Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 36

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Ө даргалж,

Улсын яллагч Б.С,

Шүүгдэгч Х.Б,

Нарийн бичгийн дарга Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бд холбогдох эрүүгийн 2024 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Улсын иргэн,  төрсөн, 48 настай, эрэгтэй,  боловсролтой, мэргэжилгүй, малчин, Зоршин суудаг, урьд Завхан аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ИН регистрийн дугаартай, Х.Б.

 

Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Баянтэгш багийн нутаг Жаргалантын цалуу гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 1,0374 м3 түлээний хуурай мод бэлтгэж, Пронтер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 167,946 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Баянтэгш багийн нутаг Цалуу гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2 метрийн урттай 14 ширхэг 1,0374 м3 түлээний хуурай мод бэлтгэж, “Prontier” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйл баримт нь:

Иргэний нэхэмжлэгч Х.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр манай ах Х.Б надаас машинаа өгчих модонд явах гэсэн юм гээд гуйгаад байхаар нь би тэр үед зөвшөөрөөд өөрийн эзэмшлийн хөх өнгийн Пронтер маркийн 68-88 АРА улсын дугаартай автомашиныг өгөөд явуулж байсан юм. Тэр өдөр манай ах миний автомашинаар модонд яваад шөнө нь Тэлмэн сум руу тээвэрлэж ирсэн байсан. Тухайн үед өөрийн ах Х.Бг хаанаас, ямар нэртэй газраас, хичнээн хэмжээний мод хийж бэлтгэсэн, эрхийн бичиг, гоожинтой эсэхийг сайн мэдээгүй. Би тухайн үед өөрийн ах Х.Бг машинаа өгчих хэдэн мод хийгээд амбаарынхаа дээврийг засаж янзлах гэсэн юм гээд гуйгаад байхаар нь зөвшөөрөөд автомашинаа өгөөд явуулж байсан. Би уг машиныг 2014 онд 1,500,000 төгрөгөөр Архангай аймгийн Цахир сумаас Б.Батжанцангаас худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /хх 29-30/,

Гэрч Г.Г-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Х.Б нь 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Баянтэгш багийн нутаг өөрийн өвөлжөө болох Жаргалантын цалуу гэх газрын ойгоос 2 метрийн урттай, 14 ширхэг модыг ойгоос ганцаараа бэлтгэсэн байсан. Тэгээд модоо 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Тэлмэн сумын төв рүү өөрийн төрсөн дүү Б-н эзэмшлийн хар ногоон өнгийн Пронтер маркийн автомашинаар тээвэрлэж Тэлмэн сумын урд талд байдаг С гэх хүний хөрөө рамны хашаанд модоо буулгасан гэсэн. Тэгсэн сүүлд нь сумын БОХ-ын улсын байцаагч Гантөмөр мэдсэн гэж манай нөхөр надад ярьж байсан. Манай нөхөр Х.Б нь ойгоос тухайн моднуудыг хийж бэлтгэхдээ ямар нэгэн эрхийн бичиг гоожин аваагүй бэлтгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх 36-37/,

Гэрч В.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн шөнгийн 01 цагийн орчимд хариуцсан нутаг дэвсгэрт эргүүл хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Завхан аймгийн Тэлмэн сумын Өвөгдий багийн нутаг ойн мэргэжлийн байгууллагууд байрлах хэсэгт буюу С гэгчийн хөрөө рамны хашаан дотор 68-88 АРА улсын дугаартай автомашин мод тээвэрлэсэн байдалтай зогсож байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч Х.Бд өөрийн тээврийн хэрэгслийн бичиг баримт болон модны бичиг баримтыг шалгуулах шаардлага тавихад Х.Б өөрийн жолоодож явсан 68-88 АРА улсуны дугаартай автомашины бичиг баримтыг өөрийн жолооны үнэмлэхийн хамт шалгуулсан ба автомашин дээр тээвэрлэж явсан модны тухайд ямар нэгэн зөвшөөрөл, гоожин бичиг баримт байхгүй гэж хэлээд шалгуулаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 44-45/,

Гэрч Ж.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 05-ны шөнө байгаль хамгаалагч О, хэсгийн цагдаа Г нарын хамт Сайхнаа гэдэг хүний хөрөө рамны хашаанд ортол 2 метрийн урттай шинэс төрлийн бөөрөнхий моднуудыг шинэхэн буулгасан бололтой байхаар нь  хэн буулгасан талаар шалгасан чинь Б гэдэг залуу буулгасан болохыг мэдсэн юм. Би 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Х.Бг сумын төвд ажлын өрөөндөө дуудаж уулзаад асуухад тухайн моднуудыг 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр өөрөө ганцаараа ойгоос бэлтгэж, автомашинаар тээвэрлээд хөрөө рамны хашаанд буулгасан гэдгээ хэлсэн. Ямар нэгэн эрхийн бичиг аваагүй гэж хэлсэн. Тухайн моднууд нь 2 метрийн урттай шинэс төрлийн 14 ширхэг бөөрөнхий моднууд байсан...” гэсэн мэдүүлэг /хх 33-34/,

Иргэний нэхэмжлэгч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн Х.Б нь зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн гэх асуудлын хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Иргэн Х.Бн Тэлмэн сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи, эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх 25-28/, болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-11/,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай “...Х.Бн ойгоос бэлтгэсэн мод нь шинэс /хар/ мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд 1,95 м-ын урттай түлээний мод байна. Уг моднууд нь 1,0374м3 түлээний хуурай мод байна. Тухайн мод бэлтгэсэн Баянтэгш багийн нутаг Цалуу ар гэх газар нь сумын ойн сан, ойн сангийн 2-р мужлалд хамрагдана. Тухайн мод бэлтгэсэн мужид 1м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ 161,892 төгрөг байна. Х.Бн ойгоос хийж бэлтгэсэн дээрх моднууд 2020 оны 6 дугаар сард ойгоос бэлтгэсэн байж болох. Х.Бн ойгоос хийж бэлтгэсэн дээрх моднуудын экологи эдийн засгийн үнэлгээг БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход 2-р мужийн 1м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь түлээний модонд 161,892 төгрөг, итгэлцүүр болох 1-аар үржин бодож 1 метр куб модны эдийн засгийн үнэлгээ 161,892 төгрөг, бэлтгэсэн 1,0374м3  модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 167,946 төгрөг байна...” гэсэн дүгнэлт, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн тоолуурын хүснэгт /хх 47-49/,

Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Г-н 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн нөхөн төлбөр тавих тухай актаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Бн  “...Би 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагийн орчим Тэлмэн сумын Баянтэгш багийн нутаг Цалуу гэх газраас 2 метрийн урттай 14 ширхэг бөөрөнхий модыг зохих зөвшөөрөлгүйгээр ганцаараа хийж бэлтгэж, өөрийн төрсөн дүү Х.Боын эзэмшлийн машинаар тээвэрлэж  Сайхнаа гэх хүний хөрөө рамны хашаанд шөнө буулгасан...” мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж Завхан аймгийн Тэлмэн сумын Баянтэгш багийн нутаг Цалуу гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 14 ширхэг, 2 метрийн урттай түлээний модыг бэлтгэж, уг модыг “Prontier” маркийн 68-88 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Завхан аймгийн Тэлмэн сум руу тээвэрлэсэн болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ,

Прокуророос шүүгдэгч Х.Бд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, хохирлыг төлсөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Бн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2 метрийн урттай 14 ширхэг түлээний хуурай мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь зөвшөөрөлгүй хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн  гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.

Иймд шүүгдэгч Х.Бн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Бн дээрх үйлдлийн улмаас ойн санд 167,946 төгрөгийн хохирол учирсан болох нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу 167,946 х 3 =503,838 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны банк хоорондын шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх 85/

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн хохирол төлбөрийг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.Бн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Prontier” маркийн 68-88 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Х.Боын өмчлөлийнх болох нь гэрч Б.Б-н “...Би автомашиныг 2014 онд Х.Бот 1,500,000 төгрөгөөр худалдаж байсан. Гэхдээ одоог хүртэл уг тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрхи нэрийг шилжүүлж амжаагүй, одоо уг автомашины эзэмшигч нь Х.Бо...” гэсэн мэдүүлэг /хх 43/, “...Улсын дугаар, марк загвар “Prontier”, өмчлөгч Б.Б...” гэсэн автотээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, иргэний нэхэмжлэгч Х.Боын  “...Би машиныг 2014 онд 1,500,000 төгрөгөөр Архангай аймгийн Цахир сумын Б.Б-с худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн “...Мод тээвэрлэсэн машин манай ах Х.Боын өмчлөлийнх бусад хөрөө, уяа нь миний өөрийн өмчлөлийнх...” гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Х.Бн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Prontier” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгчид олгож, тээврийн хэрэгслийн үнэ 1,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2 метрийн урттай 14 ширхэг 1,0374м3 түлээний хуурай мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн банкны таг нь ягаан өнгөтэй, хар өнгийн цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгож, 2,90 метрийн урттай уяаг устгахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2 метрийн урттай 14 ширхэг 1,0374м3 түлээний хуурай мод, “Prontier” маркийн 68-88 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.Б-г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогч шүүгдэгч Х.Бн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Prontier” маркийн 68-88 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч Х.Бот олгож, тээврийн хэрэгслийн үнэ 1,500,000 төгрөгийг шүүгдэгч Х.Бгаас гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 2 метрийн урттай 14 ширхэг 1,0374м3 түлээний хуурай мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Х.Бн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн банкны таг нь ягаан өнгөтэй, хар өнгийн цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгож, 2,90 метрийн урттай уяаг устгасугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шүүгдэгч Х.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хүчингүй болгосугай.

8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ӨЛЗИЙХИШИГ