Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 35

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Ө даргалж,

Улсын яллагч Б.С,

Шүүгдэгч Н.Г,

Нарийн бичгийн дарга Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Гт холбогдох эрүүгийн 20240 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  Улсын иргэн,  төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, малчин,  оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ИН регистрийн дугаартай Н.Г нь 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Баянтэгш багийн нутаг Онгоцтын ар гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 0,7644м3 түлээний хуурай мод бэлтгэж, пронтер маркийн 37-35 ЗАН улсын дугаартай автомашинаар тээвэрлэн ойн санд 123,750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Г нь 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Баянтэгш багийн нутаг Онгоцтын ар гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2 метрийн урттай, 13 ширхэг 0,7644м3 түлээний хуурай мод бэлтгэж, 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр “Киа пронтер” маркийн 37-35 ЗАН улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн үйл баримт нь:

Иргэний нэхэмжлэгч Н.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүүхэд Н.Г нь 2020 оны 6 дугаар сарын 03, 04-ний үед надтай уулзаад та надад машинаа өгөөч Тосонцэнгэл сумын шүүхийн шийдвэрээс яриад хүүхдийн сар бүр төлдөг мөнгийг нэхээд байна. Би хэдэн мод хийж зараад мөнгө олох шаардлага гараад байна гээд миний машиныг гуйгаад байхаар нь би өөрийн эзэмшлийн “Пронтер” маркийн 37-35 ЗАН улсын дугаартай автомашинаа өгөөд явуулсан юм. Тухайн цаг хугацаанд манай хүүхэд Н.Г ойгоос мод бэлтгэсэн гэхдээ би хаанаас ямар нэртэй газраас хичнээн хэмжээний мод хийж бэлтгэснийг мэдээгүй. Н.Г нь 2020 оны 06 дугаар сарын 05, 06-ны өдрийн үед миний эзэмшлийн 37-35 ЗАН улсын дугаартай “Пронтер” маркийн автомашинаар Тэлмэн сум руу мод ачиж оруулсан. Гэхдээ ямар хэмжээтэй хэр  мод тээвэрлэснийг мэдэхгүй. Би Г-г зөвшөөрөлтэй мод тээвэрлэж байгаа юм байх гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Н.Г нь 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Тэлмэн сумын Баянтэгш багийн нутаг Онгоцтын ар гэх газраас 2 метрийн урттай хуурай бөөрөнхий 13 ширхэг модыг ойгоос хийж бэлтгэсэн байсныг би 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр анх мэдсэн юм. Манай нөхөр Н.Г нь 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 21 цаг өнгөрч байх үед намайг мод хамт ачаад өг гээд гуйхаар нь би хамт яваад тэр моднуудыг нь ачилцаж өгөхдөө анх мэдсэн. Би нөхрийгөө тухайн моднуудыг бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг авсан эсэхийг сайн мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 34-р хуудас/,

Гэрч В.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шөнийн 01 цагийн орчимд Завхан аймгийн Тэлмэн сумын Өвөгдий багийн нутагт байрлах ойн мэргэжлийн байгууллагуудын байрлах хэсэгт С-н хөрөө рамны хашаан дотор 37-35 ЗАН улсын дугаартай автомашин мод тээвэрлэсэн байдалтай зогсож байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч Н.Гд өөрийн тээврийн хэрэгслийн бичиг баримт болон модны бичиг баримтыг шалгуулах шаардлага тавихад Н.Г нь өөрийн жолоодож явсан автомашины бичиг баримтыг өөрийн жолооны үнэмлэхийн хамт шалгуулсан. Тээвэрлэж явсан модны тухайд ямар нэгэн зөвшөөрөл, гоожин бичиг баримт байхгүй гэж хэлээд шалгуулаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 42-р хуудас/,

Гэрч Ж.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 05-ны шөнө байгаль хамгаалагч О, хэсгийн цагдаа Г нарын хамт С гэдэг хүний хөрөө рамны хашаанд ортол 2 метрийн урттай шинэс төрлийн бөөрөнхий моднуудыг шинэхэн буулгасан бололтой байхаар нь  хэн буулгасан талаар шалгасан чинь Н.Г гэдэг залуу буулгасан болохыг мэдсэн юм. Тэгээд би 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Н.Гтай уулзаад хөрөө рамны хашаанд буулгасан модны талаар асуухад Н.Г тухайн моднуудыг би өөрөө ойгоос бэлтгэж буулгасан гэдгээ надад хэлсэн юм. Эрхийн бичиг гоожин бий юу гэж асуухад ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй гэж хэлсэн юм. Тухайн моднууд нь 2 метрийн урттай шинэс төрлийн 13 ширхэг бөөрөнхий моднууд байсан...” гэсэн /хх-ийн 32-р хуудас/ мэдүүлэг,

Гэрч Б.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Тухайн цаг хугацаанд түймрийн аюултай үе гээд аймгийн засаг даргын захирамж гарчихсан иргэдэд мод бэлтгэх эрхийн бичиг олгохгүй байсан үе байгаа юм...” гэсэн /хх-н 36-р хуудас/ мэдүүлэг, мод бэлтгэсэн гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай “...Иргэн Н.Гын ойгоос бэлтгэсэн мод нь шинэс /хар мод/ мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд 1,95 метрийн урттай түлээний мод байна. Уг моднууд нь 0,7644м3 түлээний хуурай мод байна. Тухайн мод бэлтгэсэн Баянтэгш багийн нутаг Онгоцтын ар гэх газар нь сумын ойн сан, ойн сангийн 2-р мужлалд хамрагдана. Тухайн мод бэлтгэсэн мужид 1м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ 161,892 төгрөг байна. Н.Гын ойгоос хийж бэлтгэсэн дээрх моднууд 2020 оны 6 дугаар сард ойгоос бэлтгэсэн байж болох. Н.Гын ойгоос хийж бэлтгэсэн дээрх моднуудын экологи эдийн засгийн үнэлгээг БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход 2-р мужийн 1м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь түлээний модонд 161,892 төгрөг, итгэлцүүр болох 1-аар үржин бодож 1 метр куб модны эдийн засгийн үнэлгээ 161,892 төгрөг, бэлтгэсэн 0,7644м3  модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 123,750 төгрөг байна...” гэсэн /хх-ийн 44-46-р хуудас/ дүгнэлт,

Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Г-н 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 07-04-335/04 дугаартай нөхөн төлбөр тавих тухай акт,

Иргэний нэхэмжлэгч О.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн Н.Гын Тэлмэн сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи, эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ...” гэсэн/хх-ийн 25-26-р хуудас/, мэдүүлгээр тус тус зэргээр тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Н.Гын “...Би 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагийн орчим Тэлмэн сумын Баянтэгш багийн нутаг Онгоцтын ар гэх газраас 2 метрийн урттай 13 ширхэг бөөрөнхий модыг ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр ганцаараа хийж бэлтгэсэн юм. Тэгээд бид 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр өөрийн аав Н-н эзэмшлийн цагаан өнгийн “Бонго пронтер” маркийн 37-35 ЗАН улсын дугаартай автомашиныг гуйж аваад өөрөө жолоодоод тухайн ойгоос хийж бэлтгэсэн моднуудаа Тэлмэн сум руу ачиж тээвэрлээд сумын төвийн урд талд байдаг С гэх хүний хөрөө рамны хашаанд буулгасан...” мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж Завхан аймгийн Тэлмэн сумын Баянтэгш багийн нутаг “Онгоцтын ар” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 13 ширхэг, 2 метрийн урттай хэрэглээний модыг бэлтгэж, уг модыг “Пронтер” маркийн 37-35 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр Завхан аймгийн Тэлмэн сум руу тээвэрлэсэн болохыг давхар нотолж байна гэж үзэв.

Прокуророос шүүгдэгч Н.Гт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, хохирлыг төлсөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Гын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2 метрийн урттай 13 ширхэг түлээний хуурай мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь зөвшөөрөлгүй хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн  гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.

Иймд шүүгдэгч Н.Гын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Гын дээрх үйлдлийн улмаас ойн санд 123,750 төгрөгийн хохирол учирсан болох нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу 123,750 х 3 =371,250 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны банк хоорондын шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх 79-р хуудас/

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн хохирол төлбөрийг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Гын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Киа пронтер” маркийн 37-35 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Н.Н-н өмчлөлийнх болох нь “...Улсын дугаар 37-35 ЗАН, марк загвар “Киа пронтер”, өмчлөгч Н.Н...” гэсэн автотээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, иргэний нэхэмжлэгч Н.Н-н “...Манай хүүхэд Н.Г гуйгаад байсан болохоор өөрийн эзэмшлийн “Пронтер” маркийн 37-35 ЗАН улсын дугаартай автомашинаа өгөөд явуулсан юм...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Н.Гын “Мод тээвэрлэсэн машин манай аав Н-н өмчлөлийнх бусад хөрөө, уяа, гинж нь миний өөрийн өмчлөлийнх...” гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Н.Гын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Киа пронтер” маркийн 37-35 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгчид олгож, тээврийн хэрэгслийн үнэ 1,500,000 төгрөгийг шүүгдэгч Н.Гаас гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2 метрийн урттай 13 ширхэг 0,7644м3 түлээний хуурай мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бариулыг нь шар өнгийн лентээр ороосон цагаан өнгийн цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгож, 2,59 метрийн урттай хар өнгийн уяа, 1,30 метрийн урттай мотоциклын гинжийг устгахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2 метрийн урттай 13 ширхэг 0,7644м3 түлээний хуурай мод, “Киа пронтер” маркийн 37-35 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Г-г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогч шүүгдэгч Н.Гын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Киа пронтер” маркийн 37-35 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч Н.Н-д олгож, тээврийн хэрэгслийн үнэ 1,500,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон 2 метрийн урттай 13 ширхэг 0,7644м3 түлээний хуурай мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Н.Гын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн шар өнгийн лентээр ороосон цагаан өнгийн цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгож, 2,59 метрийн урттай хар өнгийн уяа, 1,30 метрийн урттай мотоциклийн гинжийг устгасугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шүүгдэгч Н.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хүчингүй болгосугай.

8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ӨЛЗИЙХИШИГ