Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 236

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “П” ХХК /РД:******/, “П*******” ХХК /РД:******/

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 

Нэхэмжлэлийн шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар тогтоолын “П” ХХК, “П*******” ХХК-уудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, нэхэмжлэгч “П” ХХК, “П*******” ХХК-уудын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн өмгөөлөгч Л.Н, Э.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Н, И.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “П” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” 128/Ш32018/6678 дугаар захирамжаар “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг шинэчлэн тогтоох тухай” 10 дугаар тогтоол нь нэхэмжлэл гаргагч “П”ХХК-ийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсхүл зөрчигдөж болзошгүй талаар нэхэмжлэлдээ тайлбарлах, энэ талаарх нотлох баримтыг нэхэмжлэлдээ хавсаргах шаардлагатай байна.”гэжээ. 

Өрсөлдөөний тухай хуулийн 5.2-т тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал түүнийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзэхээр байдаг бөгөөд “П” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүний борлуулалтын зах зээлийн 30 хувьд ч хүрдэггүй буюу хуулийн дээрх шаардлагыг хангадаггүй байна. 

Монгол Улсын хууль тогтоомжид зааснаар давамгай байдалтай гэж тогтоогдсон аж ахуй эрхлэгч нь ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад давамгай байдалтайгаар тогтоогдоогүй аж ахуй эрхлэгчээс зохицуулалтууд нь ялгаатай байдаг. Өрсөлдөөний тухай хуулийн 7,8,9,10-р зүйлүүдэд тус тус давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд хориглох үйл; котпани нэгдэх, нийлэх, бусад компанийн хувьцаа худалдан авахад ШӨХТГ-аас зөвшөөрөл авах , явуулж буй үйл ажиллагаанаас хамааран давамгай байдалтай аж ахуй нэгжийг хуваах, тусгаарлах санал шүүхэд гаргах, гүйцэтгэх удирдлагын ажил хавсран гүйцэтгэх эрхийг хязгаарласан зэрэг заалтууд байна. 

“П” ХХК-ийг Өрсөлдөөний тухай хуульд заасан давамгай байдалтайгаар тогтоох хуульд заасан шаардлагад хүрээгүй байхад давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж тогтоосноор дор дурдсан эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөөр байна. 

Компанийн тухай хуульд зааснаар компани нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдаж болох бөгөөд давамгай байдалтай аж ахуй нэгж гэж тогтоогдсоноор нэгдэх, нийлэх нь ШӨХТГ-ын дүгнэлтээс хамаарахаар байна. Өрсөлдөөний тухай хуулийн 8-р зүйлийн 8.4 дэх заалтанд ШӨХТГ-аас нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдахыг татгалзсан дүгнэлт нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхгүй байх үндэслэл болно гэж заасан бөгөөд Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.” Гэж заасан байдаг. Энэ нь нэхэмжлэгчийн Компанийн тухай хуульд заасан нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах эрх нь зөрчигдөхөөр байна. 

Мөн ижил төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг компанийн хувьцааг худалдан авах тохиолдолд мөн л ШӨХТГ-аас дүгнэлт гаргах шаардлагатай бөгөөд энэхүү дүгнэлт хэрхэн гарахаас хамааран нэхэмжлэгч нь Компанийн хуульд заасанчлан ашгийн төлөө үндсэн зорилгоо хэрэгжүүлэх нэгэн үйл ажиллагаа нь хязгаарлагдаж байгаа юм. 

Мөн Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглох талаар зохицуулалтыг тусгайлан зааж өгсөн байдаг. Давамгай байдалтай аж ахуй нэгж гэж тогтоосноор ийнхүү давамгай байдалтайгаар тогтоогдоогүй бусад ердийн аж ахуй нэгжүүдийн адил Өрсөлдөөний хуулийн дээрх зүйлд заасан үйл ажиллагааг явуулах боломжгүй болж байгаа. Ингэснээр зарим үйл ажиллагаа явуулах эрхээ хязгаарлуулж байна. Зарим үед тус компанийн бүтээгдэхүүн тасалдах тохиолдолд манай компанийг давамгай байдалтай гэж үзэж, зохиомол хомсдол үүсгэсэн, борлуулалтыг зогсоосон, хэмжээг хязгаарласан гэж улсын байцаагчийн акт, шийтгэлийн хуудас тавигдах нөхцөл байдал үүсэхээр байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1 дэх заалтын дагуу ШӨХТГ-ын 2014 оны 10-р сарын 13-ны өдрийн 10 тоот тогтоолын “П” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү ” гэжээ.

Нэхэмжлэгч “П*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 128/Ш32019/0375дугаар “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” захирамжийн дагуу дахин нэхэмжлэл гаргаж банйа. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/ нь 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10 тоот тогтоол гарган "П*******-ойл" ХХК-ийг газрын тосны бүтээгдэхүүний импортын 90-ээс дээш болон доош октантай автобензин, дизель түлшний зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгж гэж тогтоосон байдаг. 

Тус компаниас давамгай байдалтай аж ахуй эрхлэгч мөн эсэх талаарх лавлагаа хүссэний дагуу ШӨХТГ-ын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1/1687 тоот албан бичгээр тус компанид давамгай байдалтай аж ахуй эрхлэгч болохыг мэдэгдсэн. 

“П*******-ойл” ХХК нь 2012 оны 11 дүгээр сард үүсгэн байгуулагдсан бөгөөд үйл ажиллагааны чиглэл нь үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь анх үүсгэн байгуулахдаа нефть, нефтийн бүтээгдэхүүн, шингэрүүлсэн хийн импорт, бөөний болон жижиглэн худалдаа, хангамж гэсэн үйл ажиллагааны чиглэлээр байгуулагдсан ч энэхүү үйл ажиллагаагаа явуулалгүй 2013 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйл ажиллагаа явуулж байна. Мөн тус компани нь Уул уурхайн яамнаас газрын тосны бүтээгдэхүүн, нефть, шатахуун импортлох, бөөнөөр болон жижиглэнгээр худалдах ямар нэгэн тусгай зөвшөөрөл авч байгаагүй. 

Гэтэл ШӨХТГ-ын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10 тоот тогтоолоор Газрын тосны бүтээгдэхүүний импортын 90-ээс дээш болон доош октантай автобензин, дизелийн түлшний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон нь ямар ч үндэслэлгүй байна. 

Тус компани нь үүсгэн байгуулагдсан цагаасаа дусал ч автобензин, дизелийн түлш импортлон оруулж ирээгүй, дусал ч шатахуун худалдаагүй байтал Газрын тосны бүтээгдэхүүний импортын 90-ээс дээш болон доош октантай автобензин, дизелийн түлшний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон нь Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар  зүйлийн 5.2 дахь заалтад нийцэхгүй байна. 

Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсоноор манай компанийн эрх, ашиг сонирхол ихээр хөндөгдөх юм. Компанийн тухай хуулийн дагуу компани нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдаж болох бөгөөд давамгай байдалтай аж ахуй нэгж гэж тогтоогдсоноор нэгдэх, нийлэх нь ШӨХТГ-ын дүгнэлтээс хамаарна. Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.1-ийн дагуу хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх бөгөөд өрсөлдөөний тухай хуулийн 8-р зүйлийн 8.4 дэх заалтад “ШӨХТГ-аас нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдахыг татгалзсан дүгнэлт нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхгүй байх үндэслэл болно” гэж заасан. Энэ нь нэхэмжлэгчийн компанийн тухай хуульд заасан нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах эрх нь зөрчигдөхөөр байна. 

Мөн давамгай байдалтай аж ахуйн нэгж ижил төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг компанийн хувьцааг худалдан авахад ШӨХТГ-аас мөн л дүгнэлт гаргуулах бөгөөд энэхүү дүгнэлт эсрэг гарах тохиолдолд нэхэмжлэгч нь Компанийн хуульд заасан эрхээ эдлэх, үндсэн зорилгоо хэрэгжүүлэх боломжгүй болох юм. 

Иймд ШӨХТГ-ын 2014 оны 10 лугаар сарын 13-ны өдрийн 10 тоот тогтоолын “П*******-ойл” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******, И.Х******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10 тоот тогтоолоор өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 5 дугаар зүйлийн 5.2, 15 дугаар зүйлийн 15.16, 16 дугаар зүйлийн 16.8, Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох” журам, Засгийн газрын 2012 оны 66 дугаар тогтоолын хавсралтаар баталсан ШӨХТГ-ын дүрмийн 3.5, 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Газрын тосны бүтээгдэхүүний импортын 90-ээс дээш болон доош октантай автобензин, дизелийн түлшний зах зээлд “П*******” ХХК, “П*******” ХХХ, “П******* *******” ХХК, “П” ХХК-иудыг давамгай байдалтай харилцан хамаарал бүхий аж ахуй эрхлэгчээр тогтоосон байна. 

Өрсөлдөөний тухай хуулийн 5.2-т “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ.” Гэж зааснаар зах зээлийн 33% буюу түүнээс дээш хувийг эзэлж буй аж ахуй эрхлэгчийг давамгай байдалтай гэж үзнэ. “Харилцан хамаарал бүхий этгээд” гэдгийг Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан татвар төлөгчтэй дор дурдсан харилцаатай бол “харилцан хамаарал бүхий этгээд” гэж үзнэ. Үүнд: энгийн хувьцааных нь 20 буюу түүнээс дээш хувийг авах эрхтэй, аж ахуйн нэгжийн удирдлагын 20 буюу түүнээс дээш хувийг томилох эрхтэй, эсхүл үйл ажиллагааных нь бодлого чиглэлийг тодорхойлдог. Үүний зэрэгцээ өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Энэ хуулийн 5.2-т заасан хувьд хүрээгүй ч бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах чадвартай аж ахуй эрхлэгчийг бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн газар зүйн хил хязгаар, зах зээлийн төвлөрөл, зах зээлийн хүч зэргийг үндэслэн давамгай байдалтай гэж үзэж болно гэж заасан байна. 

Энэхүү зохицуулалтын дагуу Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолын хавсралтаар баталсан баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох” журмыг гаргасан ба уг журмын дагуу судалгааны ажлыг хийж, ШӨХТГ-ын хуралдаан 75 хувийн ирцтэй хуралдаж /гишүүд-СЯ, ҮХААЯ, МҮХАҮТ, МҮЭХ, МХЭАХНҮХ гэх байгууллагуудаас томилогдсон/ Газрын тосны бүтээгдэхүүн щий импортын 90-ээс дээш болон доош октантай автобензин, дизелийн түлшний зах зээлд “П*******” ХХК, “П-*******” ХХК, “П *******” ХХК, “П” ХХК-иудыг давамгай байдалтай харилцан хамаарал бүхий аж ахуй эрхлэгчийг тогтоосон байна. 

Журамд заасны дагуу давамгай байдалтай аж ахуй эрхлэгч жил бүрийн I улиралд багтаан өнгөрсөн жилийн санхүүгийн баталгаат тайлан, зах зээлийн байдалд хийсэн өөрийн судалгаа, саналаа шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ, ирүүлсэн тайлан, судалгаа, саналыг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мөн журмын 7.4-т заасан эх сурвалжид үндэслэн судалж үзээд тухайн аж ахуй эрхлэгчийг дараахь тохиолдолд давамгай байдлаа алдсаныг хүлээн зөвшөөрч “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн бүртгэл”-ээс хасах тухай шийдвэр гаргана.” Гэж заасан байдаг. Үүний дагуу судалгааг шинэчлэн хийж, даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргасан. Уг асуудал шүүхээр шийдэгдэхээс илүүтэй Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох” журамд заасны дагуу шийдэгдэх боломж бүрдээд байгаа болно” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч нь “П” ХХК, “П*******” ХХК-ууд нь “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар тогтоолын “П” ХХК, “П*******” ХХК-уудад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож,  хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба шүүх хуралдаанд уг 10 дугаар тогтоолын “П” ХХК, “П*******” ХХК-уудад холбогдох хэсгийг  хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг шинэчлэн тогтоох тухай” дугаар 10 тоот тогтоолын 2 дахь заалтаар газрын тосны бүтээгдэхүүний импортын 90-ээс дээш болон доош октантай автобензин, дизелийн түлшийн зах зээлд ... “П*******” ХХК, ..., “П” ХХК-уудыг давамгай байдалтай харилцан хамаарал бүхий аж ахуй эрхлэгчээр тогтоосон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг хоёр сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан байна.

Шүүх дээрх хуулийн зохицуулалтын дагуу хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10 тоот тогтоолын “П” ХХК, “П*******” ХХК-уудад холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хоёр сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид энэ асуудлыг дахин судлан үзэж шийдвэрлэх гэж байгаа ба Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нийт гишүүдийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч компаниудын асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар “газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох асуудал”-ыг хэлэлцэхээр болсон нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд гарган өгсөн тус газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөгөөр нотлогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид “холбогдох баримтуудыг судалж, шүүж үзэхэд 2014 оны 10 дугаар тогтоолыг гаргахад үндэслэл болсон баримтууд, тооцоо, судалгаа манайд хадгалагдаагүй байна, манай байгууллагын архивт байхгүй байна, гэхдээ тухайн үед тооцоо, судалгаанд үндэслэн 10 дугаар тогтоолыг гаргасан байх, тухайн үед хариуцан ажиллаж байсан хүмүүс нь бид биш учраас сайн мэдэхгүй байна” гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын бичиг баримтад тус шүүхээс очиж үзлэг хийхэд тус газрын архивт 2014 оны 10 дугаар тогтоолыг гаргахад үндэслэл болсон баримтууд, тооцоо, судалгаа байхгүй байсан ба тус газрын архив, бичиг хэргийн эрхлэгч 2014 оны бүх баримтууд манай архивт хадгалагдаж байгаа ба Үндэсний төв архивт шилжүүлээгүй гэж тайлбарласан болно.

Мөн шүүхийн үзлэгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2014 оны 10 дугаар тогтоолыг нэхэмжлэгч компаниудад гардуулсан, хүргүүлснийг нотлох баримтууд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хадгалагдаагүй, байхгүй болох нь тогтоогдсон болно. 

Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар чиг үүргийнхээ дагуу дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 15.1.6-д “зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих. Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмыг Засгийн газар батална.” гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох асуудал Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын бүрэн эрх байна. 

Мөн дээрх зохицуулалтад үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 298 дугаар тогтоолын хавсралтаар “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ыг баталсан байна.

Уг журмын 2.2-т “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр аж ахуй эрхлэгчийн давамгай байдалтайг дараахь үе шатаар тогтооно”:

2.2.1-д “бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох;”,

2.2.2-т “зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох”, 

2.2.3-д “зах зээлийн төвлөрлийг тооцох”, 

2.2.4-д “зах зээлийн хүчийг тодорхойлох” гэж тус тус заасан байна.

  Дээрх эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмын 2.2-т нарийвчлан зохицуулсан үе шатууд буюу шалгуур үзүүлэлтүүд тус бүрийн дагуу холбогдох тооцоо, судалгааг бодитоор хийсний үндсэн дээр давамгай байдалтай харилцан хамаарал бүхий аж ахуй эрхлэгч гэж үзэх эсэхийг тогтоох нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын бүрэн эрх байна.  

Мөн нэхэмжлэгч компаниудын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид нь 2014 оны 10 дугаар тогтоолын 2 дахь заалтад заасан компаниудтай нэхэмжлэгч компаниуд нь харилцан хамаарал бүхий аж ахуй эрхлэгч биш болсон,  хамаарал бүхий аж ахуй эрхлэгч гэж үзэхгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “харилцан хамаарал бүхий этгээд” гэж тухайн аж ахуй эрхлэгчтэй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 6.1.1-6.1.3-т заасан харилцаа бүхий аж ахуй эрхлэгчийг”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.1-д “Албан татвар төлөгчтэй дор дурдсан харилцаатай бол “харилцан хамаарал бүхий этгээд” гэж үзнэ:”, 6.1.1-д “энгийн хувьцааных нь 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшдэг”, 6.1.2-т “ногдол ашиг, ашгийн хуваарилалтынх нь 20 буюу түүнээс дээш хувийг авах эрхтэй”, 6.1.3-д “аж ахуйн нэгжийн удирдлагын 20 буюу түүнээс дээш хувийг томилох эрхтэй, эсхүл үйл ажиллагааных нь бодлого чиглэлийг тодорхойлдог” гэж заасан байна.

Үүнээс үзэхэд дээрх хуулийн зохицуулалтуудад үндэслэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2014 оны 10 дугаар тогтоолын 2 дахь заалтад заасан компаниуд нь харилцан хамаарал бүхий аж ахуй эрхлэгчид мөн эсэхийг дахин бодитоор судлан, шалган тогтоосны үндсэн дээр нэхэмжлэгч компаниудыг давамгай байдалтай харилцан хамаарал бүхий аж ахуй эрхлэгч мөн эсэхийг тогтоох нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын бүрэн эрх байна.

Дээр дурдсан эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох, зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох, зах зээлийн төвлөрлийг тооцох, зах зээлийн хүчийг тодорхойлох гэсэн үе шат, үзүүлэлтүүдийн дагуу тооцоо, судалгаа хийж, нотлох баримт цуглуулсны үндсэн дээр, харилцан хамаарал бүхий аж ахуй эрхлэгчид мөн, эсэхийг дахин бодитоор судлан, шалган тогтоосны үндсэн дээр давамгай байдалтай харилцан хамаарал бүхий аж ахуй эрхлэгч гэж тогтоох эсэхийг шийдвэрлэх бүрэн эрх нь шүүхийн биш Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын бүрэн эрх байх тул шүүх дээрх нөхцөл байдлуудыг шалгаж тодруулах боломжгүй байх ба нэмж шалгаж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна.

Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2014 оны 10 дугаар тогтоолын нэхэмжлэгчдэд холбогдох хэсгийг гаргах үндэслэл болсон баримтууд, тооцоо, судалгаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт байхгүй, хадгалагдаагүй, уг асуудлыг дахин шалган үзэж, шийдвэрлэхийг хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч байх тул давамгай байдалтай харилцан хамаарал бүхий аж ахуй эрхлэгчээр тогтоох, эс тогтоох асуудлыг хуулиар эрх олгогдсон захиргааны байгууллагаар өөрөөр нь буюу хариуцагчаар өөрөөр нь дахин шалган шийдвэрлүүлж, дахин шинэ акт гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Тодруулбал:

• давамгай байдалтай харилцан хамаарал бүхий аж ахуй эрхлэгч гэж тогтоох эсэхийг холбогдох хууль, журамд заасан үе шат, шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шийдвэрлэх бүрэн эрх нь шүүхийн биш Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын бүрэн эрх байх тул шүүх дээрх нөхцөл байдлуудыг шалгаж тодруулах боломжгүй, нэмж шалгаж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул

• Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2014 оны 10 дугаар тогтоолын нэхэмжлэгчдэд холбогдох хэсгийг гаргах үндэслэл болсон баримтууд, тооцоо, судалгаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт байхгүй, хадгалагдаагүй байх тул

• Энэ  асуудлыг дахин шалган үзэж, шийдвэрлэхийг хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч байх тул давамгай байдалтай харилцан хамаарал бүхий аж ахуй эрхлэгчээр тогтоох, эс тогтоох асуудлыг хариуцагчаар өөрөөр нь дахин шалган шийдвэрлүүлж, дахин шинэ акт гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эцэст нь дүгнэвэл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын 2.2.1-2.2.4-д заасны дагуу буюу дараах үе шатууд, шалгуур үзүүлэлтүүдийн дагуу уг асуудлыг дахин шалган үзэж, холбогдох тооцоо, судалгааг бодитоор хийсний үндсэн дээр давамгай байдалтай харилцан хамаарал бүхий аж ахуй эрхлэгчээр тогтоох, эс тогтоох эсэх асуудлыг шийдвэрлэсэн захиргааны шинэ актыг гаргах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Үүнд: 

• бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох,

• зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох

• зах зээлийн төвлөрлийг тооцох

• зах зээлийн хүчийг тодорхойлох

• Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2014 оны 10 дугаар тогтоолын 2 дахь заалтад заасан компаниуд харилцан хамаарал бүхий аж ахуй эрхлэгч мөн эсэх зэрэг болно.

Хариуцагч нь дахин шинэ акт гаргахдаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2014 оны 10 дугаар тогтоол гарахаас өмнө буюу тухайн үед нэхэмжлэгч компаниуд давамгай байдалтай харилцан хамаарал бүхий аж ахуй эрхлэгч байсан эсэх нөхцөл байдлыг шалгаж тогтооно.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан ба нэхэмжлэгч компаниуд нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2014 оны 10 дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх дүгнэлт өгөх бөгөөд хариуцагч дахин шинэ акт гаргахын тулд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2014 оны 10 дугаар тогтоол гарах үед нэхэмжлэгч компаниуд давамгай байдалтай харилцан хамаарал бүхий аж ахуй эрхлэгч байсан эсэх нөхцөл байдлыг шалгаж тогтооно. 

Иймд дээр дурдсан асуудлуудыг дахин шалгаж, шийдвэрлэсэн захиргааны шинэ актыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гаргах хүртэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг шинэчлэн тогтоох тухай” дугаар 10 тоот тогтоолын 2 дахь заалтын “П” ХХК, “П*******” ХХК-уудад холбогдох хэсгийг шүүхээс хоёр сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж заасан байна. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь шүүхээс тогтоосон хоёр сарын хугацаанд нэхэмжлэгч компаниуд нь давамгай байдалтай харилцан хамаарал бүхий аж ахуй эрхлэгч мөн эсэх асуудлыг шийдвэрлэсэн захиргааны шинэ актыг гаргаагүй бол тус газрын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг шинэчлэн тогтоох тухай” дугаар 10 тоот тогтоолын 2 дахь заалтын “П” ХХК, “П*******” ХХК-уудад холбогдох хэсэг хүчингүй болно. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 15 дугаар зүйлийн 15.1.6-д заасныг тус тус баримтлан “П” ХХК, “П*******” ХХК-уудыг давамгай байдалтай харилцан хамаарал бүхий аж ахуй эрхлэгчээр тогтоох, эс тогтоох эсэх асуудлыг дахин шийдвэрлэсэн захиргааны шинэ актыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гаргах хүртэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг шинэчлэн тогтоох тухай” дугаар 10 тоот тогтоолын 2 дахь заалтын “П” ХХК болон “П*******” ХХК-д холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хоёр сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан үе шатууд, шалгуур үзүүлэлтүүдийн дагуу судлан, шалган үзсэний үндсэн дээр “П” ХХК, “П*******” ХХК-уудыг давамгай байдалтай харилцан хамаарал бүхий аж ахуй эрхлэгчээр тогтоох, эс тогтоох эсэх асуудлыг дахин шийдвэрлэсэн захиргааны шинэ актыг гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь “П” ХХК, “П*******” ХХК-уудыг давамгай байдалтай харилцан хамаарал бүхий аж эрхлэгчээр тогтоох эсэх асуудлыг дахин шийдвэрлэсэн захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон хоёр сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг шинэчлэн тогтоох тухай” 10 дугаар тогтоолын “П” ХХК, “П*******” ХХК-уудад холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч “П” ХХК, “П*******” ХХК-уудын улсын тэмдэгтийн хураамжид тус бүр урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-төгрөгүүдийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “П” ХХК-д, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “П*******” ХХК-д тус тус олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

         

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.Б