Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 277

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

Ц.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Уянга,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 831 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Батболдын бичсэн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 24 дүгээр прокурорын эсэргүүцлээр Ц.М-т холбогдох 1706022930123 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ц.М, 19хх оны хх дүгээр сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух хаяггүй,

1. Дорнод аймгийн 3 дугаар хэсгийн Ардын шүүхийн 1992 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3, 134 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1996 оны 8 дугаар сарын 1-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2. Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 193 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2, 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

3. Булган аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 164 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2000 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөгдсөн,

4. Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 164 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

5. Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 192 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

6. Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2002 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 116 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 12 дугаар сарын 3-ны өдөр ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

 

Ц.М- нь 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 7-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Ерөнхий боловсролын 53 дугаар дунд сургуульд үйл ажиллагаа явуулдаг “Аян согоо” ХХК-ийн цайны газарт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хууль бусаар нэвтэрч 616,472 төгрөгийн эд зүйл хулгайлсан,

2017 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Ерөнхий боловсролын 44 дүгээр дунд сургуулийн 125 тоот өрөөнд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хууль бусаар нэвтрэн орж Ц.О-н эзэмшлийн сейфийг эвдэж 45,000 төгрөгийн хохирол учруулсан, “Тошиба” загварын нотебүүк, “HP” загварын принтер, хөгжим зэрэг 888,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Ц.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар тус тус хөнгөрүүлэн зүйлчилж, Ц.М-ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ц.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.М-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.М-ын цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Ц.М- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр материалтай хадаасны лоом, “Дөл” гэх бичигтэй асаагуур, бахь, 2 хажуудаа оосортой нийлэг материалтай цүнх зэргийг устгуулахаар тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Ц.М-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор Ц.Батболд бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичих үндэслэлтэй гэж үзлээ. Үүнд:

Шүүхийн шийтгэх тогтоолоос үзэхэд шүүх Ц.М-ын “2017 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс 9-нд өдөр шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 44 дүгээр дунд сургуулийн 125 тоот өрөөнд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хууль бусаар нэвтрэн орж Ц.О-гийн эзэмшлийн сейфийг эвдэж 45,000 төгрөгийн хохирол учруулж, “Toshiba” загварын нөүтбүүк, HP маркийн принтер, хөгжим зэрэг 888,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлахыг завдсан” гэмт үйлдлийг үгүйсгээгүй ба тухайн үйлдэлд нь гэм буруутайд тооцсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж, мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаар шүүгдэгчийн үйлдэл тус бүр нь бие даасан, хэд хэдэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдэж гэмт хэргийг төгсгөсний дараа дахин өөр объектод буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч хулгайлахыг завдсан үйлдлийг хийсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.

Иймд шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргүүдийг үргэлжилсэн гэмт хэрэг гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуульд заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах шударга ёсны зарчмыг алдагдуулж, гэмт хэргийн ойлголт, шинж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй, гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлсон хуулийн нэр томьёо, ухагдахуунуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүгдэгчийг үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нь гэм буруутайд тооцон, гэмт хэрэг бүрт нь ял оногдуулж, нэмж нэгтгэн ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 831 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

 

Прокурор Д.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Ц.М-т холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Прокурорын газраас Ц.М-ын:

2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 7-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Ерөнхий боловсролын 53 дугаар дунд сургуульд үйл ажиллагаа явуулдаг “Аян согоо” ХХК-ийн цайны газарт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хууль бусаар нэвтэрч 616,472 төгрөгийн эд зүйл хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар,

2017 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Ерөнхий боловсролын 44 дүгээр дунд сургуулийн 125 тоот өрөөнд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хууль бусаар нэвтрэн орж Ц.О-ийн эзэмшлийн сейфийг эвдэж 45,000 төгрөгийн хохирол учруулсан, “Тошиба” загварын нотебүүк, HP маркын принтер, хөгжим зэрэг 888,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлахыг завдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь зөв байхад анхан шатны шүүх Ц.М-ын тус тусдаа эхлэл төгсгөлтэй, өөр өөр цаг хугацаанд өөр объектод нэвтрэн үйлдсэн 2 үйлдлийг үргэлжилсэн гэмт хэрэг гэж дүгнэж, шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй болж байна.

 

Ц.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг тус тусдаа хангаж байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 831 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.М-т холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 831 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.М-т холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Ц.М-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                   Д.ОЧМАНДАХ