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.Баярсүрэн нь Дамирын Гонгоо, Донровын Гэрэл нараас төрсөн   бөгөөд Дамирын Гонгоо нь Увс аймгийн Сагиль сумын 5-р багийн харъяат болох нь нэхэмжлэгчийн тайлбар,Увс аймгийн Сагиль сумын 5-р багийн хүн амын 1944, 1956 оны тооллогын лавлагаа, Сагильчуудын ургийн холбоо номын 146 хуудас дахь Борхичигийн ургийн холбооны зураглал, нэхэмжлэгчийн дүү Г.Бямбаагийн  төрсний гэрчилгээ, гэрч Д.Жамц, Н.Сайжаа нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Бумбалдайн Дамир/Тамир/ нь Догсом/Дунсан/, Хөх/Гонгоо/ Дадай/Дэдэд/, Эрдэнэ, Шур/Орос/  нэртэй хүүхдүүдтэй, нэхэмжлэгчийн эцэг Дамирын Гонгоо нь Бумбалдайн  Дамир/Тамир/-ын хүүхдүүдийн нэг бөгөөд 1913 онд төрсөн тэрээр 1933 оны хүн амын тооллогод Дамирын Хөх, 19 настай, эхнэр Донровын Юнгэрэн хэмээх нэрээр бүртгэгдсэн, Б.Дамир/Тамир/ нь 1938 оны 09 сарын 05 өдөр баривчлагдаж, Онцгой бүрэн эрхэт комиссын 1938-10-24 өдрийн 35 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 45 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдснийг Монгол улсын Дээд Шүүхийн 1992 оны 10 сарын 08 өдрийн 166 дугаар магадлалаар  цагаатгаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон болох нь Тагнуулын ерөнхий газрын архивын 2016 оны лавлагаа, Монгол улсын Дээд шүүхийн магадлал, цагаатгалын 17126 тоот үнэмлэх, Увс аймгийн Сагиль сумын 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн талаарх Үндэсний архивын лавлагаа  зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн эцэг Д.Гонгоо  нь хэлмэгдэгч Б.Дамир/Тамир/-ын хүү, нэхэмжлэгч  Г.Баярсүрэн нь  Дамирын хүү Гонгоогийн  охин болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг Б.Дамир/Тамир/-ын  ач  болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2  дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд   нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод  үлдээв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгийг удирдлага болгон,